Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 307/ШШ2026/00951

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 307/2025/01886/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, ерөнхий шүүгч Д.Алтантуяа, шүүгч Б.Номин нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ********* тоотод оршин суух Б.М ийн нэхэмжлэлтэй,

Хохирол 124,545,776 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Туяа

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Мхууль бусаар 112 хоног цагдан хорьсон, хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас учирсан сэтгэл санааны хохирол 112,000,000 төгрөг, нэр төр, алдар хүнд гутаагдсан тул 5,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, 2,545,776 төгрөгийн эд хөрөнгийн хохирол нийт 124,545,776 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Б.М нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүгчийн 216 дугаартай захирамжаар цагдан хоригдож 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хууль бусаар 112 хоног цагдан хоригдсон.

Дархан-Уул аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Мэс 11,110,517 төгрөгийг гаргуулж, Б.Мцагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар магадлалаар "...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос Б.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож...", Б.М 11,110,517 төгрөгийг гаргуулж гэснийг хүчингүй болгож, Б.М энэ хэрэгтээ 112 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Б.Мд цагдан хорихоор авсан таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй суллаж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 717 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч ******* гаргасан гомдлыг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан нь давж заалдах шатны шүүхийн магадлал хүчинтэй хэвээр үлджээ.

Цагдан хоригдсон, шүүхээс ял шийтгүүлсэн хугацаанд ********бие мах бодь, сэтгэл санаа, гэр бүл хамтадаа хохирсон тул сэтгэл санааны хохирол 112,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар түүний нэр төр, алдар хүнд гутаагдсан тул 5,000,000 төгрөг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчид төлсөн хөлс 5,000,000 сая төгрөг төлж зардал гаргасан буюу хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хохирол учирсан. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор "Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг" гэж тогтоосон. Б.Мд 2024.03.01-2024.06.26-ны өдрийг хүртэл 3 сар, ажлын 18 хоног цагдан хоригдсон хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзвэл 2,545,776/3cap 660,000-1,980,000 төгрөг, 18хоног 31,432-565,776/ төгрөгийн хохирол учирсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт тус тус зааснаар хууль бусаар цагдан хоригдсон, яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна. Иймд үндэслэлгүйгээр цагдан хоригдсон, ял шийтгүүлсэн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон нэр төр, алдар хүндэд учирсан хохирол болох нийт 124,545,776 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.М хууль бусаар цагдан хоригдсон, ял шийтгүүлсний улмаас учирсан хохирол 124,545,776 төгрөг гаргуулах иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн шаардлагад дараах тайлбарыг хэлье.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан. Б.Мбусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Мцагаатгасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд бичсэн эсэргүүцэл, гомдлыг Хяналтын шатны шүүх хэлэлцэхээс татгалзсанаар Б.Мцагаатгасан Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хорыг шаардах эрх нь хуулийн дагуу үүссэн байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс хууль бусаар цагдан хоригдсон 112 хоног, сэтгэл санааны улмаас учирсан хохирол 112,000,000 төгрөг, нэр төр, алдар хүнд гутаагдсаны 5,000,000 төгрөг, эрх зүйн туслалцааны хөлс 5,000,000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 2,547,776 төгрөг нийт 124,545,776 төгрөгийг гаргуулахаар төрөөс нэхэмжилж байгаа. Хууль бусаар цагдан хоригдсон хоногт тооцох хөдөлмөрийн хөлстэй холбоотой асуудал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого гэж зааснаар цагдан хоригдсон хоногт хамаарна гэж үзэж байна. Нэхэмжлэгч цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслээгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн практикт цагдан хоригдсон хоног тооцох асуудлыг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөнгөн дүнгээр гарах ч юм уу? Эсхүл цагдан хоригдсон хоногийг 1 хоногоор тооцож гаргах ийм практик байгаа юм болов уу гэж дүгнэж байгаа. Б.М хэрэгт холбогдох үед эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Тэгэхээр түүнийг цагдан хоригдсон хоногийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох нь прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно гэж заасан байдаг. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 12 дугаар тогтоол байгаа. Энэ тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 1 цагийн 3,929 төгрөг буюу сард 660,000 төгрөг байхаар тогтоогоод өгсөн. Өөрөө хэлбэл Б.Мял шийтгэл эдэлж байх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Тийм учраас цагдан хоригдсон 112 хоног гэж байгаа. Энэ давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод, 112 хоног цагдан хоригдсон гээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 12 дугаар тогтоолыг үндэслээд 660,000 төгрөгийг тооцож үзэхээр өдрийн 30,697 төгрөг тогтоогдож байна. Ингээд 30,697 төгрөгийг хүсэлт гаргагчийн цагдан хоригдсон 112 хоногт тооцвол нийтдээ 3,438,064 төгрөг гарч байна. Энэ мөнгийг тухайн шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногт олох ёстой байсан орлого учраас Засгийн газрын тусгай сангаас гаргахад үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ мөнгийг нэхэмжлэгч тооцохдоо 2,547,776 төгрөгөөр тооцсон. Энийг прокурорын зүгээс 3,438,064 төгрөгөөр гаргуулах нь үндэслэлтэй байна. Өмгөөллийн хөлсний 5 сая төгрөгийн хүсэлтийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ямар хохирлыг эд хөрөнгийн хохирол гэж үзэх, түүнийг нөхөн төлүүлэхээр заасан. Мөн хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс орно гэж заасан учраас өмгөөллийн хөлсийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Гэхдээ хүсэлт гаргагчийн зүгээс иргэний хэрэгт өмгөөллийн гэрээ гаргаж өгсөн. Өмгөөллийн гэрээнд ****** гэж хүн өмгөөллийн гэрээ хийсэн байна гэж харж байгаа. Өмгөөлөл авах эрхийг нь хангахдаа гэр бүлийн хүн гэрээ хийж авах бололцоо байдаг учраас энэ гэрээ хийгдсэн байна гэж үзэж байна. Өмгөөлөгчтэй 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ****** гэж хүн гэрээ хийсэн байсан. Би гэр бүлийнх нь хүн юм байна гэж ойлгож байгаа. Харин гэрээг харахаар төлбөр дээр нь 1 сая төгрөг гээд ард нь нэмэх тэмдэгт тавиад 4 сая төгрөгийг нэмээд 5 сая төгрөгийн төлбөрөөр гэрээ хийсэн шүү гэж шаардаж байгаа. Өмгөөлөгчийн хөлсийг тооцвол Өмгөөллийн тухай хуульд зааснаар тухайн өмгөөллийг гэрээ байгуулсан байх ёстой. Өмгөөллийн хөлсийг бэлнээр биш, дансаар өгсөн байхыг шаардана гэсэн үндэслэл шаардлагууд байгаа. ******гийн Хаан банкны дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нотлох баримтад дүгнэлт хийгээд өгөөч гэж хүсэлтийг гаргаж байна. Нийтдээ 5 сая төгрөгөөр гэрээ хийсэн гээд засвар орчихсон. Өмгөөлөгчид өмгөөллийн хөлс шилжүүлсэн дансны хуулгатай танилцахаар*******тоот дансанд ****** гэдэг хүний данснаас тодорхой хэмжээнд бага, багаар мөнгө хийсэн. Ингэж хийхдээ гүйлгээний утга дээр нь ******гаас эсхүл Б.М гэсэн утгатай хийгээд байсан. 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 700,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сард 470,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 300,000 төгрөг, 500,000 төгрөгүүд шилжигдэж орсон. Тэгээд хуулга нь давхардаад орсон зүйл харагдаж байна. 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Б.Мцагаатгасан магадлал гарсан байгаа. Тэгэхээр шилжүүлж байгаа мөнгөн дүн нь 1 сая төгрөгөөс илүү гарсан байгаа хэдий ч Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан хугацаанаас тасалбар болгохоор 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 700,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг өмгөөллийн хөлсөнд орсон гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Бусдыг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Үүн дээр дүгнэлт хийж өгнө үү. Өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулж өгөхөөр үндэслэл байна. Нэр төр, алдар хүндийг гутаасан сэтгэл санааны хохиролд хэрэгт шалгагдсаны улмаас ямар хохирол учирсан гэдгийг хүсэлт гаргагчийн зүгээс үндэслэл бүхий баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй. Б.М Эрүүгийн хэрэгт шалгагдсан. Гэхдээ бид нотлох баримт дээр үндэслэж эд хөрөнгийн хохирол нь ямар байдлаар тогтоогдсон бэ? Нэр төр, алдар хүндийг гутаасан нь сэтгэл санааны ямар хохирол учирсан бэ? гэдгийг баримтаар тогтоож, нотлох баримтыг үндэслэж гаргаж ирэх учраас нэр төр, алдар хүндийг гутаасан гэсэн үндэслэлээр шаардаж байгаа 5,000,000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол 112,000,000 төгрөгийг гаргуулъя гэсэн шаардлагын хувьд сэтгэл санааны хохирлыг гаргахын тулд тухайн хүнд хууль бусаар цагдан хоригдсоны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлыг гаргуулах эрх нь байгаа. Гэхдээ бид бас нотлох баримтаар тулгуурлаж гаргах ёстой. Иргэний хэрэгт шинжээч томилоод, сэтгэцэд учирсан гэм хор уршгийн дүгнэлт гарсан. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ дүгнэлтээр Б.М сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарна гэж дүгнэсэн. Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай дагуу жишиг аргачлал хэрэгжээд явж байгаа. Энэ аргачлалыг харахаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөр гаргуулахаар заасан. Гэхдээ хэдэн хувиар нэмэгдүүлж олгох нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Прокурорын зүгээс 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гаргах нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг үзэхээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох сорилын хувьд сэтгэцийн одоогийн байдал цаг хугацаа, орон зайн баримжаа хэвийн, сэтгэхүйн үйл ажиллагааны хурд, танин мэдэхүйн үйл ажиллагаа хэвийн, уналт таталт, хий үзэгдэл, дэмийрлийн шинжийн илрэлгүй. Тухайн нөхцөл байдалтай холбоотой мэдрэлийн хандлагын илрэл их, болж өнгөрсөн үйл явдлаас шалтгаалан айж сандрах, хар дарах, хоолны дуршил буурах энэ асуудал нь стресст өртөх хариу урвалын шинжүүд хөнгөн илэрч байна гэж үзсэн. Сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамруулах шаардлага байна. Ер нь хөнгөн илэрч байна гэсэн дүгнэлттэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг гаргаж өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Ингээд хүсэлтийн шаардлагаас нийтдээ 7,738,064 төгрөгийг гаргаж, 116,807,712 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 сарын 26-ны өдрийн ********* дугаартай магадлал, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 01-ний өдрийн ******* дугаартай захирамж, ******** өмгөөлөгч авах тухай мэдэгдэх хуудас, Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 сарын 03-ны өдрийн 717 дугаартай тогтоол, итгэмжлэл, ХААН банкны депозит дансны хуулга, өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

4. Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******** гаргасан хууль бусаар цагдан хоригдсон, хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас учирсан сэтгэл санааны хохирол 112,000,000 төгрөг, нэр төр, алдар хүнд гутаагдсан тул 5,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, олох байсан орлого 2,545,776 төгрөг, нийт 124,545,776 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор ...Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ... түүнд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ********* дугаартай магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос Б.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Б.Мцагаатгаж, ...тэрээр 112 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Б.Мд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй суллаж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 717 дугаартай тогтоолоор прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн гаргасан хяналтын гомдлыг хянан хэлэлцэхээс татгалзсан тул эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ********* дугаартай магадлал хүчин төгөлдөр болжээ.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж, 45.3 дугаар зүйлийн 1.1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс эд хөрөнгийн хохиролд тооцогдоно гэж, 45.4 дүгээр зүйлийн 1-д Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж тус тус зохицуулсан.

 

4. Хууль бусаар цагдан хоригдсон хоногтой холбоотой хохирлын тухайд:

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 01-нээс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 112 хугацаанд цагдан хорьсон бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ********* дугаартай магадлалаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Б.Мцагаатгаж шийдвэрлэсэн байх тул түүнийг хууль бусаар цагдан хорьсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Б.М нь 2024.03.01-2024.06.26-ний өдрийг хүртэл 3 сар, ажлын 18 хоног цагдан хоригдсон хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзвэл 2,545,776/3 сар 660,000=1,980,000 төгрөг, 18 хоног *31,432=565,776/ төгрөгийн хохирол учирсан байна... гэж тооцоолон хууль бусаар цагдан хоригдсон хохирлыг гаргуулахаар шаардсан болохыг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тодруулсан болно.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг гэж тогтоосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлагын хэмжээгээр 2,545,776 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

5. Сэтгэл санааны хохирол гаргуулах тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******** сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хэрэв учирсан бол сэтгэцийн хор уршгийн ямар зэрэглэлд хамаарах талаарх дүгнэлтийг гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр Нэхэмжлэгч Б.******** сэтгэцэд тухан гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна гэжээ.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-д Хоёрдугаар зэрэглэл нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж тогтоожээ.

Шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтэд Б.******** сэтгэхүйн үйл ажиллагааны хурд, танин мэдэхүйн үйл ажиллагаа хэвийн. Цаг хугацаа орон зайн баримжаа хэвийн. Үзлэгийн үед уналт таталт, хий үзэгдэл, дэмийрлийн шинж илрэлгүй. Тухайн нөхцөл байдалтай холбоотой мэдрэмж хандлагын илрэл их. Болж өнгөрсөн үйл явдлаас шалтгаалан айх сандрах, нойрны асуудал үүсэх, нойрны асуудал үүсэх, хар дарах, хоолны дуршил буурах, өөртөө болон бусдад итгэх итгэл буурч, эргэлзэх, ижил тест нөхцөл байдлаас болж түгших, санхүүгийн асуудал тулгарах, өдөр тутмын сөрөг стресст өртөх зэрэг гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн илэрч байна.Тайван болон халамжлуулах орчны хэрэгцээ өндөр. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Б.******** сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр буюу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон 3,300,000 /ХХДХэмжээ 660,000*5/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн 112,000,000 төгрөгөөс 108,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Өмгөөллийн хөлс гаргуулах тухайд:

2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Б.******** эх ****** нь өмгөөлөгч Ж.Туяатай Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах тухай гэрээг бичгээр байгуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Туяа нь шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжлэгч Б.******** ээж ****** нь төлж байсан ба ******гийн ХААН банкны дансны хуулгыг нотлох баримтаар хэрэгт өгсөн талаар тайлбарыг гаргасан болно.

Хэрэгт авагдсан ******гийн эзэмшлийн ХААН банкны ********* тоот дансны хуулгаас үзэхэд өмгөөлөгч Ж.Туяагийн эзэмшлийн ХААН банкны*******тоот данс руу 2024.04.22-ны өдөр 700,000 төгрөг, 2024.06.05-ны өдөр 300,000 төгрөг, 2024.07.09-ны өдөр 470,000 төгрөг 2024.06.14-ний өдөр 500,000 төгрөг, 2024.12.13-ны өдөр 300,000 төгрөг, нийт 2,270,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч тал өмгөөлөгчийн хөлсөнд 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож буй хэмжээ болох 2,270,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлага 2,730,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэр, төр, алдар хүнд гутаагдсантай холбоотой хохирлын тухайд:

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь нэр, төр, алдар хүнд гутаагдсан тул 5,000,000 төгрөгийн хохирол шаардсан боловч тэрээр энэхүү шаардлагын үндэслэл болон нэхэмжлэлийн үнийн дүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

8. Иймд нэхэмжлэгч Б.******** гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 8,115,776 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 116,430,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба талууд түүнийг оролцуулахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасны баримтлан нэхэмжлэгч Б.******** гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 8,115,776 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 116,430,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч Б.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ТУНГАЛАГМАА

 

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

 

 

Б.НОМИН