Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/267

 

2026          03            06                                                                          2026/ДШМ/267

 

Х.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Х.Т-, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2734 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Т-, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Х.Т-т холбогдох 2508028641450 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Б- овгийн Х-ын Т- /РД: УХ-/, ......., урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Х.Т- нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хохирогч П.Л-гийн кибер орчинд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, зээлийн эрх үүсгэх, зээл авах байдлаар мэдээллийг нэмж оруулж, улмаар дээрх зээлийн эрхийг ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12,333,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овгийн Х-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг нэмж оруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны упмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 12,333,200 төгрөг гаргуулж хохирогч П.Л-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Т- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол болох 12,333,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Эрхэм шүүгч та бүхэн анхан шатны шүүхээс оногдуулсан нэг жил зургаан сарын хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй сайхан амьдрах болно. ...” гэв.

Шүүгдэгч Х.Т-ийн өмгөөлөгч Б.Энхзаяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүддээ гэмт хэрэг үйлдсэнээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулалгүйгээр оролцож ойролцоогоор 1,500,000 төгрөгийн зээлийн хүү, хохирол төлсөн байдаг. Анхан шатны шүүх Х.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг бүрэн дүүрэн харгалзаж үзээгүй. Х.Т-т анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй ба хохирогч П.Л-гийн санхүүгийн мэдээллийн нууцлалаа хамгаалж чадаагүй байдал гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн. Хохирогчийн хүсэлтээр зээлийн аппликейшнуудад бүртгүүлсэн, интернэт банкны нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг, өөрийн утас зэргийг П.Л- өөрөө өгсөн, хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэдэг байдал, санхүүгийн мэдээллийн нууцлалыг бүрэн хамгаалж чадаагүй байдлаас уг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн тухайн зээлийг аваад түр ашиглаад буцаан өгөх санаа зорилго байсан буюу Х.Т- нь өөрийн Хаан банкны 5Л-1 тоот дансаар авсан хүүг нь буцаан төлж байсан, хохирогчтой харилцсан зурвас дээр өөрийн үйлдэлдээ харамсаж, зээлийг төлөхөө илэрхийлж байсан нөхцөл байдал харагддаг.

Мөн Х.Т- нь ам бүл 3, эхнэр, 3 настай хүүгийн хамт амьдардаг, Монголын үндэсний их сургуулийн харъяа Үндэсний техникийн сургуульд програм хангамж мэргэжлээр бакалаврын түвшинд суралцдаг, хичээлийн бус цагаар хувиараа такси үйлчилгээнд явж гэр бүлээ тэжээн тэтгэдэг гол хүн юм. Анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгчийн зүгээс хохирогчид учруулсан 12,333,200 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Х.Т-ийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул Х.Т-ийг сурч боловсрох, гэр бүлээ тэжээн тэтгэх боломжоор хангаж, дээрх зохицуулалтыг баримтлан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага болоод гэм бурууд хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон гэж үзэж байгаа тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Шүүгдэгч Х.Т-т холбогдох 2508028641450 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

Шүүгдэгч Х.Т- нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хохирогч П.Л-гийн кибер орчинд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, зээлийн эрх үүсгэх, зээл авах байдлаар мэдээллийг нэмж оруулж, улмаар дээрх зээлийн эрхийг ашиглан 12,333,200 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан болох нь:

хохирогч П.Л- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Х.Т- намайг UBCab такси үйлчилгээний компанид бүртгүүлээд өгье, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ барьж байгаад зургаа даруулчих гэхээр нь зөвшөөрөөд өөрийн иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхээ барьж байгаад зураг даруулсан. Тэгсэн удалгүй болчихлоо ахаа, та энэ дүрсэн дотор нүүрээ тааруулж барина шүү гээд зураг даруулсан, удалгүй утсанд 6 оронтой код ирсэн, 5-6 удаа код ирсэн, бүгдийг нь Х.Т- тэмдэглэж авсан. 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би цалингийн зээл авах гээд банкин дээр очиж уулзахад миний нэр дээр 12,000,000 төгрөгийн аппликейшний зээл авчихсан байна гэж хэлсэн. Х.Т- 2025 оны 4 дүгээр сарын 28-аас 5 дугаар сарын 16-ны хооронд миний нэр дээр өөрийн эзэмшлийн Хаан банкны 530хххх058 тоот дансыг ашиглан нийтдээ 12,333,200 төгрөгийн зээл авсан, тухайн данснаас өөрийнхөө данс руу шилжүүлж авсан байсан. ...” /хх-ийн 8-9, 25/,

Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Л- ахын өмнөөс зээлийн аппликешнууд руу хүсэлт явуулсан. Удалгүй хариу ирсэн, тухайн үед надад авах гэж байгаа зээлийн мөнгийг өөртөө ашиглаад, арилжаа хийж, ашиг хийгээд буцаагаад өгч болох юм байна гэсэн бодол орж ирсэн. П.Л- ах архи уугаад явж байхдаа надад утсаа өгөөд өөрөө интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний код зэргээ хэлж өгөөд намайг дэлгүүр оруулдаг байсан. 2025 оны 4 дүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд согтуу байхад нь утсаар нь зээл аваад өөрийн данс руу шилжүүлж авсан. ..." /хх-ийн 37, 82-83/ гэх мэдүүлгүүд,

П.Л-, Х.Т- нарын дансны гүйлгээнүүд /хх-ийн 32, 33-34, 40-44, 62-65/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Х.Т-ийн:

- 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр П.Л-гийн кибер орчинд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, зээлийн эрх үүсгэх, зээл авах байдлаар мэдээллийг нэмж оруулж, улмаар дээрх зээлийн эрхийг ашиглан П.Л-гийн эрхээр 12,333,200 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт  заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн “...Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан...” гэмт хэргүүдийн шинжтэй гэж тус тус дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт нь тус зүйл хэсэгт заасан ялуудаас хорих ялыг сонгож 6 сарын хугацаагаар ононгдуулсан нь, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэгт нь тус зүйл хэсэгт заасан ялуудаас хорих ялыг сонгож 1 жилийн хугацаагаар оногдуулсан нь тус тус түүний үйлдсэн гэмт хэргүүдийн цахим орчинг хууль бусаар ашиглаж бусдыг хохироосон гэмт хэргийн хэр хэмжээ, цаашид учруулах хор уршгаас сэргийлэх Эрүүгийн хуулийн зорилгод тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн байна.   

Иймд шүүгдэгч Х.Т-, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа нарын гаргасан “хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

3. Шүүгдэгч Х.Т-, нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх цаг хугацаанд анхан шатны шүүхийн Х.Т-өөс гаргуулан хохирогч П.Л-д олгохоор шийдвэрлэсэн 12,333,200 төгрөгийг төлж барагдуулсан /хх-142/ байна.

Мөн хохирогч П.Л- нь “...12,333,200 төгрөгийн хохирлыг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн Хаан банкны дансаар авсан. Гомдол санал үгүй...” /хх-148/ гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.       

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Х.Т-ийн 12,333,200 төгрөгийн хохирлыг хохирогч П.Л-д бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдал, Х.Т-ийн анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ялыг эдэлж буй хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлж, 480 цагийн хугацаагаар оногдуулахаар шийдвэрлэв.

Түүний үйлдсэн “...өөрийх нь хамаарлын хашаанд түр хугацаагаар амьдарч байгаа, өөрт нь итгэсэн иргэн П.Л-гийн хувийн мэдээллийг ашиглан түүний нэрээр зээл авч, өөртөө авч буй үйлдэл...”-ийн хэр хэмжээ, шинж чанарт хорих ялыг биечлэн эдлүүлэх нь тохирно гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно: 2.2. “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг; 2.4. хорих ялын нэг хоногийг;” гэж зааcнаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 2 сарын хугацаагаар хорих болгож, тус хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялтай нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялын хэмжээг 01 жил 02 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Иймд дээрх өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудад оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

4. Шүүгдэгч Х.Т-ийн шийтгэх тогтоол гарсан 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 88 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2734 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

- тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 /хоёр/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Х.Т-ийн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 2 сар /нэг жил хоёр сар/-ын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Т-, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч Х.Т- нь хохирогч П.Л-д 12,333,200 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ