Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1301

 

 

 

 

 

 

 

 

   2018         05          29                                         2018/ШЦТ/764         

 

                             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Хд холбогдох эрүүгийн 1806039120830 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар: Т.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 36-р байрны 22 тоотод хохирогч С.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806039120830 дугаар хэргийг хянан шийдвэрлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч С.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нутгийн дүү Х над руу залгаад та хүрээд ирээч, танд хэлэх ярих юм байна гэхээр нь би за тэгвэл аниа нь очъё гэж хэлээд гэрт нь такси бариад очсон. Гэрт нь орж ирэхэд архи, пиво авчихсан ганцаараа уугаад сууж байсан. Би ороод сууж байхад Х “би бие давхар болсон байна, найз залууавахуул гэсэн, би яах ёстой юм болоо” гээд цаад талын өрөөнд найз залуутайгаа утсаар яриад орилоод байхаар нь би ардаас нь ороод тайван гэж хэлээд 00-д оруулсан... Гэтэл Х 00-н өрөөнөөс дахиад гарч ирээд дахиад найз залуутайгаа яриад орилоод уурлаад өөрийгөө алчихая гээд хутга авахаар нь би айгаад хутгыг нь булааж аваад шүүгээнд нь хийсэн. Тэгээд бид 2 овоо тайвшраад юм ярьж байгаад би “хэн чамайг ийм байдалтай бай гэсэн юм бэ гэж хэлэхэд Х над руу юу гэнээ чи, дахиад хэл дээ чи гээд уурлаад зайл гэхээр нь би за гэж хэлээд босоод гутлаа өмсөх гэтэл ардаас үснээс зулгаагаад хана руу 3 удаа түлхээд хувцасны шүүгээний хажууд байдаг толь нь хагарсан. Би аргагүй эрхэнд гаран дээр нь нэг хазсан. Тэгтэл Х уурлаад миний уруулан дээр нэг удаа хазаад, би уур хүрээд Хг 2 удаа алгадсан. Би газар унаад хэвтчихсэн байхад духан дээр 2 удаа хазаад, зүүн гарны дотор булчин дээр 1 удаа хазсан, баруун гар хөхөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 03- ны өдрийн 5735 дугаартай:

С.Алтангэрэлийн биед духны 2 төвгөр, доод уруул, баруун мөр, дал, 2 шуунд зулгарал цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 09/

 

Шүүгдэгч Т.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би найз Номиндарь түүний 2 настай охины хамт БЗД-ийн 4-р хороо 36 дугаар байрны 22 тоотод байр түрээслэн амьдардаг юм. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрт байж байгаад гараад АТМ ороод мөнгө аваад дэлгүүр орж архи пиво аваад гэртээ ороод ганцаараа уусан. Тэгээд багын найз эгч Алтангэрэлрүү утсаар залгахад эгч нь одоо очлоо гээд удалгүй манайд ирсэн. Тэгээд бид 2 миний ууж байсан архи, пивонуудыг ууж эхэлсэн. Би Алтангэрэл эгчтэй 2-3 хундага уугаад тэгээд нэг мэдэхэд ганцаараа гэртээ сэрсэн. Би гайхаад сүүлд Алтангэрэл эгчтэй ууж байсан гэж бодоод залгахад Аагий эгч утасаа аваад “арай чдээ, гомдож байна, чи намайг зодсон” гэж байсан. Би энэ тухай юу ч мэдэхгүй байсан. Би Алтангэрэл эгчийг цохисноо юу ч санахгүй байна, миний бие цээж жоохон өвчтэй, зүүн гар хөхөрсөн байсан. Тэгээд би зодоон болсон байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3/

-С.Даваажавын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Т.Хгийн хохирогч С.Алтангэрэлийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Х нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БААСАНБАТ