Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2026/ДШМ/260

 

2026          03            05                                                                             2026/ДШМ/260

 

О.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Манлай,

шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Ч.Ганхүү,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2843 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Ч.Ганхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор О.М-д холбогдох 2510009532103 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн О-ы М-, 1990 онд Архангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүү нягтлан бодогч мэргэжилтэй, ... орон нутаг хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Шүүгдэгч О.М- нь “О-” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах “...” салбарт зээлийн менежер, салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2023 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий харилцаатай 10 хүний нэр дээр хуурамч материал бүрдүүлэн нийт 540,260,000 төгрөгийн зээл гаргаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.М-г “үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч О.М-гаас нийт 403,960,306 төгрөгийг гаргуулан, хохирогч “О-” ХХК-д олгож, хохирогч нь зээл, зээлийн хүү, алдангитай холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганхүү хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.М-д ял оногдуулахдаа хэргийн буюу болсон бодит үйл баримтад нийцэхгүй, түүнээс зөрүүтэй байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс хууль ёсны болоогүй бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.

Учир нь, шүүгдэгч анхны мэдүүлэг өгөх үеэсээ өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөгч прокурорын дуудсан цагт ирж, шаардлагатай баримт материал гаргаж өгөх зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. О.М- өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, банк бус санхүүгийн байгууллагад 10 гаруй жил нэр хүндтэй ажиллан, “Да хүрээ 1” салбарыг өөрөө үүсгэн байгуулж, зээлийн менежер, салбарын эрхлэгчээр дэвшиж ажилласан, чадварлаг, манлайлагч ажилтан юм.

Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд, шунахайн сэдэлтэй, өөртөө эдийн буюу эдийн бус баялаг олж авах гэхээсээ спортын тоглолтуудад мөрий тавьдаг цахим сайтын тоглоомд донтож өмнөх алдсан мөнгөө олж авахаар нэмж зээл авах аргаар явсаар байгууллагад их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдлаа сайн ухамсарлаж, тоглоом тоглохоо зогсоосон. Бусдад учруулсан хохирлоосоо 2025 оны 02 дугаар сард 130,000,000 орчим төгрөгийг нь төлж барагдуулсан. Мөн тэрээр 2025 оны 09 дүгээр сард сарын 3,000,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Сард 2,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулах бүрэн боломжтой талаараа шүүх хуралдааны явцад илэрхийлсээр ирсэн.

Иймд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний гэр бүл, бага насны 3 хүүдээ тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлдэг хувийн байдал, энэ хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах, хохиролгүй болгох асуудал хамгийн чухал байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан хөнгөн ял оногдуулж, шүүгдэгч О.М-д ажил хөдөлмөр эрхлэн хохирол, төлбөрөө барагдуулах боломж олгож, торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. “О-” ХХК-аас дахин уучлалт хүсэж байна, гаргасан алдаандаа дүгнэлт хийж, ухамсарласан. Цагдан хоригдсон хугацаанд эхнэр, хүүхдүүд маань үнэхээр хүнд, хэцүү байсан, сэтгэл санааны гүн хямралд орсон байгааг эргэлтээр ирэх үед нь мэдэрсэн. Манай том охин 10 настай, дунд охин 4 нас гарантай, бага хүү 2 настай. Эхнэр 3 хүүхдээ ганцаараа харж хандах хүндрэлтэй байгаа. Иймд дээрх нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа хүсэл зоригийг маань хүлээн авч, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Тодруулбал, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн хангасан. Уг гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тухайлбал, шүүгдэгч нь “О-” ХХК-ийн хөрөнгөд шууд халдаж байгаа үйлдлээр илэрнэ. Хэрэв шүүгдэгч нь дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргаагүй бол уг банк бус санхүүгийн байгууллага нь мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх үйл ажиллагаагаа явуулж, ашигтай байдлаар ажиллах боломжтой байсан. Гэвч шүүгдэгчийн үйлдлийн улмаас олох ёстой ашгаа олж чадахгүй нөхцөл байдалд орж, их хэмжээний хохирол учирсан. Шүүгдэгчийн хохирол, төлбөрт төлсөн гэх 130,000,000 төгрөгөөс 112,894,000 төгрөг нь хүү буюу 10 хүнийхээ өмнөөс зээлээ төлж байх явцад төлөгдсөн мөнгө юм. Тодруулбал, 112,894,000 төгрөгийг нийт зээлсэн мөнгөн дүнгээс хасалт хийж тооцсон. Түүнээс шүүгдэгчийн сайн дураараа төлсөн хохирол, төлбөр биш. 2025 оны 01 дүгээр сараас эхэлж миний бие энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд шүүгдэгч О.М-г үйлдсэн хэрэгтээ ямар хандлагаар хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болохыг мэдэж байгаа. Тэрээр 18,000,000 төгрөг төлснөөсөө хойш ямар нэгэн идэвх санаачилга гаргаж, “О-”-тай холбогдоогүй, гар утас руу нь залгахаар утас нь холбогддоггүй нөхцөл байдалтай байсан. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч “мөрийтэй тоглоом тоглож, мөнгөө алдсан” гэх тайлбарыг гаргадаг. Энэ нь хэн нэгэн этгээд түүнийг албадан мөрийтэй тоглоом тоглуулсан юм шиг хандлагыг харуулдаг. Эдгээрээс дүгнэхэд, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэрэгт тохирсон ял шийтгэлийг хүлээлгэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа болон хувийн байдал зэргийг харгалзан гаргасан ялын саналын хүрээнд шүүх шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байгаа тул шийтгэл тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх О.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн: “...Би “О-” ХХК-д эрсдэл конфлайнсын менежерээр ажилладаг. 2024 оны 12 дугаар сард гүйцэтгэх захирал Л.Ц-гийн гаргасан тушаалаар ББСБ-д бүртгэлтэй зээлийн барьцаа хөрөнгүүдэд тулгалт хийх явцад Баянзүрх дүүргийн “...” салбарын эрхлэгч О.М- нь 2023 оны 11 дүгээр сараас хойш өөрийн хамаарал бүхий 10 хүний нэр дээр нийт 540,260,000 төгрөгийн зээл гаргуулж, эдгээр зээлийн барьцаа хөрөнгөд бүртгэгдсэн гэх 10 автомашин нь манай байгууллагын нэр дээр эзэмшилд шилжээгүй, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлээд албан тушаалаа ашиглаж хувьдаа гаргуулан авсан байсан. Эдгээр 10 зээлийн хувийн хэргийг сайтар шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгал, нотариат, гэрээ зэрэг нь хуурамч болох нь тодорхой болсон. Зээл гаргахдаа зээлийн барьцаанд тавьсан автомашины улсын дугаар болон арлын дугаар, гэрэл зураг хавсаргасан боловч бодит байдал дээрх Монгол Улсад барьцаанд тавьсан машин байхгүй, Авто тээврийн үндэсний цахим сайтаас үзэхэд зөрж байсан. Мөн хуурамч дээрх баримтын нотариатаар баталсан 34 дугаартай нотариатч Ц.Ц- гэх хүн баталсан нь хууль зөрчсөн үйлдэл болж таараад байгаа юм. О.М-гаас тодруулахад “би 10 хүний нэр дээр аваад заримыг төлдөг байсан, төлж чадахгүй болохоор дахиад зээл авч өмнөх зээлээсээ төлдөг, анх өрөнд ороод өрөө дарах шаардлага гараад хуурамч материал бүрдүүлсэн” гэж хэлдэг...” (1хх 9-10),

-гэрч О.О-гийн: “...2024 оны 11 дүгээр сарын эхээр миний ашигладаг Хаан банкны дансанд 44,154,000 төгрөг “О.О- зээл” гэх утгаар орсон. Би “О-” ХХК-аас зээл авахаар хүсэлт гаргаагүй, зээлийн гэрээ болон бусад бичиг баримтад гарын үсэг зураагүй...” (2хх 90-91),

-гэрч Р.Э-ийн: “...2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний ашигладаг Хаан банкны дансанд 46,926,000 төгрөг “Зээл олгов” гэх утгаар орсон. Би “О-” ХХК-аас зээл авахаар хүсэлт гаргаж байгаагүй...” (2хх 97-98),

-гэрч Т.Ц-гийн: “...Миний төрсөн дүү О.М- нь 2023 оны 11 дүгээр сарын эхээр над руу залгаад “би ажлын шугамаар зээл авмаар байна, та зээлтэй юу, регистрийн дугаараа өгөөч” гэхээр нь өгсөн. Удалгүй дахиж залгаад “та Хаан банкны дансны дугаараа өгчих, мөнгө орохоор миний өгсөн дансанд шилжүүлчих” гэж хэлсэн. Миний дансанд 79,200,000 төгрөг “О-” гэх утгаар орсон. Мөнгө орсны дараа О.М-н өгсөн түүний эхнэрийн данс руу мөнгийг хийсэн. Би “О-” ХХК-аас зээл авч байгаагүй...” (2хх 102-104),

-гэрч Н.Ц-гийн: “...2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний дансанд 48,015,000 төгрөг “Зээл олгов Н.Ц-” гэх утгаар орсон. Би “О-” ХХК-аас зээл авахаар хүсэлт гаргаагүй, зээлийн гэрээ болон бусад бичиг баримтад гарын үсэг зураагүй...” (2хх 109-110),

-гэрч Д.Л-гийн: “...2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр миний дансанд 39,600,000 төгрөг “ЕВ-Д.Л-” гэх утгаар орсон. Би “О-” ХХК-аас зээл авахаар хүсэлт гаргаагүй, зээлийн гэрээ болон бусад бичиг баримтад гарын үсэг зураагүй...” (2хх 115-116),

-гэрч М.Х-ын: “...Манай найз О.М- 2024 оны 04 дүгээр сард надтай утсаар холбогдоод “өмнө зээлсэн 400,000 төгрөгийн өрөө өгье, дансаа өгчих, мөнгө орохоор өрөө аваад үлдэгдлийг нь буцаагаад шилжүүлээрэй” гэхээр нь би өөрийн ашигладаг Хаан банкны дансыг өгсөн. Дансны дугаар авахдаа бас регистрийн дугаар авсан. Удалгүй дансанд “ЕВ-Зээл олгов М.Х-” гэх утгаар 94,050,000 төгрөг орсон. Би О.М-гаас 400,000 төгрөгийн авлагатай байсан тул 300,000 төгрөгийг нь аваад үлдэгдэл 93,750,000 төгрөгийг шилжүүлсэн. 2-3 сарын дараа байрны зээл хөөцөлдөхөөр банкаар зээл судлуулахад миний нэр дээр зээл байгаа талаар мэдээд О.М-тэй холбогдоход “удахгүй төлөөд дуусгана, санаа зоволтгүй” гэж хэлсэн...” (2хх 148-149),

-гэрч Т.О-ын: “...Хүргэн О.М- нь банк санхүүгийн мэргэжилтэй. Би өндөр настай болохоор өөрийн банкны дансыг ашигладаггүй, манай хүргэн ашигладаг. Миний регистрийн дугаар болон дансны дугаарыг ашиглаад өөрийн ажиллаж байсан “О-” ХХК-аас зээл авсныг сүүлд мэдсэн. Миний нэр дээр шинээр данс нээж 48,960,000 төгрөгийн зээл авсан байна...” (2хх 157-158),

-гэрч Ш.А-ын: “...Миний ашигладаг Голомт банкны дансанд 43,000,000 төгрөг орсон. Би “О-” ХХК-аас зээл авахаар цаасаар болон цахимаар хүсэлт гаргаж байгаагүй. Миний регистрийн дугаар болон банкны дансыг ашиглаж О.М- миний нэр дээр зээл авсан байсан. Би зээлтэй холбоотой баримт дээр гарын үсэг зураагүй...” (2хх 161-163) гэсэн мэдүүлгүүд,

-“О-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ц-гийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Т/23-14 дугаартай “О.М-г 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн менежерийн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаанд ажиллуулахаар томилсон” (1хх 17),

-мөн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23/5-015 дугаартай “О.М-г 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн жинхлэн ажиллуулах” (1хх 18) тушаалууд,

-О.М-г “...” салбар 1-ийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс томилсон “О-” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол (1хх 19),

-2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23/03, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ХГ-24/003 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт (1хх 32-47),

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх 4-5) зэргийг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч О.М- нь “О-” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах “...” салбарт зээлийн менежер, салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2023 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий харилцаатай 10 хүний нэр дээр хуурамч материал бүрдүүлэн нийт 534,857,400 төгрөгийн зээл гаргаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Итгэмжлэн хариуцсан гэдэг нь аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн өмчийг албан тушаалын хувьд хариуцсан, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, О.М-г “...” салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон “О-” ХХК-ийн захирлын тушаал, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, мөн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.М- нь тус компанийн бусдад зээл олгох үйл ажиллагааг буюу тухайн эрх, үүргийг хариуцаж байсан нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Ийнхүү “...” салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь түүнд бусдын нэр дээр хуурамч материал бүрдүүлэн зээл гаргуулж авах боломж нөхцөлийг бүрдүүлсэн байх ба энэхүү албан тушаалын байдлаа ашиглаагүй бол дээрх гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй тул О.М-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэж үзэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.М-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг албан тушаалын байдлаа ашиглан “О-” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй ба түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгчид түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар болон нийгэмд бий болгох аюулын түвшин, түүнээс улбаалан үүсэх үр дагавар, бусдад учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тэр нь нөхөн төлөгдсөн эсэх зэрэг хэргийн бүхий л нөхцөл байдлыг харгалзан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл хүлээлгэдэг.

Тиймээс шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй бөгөөд тухайн шүүхийн шийдвэр нь хуулийн адил заавал биелэгддэг байх зарчмыг Монгол Улсын Үндсэн хуульд тусган хуульчилсан.

Шүүгдэгч О.М- нь “О-” ХХК-ийн зээлийн менежер, салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа өөрийн хууль бус үйлдэл хийж буйгаа мэдсээр байж таслан зогсоолгүйгээр үргэлжилсэн олон удаагийн үйлдлээр хуурамч материал бүрдүүлэн өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр зээл гарган, тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж, 534,857,400 төгрөгийн хохирол учруулсан, тухайн мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглосон түүний гэм буруугийн санаа сэдэлт, үйлдсэн арга нь хор уршиг ихтэй байгаагаас гадна хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Шүүгдэгчийн талаас гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг шунахайн сэдэлтэй, өөртөө эдийн буюу эдийн бус баялаг олж авах гэхээсээ илүү спортын тоглолтуудад мөрий тавьдаг цахим сайтын тоглоом тоглосон гэж тайлбарладаг ба энэ шалтаг шалтгаан нь түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгийг хэрхэн, юунд зарцуулсан нь ач холбогдолгүй бөгөөд харин ч бусдын итгэл хүлээлгэн хариуцуулсан эд хөрөнгийг цахим мөрийтэй тоглоом гэх зүйлд үрж дуусгасан гэж байгаа нь жигших шалтгаан юм.

Түүнчлэн, О.М- нь хуульд заасан “их хэмжээний” гэж тодорхойлсон хохирлоос даруй 10 дахин их буюу 534, 857, 400 төгрөгийн хохирол учруулсан.

Тиймээс ялын цээрлэл нь гэмт этгээдийн аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй гэх боловч эдгээр нөхцөл байдлууд нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, цаашид давтахгүй байх, улмаар хүмүүжихийг эрмэлзэж, өөрт оногдуулсан хорих ялыг биеэр эдлэхэд саад болохгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн өөр төрлийн ял оногдуулах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.М- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 83 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2843 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Ч.Ганхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-н цагдан хоригдсон нийт 83 (наян гурав) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                    Т.АЛТАНТУЯА

                        ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН