Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 224/ма2022/00013

А.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2022/00140 дүгээр шийдвэртэй,

 А.Аийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд их сургуульд холбогдох, Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н /цахимаар/,нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгч төлөөлөгч Г.Б /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.М /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Н.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлийн шаардлага:

- Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох,  

-ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, цалингийн зөрүүг гаргуулах,

-нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах.

 2. Нэхэмжлэлийн үндэслэл: “ А.А миний бие 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус сургуульд /хуучнаар Баян-Өлгий аймаг дахь багшийн коллеж/-д түүх, нийгэм судлалын багшаар ажилд орж тасралтгүй 14 жил ажилласан. Ажиллах хугацаанд зөрчил дутагдал гаргаагүй, хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ахлах багшийн орон тоонд үр бүтээлтэй багшилж ирсэн. 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ахлах багш надад цаг хүрэхгүй байна гэх шалтгаанаар цагийн хуваарьд хичээл тавихгүй надаас хойш ажилд орсон 3 залуу багшид нийгмийн ухааны хичээлийн цагийг хуваарилж өгсөн.

Тухайн үед миний бие сургуулийн захиргаанд байнга санал, хүсэлтээ илэрхийлж байсан боловч үл ойшоосон. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн утсаар ярьж, захирлын өрөөнд хуралтай гэж дуудсан ба ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Х чамайг ажлаас халсан, тушаалаа аваарай гэж хэлсний дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авсан. Ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон энэхүү үндэслэлгүй тушаал нь ажилтан миний хөдөлмөрлөх эрхэд халдсан, хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гэж үзэж байгаа тул өөрийнхөө зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь миний орон тоо хасагдаагүй байхад ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлж буй тушаал нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа эрхийн актын хувьд хууль, тогтоомжид нийцсэн байх ёстой ба намайг ажлаас чөлөөлөх үндэслэл үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн.

2017-2018 оны хичээлийн жилд манай сургуульд нийгмийн ухааны тэнхим 4 багшийн орон тоогоор хичээлийн хуваарь батлагдсан. Энэ хуваарийн дагуу миний бие 2017-2018 оны хичээлийн жилд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу нийгмийн багшийн орон тоонд ажиллаж байсан. Гэтэл ахлах багш намайг ажлаас чөлөөлсөн мөртлөө надаас сүүлд орсон багш нарыг авч үлдэж, миний заадаг цагийг уг багш нарт хуваарилж өгсөн. Ямар шалтгаанаар хэд хэдэн багш нарын дотроос намайг сонгож хөдөлмөрийн гэрээг маань цуцалж байгааг захирал Ж.Хаас удаа дараа асуусан боловч тоймтой хариу өгөөгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Түүнчлэн уг тушаалд ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захиргааны зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн ба уг хуралд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоогүй. Иймд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэжээ.

 3. Хариуцагч Ховд их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Их сургуулийн багшийн үндсэн үүрэг нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Ховд их сургуулийн багшийн ажлын журам, багштай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сургалт, эрдэм шинжилгээний ажил байхаар зохицуулагдсан.

Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд элсэгчдийн тоо жилээс жилд буурсаар ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсон тул орон тоог цөөрүүлэх асуудлыг Ховд их сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар А.Аийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх хэсэгт заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэснийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг ажил олгогчийн зүгээс хэрэгжүүлж, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/275 дугаар албан тоотоор хүргүүлсэн мэдэгдлийг Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хурал дээр нэхэмжлэгч А.Ад танилцуулж гардуулсан. Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь ажил олгогч, ажилтны хоорондох хөдөлмөрийн тухайлсан харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг зөв хэрэглэсэн, хөдөлмөрийн харилцааг өөрчлөхөд ажил олгогчийн зүгээс хийвэл зохих ажиллагааг хуулийн дагуу хийсэн болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна”  гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгч А.А нь 14 дэх жилдээ Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр чөлөөлөхдөө 1 сарын өмнө мэдэгдэнэ гэснийг зөрчиж 25 хоногийн өмнө мэдэгдсэн байдаг.

Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан А.Аийг ажлаас чөлөөлөхдөө түүхийн багшийн ажлаас чөлөөлсөн болон чөлөөлөөгүй шийдвэр гаргахгүйгээр зөвхөн нийгмийн ухааны багшийн ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. 14 жил түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд түүх, нийгмийн ухааны багшийн ажлаас чөлөөлөх ёстой байсан. Зөвхөн нийгмийн ухааны багшийн ажлаас чөлөөлсөн байтлаа үргэлжлүүлэн түүхийн ухааны багшаар ажиллуулахгүйгээр хүний эрх зөрчиж байгаа нь хуульд нийцээгүй. А.А өмнө нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ахлах багшаар ажиллаж байсан.

А.Аийн дараа ажилд орсон 3 залуу багшийг тус сургуулийн түүх нийгмийн ухааны багшаар авч үлдсэн атлаа 14 жил ажилласан ахлах багшаа ажлын байрны цомхтголд оруулж байгаа нь учир дутагдалтай байна.

А.Аийг хууль бусаар орон тооны цомхотголд оруулсан үндэслэлээр маргасан. Цомхтгол хийхдээ орон тоо цөөрүүлж байгаа нь тодорхой бус, орон тоо хассан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад ажилтныг орон тооны цомхотгол гэдэг үндэслэлээр ажлаас халсан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн тушаалр гаргасан байтал 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлж, маргаан бүхий тушаалыг гардуулсан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т  зааснаар мэдэгдлийг 30 хоногийн өмнө гардуулна гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж байна.

Хариуцагчаас 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр А.Ад мэдэгдэл гардуулж, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий тушаалыг гаргаж өгсөн нь хуульд заасан 30 хоногийн хугацаанд мэдэгдэл гардуулах хуулийн шаардлагыг хангасан бөгөөд мөн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны цалинг олгосон гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна. 2018 оны 9 дүгээр сард А.А ажилдаа очиж ажиллаж байсан боловч бүртгэл хийгээгүй, мөн багшийн ажлын цаг хүрэлцэхгүй байсан гэдэг асуудал яригдаж байсан. А.Аийг ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй байхад хариуцагчаас нэхэмжлэгчийг 30 хоног ажил тасалсан мэтээр тайлбар гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Түүх, нийгмийн ухааны багшийн орон тоо хасагдаагүй байхад цомхтгол гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байдаг.

Ховд их сургуулийн зөвлөлийн хуралдаанд А.Аийн хэлсэн үг хурлын тэмдэглэлд тусгагдсан гэдэг зүйлийг хариуцагч тайлбарласан боловч яг бодит байдалд А.А зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан зүйлийг хэлээгүй байдаг. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хариуцагч талаас тайлбарлахдаа А.Аийн зүгээс хангалттай хэмжээний тэтгэмж олгосон тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх санал гаргасан гэж тайлбартаа дурдсан. А.А тэр талаар санал гаргасан байж болох боловч маргаан бүхий тушаал гаргахдаа нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож чөлөөлөөгүй байдаг. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс А.Аийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн мэтээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Хэрэв А.А өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол яагаад маргаан бүхий тушаал ажлын байрны цомхотгол гэсэн үндэслэлээр  гарсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа хүн би ажлаас чөлөөлөгдөхгүй, мэдэгдэх хуудас аваагүй гэх мэт үйлдэл гаргахгүй байх байсан. Ховд их сургуулийн түүх, нийгмийн ухааны хөтөлбөрөөр суралцах 2021-2022-оны хичээлийн жилд 6 оюутан суралцаж байгаа талаарх баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргасан байсан. Зургаа биш нэг оюутан байсан ч гэсэн түүх, нийгмийн ухааны багш нар ээлж ээлжээр орж хичээлээ заагаад явах ёстой байсан. Тус сургуульд түүх, нийгмийн ухааны багшийн орон тоо байгаа учир нэхэмжлэгчийг өмнөх ажил албан тушаалд эгүүлэн тогтоох бүрэн боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Ховд их сургуульд 14 жил ажилласан бөгөөд цаашид уг ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдон ажиллахыг хүсэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч Ховд их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018-2019 оны хичээлийн жилд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд багш нийгмийн ухааны боловсрол хөтөлбөрөөр 1 дүгээр курст 7 оюутан элссэн. 3 дугаар курст 7 оюутантай байсан бөгөөд нийт 9 хичээлд 14 оюутан суралцаж байсан. Уг чиглэлээр мэргэжлийн хичээл заах 4 багш ажиллаж байсан. Элсэлт оюутны тооноос хамаарч 1 багшид оногдох кредит цаг хүрэхгүй учир багшийг цомхотголд оруулж, ажилтны тоог цөөрүүлэх зайлшгүй шаардлага гарсан.

 Дээрх шалтгааны үед А.А өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан болох нь ажилчдын хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдох болно.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа А.Ад 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл байдаг. Уг мэдэгдлийг А.А 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан болох нь хурлын тэмдэглэлээр нотлогдох болно. Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар А.Аийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч талын зүгээс маргаан бүхий тушаал гарсан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож 25 хоног гэж тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Архивын ерөнхий газрын 2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4 дүгээр зүйлийн 1.7-т тушаалын захирамжлах хэсэгт анхаарах хэмжээ, хариуцах эзэн гүйцэтгэх хугацааг тогтоосон заалтууд орно гэж заасан байгаа.

Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалын захирамжлах хэсэгт А.Аийг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн. Тэгэхээр А.А 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж, маргааш өдрөөс нь эхэлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тодорхой байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэхээр заасан байдаг.

А.Ад 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэж, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр ажил албан тушаалыг дуусгавар болгож байгаа нь хуульд зааснаар ажил олгогч ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн зохицуулалтыг биелүүлсэн гэж үзэж байна. Маргаан бүхий тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээд боловсролын тухай хууль, Төсвийн тухай хуульд зааснаар жил бүр бүтэц орон тоо баталсан захирлын тушаал баталдаг. Тухайн үед баталсан тушаалд түүх нийгмийн ухааны багш гэж оруулж өгсөн нь зүгээр нэг нэршил учир ач холбогдолгүй гэж үзэж байна. 14 жил ажилласан багшаа чөлөөлж, залуу багш нараа авсан мэтээр нэхэмжлэгч тайлбар гаргаж байна.

Сургуулийн буюу тэнхимийн хурлын тэмдэглэлд тусгагдсанаар А.А өөрөө ажлаас чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн байдаг. Дээрх байдлуудыг харгалзан үзээд А.Аийг ажлаас чөлөөлсөн. Ховд их сургуулийн хувьд төрийн өмчийн байранд үйл ажиллагаа явуулдаг нь үнэн боловч төсвөөс цалинждаггүй учир төсөвт байгууллага биш. Ховд их сургууль өөрөө өөрсдөө төсвөө бүрдүүлдэг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Тухайн жилийн элсэлтээс шалтгаалан дараа жил хэдэн багш ажиллах эсэхийг тодорхой болдог. 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтаар Баян-Өлгий аймгийн салбар сургуулийн багш нийгмийн ухааны боловсрол хөтөлбөрөөр 7 оюутан элсэн орж, суралцаж байсан 7 оюутантай нийлээд 14 оюутан суралцахаар болсон. 14 оюутанд 4 багш хичээл заахаар мэдээж хэрэг багшийн ажлын журамд зааснаар нэг багшийн кредит цаг гүйцэхгүй гэдэг нь тодорхой болсон. Элсэлтийн оюутан цөөрсөн учир нэг багшийн орон тоог цөөрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон.

Төсвөө бүрдүүлж чадахгүй байсан Ховд их сургуулийн хувьд нэг багшид хий цалин өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А.Ад маргаан бүхий тушаалыг гардуулж өгөөгүй. Маргаан бүхий тушаалд А.Аийг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгоно гэж заасан байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудсыг А.Ад гардуулан өгсөн. А.А мэдэгдэх хуудсыг хүлээн авч гарын үсэг зураагүй боловч 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Ховд их сургуулийн захиргааны зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар А.А мэдэгдлийг хүлээн авч танилцсан болох нь тогтоогдож байгаа. Ховд их сургуулийн зүгээс хуульд зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсыг гардуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2022/00140 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь заалтыг баримтлан Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр тушаалыг хүчингүй болгож, А.Аийг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож,

-Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Ховд их сургуулиас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 10,914,108 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1,830,862 төгрөг, нийт 12,744,970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож,

-Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасны дагуу хариуцагч Ховд их сургууль нь төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ховд их сургуульд даалгаж,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

-шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж тус тус шийдвэрлэсэн байна.

  7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх шийдвэртээ “ ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр цуцалж байгаа тохиолдолд тухай байгууллагын бүтэц, уг ажилтны ажиллаж байсан албан тушаал, ажлын байр тодорхой тоогоор цөөрсөн байх ёстой бөгөөд хэрэгт хариуцагч байгууллагад түүх, нийгмийн ухааны багшийн 1 орон тоо цөөрүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжтой баримт авагдаагүй байна.

...Гэтэл 2018-2019 оны Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимд суралцах оюутны тоо буурч, түүх нийгэм судлалын багшийн хөтөлбөрт багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болж, үүний улмаас нийгмийн ухааны багшийн орон тоо цөөрүүлэх үндэслэл үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдийн ч орон тоог цөөрүүлэх талаар албан ёсны шийдвэр гаргаагүй байхад хариуцагч элсэлт багасч “Багш нийгмийн ухааны боловсрол” хөтөлбөрийн багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар А.Аийн байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тухайлбал, нэхэмжпэгч А.Аийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн “Багш ажилчдын орон тоо, цалингийн сан, сүлжээг шинэчлэн тогтоох тухай” А/200 дугаартай тушаал гараагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал гаргасан нь цаг хугацааны хувьд нэхэмжпэгчийг ажпаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжпэгчийг ажпаас чөлөөлж хууль зөрчсөн нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтэц дэх адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасах тохиолдолд ийнхүү орон тооог цөөрүүлэх болсон шалтгаан үндэслэлээс гадна эрх бүхий этгээд шийдвэр гаргасан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан шаардлагад нийцнэ.

....Хэдийгээр хариуцагчаас “...түүх, нийгмийн ухааны 4 багш нараас А.А нь сонгон шалгаруулалтад орохоос татгалзаж, улмаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн гэж маргаж, түүнчлэн суралцах оюутны тоо буурч, багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болж нийгмийн ухааны багшийн орон тоог цөөрүүлэх бодит нөхцөл байдал үүссэн боловч орон тоог цөөрүүлэх тухай албан ёсны шийдвэр гараагүй байхад буюу цаг хугацааны хувьд нэхэмжпэгчийг ажлаас чөлөөлөгдөх үед тухайн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөөгүй, ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжпэгчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгохдоо хуулийг буруу хэрэглэсэн байх тул нэхэмжпэгчийн хөдөлмөрлөх эрхийг хангаж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/190 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ” гэжээ.

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Анхан шатны шүүх хурал дээр шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулсан ба шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг шүүх хуралдаан дээр тайлбарласнаасаа өөрөөр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээ бичжээ. Анхан шатны шүүх хуралдааны бичлэгийг шинжлэн судлуулах хүсэлтэй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2022/00140 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр шүүгч шүүхийн шийдвэрийн агуулгыг тайлбарлахдаа Боловсролын тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслээд шийдвэр гаргаж байгаа талаараа тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хүлээж аваад танилцахад тэр талаар огт дурдаагүй байсан. Харин Ховд Их сургуулийн бүтэц орон тоог баталсан тушаал гараагүй байхад цомхотгол хийсэн нь хууль зөрчиж байна гэсэн агуулга бүхий шийдвэр гарсан.

Ийм учраас хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан. Тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийг гэрээг цуцалсан. Хуульд заасны дагуу мэдэгдэх хуудсыг хуулийн хугацаанд өгч, 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан.  Бүтэц орон тоог баталсан шийдвэр гараагүй байхад А.Аийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлтийг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Бид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцсан. Анхан шатны шүүх Боловсролын тухай хуулийн холбогдох заалтын шийдвэрийг танилцуулахдаа үндэслэл болгон тайлбар хийж байсан гэдэг зүйл яригдаж байна. Гэхдээ шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа “тогтоох” хэсгийг уншин танилцуулах хуулийн заалттай байдаг. Ямар үндэслэлээр шийдвэр гаргасныг шүүх тайлбарлах үүрэг хүлээхгүй.

Шийдвэр дээр үндэслэх хэсгийг тодорхой бичсэн байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зөрчилд хамаарахгүй. Сая гомдол дээрээ бичсэн, маргаж байгаа зарим үндэслэлд тайлбар хийе.

А.А нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн, ажлаас халагдах хүсэлтэй байсан гэдэг зүйлийг хариуцагч тал ярьдаг. Тус сургуульд багш нарын дунд хурал хийж, олон орон тоо хасагдана, 4 багшаас нэг багш үлдэнэ гэх зүйл яригдаж байсан байгаа.

Харин А.А нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хангалттай хэмжээнд тэтгэмж өгвөл болно гэдэг асуудал илэрхийлсэн болохоос намайг ажлаас чөлөөлж өгнө үү гэж албан ёсоор хүсэлт гаргаагүй. Энэ бол А.Аийн хүсэлт биш байдаг. Хурлаар элсэгчдийн тоо бага байна, иймээс орон тоо хасагдах шинжтэй гэж ярьсан. 2019 онд хэдэн багш ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллах талаар шийдвэр гаргаагүй. Элсэгчдийн тооноос хамаарч цаашид орон тоо цөөрч магадгүй талаар хурал дээр яригдаж байсан. А.Аийн саналын шинжтэй хэлсэн зүйлийг А.Аийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэж ойлгож болохгүй.

А.А  14 жил ажилласан, бусад түүхийн багш нараас илүү олон жил ажилласан, алдаа зөрчил гаргаж байгаагүй, ажил мэргэжилдээ үнэнч, тухайн сургуульд цаашид ажиллах хүсэлттэй байсан. Гэтэл тухайн хүнийг ажлаас чөлөөлж, түүнээс сүүлд ажилд орсон хүмүүсийг ажилд нь авч үлдсэн.  

Түүх, нийгмийн багшаар ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлөхдөө зөвхөн нийгмийн ухааны багшийн ажлаас чөлөөлсөн байдлыг мөн зөвшөөрөхгүй байна. Түүхийн багшаас чөлөөлөөгүй байдаг. 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөхдөө мөн өдрөөс тасалбар болгож цалин хөлс цаашид олгоогүй байдаг. Орон тоо хасагдсан шийдвэр нь 10 дугаар сарын 06-ны өдөр шинэчилж батлагдсан. Бүтэц орон тооны тушаалд 1 ажилтан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байх тул энэ орон тоог хасъя гэсэн юм шиг харагдаж байна. Бодит байдал дээр орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажилтныг халсан байдаг. Энэ байдалд бид гомдолтой байна. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. А.Аийн 1 жилийн хугацаанд ажилгүй байсан цалин хөлс тооцогдож байгаа. Энэ тооцоог зөв үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа: Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийн үндэслэлийг эс зөвшөөрч байгаа талаар тайлбарлахдаа шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг шүүх хуралдаан дээр тайлбарласнаас өөрөөр шүүхийн шийдвэрт бичсэн. Ийм учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд  шүүх давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцээд 7 үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан. Энэ 7 үндэслэлийн аль ч үндэслэлд давж заалдах гомдлын үндэслэл хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэг буюу 15, 16, 17 –р талд хийсэн дүгнэлтээс үзэхэд маргаан бүхий тушаал нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан байна. Гэтэл Ховд Их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаартай тушаалаар багш ажилчдын бүтэц, орон тоо, цалингийн сан, сүлжээг тогтоох тухай шийдвэр нь маргаан бүхий тушаал гарснаас хойш 25 хоногийн дараа гарсан байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон тооны цомхотгол хийх бодит нөхцөл байдал байсан уу гэдэгт шүүх зөв дүгнэлт хийсэн байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тухайн багш, ажилтны цомхотгох нөхцөл байдал байгаагүй. Бүтэц. орон тоо өөрчлөгдөөгүй цөөрөөгүй байсан. Хариуцагч талын гаргасан гомдлын агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байхгүй гэж үзэж байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж хуульчилсан. Энэ үндэслэлээ хариуцагч нотолж чадаагүй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Ховд Их сургууль нь төсвийн байгууллага мөн байна. Гэтэл давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь ойлгомжгүй болсон байна. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжтой.

Хуулийн этгээдийн төрлийн хувьд ашгийн бус байгууллага байна. Давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг төлөхөөс чөлөөлөгдөх ёстой. Давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан асуудлаар дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна, өөрөөр хэлбэл хариуцагч талаас хэргийн үйл баримт болон бусад байдлаар гомдол гаргаагүй. Зөвхөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа зөрчилтэй байж болзошгүй гэдэг агуулгаар гомдол гаргасан. Шүүх хуралдааны явцад анхан шатны шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсгийг уншиж танилцуулж байгааг сонсож танилцсан. Анхан шатны шүүхийн шийдвэртэйгээ тохирч байгаа болох нь нотлогдсон. Ийм учраас давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

11. Хариуцагчийн өмгөөлөгч Н.О давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа : Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 140 дүгээр шийдвэрийг гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо шүүхийн шийдвэрийн агуулгыг тодорхой тайлбарласан. Шийдвэрээ бичгээр гаргахдаа агуулгаа тайлбарласан хууль зүйн үндэслэлээ шүүхийн шийдвэрт тусгаж өгөөгүй. Харин өөр хууль зүйн үндэслэлийг тусгаж, зохицуулж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасан шийдвэр гаргах журам, мөн хуулийн 116 дугаар зүйлд заасан шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх, мөн хуулийн 118 дугаар зүйлд заасан шийдвэр бичгээр гарах, мөн хуулийн 119 дүгээр зүйлд заасан шийдвэрээ танилцуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэдэгт санал нэг байна. Тогтоох хэсгийн агуулгыг шийдвэр дээр дурдахдаа шийдвэрт бичсэн байна. Харин шүүх шийдвэр гаргах болсон хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2-т заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүх шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлачхаад бичгээр гаргахдаа өөр хууль зүйн дүгнэлт хийгээд өөрөөр шүүхийн шийдвэртээ тусгаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулснаар хүчин төгөлдөр болно гэж журамласан зохицуулалт байдаг. Бид Боловсролын тухай хуулийн зохих зүйл заалтыг үндэслээд хууль зүйн дүгнэлт хийсэн гэж ойлгосон, гэтэл шүүхийн шийдвэртээ Боловсролын тухай хуулийн зохих зүйл заалтыг үндэслэж дүгнэлт хийсэн агуулгаа тусгаагүй. Энэ талаар гаргасан гомдлыг дэмжиж байна.

Мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан гэх талаар тайлбараа хийе. Шүүхийн шийдвэр агуулга хэсэгт 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээд үйл баримтад дүгнэлт хийсэн байдаг.

Тухайлбал шүүхийн шийдвэрийн 17 дугаар хуудсанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд мэдэгдэх үүргийг хүлээнэ гэж дүгнэсэн. Мөн 18 дугаар хуудсанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүх ажилтны  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох талаар дүгнэлт хийсэн. Тогтоох хэсэгт 2021 оны Хөдөлмөрийн хуулийг баримталсан.

2021 оны Хөдөлмөрийн тухай хууль нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн байгаа. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Энэ хуулиар өмнө нь байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа үйл баримт нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болсон байдаг.

Хөдөлмөрийн хуульд заасан хугацаа, журмын дагуу шүүхэд гомдлыг гаргасан. Хууль зүйн факт бий болсон үед тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж дүгнэлт хийх ёстой гэж харж байна. Шүүх зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж дүгнэлт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуульд төрийн болон төрийн бус байгууллагын бүх хөдөлмөрийн харилцааг нийтлэгээр зохицуулдаг. Гэтэл тухайн ажил, мэргэжлийн онцлог, салбарын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж, салбарын холбогдох хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг хууль тогтоомжийг хэрэглэж дүгнэлт хийх ёстой. Энэ талаар анхан шатны шүүхэд маргасан. Багц цаг, багшийн багц цаг гэж юу вэ гэх мэтээр боловсролын байгууллагын онцлог байна. Хөдөлмөрийн тухай хуулиас гадна Боловсролын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиар их дээд сургуулийн багш, багш ажилчдын албан тушаалын зэрэглэл, нөгөө талаас цалин хөлсийг зохицуулж байдаг. Энэ талаар дүгнэлт хийж өгөхийг анхан шатны шүүхэд тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн зарчмыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийдэг. Хөдөлмөрийн тухай хууль нь тухайн харилцааг зохицуулж байгаа бусад хуулиас бүрдэнэ гэж заасан. Өмгөөлөгчийн зүгээс шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэж байна” гэв.

12.Хариуцагчийн өмгөөлөгч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх тогтоох хэсгийг тайлбарлахдаа Боловсролын тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 36.12.2 дах хэсгийг баримталж хууль зүйн дүгнэлт хийсэн байдаг. Гэтэл Боловсролын тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 36.12.2 дахь хэсэгт сургуулийн бүтэц зохион байгуулалт орон тоо, цалингийн нийт сүлжээ хэмжээг удирдах зөвлөл тогтооно гэсэн байдаг. Энэ заалт нь орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтооход төрийн өмчийн сургуульд хамаарахгүй гэж заасан байгаа. Гэтэл Ховд Их сургууль нь төрийн байгууллага тул энэ заалтад хамаарахгүй.

 Энэ нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Шийдвэрийн тогтоох хэсэгтээ Боловсролын тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 36.12.2 дахь хэсгийг дурдаагүй. Тухайн үйл явдал 2018 онд болсон. 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөж байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Ховд их сургууль тушаал гаргасан байдаг. Нэхэмжлэгч талаас тайлбар гаргахдаа өөрийнх нь хүсэлтийг харгалзаж үзэхгүйгээр ажлаас чөлөөлсөн гэдэг тайлбарыг гаргадаг. Гэтэл 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах заалт байдаг. Энэ заалтад ажилтны хүсэл зоригийн илэрхийллийг харгалзан үзэх үндэслэл байдаггүй.

Ховд Их сургуулийн хувьд тушаалыг гаргахдаа 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор мэдэгдэх хуудсаа өгөөд ажлаас хуулийн дагуу чөлөөлсөн. Үүнд анхан шатны шүүхээс шийдвэрийн агуулга хэсэгт 1999 оны Хөдөлмөрийн хуулиар дүгнэлт хийсэн боловч тогтоох хэсэгт 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж, хууль зүйн дүгнэлт гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2022/00140 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч А.А Ховд их сургуульд холбогдуулан Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12.733.126 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн зөрүү 1.800.935 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Ховд их сургууль нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж тайлбарлан маргажээ.

4.  Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн  158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190  дүгээр тушаалыг хүчингүй болгож, А.Аийг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүний олговорт нийт 12.744.970 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ. 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэгт  хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

6. Нэхэмжлэгч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багш А.Аийг хариуцагч Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Н 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дүгээр тушаалаар “... элсэлт багасч  багш, нийгмийн ухааны боловсрол хөтөлбөрийн багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсон” гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэг, “Ховд их сургуулийн дүрэм”-ийн 3.14.2, 3.15, “Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.3.8 дахь заалтыг тус тус баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг  Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимд элсэх оюутны тоо цөөрснөөр нийгмийн ухааны багшийн “орон тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж  тайлбарлажээ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “...орон тоо цөөрүүлсэн...” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс  албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгоно.

Аливаа байгууллага, аж ахуйн нэгж  нь зорилгодоо нийцүүлэн, батлагдсан төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо өөрчлөн тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлах эрхтэй боловч энэхүү ажиллагаа хуульд нийцсэн, бүтэц, орон тоог өөрчилсөн үндэслэл тогтоогдсон байхыг  шаардана.

Эрх бүхий этгээдээс баталсан бүтэц, орон тооны өөрчлөлтийг үндэслэн уг ижил албан тушаалд ажиллаж байсан ажилтнуудаас тодорхой шалгуур, үзүүлэлтийг баримтлан нэг буюу хэд хэдэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж буй шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байхыг шаардах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хууль бус шийдвэр гэж үзнэ.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ажил олгогч буюу Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Н  ажилтан А.Аийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр тушаалаар “орон тоо цөөрүүлсэн” гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх боловч ажилтанг ажлаас чөлөөлөх үед  Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн  бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тухай баримт хэрэгт авагдаагүй, ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрээ үндэслэл бүхий баримтаар нотлоогүй байна.

Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн  2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  А/200 дугаартай, “Багш ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээг шинэчлэн тогтоох тухай” тушаалаар Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн 4 орон тоог цөөрүүлж,  2018-2019 оны хичээлийн жилд  3 багш ажиллахаар  бүтцийн өөрчлөлт хийсэн талаархи нотлох баримт хэрэгт авагдсан байх ба уг бүтэц, орон тоо баталсан тушаал нь нэхэмжлэгч А.Аийг ажлаас чөлөөлсний дараа гарсан байх тул нэхэмжлэгчийг бүтэц, орон тоо өөрчилсөн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлд нийцээгүй,  орон тоо цөөрүүлсэн талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад А.Аийг орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэсэн, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон байна.

Мөн шүүх нэхэмжлэгч А.Аийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон цалин, хөлсний зөрүүг тооцож,  эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/  69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан:  “нэхэмжлэгч А.А нь сонгон шалгаруулалтад орохоос татгалзаж, улмаар ажлаас чөлөөлөгдөх тухайгаа илэрхийлсэн ” гэх агуулга бүхий тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч А.А өөрийн хүсэлтээр багшийн ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн, мөн ажил олгогчийн зүгээс сонгон шалгаруулалт зохион байгуулсан, уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч оролцоогүй гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй болно.            

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Анхан шатны шүүх хурал дээр шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулсан ба шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг шүүх хуралдаан дээр тайлбарласнаасаа өөрөөр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү “  гэх  агуулга бүхий гомдол гаргасан, шүүх хуралдаанд  энэ үндэслэлээр тайлбар гаргасан,

мөн хариуцагчийн өмгөөлөгч Н.О, Б.М нар давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах  гомдлыг дэмжиж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх  үндэслэлээр тайлбар гаргасан ба эдгээр тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн хүсэлтээр анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үйл явцыг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэгийг шинжлэн судалсан ба бичлэгт шүүгч гаргасан шийдвэрээ танилцуулж, шийдвэрийн үндэслэлээ : “ хариуцагч Ховд их сургуулийн удирдлага буюу төлөөлөн удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2-т зааснаар сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоогоо баталсан байна. Энэ бүтэц баталсан 2018 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгчийг бүтэц орон тоо өөрчлөгдсөн үндэслэлээр ажил олгогч ажлаас чөлөөлсөн нь буруу байх тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна” гэх агуулгаар тайлбарлажээ.

Шүүгчийн шийдвэрийн үндэслэлээ тайлбарласан агуулга нь шүүхийн шийдвэрт тусгагдсан дүгнэлттэй агуулгын хувьд зөрүүгүй, шүүгчийн уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг бичгээр үйлдсэн шийдвэрийн тогтоох хэсэгтэй тохирч  байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн “..шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх гомдол болон  өмгөөлөгчдийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн гомдлыг хангахгүй орхих  үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон зөрүүг тооцохдоо тооцооллын алдаа гаргасан,  цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангахдаа үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохгүй орхигдуулсан, мөн талуудын хооронд үүүссэн хөдөлмөрийн маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ маргаан гарах үед дагаж мөрдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж зөв тайлбарласан атлаа хууль буцаан хэрэглэх зарчмыг буруу тайлбарлаж, 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль / шинэчилсэн найруулга/ -ийг баримталж шийдвэрлэсэн, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахгүй орхигдуулсан зэрэг алдаа гаргасан байх боловч энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, шүүхийн шийдвэрт өөрчлөх боломжтой байна.Үүнд:

10.1. Ажил олгогч, ажилтны хооронд үүссэн маргаан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үүссэн, харин хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж байсан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ маргаан гарах үед дагаж мөрдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж зөв тайлбарласан атлаа хууль буцаан хэрэглэх зарчмыг буруу тайлбарлаж, 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баримталж шийдвэрлэсэн буруу болжээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т : хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй, мөн зүйлийн 5.2-т: шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу 2 талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна, 5.3-т : гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно” гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, хэм хэмжээг тогтоодог иргэний хууль тогтоомжид хамаарах хувийн эрх зүйн эрх сурвалж болохын хувьд уг хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудалд Иргэний хуулийн дээрх зохицуулалт нэгэн адил хамаарна.

Хууль буцаан хэрэглэх асуудал нь шинээр батлагдсан хуулийг түүнийг дагаж мөрдөхөөс өмнө үүссэн харилцаа буюу үйл баримтад хэрэглэх ойлголт бөгөөд шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд дээрх хуульд заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл бий болоогүй байхад шинэ хууль буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан  Хөдөлмөрийн тухай хууль/ шинэчилсэн найруулга /-ийг  буцаан хэрэглэсэн нь буруу тул шийдвэрийн Тогтоох хэсгийн холбогдох заалтад баримталсан хуулийн зүйл заалтыг өөрчилж, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн тохирох зүйл, хэсгийг баримтлах үндэслэлтэй байна.

10.2. Анхан шатны шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цалин хөлсний  зөрүүг  зөв тооцсон атлаа  нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн цалингийн зөрүүг  тооцохдоо алдаа гаргаж 1800935 төгрөг гэхийг 1830862 төгрөг гэж буруу бодсон, мөн цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв боловч шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохгүй орхигдуулсан тул шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтанд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

10.3. Ажлаас үндэслэлгүй халсан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хуульд заасан хэмжээгээр тооцон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулах байтал гаргуулахгүй орхисон байх тул шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад нэмэлт өөрчлөлт  оруулан зөвтгөх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2022/00140  дүгээр  шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-р заалтын: Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан гэснийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан гэж ,

-2 дугаар заалтыг: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ховд их сургуулиас нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10.914.108/ арван сая есөн зуун арван дөрвөн мянга нэг зуун найм/ төгрөг, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 1.800.935 / нэг сая найман зуун мянга есөн зуун гучин тав/ төгрөг,  нийт 12.715.043 / арван хоёр сая долоон зуун арван таван мянга дөчин гурав/  төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.819.018/ нэг сая найман зуун арван есөн мянга арван найм/ төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай гэж,

-3 дугаар заалтын: Хөдөлмөрийн тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасны дагуу гэснийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу гэж,

- 4 дүгээр заалтыг :Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 288.591 / хоёр зуун наян найман мянга таван зуун ерөн нэг/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэсэн нэмэлт өөрчлөлт тус тус оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ховд их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т  заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд их сургуулийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218.869 / хоёр зуун арван найман мянга найман зуун жаран ес /төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

            ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ