Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 224/ма2022/00012

 

 

 

 

 

 

 

 

 

С.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 152/ШШ2022/00144 дүгээр шийдвэртэй,

С.Дгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,042,632 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Дгийн нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тгтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,042,632 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ...”С.Д би Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д цалин хөлсний, үндсэн хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Улмаар 2020 оноос Санхүүгийн албаны гэрээний мэргэжилтнээр ажилласан. Улаанбаатар хотод амьдардаг төрсөн ах С.Рэнцэндэлэг нь өвчний учир гэнэт муудаж, би Улаанбаатар хот явах шаардлага гарсан тул 2021 оны 11 дүгээр сарын 06-ны амралтын өдөр Ерөнхий нягтлан бодогч Н.От 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой утсаар ажлын өдөр хүлээх боломжгүй байгаа тул танд мэдэгдэж байна. Та дарга нарт мэдэгдэх үү, би мэдэгдэх үү, бичгээр хандах шаардлага байгаа юу гэдгээ хэлж мэдэгдэхэд өвчин, зовлон тохиолдсон учир би ойлгож байна, даргад би мэдэгдээд зохицуулна, чи явж бай гэсэн тул би Улаанбаатар хот явсан. Намайг хотод байхад чи ажил тасалж байна чамд чөлөө олгохоос татгалзсан тул ирж ажлаа хий гэж огт хэлээгүй. Би чөлөөтэй гэж бодож явтал намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тухайн өдөр амралтын өдөр байсан тул албан ёсоор бичгээр чөлөө авах хүсэлт гаргаж чадаагүй, албаны даргатайгаа утсаар яриад явж байгаа талаараа хэлсэн. Миний хувьд эрхэлсэн ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж чөлөөлөгдсөн бол гомдол алга.

Гэтэл албаны дарга Н.О намайг хуурч чөлөө өгнө гэж итгүүлж Улаанбаатар хот явуулчхаад намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Би санхүү албаны дарга Н.От хагас сайн өдрийн орой хэлж мэдэгдээд бүтэн сайн өдрийн өглөө хот явсан. Энэ хугацаанд надад чөлөө олгохгүй гэдгээ хэлсэн бол би явахгүй байсан. Гэтэл даргад миний чөлөө хүссэн асуудлыг дамжуулсан эсэх нь тодорхойгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар надад мэдэгдэхгүй ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Надад хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4,042,632 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Дг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Тус хуулийн 40.1.4-д хөдөлмөрийн харилцааг дуусгах 2 нөхцөл байгаа ба уг тушаалд аль нөхцлөөр нь С.Дг ажлаас чөлөөлснийг тодорхой заагаагүй. Хариуцагч талаас хариу тайлбарыг удаа дараа гаргаж өгсөн ба ингэхдээ зарим тайлбар дээрээ ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн гэдэг, зарим тайлбартаа сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэх мэт зөрүүтэй тайлбаруудыг шүүхэд гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, цуцална гэж заасан. Ноцтой зөрчил гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-д Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан газар гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж үзэхийг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан гэж тайлбарласан.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь С.Дтэй 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан боловч ноцтой зөрчил гэж нэрлэн заасан зүйл байхгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжгүй. Нэхэмжлэгчийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг өмнө нь авч байсан гэх тайлбар гаргадаг, гэрч нарыг асуулгасан. Ч.Ц гэрчээр мэдүүлэг өгөхдөө С.Дд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг гардуулж танилцуулах гэсэн боловч С.Д гардаж аваагүй гэж мэдүүлсэн ба гэрчийн мэдүүлэг нь эх сурвалжаа заагаагүй тохиолдолд дангаараа нотлох баримт болох боломжгүй. Хэрэв тушаалыг гардаж авахаас татгалзсан тохиолдолд тэмдэглэл үйлдэх ёстой ба тийм тэмдэглэл хэрэгт баримтаар өгөөгүй. Хариуцагч байгууллагын тушаал, шийдвэр, захирамжийн бүртгэлийн дэвтрийн 12 дугаарт нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаартай тушаалын бүртгэл байгаа боловч С.Дгийн гарын үсэг байгаагүй.

Иймд нэхэмжлэгчийн сануулах шийтгэл оногдуулсан тушаал гарсныг шүүх хурал дээр ирээд мэдсэн, өөрт нь гардуулж өгөөгүй гэсэн тайлбар эдгээр нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа бол заавал өөрт нь мэдэгдэж гардуулах ёстой, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 120 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 6.5е-д сарын үйл ажиллагааны үр дүнгээр нь шагнал олгох журмын 4 дэх хэсэгт шагнал олгохгүй байх нөхцлүүд:

4б-Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, сахилгын арга хэмжээ авагдсан тохиолдолд гэж заасан. Гэтэл С.Дгийн 2021 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх бүтэн жилийн цалингийн дэлгэрэнгүй хуулга дээр сарын үр дүнгийн шагналт цалингаа тасралтгүй авсан. Хэрэв сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гарсан бол С.Д сарын үр дүнгийн урамшууллаа авах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан. Иймд давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч ахынхаа амбултороор эмчлүүлэгсдийн картыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба хувийн нууц гэдэг утгаараа бүх хэсгийг бус холбогдох хэсгийг нь хуулбарлаж өгсөн. Тус картад 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш эхэлж эмчилгээ хийгдсэн гэж тэмдэглээд эмчлэгч эмч гарын үсэг зурсан. Цалингийн дэлгэрэнгүй хуулга дээр үндсэн болон бусад нэмэгдлүүдийн талаар тодорхой дэлгэрэнгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Гэрээний мэргэжилтэн С.Дг ноцтой зөрчил гэх үндэслэлээр биш давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. С.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 08-19 ний өдрийн хооронд нийт 10 хоног буюу 80 цагийн ажил тасалсан нь ББЭХС ТӨХК-д мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод журмын 6.5г-д заасан заалтыг зөрчиж байгаа нь тогтоогдсон тул гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/186 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

Хөдөлмөрийн дотоод журмын 6.5г-д Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, ажлын байранд архидах, ажилдаа согтуу ирсэн, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг тоносон, түлш, эрчим хүчийг бусдад ашиглах завших боломж олгосон, өөрөө хулгайлсан, дараалсан 3 өдөр буюу сарын дотор нийлбэр дүнгээрээ 6 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан ажилчдад ажлаас халах арга хэмжээ авна гэж заасан.

Гэрээний мэргэжилтэн С.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой Санхүү албаны дарга бөгөөд Ерөнхий ня-бо Н.О руу ахын бие муудсан хот явах ажил гарлаа гэж ярьсан байсан. Хариуд нь албаны даргын хувьд 1 өдрийн чөлөө өгч болно. Харин олон хоногоор бол өргөдлөө бичээд хүний нөөцийн мэргэжилтэнд өгөөд зохих журмын дагуу шийдвэрлүүлээрэй гэж хэлсэн байсан. Тэгэх ч журамтай. С.Д өмнө нь энэ асуудлаар чөлөө авч байсан ба байгууллагын зүгээс цалинтай чөлөө өгөөд явуулж байсан ба чөлөө зөвшөөрөл авах журмыг С.Д сайн мэдэж байгаа тэрээр хэнэггүй зангийн улмаас албан ёсоор бичгээр хүсэлт өгөөгүй. Захиргаа хүний нөөцийн албаны дарга, Хүний нөөцийн мэргэжилтэн, Ерөнхий инженер, Гүйцэтгэх захирал нарт огт мэдэгдээгүй. Албадын дарга нар бол хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэг өдрийн чөлөө олгох эрхтэй байдаг. С.Д нь ажлын цаг барьдаггүй байнга ажлаа тасалдаг нь цаг бүртгэлийн системийн бүртгэлээс харагдаж байгаа. 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн С.Дд сахилгын шийтгэл оногдуулсан захирлын тушаалыг гардаж аваагүй гэсэн тайлбар гаргасан учраас хүний нөөцийн менежер Ч.Цыг гэрчээр асуулгасан.

Хөдөлмөрийн дотоод журмын 5.5-д: Захиргаа ажилтны хүсэлтээр ажлын нөхцөл байдлыг харгалзан цалинтай, цалингүй чөлөө олгож болно. Чөлөө олгох боломжтой болохыг тодорхойлсон хэлтэс, тасаг, албадын даргын тодорхойлолтыг үндэслэн компани гүйцэтгэх захирал чөлөө олгох тухай шийдвэр гаргана. Ажлын 8 цагийн чөлөөг хэлтэс, тасаг, албадын дарга олгож, түүнээс дээш хугацааны чөлөөг захирлын зөвлөлөөр оруулж шийдвэрлэх ба захирлын тушаалаар олгож үйлдвэрлэлийн ажиллагааг тасралтгүй хэвийн байхаар зохицуулна гэж заасан. С.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 08-аас хойш хоёр 7 хоног буюу ажлын 10 хоног ажилд ирээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 22-нд ажилд ирэхдээ чөлөө хүссэн өргөдлөө бичиж захирлын туслах, бичиг хэргийн ажилтанд өгсөн байсан. Бид хөдөө сумд болон Ховд, Баян-Өлгий салбарын ажилчдын өргөдлийг цахимаар хүлээн аваад энд түргэн шуурхай шийдвэрлэдэг.

Энэ зарчмаар өгч болох л байсан. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод амьдардаг ахын бие муудсан шалтгаанаар өргөдөл бичиж өгч зохих журмын дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд цалинтай чөлөө аваад явж байсан. Чөлөө ямар журмаар хэрхэн авдаг талаар мэдээлэл болоод мэдлэг хангалттай байгаа гэж бодож байна. Албаны дарга Н.О чөлөө өгнө гэж хуурсан гэдэг асуудалд огт итгэхгүй байна. С.Д нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг бөгөөд үе үе олон хоногоор болон тодорхой хугацаагаар ажил тасалдаг, ажилдаа хоцорч ирдэг зэрэг алдаа дутагдал байнга гаргадаг.

Мөн энэ шалтгаанаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлын цаг ашиглалт хангалтгүй, шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан байна. Энэ талаар цаг бүртгэлийн систем дээрээс тодорхой харж болно. С.Д өөрт нь мэдэгдэлгүй ажлаас халсан тухай нэхэмжлэлд дурдсан байна. С.Дг ажлаас чөлөөлөх талаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт Захиргаа хүний нөөцийн албаны дарга Я.Намхай нь 206 тоот өрөөнд уулзаж сонсох ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хийж гүйцэтгэсэн. Ямар алдаа дутагдал гаргасан талаар нь танилцуулж, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу халах хүртэл арга хэмжээ авна гэдгийг мэдэгдсэн болно. Нэхэмжлэгчид хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ жил бүр ажилтнуудад сургалт явуулдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 152/ШШ2022/00144 дүгээр шийдвэрээр: -Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Дг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул түүнийг Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Санхүүгийн албаны гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,042,632 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож,

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч С.Дгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагч Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-нд даалгаж,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар илүү төлсөн 18,571 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулохоор тус тус шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх С.Дгийн нэхэмжлэлтэй “ББЭХС”ТӨХК -нд холбогдох иргэний хэргийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд С.Дг “ББЭХС” ТӨХК -ийн санхүү албаны гэрээний мэргэжилтнээр ажилд томилон шийдвэрлэсэн байдаг. “ББЭХС” ТӨХК -ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6/186 тоот тушаалаар С.Дг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.4 дэх заалт хөдөлмөрийн дотоод журмын 6.5 дэх заалт, захирлын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэснийг хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэрээний мэргэжилтэн С.Д нь 2021 оны 11 дүгээр 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 10 хоног буюу нийт 80 цагийн ажил тасалсан нь “ББЭХСТӨХК мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод журам 6.5г-д заасан заалтыг зөрчиж байгаа нь тогтоогдсон. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр С.Д нь сахилгын шийтгэл оногдуулсан захирлын тушаалыг гардан аваагүй гэсэн тайлбар гаргасан учраас хүний нөөцийн менежер Ч.Цыг гэрчээр асуулгасан.

Гэрч Ц нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр байцаалт өгөхдөө С.Дг өрөөндөө дуудаж, С.Дд сахилгын шийтгэл оногдуулсан талаар танилцуулсан. Тэр үед С.Д тушаалтай танилцчихаад албаны даргаа уурлаж сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын гардан авахаас татгалзаж миний өрөөнөөс гараад явсан гэх мэдүүлэг хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. С.Д нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг бөгөөд үе үе олон хоногоор болон тодорхой хугацаагаар ажил тасалдаг, ажилдаа хоцорч ирдэг зэрэг алдаа дутагдал байнга гаргадаг. Энэ шалтгаанаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлын цаг ашиглалт хангалтгүй, шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан нь нотлогдсон. Иймд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү“ гэв.

7. Нэхэмжлэгч С.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Надад албан ёсоор хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Хариуцагч талын зүгээс 2021 оны 01 дүгээр сард надад сахилгын шийтгэл оногдуулсан гэх баримтыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Би өөрийгөө сахилгын шийтгэл авсан талаараа мэдээгүй бөгөөд сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гаргасныг ч мэдээгүй. Хэрэв надад 2021 оны 01 дүгээр сард сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан бол миний цалингийн хэмжээ буурах эсвэл үндсэн цалингийн 10, 20 хувиар торгуулах ёстой байсан. Гэтэл би сахилгын шийтгэл авснаа мэдээгүй бөгөөд цалингаа бүрэн авч байсан” гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч С.Дгийн зүгээс Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар сахилгын шийтгэл авсан гэдгээ мэдээгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа уг тушаалын талаар мэдсэн гэдгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Уг тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2015 онд батлагдсан Байгууллагын дотоод журмын 6.5.е-т “ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд сарын үр дүнгийн шагнал цалин олгохгүй” гэсэн заалт байгаа.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг баталсан байдаг. Уг журмын 2.1-т “хөдөлмөрийн сахилгын шийтгэл гаргасан албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгохгүй” гэсэн заалтыг үндэслэн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Уг тогтоол нь ажилтнуудад жил сарын үр дүнгийн урамшуулал олгох тухай заалт байгаа. Уг тогтоолын 2 дугаар хавсралтад “тухайн жилд сахилгын шийтгэл авсан ажилтанд шагнал урамшуулал олгохгүй” гэсэн заалт байгаа. Б хэсэгт хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, сахилгын арга хэмжээ авагдсан тохиолдолд сарын үр дүнгийн цалинг олгохгүй гэсэн заалт байгаа.

Гэтэл нэхэмжлэгч С.Д нь 2021 оны 1-12 дугаар сарын хооронд тасралтгүй сарын үр дүнгийн цалингаа авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С.Дд сануулах сахилгын шийтгэл авагдсан гэх хариуцагч талын тайлбар няцаагдаж байна. С.Д 2021 оны 10 дугаар сард ээлжийн амралтаа авсан учир тухайн сарын цалин тасарсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Гэрч Цын зүгээс “С.Дд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гардуулж өгсөн боловч гардаж аваагүй гэх мэдүүлэг өгдөг боловч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлуулах шатанд гэрч Цын тайлбарыг шинжлэн судлуулж байх шиг байна. Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 т “нотлох баримт гэдэг нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбарыг хэлнэ” гэж заасан байдаг. Цын хувьд энэ хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд биш мөн тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч биш учир шүүхэд хандаж тайлбар гаргах эрх бүхий субъект биш гэж үзэж байх тул Цын тайлбарыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна.

2021 оны 11 дүгээр сарын 8-19 хооронд ажлын 10 хоног ажил тасалсан үйлдлээ С.Д хүлээн зөвшөөрч байгаа боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ тайлбарласан. С.Дгийн ах нь элэгний өвчтэй учир байнгын эмчийн хяналтад байдаг бөгөөд биеийн байдал нь муудсан учир С.Д 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа Улаанбаатар хот руу дуудагдаж явсан байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан учир тухайн орой албаны дарга руугаа утсаар залгаж учир байдлаа хэлсэн гэж тайлбарласан.

С.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой 20 цаг 50 минут 28 секундэд албаны дарга руугаа утсаар залгаж, яаралтай Улаанбаатар хот руу явах болсон талаараа хэлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

С.Дг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн дотоод журмын 6.5 дугаар зүйлийн г хэсэгт заасныг үндэслэсэн бөгөөд тухайн ажил олгогч байгууллага нь хөдөлмөрийн дотоод журмын 2.7.г хэсэгт заасны дагуу ажилчиндаа хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулах үүрэгтэй байсан. Гэтэл Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн зүгээс С.Дд хөдөлмөрийн дотоод журам танилцуулж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “манай байгууллага ажилчиндаа хөдөлмөрийн дотоод журам танилцуулж байсан гэх баримт анхан шатны шүүх хуралдааны дараа олдсон” гэдэг тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй мөн хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэж тайлбар гаргах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй нотлох баримтыг үндэслэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй юм.

С.Д нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд 3, 4 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Өөрөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасны дагуу шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримтыг бүрдүүлэх эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд даргалагч шүүгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандаж “танай байгууллага нь хөдөлмөрийн дотоод журмаа С.Дд танилцуулж байсан уу” гэж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “манай байгууллага 150 гаруй ажилтан албан хаагчидтай учир нэг бүрчлэн хөдөлмөрийн дотоод журмаа танилцуулж, гарын үсэг зуруулаагүй” гэж хариулсан болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.

Гэтэл өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа “С.Дд хөдөлмөрийн дотоод журам танилцуулж, гарын үсэг зуруулсан баримт байсан байна” гэдэг байдлаар тайлбар гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Байгууллагын дотоод журам болон шагнал урамшуулал олгох журамд зааснаар “сахилгын арга хэмжээ авагдсан тохиолдолд үр дүнгийн цалин урамшуулал олгохгүй” гэж заасан байна.

Сахилгын шийтгэлтэй байх хугацаа гэдэг нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан байдаг. Хэрэв 2021 оны 01 дүгээр сард С.Дд сануулах сахилгын шийтгэл авсан бол 2021 оны 01 дүгээр сараас хойш 2022 оны 01 дүгээр сар хүртэл сахилын шийтгэлтэй байсан гэж тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон шагнал урамшууллын журмаараа үр дүнгийн цалин урамшуулал олгохгүй нөхцөл байдал бүрдэж байна. Гэтэл нэхэмжлэгч С.Д 2021 оны 1-12 дугаар сард цалин урамшууллаа бүтэн авч байсан учир сануулах сахилгын шийтгэл аваагүй гэдэг нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох 7 үндэслэлийг дурдсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрх ашгийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн эсвэл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх тайлбар гаргаж маргахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т “ энэ хуулийн 38.6-т зааснаар “нотлох баримтыг шүүхэд дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн бол хүчингүй болгоно” гэж заасан байдаг. Гэтэл уг хуулийн 38.6-т заасан үндэслэлээр хариуцагч талаас гаргасан хүсэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байхгүй. Хариуцагч талын бусад үндэслэлээр гаргасан хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шатанд үзлэг хийж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Хариуцагчийн өмгөөлөгч А.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийн хууль хэрэглээнд гаргах тайлбар байхгүй. Харин хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр санал гаргана. Нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй мөн Ц нь хэргийн оролцогч биш учир Цын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх тайлбарыг хийж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримтад зохигчид болон тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, зураг дүрс бичлэг, ул мөрөөс гаргаж авсан хэв, таньж олуулах ажиллагааны шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан байх тул Цын гэрчийн мэдүүлгийг нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч С.Д “би алдаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг надад танилцуулаагүй учир хуульд зааснаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар цалин урамшууллаа бүрэн авч байсан гэдэг тайлбар гаргаж байна. Энэ нь нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн тайлбараар үгүйсгэгдэж байна. Сонсголд оролцсон ажилтан албан хаагчийн санал, С.Д нь сахилгын шийтгэлийг ногдуулсан тушаалаа хүлээн аваагүй гэх гэрчүүдийн мэдүүлгээр сахилгын зөрчил гаргасан болох нь нотлогдон тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 1.3-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад даргалагч шүүгчийн зүгээс хэргийн оролцогчдод санал байна уу гэж асуухад хариуцагч санал байхгүй гэж хариулсан. Гэхдээ өмгөөлөгч авах уу гэж тодруулж асуух байх гэж бодоод саналгүй гэж хариулснаар өмгөөлөгч авах эрхээ эдэлж чадаагүй. Анхан шатны шүүхэд өмгөөлөгч авах хүсэлттэй байсан боловч өмгөөлөгч авч чадаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасныг хангуулах боломжгүй байсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3т заасан эрхээ эдэлж чадаагүй учир хариуцагч талын эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т зааснаар “энэ хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.7-т заасан эрхээ эдэлж чадаагүй. Анхан шатны шүүхээс үзлэг хийхдээ баримтаа дутуу бүрдүүлсэн учир нэхэмжлэгч талд ашигтай байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн  давж заалдах журмаар  гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 152/ШШ2022/00144 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч С.Д нь “Баруун бүсийн эрчим хүчний систем “ ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 596.369 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 596.369 төгрөг гаргуулах шаардлагаа 4.042.632 төгрөг болгон нэмэгдүүлж өөрчилсөн байна.

3. Хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

4. Анхан шатны шүүх С.Дг  “Баруун бүсийн эрчим хүчний систем “ ТӨХК-ийн Санхүүгийн албаны гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.042.632 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ. 

5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах  үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

5.1.  Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт тус бүрийн хууль зүйн болон бодит үндэслэлийг үнэлж чадаагүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт өгөх байдлаар хэргийн үйл баримт хэрхэн тогтоогдож байгаа талаар дүгнээгүй байна.

Тухайлбал, шүүх шийдвэртээ :  “С.Дг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, ...хөдөлмөрийн дотоод журмыг ажилтанд танилцуулаагүй гэх  дүгнэлт хийсэн байх боловч нэхэмжлэгч нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг хэрхэн зөрчсөн нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдож байгаа, түүнчлэн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцээгүй байна.

5.2. Шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шүүхийн ажиллагаа бөгөөд нотлох баримтыг үнэлэх ажиллагаа гэж талуудаас шүүхэд гаргасан баримтуудын тухайн маргаанд хамааралтай, хуулиар зөвшөөрөгдсөн, үнэн зөв, хоорондын уялдаа холбоотой байдлуудыг тус тус тодорхойлж, үүний үндсэн дээр эрх зүйн оновчтой дүгнэлт хийхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.

Хэрэгт, нэхэмжлэгч С.Дгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “ С Дг ажлаас чөлөөлөх тухай” Б/186 дугаар, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “ С Дд чөлөө олгох тухай “ Б/158 дугаар , 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн С Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/12 тушаалууд, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, хөдөлмөрийн дотоод журам, цагийн баланс, сонсох ажиллагааны тэмдэглэл, зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч С.Дгийн ажлын байрны тодорхойлолт, байгууллагын цаг ашиглалтын журам, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилтнуудад жил, сараар үр дүнгийн урамшуулал олгох журам, тогтоол, тушаал захирамжийн бүртгэл зэрэг бичгийн баримт, гэрч Н.О, Ч.Ц, А.Ц нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, зохигчдын тайлбар  зэрэг нотлох баримтууд авагдсан ба шүүх эдгээр нотлох баримтын харилцан хамаарал, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлын талаар үнэлээгүй байна. 

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Дгийн ажилд эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл болгож буй нотлох баримтыг заагаагүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэрхэн нотлогдож байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан “ Үндэслэх хэсэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.     

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

6. Ажил олгогч, ажилтны хооронд үүссэн маргаан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үүссэн, харин хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж байсан ба шүүх тухайн маргаанд аль хуулийг хэрэглэж буй үндэслэлээ дүгнэхгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хууль/ шинэчилсэн найруулга /-ыг баримталсан байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т : хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй, мөн зүйлийн 5.2-т: шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу 2 талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна, 5.3-т : гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно” гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, хэм хэмжээг тогтоодог иргэний хууль тогтоомжид хамаарах хувийн эрх зүйн эрх сурвалж болохын хувьд уг хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудалд Иргэний хуулийн дээрх зохицуулалт нэгэн адил хамаарна.

Хууль буцаан хэрэглэх асуудал нь шинээр батлагдсан хуулийг түүнийг дагаж мөрдөхөөс өмнө үүссэн харилцаа буюу үйл баримтад хэрэглэх ойлголт бөгөөд шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд дээрх хуульд заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл бий болоогүй байхад шинэ хууль буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан  Хөдөлмөрийн тухай хууль/ шинэчилсэн найруулга /-ийг  буцаан хэрэглэсэн нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч  “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д олгох үндэслэлтэй байна .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 152/ШШ2022/00144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ