| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1376 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 1376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт Г Бэд холбогдох эрүүгийн 1806046361538 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулаг суманд төрсөн. 28 настай эрэгтэй, дээд боловсролтой, архелогич мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, тоотод эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистийн дугаар, М овогт Г Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мүүн баранд үйлчлүүлж байсан Г.Угтахбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Угтахбаярын мэдүүлэг /хх-21/, Гэрч Н.Оюунбатын мэдүүлэг /хх-27/, Шинжээчийн дүгнэлт /хх-29/, шүүгдэгч Г.Б ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-41-43/, шүүгдэгч Г.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-37/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мүүн баранд үйлчлүүлж байсан Г.Угтахбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Угтахбаярын өгсөн: "...01 цаг өнгөрч байхад баарны хүн нь ирээд намайг босгосон. наад ширээгээ чөлөөл гэсэн тэгэхээр нь би зүгээр сууж байтал дахин ирээд намайг босгосон наад ширээгээ чөлөөл гэсэн тэгэхээр нь би зүгээр сууж байтал дахин ирээд бос гээд 00 оръё гэсэн. Тэгэхээр нь хамт 00 орсон тэгтэл энэ залуу намайг заамдаад хоолой боосон тэгэхээр нь би чи намайг арай л барахгүй энэ баарны чинь эзэн нь миний найз гэж хэлсэн чинь тэр залуу намайг хавсарч унагаагаад дээрээс гаргаараа нүүр хэрэг рүү 3 удаа цохисон тэгээд ноцолдож байгаад салаад би дээшээ буудал руу гараад ресепшиний утсаар цагдаад зодуулсан талаараа дуудлага өгсөн....Мүүн барны ажилтан гэх залуу намайг ширээнээс бос гээд улмаар бид хоёр маргалдан намайг 00 руу дагуулж ороод хавсарч унагаагаад миний нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохисон." /хх-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Оюунбатын өгсөн: “...Тухайн үед 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нөхөр зодуулчихсан хөхөрч хавдсан байдалтай ирсэн..” /хх-27/ гэх мэдүүлэг,
2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:
1. Н.Ууганбаярын биед хамар ясны баруун хажуу ханын хугарал, баруун нүдний зовхи, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хүзүү, цээж зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун нүдний доод зовхинд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтүүд нь эрүүл мэндийг тү хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-29/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Б ийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 2 дугаар 11-ний өдөр би найз Угтахбаярын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мүүн баар луу 21 цагийн орчим орж суусан.Бид 2 ууж сууж байгаад 00 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна. Угтахбаярыг үлдээгээд тамхи татахаар гарсан. Тамхи татчихаад эргээд ороход Угтахбаяр нэг залуутай зууралдчихсан зогсож байсан. Угтахбаярын нүд хөхөрөөд нүүрэн дээр халцарсан байсан" /хх-41-43/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/,
Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-37/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн
эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Г.Б нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх
дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мүүн баранд үйлчлүүлж байсан Г.Угтахбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзлээ.
Г.Б эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Г.Б эд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Г Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б эд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС