Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
Хэргийн индекс | 152/2022/00198/и |
Дугаар | 224/ма2022/00017 |
Огноо | 2022-06-29 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 224/ма2022/00017
Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 272 дугаар шийдвэртэй,
Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Гад холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9,527,509.36 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9,527,509.36 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч Г.Бны Увс салбарын захирал Т.Идэрзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Г нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Г.Бтай ЗГ6205100530 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000.00 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан.
Зээлдэгч М.Г нь ЗГ6205100530 дугаартай зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2165 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 3,735,183.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,999,300.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 793,025.93 төгрөг, нийт 9.527.509.36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Түүнд мэдэгдэл өгөх гэсэн боловч утсаа авдаггүй, хаягтаа оршин суудаггүй зэрэг шалтгаан үүсдэг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлөлт хийсэн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд хариуцагч М.Гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 3,735,183.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,999,300.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 793,025.93 төгрөг, нийт 9,527,509.36 төгрөг гаргуулж Г.Бинд олгож өгнө үү ” гэжээ.
3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,735,183.22 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхөөс татгалзсан.
4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл:
Хариуцагч М.Г анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 онд Г.Бнаас 5 сая төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай гэрээ байгуулан авсан бөгөөд 2016 онд ажилгүй болсноор зээлийн хэвийн төлөлтөд асуудал үүссэн. 2017 онд зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч, тухайн банкны захирал, эдийн засагчтай уулзаж ажилгүй, орлогогүй боллоо, зээлийн хүүг зогсоож өгөх талаар хүсэлт гаргасан боловч ямар нэгэн байдлаар төл гэдэг шаардлага тавьсан. Авсан зээлээ төлж чадахгүй явсаар үндсэн зээлийн үлдэгдэл болох 3,735,183.22 төгрөгийн зээлийн хүү бодогдсоор 9,527,509.36 төгрөг болсон байна.
Миний хувьд зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндсэн зээл болох 3,735,183.22 төгрөгийг төлөх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн хүүгээс чөлөөлж өгнө үү” гэжээ.
5. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00272 дугаар шийдвэрэээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г.Б” ХХК-ийн хариуцагч М.Гад холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3,735,183.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,999,300.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 793,025.93 төгрөг, нийт 9,527,509.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн давж заалдах гомдлын агуулга: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00272 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 82 дугаар зүйлийн 82.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 33-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ хариуцагчийн зээлийн төлбөрөөс үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгааг шүүхийн шийдвэрт дурьдсан мөртлөө энэ талаар шүүгч ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр илт нэг талыг баримталж шийдвэр гаргасан.
Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т ” хөөн хэлэлцэх хугацааг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заасан бөгөөд энэ нь хариуцагч нэхэмжлэлийн тодорхой хэсгийг зөвшөөрч байгааг огт хайхралгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж байна.
Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгохдоо талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн үүрэг болох зээлийн үндсэн төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь банкны болон зээлдэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.
Иймд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00272 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн зээлийн үүргээс зөвшөөрч буй дүнгээр хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч М.Гын хүлээн зөвшөөрсөн үнийн дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00272 дугаар шийдвэртэй, хариуцагч М.Гад холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9,527,509.36 төгрөг гаргуулах тухай Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэв.
2. Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч М.Гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9,527,509.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч М.Г нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,735,183.22 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөхөөс татгалзсан тайлбар гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9,527,509.36 төгрөг гаргуулах тухай “Г.Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
4. Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Гад холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл муутай болжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
4.1. Хариуцагч М.Г нь Г.Б ХХК-аас 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг жилийн 27,60 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, зээлээр авсан болох нь хэрэгт авагдсан ЗГ6205100530 дугаар зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний харилцаа үүссэн байна.
М.Г нь гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү төлөх, мөн хэтрүүлсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөх үүргээ тус тус биелүүлээгүйгээс зээлдүүлэгч тал зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардаж, иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 3 дугаар 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл хүлээн авсан тухай шүүхийн баримт, тэмдэглэгээгээр нотлогдсон.
4.2. Г.Б ХХК болон М.Г нарын хооронд байгуулагдсан, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ6205100530 дугаар зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар зээлийн гэрээний хугацаа 36 сар ба 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар талууд тохиролцсон байх боловч зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр, зээлийн хүү төлөх үүргээ зөрчсөн, тэрээр хамгийн сүүлд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зээлийн эргэн төлөлтөд 205,000 төгрөг төлсөн, төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,735,183.22 төгрөг, үндсэн хүүний төлбөр 4,999,300.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 793,025.93 төгрөг үлдсэн зэрэг нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон харилцах дансны хуулга баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдож байх ба зохигчид энэ талаар маргаангүй байна.
4.3. Зээлдэгч тал буюу М.Г нь гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, хүү төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, өөрөөр хэлбэл эргэн төлөлтийн хуваариа зөрчсөн үеэс эхлэн зээлдүүлэгчийн эрх зөрчигдсөн ба зээлийн гэрээний 3.3.2, 3.3.3-т заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн төлбөрөө төлөхийг шаардах, гэрээнээс татгалзах, гэрээг хугацаанаас өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардах эрх тус тус үүссэн байхад Г.Б ХХК энэ эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дууссан байхад нэхэмжлэгч тал хариуцагч М.Гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардаж, 2022 оны 3 сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
4.4. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс эрх нь зөрчигдсөн, шаардах эрх үүссэнийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч тал мэдэж байсан атлаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан гэх, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй, энэ талаар нэхэмжлэгч тал шүүхэд нотлоогүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд тус тус заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
5. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй боловч хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасан зохицуулалтыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
5.1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 2-т: “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй, мөн зүйлийн 3-т : “ Үүрэг гүйцэтгэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцаан шаардах эрхгүй” гэж тус тус зааснаас үзэхэд хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан ч нэхэмжлэлийн шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, гүйцэтгэсэн тохиолдолд шүүх талуудын зарчимд үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
5.2. Хариуцагч М.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлагын талаар 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд : “ ...Авсан зээлээ төлж чадахгүй явсаар үндсэн зээлийн үлдэгдэл болох 3,735,183.22 төгрөгийн зээлийн хүү бодогдсоор 9,527,509.36 төгрөг болсон байна. Миний хувьд зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл болох 3,735,183.22 төгрөгийг төлөх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн хүүгээс чөлөөлж өгнө үү” гэх хариу тайлбар гаргасан байхад шүүх уг зохигчийн тайлбарт үнэлэлт, дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх зарчимд нийцээгүй байна.
5.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбар нь нотлох баримтаар тооцогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагч М.Гын шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэж, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ буюу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,735,183.22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,792,326.14 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн : “хариуцагч зээлийн төлбөрөөс үндсэн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байгааг шүүхийн шийдвэрт дурьдсан мөртлөө энэ талаар шүүгч ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр илт нэг талыг баримталж шийдвэр гаргасан.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т ” хөөн хэлэлцэх хугацааг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заасан бөгөөд энэ нь хариуцагч нэхэмжлэлийн тодорхой хэсгийг зөвшөөрч байгааг огт хайхралгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн зээлийн үүргээс зөвшөөрч буй дүнгээр хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүн буюу 3,735,183.22 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 74,712 төгрөгийг хариуцагч М.Гаас гаргуулан нэхэмжлэгч Г.Бинд олгож, нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
7. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 167,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00272 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 82 дугаар зүйлийн 82.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч М.Гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,735,183.22/ гурван сая, долоон зуун гучин таван мянга, нэг зуун наян гурав/ төгрөг гаргуулж Г.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,792,326.14 / таван сая, долоон зуун ерөн хоёр мянга, гурван зуун хорин зургаа/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
шийдвэрийн 2-р заалтыг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч М.Гаас улсын тэмдэгтийн хураамж 74,712 /далан дөрвөн мянга долоон зуун арван хоёр/ төгрөг гаргуулж Г.Б ХХК-д олгож, нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,390 /нэг зуун жаран долоон мянга, гурван зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛБСҮРЭН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Л.АЛТАН