Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 224/ма2022/00014

 

 

 

 

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй, Ю.Бод холбогдох

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2022/00137 дугаар шийдвэртэй,

Б.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ю.Бод холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч Ю.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ”Миний бие Улаангом сумын 1 дүгээр баг, Увс чацаргана ХК-ийн зүүн талд байрлалтай, нэгж талбарын 8516014270 дугаартай, 4989 м.кв талбайтай, эзэмших эрхийн №00161049 дугаартай, жимс, жимсгэнэ, усалгааны тариалангийн зориулалттай газрыг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшилд авсан.

Гэтэл Ю.Б нь нэхэмжлэгч Б.Б миний зөвшрөөлгүй, миний эзэмшлийн газарт гэр бүлээрээ хашаа барьж амьдарч байна. Би удаа дараа газар чөлөөлж өгөхийг шаардсан боловч тоохгүй байгаа тул Улаангом сумын Байгаль орчны улсын байцаагч Буяндалайд өргөдөл гаргаж, улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл гаргуулж, Ю.Бод шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл миний газрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд Ю.Бын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаартай захирамжийн дагуу Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Увс чацаргана ХХК-ийн зүүн талд байрлах газарт 4989 м/кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр авсан.

Гэтэл Б.Бийн эзэмшлийн газарт хариуцагч Ю.Б нь хашаа барьж, амьдарч байгаа тул Б.Б өөрийн эзэмшлийн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах эзэмших боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.Бын зүгээс хашаа барьж амьдарч байгаа газарт өмчлөх буюу эзэмших эрхийн гэрчилгээ байгаа эсэхийг тодруулахаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авсан байдаг. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 82 дугаар албан бичиг Ю.Бын эзэмшил, ашиглалтад ямар нэгэн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй гэж дурдсан байсан.

Хариуцагч Ю.Бын хашаа барьж амьдарч байгаа газар нь түүний хууль ёсны эзэмшил, ашиглалтад байхгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д: хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг. Маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийсэн бөгөөд үзлэг хийх явцад нэхэмжлэгч хариуцагч нарын амьдарч байгаа газар нь 3903 м/кв газраар давхцаж байгаа гэдэг нь тогтоогдсон. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д: “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан байдаг.

Тухайн хуулийн дагуу нэхэмжлэгч Б.Б нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч буюу газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Газрын тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэж байна. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан байдаг. Мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байдаг.

Хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудаар нотлогдон тогтоогддог. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа  “ Б.Б нь маргаан бүхий газарт газрын кадастр хийлгэхгүйгээр хууль бусаар авсан” гэж тайлбарласан. Газар эзэмших эрхийн гэрчилгээнд тухайн маргаан бүхий газрын кадастрын зураг хавсаргагдсан. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй. Иймд дээрх хуулийн заалтуудын дагуу нэхэмжлэгч Б.Бийн газрыг хариуцагч Ю.Боос албадан чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Ю.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Ю.Б нь 2020 оны 5 дугаар сард Газрын харилцаа хот байгуулалтын газарт хандан “энд нэг газар байна, үүнийг ямар нэгэн хүн эзэмшдэг үү гэж асуухад үгүй гэж хэлсэн. Тэгвэл хашаа байшин барьж өмчлөх эрхтэйгээр бууж болох уу гэхэд “Та хашаагаа бариад бууж болно” гэж хэлсэн. Тэгээд би хүүхдүүдтэйгээ хашаа бариад буусан. Энэ газар намайг хашаа барихад ямар нэг зүйл байгаагүй ба би хоосон газар дээр хашаа барьсан болно. Гэтэл сүүлд 7 дугаар сараас эхлээд Б.Б “  чи миний газар дээр буулаа, нүүж зайл” гэх мэтээр хэл амаар доромжилж, утсаар залгаж дарамталдаг байсан. Би газрын албанаас асуухад 2021 оны газрын төлөвлөгөөнд ороогүй тул Б.Бийн газрын гэрчилгээ хүчингүй гэж хэлсэн.

Энэ гэрчилгээг Б.Б нь танил найз, нөхдөөрөө дамжуулан гаргуулж авсан байх гэж би хувьдаа бодож байна. Иймд та нар тодруулах зүйл байвал Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга н.ОтгонБоос асууж тодруулна уу. Би ямарч байсан хоосон газар дээр хашаа барьж буусныг Чандманийн ард түмэн батална. Би хүний өмчийн газрыг дээрэмдэж аваагүй, бүх зүйл хуулийн дагуу л болсон. Б.Бийн маргаж байгаа газар нь 2021 оны газрын кадастрт ороогүй учир Б.Бийг ямар үндэслэлээр газрын гэрчилгээ авч сумын Засаг даргын захирамж гаргуулж авсныг мэдэхгүй байна. Б.Б хууль бусаар газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан гэж үзэж байна. Би захирамж хүчингүй болгох талаар Увс аймгийн Засаг даргад хандсан байсан ба тухайн захирамжийг хүчингүй болгосон гэсэн хариуг надад өгсөн. Гэхдээ гарын үсэг зурдаг хүн нь ажлаар хөдөө явсан байгаа гэсэн юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2022/00137 дугаар шийдвэрээр:

- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн Увс аймгийн Улаангом сумын 1-р багт байрлах, нэгж талбарын 8516014270, гэрчилгээний 000161049 дугаар бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 4989 м.кв газрыг хариуцагч Ю.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Боос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бэд олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч Ю.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна.

...Б.Бийн гэрчилгээтэй гэж маргаад байгаа газар 2021 оны кадастрт ороогүй байхад сумын засаг даргаар захирамж гаргуулан, гэрчилгээ авч буй нь  хууль зүйн үндэслэлгүй. Б.Б хууль бусаар газар эзэмших гэрчилгээ гаргуулан авч, намайг хэл амаар удаа дараа дарамталж, танил Буяндалай гэгч хүнийг гэрт дагуулж ирээд газар чөлөөлөхийг шаардсанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэрэг хянаж байх үед би Аймгийн Засаг даргад Б.Бийн хууль бус газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай өргөдөл гаргасан бөгөөд тухайн захирамжийг хүчингүй болгосон гэх хариу амаар надад өгсөн. Захирамжид гарын үсэг зурдаг хүн ажлаар хөдөө явсан гэсэн. Би хэрэг шийдэх үед эхнэрээ аваад Улаанбаатар хот эмчилгээнд явсан байсан. Тэгээд хэрэг шийдэхийн өмнө Аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан, миний өргөдлийн хариу гарах хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүйд гомдолтой байна.

Эхнэр маань ходоодны хорт хавдрын улмаас биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд, хагалгаанд орсон учир эхнэрээ эмнэлэгт сахин эмчлүүлж байгаад энэ маргаанаас болоод ирсэн. Би шүүх хурал зарлах үед Улаанбаатар хотод байсан учир цахимаар хуралд оролцсон. Тэгээд сүүлд хотоос ирээд Аймгийн Засаг даргад өгсөн өргөдлийн хариу авахад Улаангом сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар Газар эзэмшүүлэх тухай /зөрчил арилгах/ захирамжийн хавсралтаар Б.Бэд эзэмшүүлсэн газар нь тухайн жилийн буюу 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй газарт хууль зөрчин газар эзэмшүүлсэн болох нь нотлогдсон.

Иймд Газрын тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн Аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн  “Захирамж хүчингүй болгох тухай” А/148 дугаар захирамжаар Б.Бэд холбогдох хэсгийг хүчингүй болгосныг  хүлээн авч гомдол гаргасан. Иймээс анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2022/00137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “Хариуцагч тухайн маргаан бүхий газрыг эзэмшиж байгаагаараа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Бын маргаан бүхий газар нь Бын эзэмшил, өмчлөлд байгаа эсэх талаар лавлагааг авсан. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан тоот дээр тухайн газар нь иргэн Бын өмчлөл болон эзэмшилд байгаагүй, өнөөдрийн байдлаар ямар нэгэн бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байхгүй байна гэсэн тодорхойлолт ирсэн байдаг.

Хариуцагч Б нь бусдын өмчлөлийн газартай давхцуулж  газар авч маргаан үүсгэхгүйгээр газар өмчлөх, эзэмших эрх нээлттэй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг хуульд заасан хугацаа, зориулалт, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Мөн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Тэгэхээр хариуцагч нь тухайн маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж аваагүй, нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг нэхэмжлэгчийн зүгээс зөрчсөн үйлдэл гаргаагүй байна. Тухайн маргаан бүхий газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн засаг даргад хандаж хүчингүй болгосон гэж ярьсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч Ю.Б нь аймгийн засаг даргад гомдол гаргасан гэж ямар ч нотлох баримтгүйгээр шүүх хуралдааныг сар гаруй хугацаагаар хойшлуулсан. Хариуцагч Ю.Бод нотлох баримт гаргаж өгөх хангалттай хугацаа олгосон боловч гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй гэдэг зүйл ярьсан. Шүүх хуралдаанд цахимаар оролцсон. Шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд нь мэдэгдсэн.

Хариуцагч Улаанбаатар хотод байгаа учраас би цахимаар оролцоно гэж хүсэлтээ гаргасан, хүсэлтийн дагуу цахимаар шүүх хуралдаанд оролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагчийн хуулиар олгогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрх нь зөрчигдөөгүй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Аймгийн  засаг даргын гаргасан захирамжид гомдол гаргаж захиргааны хэргийн шүүхэд хандаад явж байна. Тухайн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу акт гаргахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд буюу нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулах ёстой байдаг. Сонсох ажиллагаа явуулаагүй.

Хариуцагч шүүхэд тухайн захирамжийг аваад ирсний дараа нэхэмжлэгч Б.Б тухайн захирамж гарсан гэдгийг мэдэж тухайн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй гэсэн заалт байдаг. Хариуцагчийн давж заалдах гомдолд хавсаргаж өгсөн захирамжийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч Ю.Бын давж заалдсан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2022/00137 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ю.Бод холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Ю.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь хууль бусаар газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан гэж  тайлбарлан маргажээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Ю.Б эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ. 

5. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

5.1 Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий Увс аймаг, Улаангом сумын 1 дүгээр баг, Увс чацаргана ХК-ийн зүүн талд байрлалтай, нэгж талбарын 8516014270 дугаартай, 4989 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгч Б.Б нь Улаангом сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар захирамжийг үндэслэн  15 жилийн хугацаагаар жимс, жимсгэний усалгаатай тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа нь газар эзэмших эрхийн 000161049 дугаартай гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, кадастрын зураг зэргээр нотлогдсон байна.

5.2 Нэхэмжлэгч Б.Бийн эзэмшлийн газар дээр хариуцагч Ю.Б нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хашаа барьж эзэмшиж байгаа буюу хууль бусаар эзэмшиж байгаа нь зохигчдын тайлбараар нотлогдсон байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б нь бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байна.

5.4 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт байрлах, нэгж талбарын 8516014270, гэрчилгээний 000161049 дугаар бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 4989 м.кв газрыг хариуцагч Ю.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

6. Хариуцагч Ю.Б давж заалдах шатны шүүхэд: “Улаангом сумын Засаг даргын  2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаартай газар эзэмших тухай захирамжийн хавсралтаар Б.Бэд эзэмшүүлсэн газар нь тухайн жилийн буюу 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй байхад хууль зөрчин газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон юм.

Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн Увс аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн  “ Захирамж хүчингүй болгох тухай “ /148 дугаар захирамжаар Б.Бэд холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргаж,  гомдолд Увс аймгийн Засаг даргын захирамж, хариу хүргүүлсэн албан бичиг зэргийг хавсарган ирүүлсэн байх бөгөөд уг давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.  

6.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “ анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй” гэж заасны дагуу хариуцагч Ю.Бын давж заалдах гомдолдоо хавсарган ирүүлсэн Увс аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай “А/148 дугаар захирамж, хариу хүргүүлэх албан бичиг зэргийг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлэх хуульзүйн үндэслэлгүй болно.

7. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотолж буй  баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  Ю.Бын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

9. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2022/00137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ю.Бын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ю.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН