| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2018/0069/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/85 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн
Улсын яллагч Д.Ариунжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А
Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ариунжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-д холбогдох 180000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М
Шүүгдэгч М-н 2018 оны 02 сарын эхээр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт Б-н эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч М-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Миний өөрийн хээр даага Б гэдэг хүний 2 адуутай хамт явж байгаад 2 жилийн өмнө алдсан юм. Тэгээд алга болоод 2 жил сураггүй байгаад Т гэдэг хүний хонгор азарганд тамга тэмдэггүй хур дэлтэйгээ хээр байдас байхаар нь өөрийн алдсан адууг гэж бодоод хүн гуйж барьж тамгалж тавьсан. Өвөл цагаан сарын өмнө “Завхан гол” гэдэг газраас хонгор азаргатай адуунаас аваад Б-н төрсөн дүү Б гэдэг залууд Ховдын Дарви сумд дөрвөн адууны хамт өгсөн. Би өөрийн байдсаа гэж бодсон. Өөрийн гэм буруугаа хүлээлж байна. Дахин ийм хэрэгт холбогдож байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б-н гэрчээр өгсөн “...миний хээр зүсмийн байдас Т гэх айлын хонгор азаргатай адуунд байсан ба би Т-н адууг хариулж байсан Г гэгчээс 2017 оны 12 дугаар сард миний буруу чих нь урдаасаа ухам имтэй хээр байдас байна уу гэж асуухад байгаа байлгүй гэж хариулсан ... 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр миний төрсөн дүү Б нь надад хэлэхдээ Хөхморьт сумын харъяат Н овогтой М-с 5 тооны адуу худалдаж авлаа та хээр байдсаа хүнд өгсөн юм уу гэж асуухаар би ямар нэгэн хүнд өгөөгүй яасан гээд тодруулахад М-н надад зарсан 5 тооны адуун дотор буруу чих нь урдаасаа ухам имтэй хээр байдас байна таны байдас байх шиг байна гэхээр нь Т-н хонгор азаргатай адуунд хээр байдас байгаа. Би ямар нэгэн хүнд адуу худалдаж зарсан зүйл байхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ5-7/
Хохирогч Б-н хохирогчоор өгсөн “...М нь Б ахтай уулзъя гээд машин дотор ороод ирсэн. Тэгээд тэр үед машин дотор хоёулаа уулзсан юм. Тэгсэн чинь бага зэрэг архи уучихсан таны хээр байдсыг өөрийнхөө 2 жилийн өмнө алдсан хээр даагыг байна гэж бодоод байсан юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ42-44/
Гэрч Б- н “... Дарив сум ороод М-н утас руу залгахад Э гэдэг айлд байна хүрээд ир гэсэн. Очоод уулзахад миний таван адуу байна. Надад мөнгөний хэрэг болоод байна аваач гээд гуйсан. Би өөрөө Ховдод өгөх гээд явж байсан юм гэтэл миний машин эвдэрсэн. Одоо чи ав гэхээр нь очоод үзэхэд харанхуй байхаар нь би нутгийн хүн эхнэр дүүтэйгээ явж байхаар нь өрөвдөөд 2.000.000/ хоёр сая/ төгрөг өгчихөөд буцах замдаа ачна гээд Хөхморьт орж өвсөө буулгаад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Э-н хашаанаас ачаад зогсож байтал миний өөрийн ах Б-н хээр зүсмийн байц мөн шиг санагдсан. Тэр үед би Э гэдэг хүнд миний ахын 1 тооны хээр байдас байх шиг байна гэж хэлээд нөгөө 5 тооны адууг ачаад Ховд руу гарсан. Ирээд ах Б утсаар холбогдоод тодруулахад миний хээр зүсмийн байдас алга болсон гэж хэлсэн. Тэгээд би Ховд аймгийн Цагдаад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг /ХХ3-4/,
Гэрч Э-н “... М нь эхнэр болон нэг танихгүй залуугийн хамт Портер маркын машинтай 5 тоны адууг ачаад манайд ирсэн юм. Тэгээд тэр үед Ховд аймаг руу адуу ачаад зарахаар явж байсан чинь машиных нь тосоол тургиад паар нь халахгүй явж болохгүй байхаар нь Ховд аймаг руу Б-тай утсаар ярьсан. тухайн адуунуудыг ирж авахаар боллоо гэж хэлж байсан. Тэгээд манай гэрт хоноод маргаааш нь байж байтал Б Ховд аймгаас ирээд тухайн адуунуудыг үзээд үнэ мөнгөө тохирч аваад цугтаа Говь-Алтай аймгийн Хөхморьт сум руу явцгаасан. Тэгээд худалдаж авсан морьдоо Б нь Ховд аймаг руу буцах замдаа ирж авна намайг хараад өвс тэжээл өгөөд байж бай гэж хэлээд явсан. Тэгээд 2 хоноод Б нь буцаж ирээд морьдоо аваад Ховд аймаг руу явсан... Тухайн үед адуугаа ачиж байхдаа нэг хээр зүсмийн байдсыг нь хараад чихэндээ манай имтэй байдас байх шиг байна гэж хэлээд явж байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ61-62/,
Насанд хүрээгүй гэрч Ц-н “... Тухайн туусан адуун дотор Х үсгэн тамгатай хээр байдас байсан. Бусад 5 адууг хаанаас авсан талаар мэдэхгүй... Тухайн байдсыг Т гэдэг хүний хонгор азаргатай адуунаас М ах миний байдас гэж хэлээд барьж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ66/
Хөрөнгийн үнэлгээчин Ц-н 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ69/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М нь 2018 оны 02 сарын эхээр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт Б-н эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахдаа тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан түүнд мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Хэдийгээр шүүгдэгч М нь урьд нь буюу 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан боловч тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн хохирогч Б нь хохирлоо авсан, гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэх болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн задгай дугуй дотор “х” үсгэн тамга зэргийг шүүгдэгч М-д буцаан олгож, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М-д мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан М-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ДЛ0000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэх болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн задгай дугуй дотор “х” үсгэн тамга зэргийг шүүгдэгч М-д буцаан олгож, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА