Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 224/ма2022/00016

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2022/00221 дүгээр шийдвэртэй,

 Б.Цийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож, харуулын ажилд эгүүлэн тогтоох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие Б.Ц нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай тушаалын дагуу тус Эрүүл мэндийн газрын харуулаар ажилд орсон. Монгол улсын Засгийн газрын 24 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтын дагуу ТҮ-1-1-р шатлалаар 451.569 төгрөгөөр цалинжихаар болсон. Миний бие ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно.

Гэтэл Эрүүл мэндийн газрын дарга Ц.А намайг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлээд ажлаас чөлөөлсөн гэж ажилуулаагүй бөгөөд миний бие шүүхэд хандаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаартай шийдвэрээр ажилдаа эргэж орсон. Ажилдаа ороод 4 сар орчим болж байтал дахин байгууллагын бүтэц хийсэн гэж Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын бүтэц 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар хийгдсэн байдаг бөгөөд тус бүтцийн дагуу 4 харуулын орон тоотой байсан. Гэтэл намайг ажлаас чөлөөлөхийн тулд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг дарга дахин бүтэц хийж, харуулын орон тоог байхгүй болгож, уг бүтцийг үндэслэн Эрүүл мэндийн газрын дарга намайг ажлаас чөлөөлсөн.

Миний бие тус ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад мэдэгдэл өгсөн, гэхдээ тухайн мэдэгдэл одоо надад байхгүй тул хавтаст хэрэгт нотлох баримтаар өгөөгүй. Мэдэгдэлд хэзээнээс ажлаас чөлөөлөх талаар бичсэнийг мэдэхгүй байна. Санхүү, мөнгөний хүрэлцээгүй байгаагаас цомхотгол хийх болсон тул жолооч нарын тоог ч цөөлнө гэж байсан. Одоо харуулаар ажиллаж байгаа хүмүүс бидний өмнө нь ажиллаж, авч байснаас цалин авч байгаа юм байна лээ, хэмнэсэн зүйл байхгүй байна гэж ойлгож байна.

Иймд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Ц намайг урьд эрхэлж байсан Увс аймгийн Эрүүл мэндийн газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүл мэндийн газарт байгаа тушаал нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн огноотой, гэтэл Б.Цид гардуулсан тушаалын дугаар нь адилхан боловч сар, өдөр нь өөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 15 гэж байгаа, хоорондоо 6 хоногийн зайтай байна, энэ боломжтой юу, би энэ тушаалыг нөхөж гаргасан гэж хардаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар бүтэц, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, нэг сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээтэй тэтгэмжийг Б.Цид олгосон. Хамт ажиллаж байгаад халагдсан 3 харуулд тэтгэмж олгоогүй. Энэ нь Б.Цоос бусад 3 харуулыг халах зорилгогүй байсан гэдгийг харуулж байна.

Аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/45 дугаар захирамж болон Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар харуулын 4 орон тоо хасагдсан юм бол яагаад Цтой хамт ажиллаж байсан 3 харуул одоо хүртэл хэвийн ажиллаж байгаа юм бэ. Эдгээр 3 харуулаас мэдүүлэг авахад, харуулаар тасралтгүй ажиллаж, ээлжинд гарч байгаа талаар, цалингаа Б даргаас бэлнээр авч байгаа гэж мэдүүлдэг. Эдгээр гэрчийн мэдүүлгүүд хэрэгт ач холбогдолтой гэж харж байна. Орон тоо хасагдсан гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ Бошигтын хишиг” харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулж ажиллаж байгаа, 3 харуулыг уг харуул хамгаалалтын алба руу шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайн хүмүүс гэрчээр мэдүүлэг өгөхдөө “тухайн хамгаалалтын албанд ажиллаагүй” талаар мэдүүлсэн. Мөн тэдгээр хүмүүс “Бошигтын хишиг” хамгаалалтын албанаас цалин авдаг тухай мэдүүлээгүй байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т : Энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар орон тоо хасагдсан боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасан.

Иймд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, Б.Цийг Эрүүл мэндийн газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах.

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл:

 4.1. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Увс аймгийн эрүүл мэндийн газрын харуулаар ажиллаж байсан бөгөөд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/45 дугаар захирамж гарч, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын харуулын 4 орон тоо хасагдсан.

Дээд шатны байгууллагын шийдвэр буюу Засаг даргын захирамж гарсантай холбоотойгоор Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/28 тоот тушаал гарч Эрүүл мэндийн газрын харуулаар ажиллаж байсан Б.Цийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан, 1 сарын өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн нь үнэн. Тухайн мэдэгдлийг 1 хувь үйлдээд Б.Цид өгсөн. Эрүүл мэндийн яамны сайдын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/37 дугаар тушаалаар харуулын орон тоо хасагдсан байсан, энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг шат шатны байгууллага болон Аудитын газраас шаардсан учраас уг сайдын тушаал болон Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу төсөв мөнгөндөө тааруулаад 4 харуулын орон тоог цомхотгосон. Орон тоог хассан мөртлөө яагаад харуул ажиллуулж байна вэ гэхээр манай байгууллагын ажилтнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд тул эм тариа ирэх үед буулгах, зөөх гэх мэт ажил ихээр гардаг тул харуул ажиллуулах шаардлага гарсан. Харуул хамгаалалтын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхдээ ажлаа мэддэг гэдэг утгаар нь өмнө нь харуулаар ажиллаж байсан хүмүүсээ авч ажиллуулах нь дээр гэж бодоод харуулын албатай гэрээ байгуулсан.  Мэдэгдэл өгөхдөө би энэ талаар хэлэхэд энэ 4 хүнээс нь 3 зөвшөөрсөн, нэг нь ямар ч хариу хэлээгүй. Тэтгэмжийн хувьд тохиролцсоны үндсэн дээр өгсөн. Бэлэн мөнгөөр цалин өгөх ямар ч боломжгүй. Төрийн сангаас тухайн компанийн дансанд ордог, тухайн компани нь ямар байдлаар зарцуулж байгааг мэдэхгүй. Иймд Б.Цид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүл мэндийн газрын дарга нь дээд шатны байгууллагаас орон тооны цомхотгол хийсэн шийдвэрийн дагуу тухайн хүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу бүтэц орон тоонд өөрчлөлт орсны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Энэ тухайгаа хуулийн дагуу нэг сарын өмнө мэдэгдэх хуудас өгсөн. Тухайн үед цар тахлын үе тохиосон ба Эрүүл мэндийн газар нь өндөржүүлсэн бэлэн байдалд байсан учраас зайлшгүй харуул хамгаалалтын шаардлага гарсан. Харуул, хамгаалалтын албатай гэрээ байгуулж ажиллах нь төсөв санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байсан, мэдэгдэх хуудас өгөхдөө харуулуудад ийм боломж байгаа тухайгаа хэлсэн. Б.Ц миний ажлын байрыг хууль бусаар цомхотгосон гэж нэхэмжлэл гаргасан.

Ажиллаж байсан учраас хөдөлмөрлөх эрхийг нь хангахын тулд өмнө нь ажиллаж байсан харуулуудыг ажлаа мэддэг гэдэг утгаар санал тавьсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн төлөөлөгчийг заналхийлж Цагдаагийн байгууллагаар шалгуулна шүү гэж байгаа нь зохисгүй байна. Өмгөөлөгч эрх ашгийг нь хамгаалж байгаа хүнийхээ өмнөөс бүх байгууллагад хандах эрхтэй байдаг. Нотлох баримтын хувьд шүүх хуралдаанд гаргаж өгсөн дэвтэрт шүүхээс үзлэг хийж тэмдэглэл үйлдээд баталгаажуулаад авчихсан. Эрүүл мэндийн яамны сайдын тушаал болон тухайн шатны Засаг даргын захирамж гарсны  дагуу Эрүүл мэндийн газрын дарга тушаал гаргасан. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасныг зөрчөөгүй, Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 дугаартай тушаал үндэслэлтэй тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2022/00221 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Цийг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:” Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2022/00221 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тус Эрүүл мэндийн газрын харуулын орон тоо хасагдсан тул 4 харуулд 1 сар буюу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгч ажлаас чөлөөлсөн, ингэхдээ мэдэгдэх хуудас гардуулж өгсөн гарын үсэг зуруулсан, уг баримтыг хэрэгт хавсаргасан. Мөн Б.Ц нь мэдэгдлийг гардаж авсан гэдгээ шүүх хуралдаан дээр өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд гардуулсан хугацаанаас хойш 1 сар буюу 30 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн тушаал гарсан нь хэрэгт авагдаж тогтоогдсон байдаг. Уг асуудлаар харуулаар ажиллаж байсан Б.Ц нь нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ асуудлыг иргэний хэргийн анхан шатны шүүх шийдэхдээ хэт нэг талыг баримталж ажилтанд өгсөн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэх хуудсыг хэрэгт хавсаргаагүй тул ямар асуудал дурьдсан мэдэгдэх хуудас байсныг нотлох боломжгүй тул гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Мэдэгдэх хуудсыг гардуулж өгөөд гарын үсэг зуруулсан баримтыг хэргийн материалд хавсаргаж өгсөн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “мэдэгдэх хуудсыг тухайн ажилтанд өгсөн боловч хэрэгт хавсаргаагүй байна, нотлох баримт дутуу” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал тухайн мэдэгдэх хуудсыг хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн он сар өдөр, гарын үсэг зурсан  баримт нь байгаа. Б.Цийг ажлаас чөлөөлсөн тушаал хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх нь мэдэгдэх хуудас гэдэг баримтыг хэрэгт хавсаргаагүй байна гэдэг үндэслэлээр тайлбарлаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна”  гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Тус газрын бүтэц орон тоонд өөрчлөлт орсноос шалтгаалж, харуулын 4 ажилтныг ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн процесс ажиллагааны үед болон шүүх хуралдаан дээр мэдэгдэх хуудасны талаар огт дурдаж яриаагүй байдаг.

Шүүхээс гарсан шийдвэрийг дэмжиж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 1999 оны хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тохиолдолд мөн хуулийн 40.5-д зааснаар мэдэгдэх хуудсыг өгөхөөр заасан байдаг. Энэ заалтыг шүүх өөрийн санаачилгаараа буруу тайлбарласан гэж үзэж байна. Эрүүл мэндийн газраас харуул хамгаалалтын 4 ажилтанд мэдэгдэх хуудас өгсөн. Тухайн мэдэгдэх хуудсыг Б.Ц өөрөө гардаж авсан, харин мэдэгдлээ шүүхэд гаргаж өгөөгүй гэдгээ шүүх хурал дээр хэлдэг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх талаар харуулын 4 ажилтанд тайлбарлаж хэлээд тушаалаа гаргаад өгчихсөн. Нэхэмжлэгч мэдэгдэх хуудас авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Өмгөөлөгч нь энэ талаар юу ч яриагүй байдаг.

Эрүүл мэндийн газраас мэдэгдэх хуудас өгсөн нь яаж тогтоогдож байна гэхээр тухайн  Цтой хамт ажлаас халагдсан 3 харуул мөн нэг өдөр мэдэгдэл  баримт авсан байгаа. Шүүх хурлын үед нотлох баримтыг шинжлэн судлуулахдаа эрүүл мэндийн газраас мэдэгдэл өгсөн бүртгэлийн хуудсыг уншиж танилцуулсан.

 Мэдэгдэх хуудсыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надад өгсөн гэдгийг нэхэмжлэгч өөрөө шүүхийн хэлэлцүүлгийн үед хэлдэг, мөн тухайн мэдэгдэл одоо байхгүй учраас хавтаст хэрэгт  гаргаж өгөөгүй гэж хэлсэн.

Анхан шатны шүүх “ хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс ямар үндэслэлээр чөлөөлөх нь тодорхойгүй тул нэхэмжлэгчид 1 сарын өмнө мэдэгдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Улсын дээд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 2006 оны 07 дугаар 03-ны өдрийн 33 дугаартай тайлбар байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан сарын өмнө мэдэгдэх, 45 хоногийн өмнө мэдэгдэх, мөн хуулийн 41.2-т заасан ажилтан 2 сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх тухай заалтуудыг хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухай  ажил олгогч ажилтанд бичгийн хэлбэрээр гаргаж гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн заалт байдаг. Аливаа албан газрын тухайн дотоод ажлын хүрээнд гарсан шийдвэрийг мэдэгдэж байгаа нь шийдвэр биш, зүгээр тухайн ажилтанд мэдэгдсэн гэдэг л баримт байгаа. Үүнийг заавал нотариатаар баталгаажуулж өгөх албагүй. Мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгсөн бүртгэлийн хуудсыг заавал баталгаажуулж өгөх ёстой, энэ нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна, энэ баримт дээр тамга тэмдэг дарах шаардлагагүй.

Б.Цийг ажлаас чөлөөлсөн 2 тушаал байна гэж ярьсан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр, мөн оны 11 дүгээр сарын 09-ны өдөр гэсэн ийм хоёр тушаал байгаа. Энэ нь нэг дугаартай боловч огноо нь зөрүүтэй байна гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байсан. Хэрэгт байгаа, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэсэн тушаалыг тухайн байгууллагын компьютерт шүүх үзлэг хийхдээ сканердаж гаргаж авсан тушаал юм, үүнийг хэрэгт хавсаргасан байдаг. Харин 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай тушаал нь хууль ёсны байдаг. Тухайн байгууллагын бүтэц, орон тоо хууль, журмын дагуу хийгдсэн. Бүтэц орон тооны өөрчлөлт гараагүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Яагаад гэвэл Эрүүл мэндийн яамнаас бүтэц орон тоог баталж өгсөн. Үүний дагуу аймгийн засаг дарга Эрүүл мэндийн газрын бүтцэд өөрчлөлт хийж, захирамж гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Эрүүл газрын харуулын 4 ажилтныг татан буулгасан. Чөлөөлөхийн өмнө 1 сарын өмнө мэдэгдэх хуудас өгсөн. 2021 оны 10 сарын 5-ны өдөр мэдэгдэх хуудас авсан гэж Б.Ц ярьсан. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч мушгин гуйвуулж камер сайжруулахтай холбоотой мэдэгдэх хуудас байсан гэж хэлсэн. Эдгээр хүмүүст камерын талаар мэдэгдэх ямар ч шаардлага байхгүй. Мэдэгдэх хуудсыг 2 хувь үйлдэж, нэгийг нь хадгална гэсэн хуулийн заалт байхгүй. Харин мэдэгдэх үүргийн дагуу мэдэгдээд гарын үсэг зуруулсан баримт нь хэргийн материалд байгаа. Ийм илэрхий баримт байсаар байтал хэзээ өгсөн нь тодорхойгүй байна гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ажлаас чөлөөлөх талаар мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй талаар  нэг ч зүйл яриагүй байхад шүүх санаачлан ийм байдлаар шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дүгээр сарын 12-ны өдрийн 221 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

9. Нэхэмжлэгч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэдэгдэл өгсөн. Гэхдээ тэр мэдэгдэл дээр ажлаас чөлөөлнө гэсэн агуулгатай зүйл байгаагүй. Харуул хамгаалалтын ажлыг сайжруулна гэсэн  утгатай зүйл байсан болохоос хэдэн сарын хэдэнд ажлаас чөлөөлөх тухай дурдсан зүйл байгаагүй” гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа: “ Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө 30 хоногийн хугацаанд буюу хуулийн хугацаанд мэдэгдээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй. 1999 оны Хөдөлмөрийн хуулиар энэ харилцаа зохицуулагдана, яагаад гэвэл 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний үйлчлүүлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдсэн гэдгээ нотлох үүргээ ажил олгогч тал хүлээнэ.

Нэхэмжлэгч нь надад мэдэгдэх хуудас гэсэн агуулгатай мэдэгдэх хуудас өгсөн, тухайн мэдэгдэх хуудсанд ажлаас чөлөөлнө гэсэн агуулга байгаагүй. Эрүүл мэндийн газар нь харуул хамгаалалтын ажлаа сайжруулж, бүрэн камержуулалтай болж байгаа учраас үйл ажиллагаагаа сайжруулж ажиллана уу гэсэн чиглэл өгсөн утгатай мэдэгдэл байсан” гэж хэлсэн. Энэ мэдэгдэх хуудас өгсөн асуудлыг ажлаас чөлөөлөх агуулгатай мэдэгдэл өгсөн гэж тайлбарлах боломжгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн  судлуулаад байгаа баримт бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44 дүгээр зүйлд заасны дагуу бичмэл нотлох баримтад ямар шаардлага тавигддаг вэ гэхээр тухайн баримт нь эх хувиараа, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Тухайн мэдэгдэх хуудас гардуулсан гээд байгаа баримт маань хуулбар хувь мөртлөө нотариатын тамгагүй, байгууллагын хуулбар үнэн тамга байхгүй байсан. Ийм учраас тухайн баримтыг хэрэгт ач холбогдол бүхий баримт байна гэж  нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Шинээр бүтэц, орон тоо баталсан жагсаалтаас харахад харуул хамгаалалтын ажилтны 4 орон тоо хасагдсан байх боловч бодит байдал дээр харуул хамгаалалтын ажилтнуудыг ажиллуулж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Б.Цтой хамт харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байсан 3 хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа гэрчээр асуусан байдаг. Тэдгээр хүмүүс сүүлд өгсөн мэдүүлэгтээ “бид нар эрүүл мэндийн газар дээрээ ажиллаж байгаа, тасралтгүй ээлжид гарч байгаа, цалингаа Б даргаас бэлнээр авч байгаа” гэж мэдүүлсэн. Бүтэц орон тоогоо шинээр батлаад энэ байгууллагаас харуул хамгаалалтын ажилчид нь хасагдсан байна гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгөхдөө “ Бошигтын хишиг” харуул хамгаалалтын албаны дарга  Өлзий-орших гэдэг хүний дээрх 3 гэрчийг ажилд томилсон тушаал гаргаж өгсөн. Ажиллаж байгаа хүн нь мэдээгүй байхад энэ хүмүүсийн нэр дээр тушаал гарчихсан байдаг. Тухайн ажилтнууд нь мэдээгүй байхад тушаал шийдвэр гарчихсан байгааг    ойлгохгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн газар дээр очиж үзлэг хийсэн. Тухайн байгууллагын харуул хамгаалалтын ажилчид өдөр бүр ээлжийн ажлаа хүлээлцүүлэхдээ бүртгэлийн дэвтрийг хөтөлдөг байгаа, уг бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар хавсаргаж авсан. Тухайн бүртгэлийн дэвтрийг шүүхээс нотлох баримтаар авах гэсэн боловч алга болчихсон гээд 2 сарын дараа гаргаж өгсөн. Гэхдээ уг бүртгэлийн дэвтэр нь урагдаж, ашиглах чанараа алдсан дэвтэр авчирж өгсөн. Ямар зорилгоор ингээд байгаа нь тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасан байгаа. Нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан ажилтнууд 11 дүгээр сарын 15-ны өдөр халагдсан боловч үргэлжлүүлээд 12 сараас тасралтгүй харуул хамгаалалтын ажлаа хийж цалингаа авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа, орон тоо хасагдсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Б.Цийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гардуулж өгсөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 4 харуулыг ажлаас халсан тушаал гаргаж өгсөн. Тухайн тушаалыг харахад он сар өдөр нь зөрүүтэй байсан. Миний үйлчлүүлэгчид өгсөн тушаалаас 6 хоногийн өмнө гарсан тушаал байсан. Эдгээр зөрүүтэй, алдаатай бичиг баримтаас үзэхэд орон тоо хасагдсан гэдэг нь үндэслэлгүй байгаа.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2022/00221 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Ц Увс аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгож, харуулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ “ Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/45 дугаартай “Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоо батлах тухай”  захирамжаар тус газрын харуулын 4 орон тоог хассан тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан байна.  

4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 тоот “ Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Цийг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.

5.  Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдаж, 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үүссэн байх тул уг хуулийг баримтлан маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлтэй байна.     

6. Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

6.1. Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.А 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар тус газрын харуулаар ажиллаж байсан Б.Цийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/45 дугаар захирамжийг тус тус баримтлан харуулын орон тоо хасагдсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө  тухайн үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль / 1999 оны /-ийг зөрчөөгүй байна.

6.2. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт бөгөөд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зохицуулсан байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “...орон тоо хасагдсан....” гэдэгт тухайн  байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/45 дугаартай “Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоо батлах тухай”  захирамжаар тус газарт харуулын ажлын байр, орон тоо  батлаагүй  байх тул харуулын орон тоо хасагдсан гэж үзнэ.

6.3. Аливаа байгууллага, аж ахуйн нэгж нь зорилгодоо нийцүүлэн, төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо өөрчлөн тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилгаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр цуцлах эрхтэй бөгөөд  хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газар нь  дээд шатны байгууллага буюу Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/45 дугаар захирамжид нийцүүлэн тус газрын харуулаар ажиллаж байсан Б.Цийг орон тоо хасагдсан үндэслэлээр харуулын ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй  байх ба ийнхүү чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэл гардуулсан нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбараар нотлогдсон гэж дүгнэлээ.

6.4. Анхан шатны шүүх шийдвэртээ :  нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдэл өгсөн нь үнэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт тухайн мэдэгдэл авагдаагүй, хариуцагчийн төлөөлөгч шүүхэд “ Б.Цид 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэл гардуулсан, мэдэгдлийг нэг хувь үйлдээд Б.Цид өгсөн” гэх, нэхэмжлэгч Б.Ц “ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надад мэдэгдэл өгсөн нь үнэн . Тухайн мэдэгдэл одоо надад байхгүй тул нотлох баримтаар гаргаж өгөөгүй” гэх тайлбар гаргасан ба мэдэгдэл өгсөн боловч тухайн мэдэгдэлд Б.Цийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс, ямар үндэслэлээр чөлөөлөх талаар бичигдсэн нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ц 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд:“ Манай Захиргаа, удирдлагын хэлтсээс “Санхүү, мөнгөний хүрэлцээгүйгээс цомхотгол хийх болсон тул орон тоо цомхотгож байна, цалингийн төсөв хүрэлцэхгүй байна” гэж бидэнд мэдэгдсэн” гэх тайлбар гаргасан, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн: “ Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэх хуудсыг танд өгсөн үү” гэх асуултад нэхэмжлэгч  Б.Ц : “ авсан ” гэж,  шүүх хуралдаан даргалагчийн: “ Та 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг Эрүүл мэндийн газраас гардаж авсан уу” гэх асуултад нэхэмжлэгч Б.Ц :  “тийм” гэж, мөн шүүх хуралдаан даргалагчийн : “Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх гэж байна гэж мэдэгдэл гардуулсан байна. Мэдэгдэл дээр таныг хэзээнээс чөлөөлнө гэсэн бэ” гэх асуултад нэхэмжлэгч Б.Ц : “ 10дугаар сарын 5-ны өдөр мэдэгдэл гардуулсан. Хэзээнээс чөлөөлнө гэсэн огноог нь мэдэхгүй байна” гэж,

шүүх хуралдаан даргалагчийн : “ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулъя, мэдэгдэх хуудас хүлээж авсан гэх баримт хэрэгт байгаа боловч мэдэгдэл нь хэрэгт байхгүй байна. Яг хэзээнээс эхэлж харуулуудын хөдөлмөрийн харилцааг дуусгах байсан бэ” гэх асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б : “ 10 сарын 5-ны өдөр 4 харуулыг өрөөндөө дуудаад бүгдэд нь мэдэгдэж, нөхцөл байдлыг тайлбарлаад 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж чөлөөлөхийг танилцуулсан. Тус бүр нэг хувь мэдэгдэл үйлдэж өгсөн, байгууллагад хадгалагдах хувь байхгүй, мэдэгдэл гардуулсан баримт нь хэрэгт байгаа” гэж тус тус хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.  

Зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг Б.Цид 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардуулж өгсөн” талаархи дээрх тайлбарыг үгүйсгэсэн өөр бусад нотлох хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбар нь хэргийн нотлох баримтад тооцогдох бөгөөд нэхэмжлэгч Б.Ц нь харуулын ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны гардан авсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул ажил олгогч орон тоо хасагдсан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэхэмжлэгч Б.Цид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Цийг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын харуулын албан тушаалаас орон тоо хасагдсан үндэслэлээр чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай / 1999 оны / хуульд нийцсэн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн “Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгож, харуулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

7. Хэрэгт, нэхэмжлэгч Б.Цийг орон тоо хасагдсан үндэслэлээр харуулын ажлаас чөлөөлсөн тухай агуулгатай, Б/28 гэсэн нэг дугаартай,   2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэсэн 2 өөр огноотой тушаал тус тус хэрэгт авагдсан байх боловч ажил олгогчоос ажилтанд гардуулсан гэх 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар нэхэмжлэгч шүүхэд хандсан байх тул уг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэсэн болно.

  8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянгын давж заалдах шатны шүүхэд гаргасан : “ Шинээр бүтэц, орон тоо баталсан жагсаалтаас харахад харуул хамгаалалтын ажилтны 4 орон тоо хасагдсан байх боловч бодит байдал дээр харуул хамгаалалтын ажилтнуудыг ажиллуулж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасан байгаа. Нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан ажилтнууд  11 дүгээр сарын 15-ны өдөр  харуулын ажлаас халагдсан боловч үргэлжлүүлээд 12 сараас тасралтгүй харуул хамгаалалтын ажлаа хийж цалингаа авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа, орон тоо хасагдсан гэдэг нь тогтоогдохгүй байна” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, харуулын албан тушаалаас орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Б.Цтой хамт ажлаас чөлөөлөгдсөн гэх 3 ажилтныг Увс аймгийн Эрүүл мэндийн газарт хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үндсэн ажилтнаар буюу харуулаар томилон ажиллуулж байгаа гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч талаас : “ Эрүүл мэндийн газар нь “Бошигтын хишиг” харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулан харуулын үүргийг гүйцэтгүүлж байгаа. Харуул хамгаалалтын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхдээ ажлаа мэддэг гэдэг утгаар нь өмнө нь харуулаар ажиллаж байсан хүмүүсээ авч ажиллуулах нь дээр гэж бодоод харуулын албатай гэрээ байгуулсан.  Мэдэгдэл өгөхдөө би энэ талаар хэлэхэд энэ 4 хүнээс нь 3 зөвшөөрсөн, нэг нь ямар ч хариу хэлээгүй.  Харуулуудын цалинг төрийн  сангаар дамжуулж хийсэн гүйлгээний баримтыг шүүхэд гаргаж өгсөн” гэж тайлбарласан байх ба хавтаст хэргийн 144 дүгээр талд Эрүүл мэндийн газрын 100150020001 тоот  данснаас “Бошигтын хишиг” ХХК / регистрийн дугаар 4012569/-ийн 5004223892 тоот данс уруу 3,000,000 /гурван сая/ төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр гэх утгаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн тухай  №204 дугаартай, төрийн сан мэргэжилтэн 296 гэсэн дугаар бүхий тэмдэг дарсан төлбөрийн хүсэлт баримт авагдсан байна.

Мөн түүнчлэн, хэрэгт гэрч Р.Өийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “ Эрүүл мэндийн газрын харуулын ажлаас 2021 оны 11 дүгээр сард чөлөөлөгдөөд  Бошигтын хишиг харуул хамгаалалтын албанд харуулаар ажиллаж байгаа. Бошигтын хишиг харуул хамгаалалтын алба нь Увс аймгийн Эрүүл мэндийн газартай гэрээтэй ажилладаг тул манай албанаас 3 ээлжээр харуулаар гардаг, би 7 хоногт  1-2 удаа тус Эрүүл мэндийн газарт харуулаар ээлжинд гардаг. Би Бошигтын хишиг харуулын албанаас цалин авдаг, харуулын албанаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй, би хувь хүнээр төлж байгаа. Надтай хамт Э.Н, Г.Б нар тус хамгаалалтын албанд ажиллаж байгаа” гэх мэдүүлэг/хх-ийн 72-74 тал/,

- мөн түүний 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дахин өгсөн : “Би дээрх өдрүүдэд Увс аймгийн Эрүүл мэндийн газарт харуулаар ээлжинд гарсан,  надтай хамт Ө.Н, Г.Б нар харуулаар ээлжинд гардаг. Эрүүл мэндийн газрын дарга Ц.А намайг дахин харуулаар ажилд томилсон тушаал гараагүй, би цалингаа Б даргаас бэлнээр авдаг гэж,

- мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ Та өмнө нь  мэдүүлэг өгөхдөө “ Бошигтын хишиг харуулын албанд ажилладаг гэж мэдүүлсэн байна, яагаад ийм мэдүүлэг өгсөн бэ гэхэд биднийг Бошигтын хишиг харуул хамгаалалтын албанд шилжүүллээ гэж Б.Б дарга хэлсэн учраас би тэгэж ойлгосон” гэх мэдүүлэг/хх-ийн 134-136 тал/,

 - гэрч Г.Бгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “Намайг Эрүүл мэндийн газрын харуулын ажлаас 2021 оны 11 дүгээр сард чөлөөлсөн, түүнээс хойш дахин тус ЭМГ-т ажиллаагүй, тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн харуулуудыг “Бошигтын хишиг харуул хамгаалалтын алба”-д шилжүүлсэн. ЭМГ-аас чөлөөлөгдөөд Бошигтын хишиг харуул хамгаалалтын албанд 20 гаруй хоног 500.000 төгрөгийн цалин авч ажилласан. “ Бошигтын хишиг “ харуулын албанаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй юм байна лээ. Бошигтын хишиг ХХА-аас Увс аймгийн Эрүүл мэндийн газарт Э.Н, Б.Ө бид 3 очиж харуулд гарч байсан /хх-ийн 77-79 тал/ гэх мэдүүлэг,

- мөн түүний 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “ би дээрх өдрүүдэд ЭМГ-т харуулаар ээлжинд гарсан, мөн Ө.Н, Р.Ө нартай хамт харуулаар ээлжинд гардаг байсан. ЭМГ-ын дарга Ц.А намайг харуулын ажилд дахин томилсон тушаал гаргаагүй. Би цалингаа бэлнээр Б.Б даргаас авч байгаа. Б дарга бид нарыг “Бошигтын хишиг” ХХА-д шилжүүлж байгаа гэж хэлсэн. Гэхдээ надтай гэрээ байгуулж тушаал гаргасан зүйл байхгүй” гэж, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ та өмнө нь мэдүүлэг өгөхдөө “ Увс аймгийн ЭМГ-т 20 хоног ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн, түүнээс хойш ЭМГ-т дахин ажиллаагүй гэж мэдүүлсэн, яагаад ийм мэдүүлэг өгсөн бэ гэхэд би айж сандраад буруу хэлсэн байна” гэх мэдүүлэг/ хх-ийн 131-133 тал/,

- гэрч Ө.Нын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “Намайг Эрүүл мэндийн газрын харуулын ажлаас 2021 оны 11 дүгээр сард чөлөөлсөн, түүнээс хойш дахин тус ЭМГ-т томилогдоогүй. Тухайн үед ажлаас чөлөөлөхдөө ЭМГ-ын даргын тушаал гарсан. Би “Бошигтын хишиг харуул хамгаалалтын алба”-д ажиллаагүй. 2022 оны 02 дугаар сард 2 удаа ээлжинд гарсан, сүүлийнх нь Р.Өийн гуйлтаар нэг удаа ээлжинд нэг удаа хоносон “ гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 тал/,

- мөн түүний 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “ би дээрх өдрүүдэд ЭМГ-т харуулаар ээлжинд гарсан, Г.Б, Р.Ө нартай хамт харуулаар ээлжинд гардаг байсан. ЭМГ-аас намайг харуулын ажилд дахин томилсон тушаал гараагүй. Би цалингаа бэлнээр авч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р тал/ тус тус авагдсан байна.

Дээрхи гэрчүүдийн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбар, Бошигтын хишиг ХХК-д мөнгө шилжүүлсэн тухай төрийн сангийн баримт зэрэг баримтуудаар Увс аймгийн Эрүүл мэндийн газарт харуулын албан тушаалыг дахин бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.   

8. Ажил олгогч, ажилтны хоорондох хөдөлмөрийн маргаан нь 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үүссэн, харин хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх үед 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж байсан ба шүүх тухайн маргаанд аль хуулийг хэрэглэж буй үндэслэлээ дүгнэхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн / шинэчилсэн найруулга /-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримталсан нь буруу болохыг дурдах нь зүйтэй байна.   

Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, хэм хэмжээг тогтоодог иргэний хууль тогтоомжид хамаарах хувийн эрх зүйн эрх сурвалж болохын хувьд уг хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудалд Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасан иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх зохицуулалт нэгэн адил хамаарна.

Хууль буцаан хэрэглэх асуудал нь шинээр батлагдсан хуулийг түүнийг дагаж мөрдөхөөс өмнө үүссэн харилцаа буюу үйл баримтад хэрэглэх ойлголт бөгөөд талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд хуульд заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл бий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн маргаан гарах үед дагаж мөрдөж байсан хууль буюу Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлах үндэслэлтэй байна.

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газарт олгох үндэслэлтэй болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2022/00221 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-р заалтыг: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цийн “Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож, харуулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун /төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.МӨНХЖАРГАЛ     

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

            ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН