Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/266

 

2026            03            06                                                                       2026/ДШМ/266

 

Г.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор П.Болормаа,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2894 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2411028850218 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Б- овгийн Г-ын Г- /РД: УГ-/, ........., урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Г.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Я-г 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудал орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байран дээр нь очиж дарамталж, газраас чулуу барьж айлган сүрдүүлж хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, үсдэж байгаад баруун гарын орчимд нь 2 удаа цохиж зодсон,

2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын Я- тоотод согтуугаар биед нь халдан зодсон,

2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын Я- тоотод согтуугаар нүдэн тус газар нь цохих байдлаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын Я- тоотод байх гэртээ “өөр рүү нь салаавч гаргалаа” гэх шалтгаанаар “п..., г.... минь ална шүү” гэх мэт хорио цээртэй үгээр хэл амаар доромжилж, толгойн үснээс нь зулгааж, ор руу дарж унагааж зодсон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Г-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Г.Г- давж заалдах гомдолдоо: “...Г.Г- миний бие эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний бие хувиараа барилгын ажил эрхлэж гэр бүлээ авч явдаг байсан. Намайг хоригдпох хугацаанд ар гэрт хөдөлмөр эрхлэх хүн үгүй, хоёр хүүхэд болон эхнэрийн амьдралын байдал хүнд байна. Хоригдох хугацаанд ар гэрийн байдал хүнд байгаа тул Эрдэнэт хотод түр оршин суухаар болсон. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор П.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон. Түүний үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Г.Г-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруу дээрээ маргадаггүй, мөн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгчтэй оролцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчтэй ижил байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 сарын хугацаагаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал шүүхэд гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г-д дээрх зүйл ангиудад зааснаар ял оногдуулж, мөн нэмж нэгтгэн 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж аваад, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага үндэслэл бүхий болсон гэж үзэж эсэргүүцэл бичээгүй. Учир нь, шүүх ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ заавал прокурорын саналын хүрээнд бус, бие дааж шийдвэр гаргах эрхтэй. Иймд шүүгдэгч Г.Г-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндэтсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн 2411028850218 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч Г.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Я-г 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудал орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байран дээр нь очиж дарамталж, газраас чулуу барьж айлган сүрдүүлж хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, үсдэж байгаад баруун гарын орчимд нь 2 удаа цохиж зодсон, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын Я- тоотод согтуугаар биед нь халдан зодсон, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын Я- тоотод согтуугаар нүдэн тус газар нь цохих байдлаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын Я- тоотод байх гэртээ “өөр рүү нь салаавч гаргалаа” гэх шалтгаанаар “п..., г... минь ална шүү” гэх мэт хорио цээртэй үгээр хэл амаар доромжилж, толгойн үснээс нь зулгааж, ор руу дарж унагааж зодсон үйлдлүүдийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Я-гийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний орой гэрийн ойролцоох дэлгүүрээс 0,75 литр, 0,5 литрийн хэмжээтэй архи аваад хувааж ууж байхдаа би хамтран амьдрагчийнхаа хуучны харьцаж байсан эмэгтэй хүнтэй нь хардаад хэрүүл маргаан үүсгэж, би Г-ын толгойн ард дагз хэсэг рүү нь аягаар цохисон. Тэгтэл Г- нь миний баруун нүд хэсэг рүү алгадсан ба миний нүд хавдаад их өвдсөн. Г-ыг орондоо ороод унтчихаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Бид хоёр 2 жил хамт амьдарч байгаа бөгөөд дундаасаа хүүхэдгүй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Өмнө нь намайг 2-3 удаа зодож байсан бөгөөд Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчилгаанд явж байсан. Мөн 100.000 төгрөгөөр хоёр удаа торгуулийн арга хэмжээ авахуулж байсан. Тухайн гэмтлүүдийг хамтран амьдрагч Г- миний зүүн нүд хэсэгт алгадаж учруулсан. ...” /хх-ийн 16-21/,

гэрч Х.Т-ийн “...Г- манай хороонд 2003 оноос эхэлж амьдарч эхэлсэн. Мөн Б.Я-, Г.Г- нар нь 2022 оноос тус хаягт хамтран амьдарч байгаа бөгөөд энэ хоёр байнга архи уудаг, архины хамааралтай хүмүүс юм. Миний мэдэхээр 2-3 удаа Г- Я-г зодсон асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж баривчлах шийтгэл авсан. Өмнө нь 2024 оны 9 сар гэж санаж байна, Я- нь зодуулаад нүд нь хөхөрч хавдсан, согтуу гудамжинд таарч байсан...” /хх-ийн 31/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 14418 дугаартай шинжээчийн “...Б.Я-гийн биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхи, оочинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Б.Я-гийн биед учирсан баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт, оочны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2024/3Ш/1665 дугаартай шийтгэвэр /хх-ийн 65-67/,

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэлийн хуудас /хх-ийн 69/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/11320 дугаартай шийтгэвэр /хх-ийн 70-72/,

Г.Г-ын яллагдагчаар өгсөн “...бид хоёр явган хэрүүл хийгээд шалтгаангүй маргалдсан. Тэгээд би гэрээсээ гарч явах гэхэд Я- араас 250 граммын жижиг шаазан аяга шидэж хагалахаар нь би уурандаа эргэж хараад гарын алганы ар буюу нударга хэсгээр нэг удаа хүчтэй алгадаад явсан чинь хөмсөгнийх нь дээд хэсэгт хагараад цус гарсан. Тэгээд би эхнэрийнхээ нүүрний цусыг угаалгаад аргадаад унтсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

2. Шүүгдэгч Г.Г-ын гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Я-г 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус хувийн таарамжгүй харицаагаар шалтаглан хорио цээртэй үгээр хэл амаар доромжилж, биед нь халдаж зодсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон...” гэсэн шинжийг, мөн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын Я- тоотод согтуугаар нүдэн тус газар нь цохих байдлаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнд гэмтэл учруулж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжийг тус тус бүрэн агуулсан байна.   

3. Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 240 цагийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас хорих ялыг сонгон 6 сарын хугацаагаар тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээ, шинж чанар, учруулах хор уршгаас урьдчилан сэргийлэх Эрүүгийн хуулийн зорилгод тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн байна.  

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ын гаргасан “оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

3. Шүүгдэгч Г.Г-ын шийтгэх тогтоол гарсан 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2026 оны 03 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2894 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА

     ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                            ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ