Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 549

 

 

 

 

 

 

 

                      

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

Улсын яллагч С.Солонго, 

Хохирогч, шүүгдэгч Г.Ч, Т.Ннарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ч, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Ннарыг тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806023220421 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

    

     Үйлдсэн хэргийн талаар:

            Г.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Их Орд” худалдааны төвийн харалдаа зам дээр хохирогч Т.Нг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Т.Ннь 2018 оны 03 дугаар 07-ны өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Их Орд” худалдааны төвийн харалдаа зам дээр хохирогч Г.Чыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Г.Ч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Т.Ннь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

            Хохирогч, шүүгдэгч Т.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

            2018 оны 03 сарын 07-ны өдрийн 20 цагийн үед би өөрийн эзэмшлийн 40-62 УБЦ улсын дугаартай Приус маркийн мөнгөлөг саарал өнгийн машинтайгаа БЗД-ийн 14 дүгээр хороо Их ордын автобусны буудлын харалдаа замд явж байхад 32-91 УБЧ улсын дугаартай микро шахаад хажуугаар гарахдаа миний машины баруун талын толыг шүргэчихээд урд гараад түгжрэлд ороод зогсохоор нь би ослын дохиогоо ажиллуулчихаад бууж очоод “чи яагаад байгаа юм бэ, дуут дохио өгөөд байхад хажуугаар чихэж ороод толь шүргээд урд гараад зогсчихлоо” гэж хэлээд би микронийх нь зүүн хойд хэсэгрүү өшиглөхөд жолооч залуу бууж ирээд намайг юугаар цохисныг мэдэхгүй, цохиход нь би машиныг нь налж унасан. Зүүн хацар янгинаад би босоод нөгөө залууг заамдаад авахад тэр дахиад зүүн хацар руу цохиод би бүр манараад би зөрүүлж нүүрэн тус газар нь цохиод бид 2 ноцолдоод замын тусгаарлагч төмөр налаад хамт унахад хоёр залуу ирээд салгасан... би тухайн үед гартаа түлхүүрээ барьж байсан учир тэр гараараа 1-2 удаа цохьсон байх. Зүүн шанаа хавьд нь цус гоожсон байдалтай байсан. Бид хоёрын аль альных нь буруу гэх мэдүүлэг. /XX- ийн 14-16, 39/

 

            Хохирогч, шүүгдэгч Г.Чийн мөрдөн байцаалтанд өгсөн:

            Биеийн байдал зүгээр байгаа. Тархи хөдөлсөн байсан учир 3 өдөр бариулсан. 30.000 төгрөг болсон. Тухайн ахын машины хажуугаар дохио өгөөд орохдоо баруун талын толийг нь шүргээд зурсан. Урд нь ороод зогстол уг машинаас 40 гаран насны ах бууж ирээд миний унаж явсан машины ар хэсэг рүү өшиглөхөөр нь буугаад иртэл тэр ах үгийн зөрүүгүй миний уруул хэсэгт 1 удаа гараараа цохьсон. Зөрүүлээд би нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохьсон. Тэгтэл тэр ах чамайг сонин болгоноо гөлөг минь гээд машинаасаа түлхүүр авчраад зүүн шанаанд цохьсон. Цус гарсан. Тэгэхээр нь би тэр ахтай барилцаад замын тусгаарласан хайсан дээр давхарлдаж унасан. Үүнээс болж замаар явж байсан машиныг сэвтүүлсэн. Надад учирсан гэмтлийг Т.Нгэх хүн учруулсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /ХХ-ийн 21-22, 41/

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 3429 дугаартай:

            Г.Чийн биед зүүн шанаа хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 3421 дугаартай:

            Т.Нн биед зүүн хоншоорын урд, ар хөндийн далд хугарал, зүүн талын хацрын нумны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/

 

-хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-5/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Баянзүрх дүүргийн 16-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30/, Г.Чийн оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-ийн33/, Т.Н, Г.Ч нарын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-45/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Чийг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Г.Ч, Т.Н нар нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 20:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Их Орд” худалдааны төвийн харалдаа зам дээр үл ялих зүйлээс болж маргалдан, харилцан зодолдож Г.Ч нь Т.Нн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулж, Т.Ннь Г.Чийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Г.Чийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан торгох ялыг ялгамжтай оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын олон нийтийг болон бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашигийг тэргүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байна.

 

Хохирогч Т.Ннь өөрийн биед үүссэн хүндэвтэр зэргийн гэмтлийг эмчилж нийт 170.980 төгрөгийн мөнгөн хохирол учирсан тул буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэж нотлох баримтаар нэхэмжилсэн байх тул хангаж шийдвэрлэн шүүгдэгч Г.Чаас гаргуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Ннь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь :

 

   1. Шүүгдэгч Г.Чийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг,

Шүүгдэгч Т.Нд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чаас 170.980 төгрөг гаргуулж хохирогч Т.Нд олгосугай.

 

6. Шүүгдэгч Г.Ч, Т.Ннар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, Т.Ннь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч, Т.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ