Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 259

 

Д.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх, хохирогч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 471 дүгээр магадлалтай, Д.Ад холбогдох 1911020381063 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй, 2018 оны 6 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил 4 сар хорих ял шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 24-нд ялын хугацаа дуусаж суллагдсан, Барнууд овогт Дийн А нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Аг “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аг 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агаас нийт 37.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд 400.000 төгрөг, Т.Бад 12.500.000 төгрөг, Ц.Аэд 10.000.000 төгрөг, С.Чт 10.000.000 төгрөг, Б.Пид 5.000.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, хохирогч Ц.А нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.А гаргасан гомдолдоо: “...Миний бие нь нөхөр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний нөхөр болох А нь Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээнд Хархорин дахь салбарт инженер хийдэг бөгөөд хавар, зуны улиралд засвар үйлчилгээ гээд байнга хөдөө ажлаар явдаг. Нөхрийн минь хөдөө ажилтай явсан хойгуур хүү, охин хоёр маань дүүгээ хардаг бөгөөд одоогоор ямар байдалтай байгааг нь мэдэхгүй байна.

Миний үйлдсэн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт болсон байхад Чингэлтэй дүүрэгт харьяалагдаж шалгасанд гомдолтой байна. Харьяа дүүргээ солиулах гэж мөрдөн байцаалт болон прокурорын шатанд амаар болон бичгээр хэлсэн боловч шалгаагүй. Хамгийн анх сэжигтнээр дуудаж намайг шууд хорьсон бөгөөд буцаагаад батлан даалтанд гаргахдаа тухайн үед манай хүүхэд Хархоринд өвдсөн байсан, гэтэл надад аймаг хот хоорондын хорио тавьсан гээд байцаалт өгөхгүй бол хүүхэд рүү чинь явуулахгүй, уулзуулахгүй гэж дарамталж, би аргагүйн эрхэнд байцаалт өгсөн. Тухайн үед би Өлзий-Орших гэх өмгөөлөгчтэй байсан ба өмгөөлөгч маань ажилтай, маргааш очъё гэж хэлсэн байхад намайг үр хүүхдээр минь дарамталж тулган байцаалт авсан. Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч Мария нь манай харьяа дүүргийн хэрэг биш гэж прокурор Бадралд хэлсэн боловч Сонгинохайрхан дүүргийн хэргийг Чингэлтэй дүүрэгт харьяалуулж намайг 2 жилээр ялласанд гомдолтой байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр ороход шүүгч нь харьяаллын бус хэрэг байна, хэнээс хээл хахууль авсан гэж прокурорыг загнасаар байгаад 2 жилийн ялыг хэвээр нь баталсанд гомдолтой байна.

Миний хэрэгт Цэ.Д нь 20 сая төгрөгийг найз залуу болох Бий 55507282663 гэсэн данс руу хийлгэсэн талаар мөрдөн байцаагч болон прокурорт амаар болон бичгээр хэлсэн боловч энэ хүнийг шалгаагүйд гомдолтой байна. Д нь миний 88065184 дугаар луу намайг Өвөрхангай явж байхад залган яаралтай уулзах хэрэгтэй байна гэж хэлээд, би хүлээгээд байж байтал ирээд Цэ.Д, мөн Б хоёр ирж надад бэлнээр 4 сая төгрөг өгөөд 1 саяыг нь данс руу хийнэ гэсэн боловч Д нь өөрийнхөө дансыг өгч 1 сая төгрөг авсан байдаг. Бадмаагаас сая төгрөг авангуут над руу шилжүүлээгүй хувьдаа зарцуулчихаад намайг мөнгө нэхэхээр Цэ.Д нь Замбалгараваас 1 сая төгрөг авч над руу шилжүүлсэн. Замбалгараваас мөнгө авсан эсэх талаар шалгаж өгөөгүйд би гомдолтой, мөн шалгуулах хүсэлтэй байна. Б гэж хүн П гэх хүний 5 сая төгрөгийг надад бэлнээр авчирч өгсөн боловч тухайн үед 35 саяыг Цэ.Д шилжүүл гэсэн данс руу би шилжүүлсэн. Шүүгч Цэ.Дийн над руу мессежээр явуулсан дансыг М гэх хүний данс гэж үзсэн. Энэ хүний данс болон мессежийг мөрдөн байцаагчид өгсөөр байхад шалгаж үзээгүйд гомдолтой байна. Б гэж эмэгтэй 2.6 төгрөг авсан, тэрийг хохирогч болох А өөрөө хүргэж өгснөө гэрчлээд байхад шалгаж өгөхгүй байгаад гомдолтой байна. Цэ.Д нь 88531717 дугаараас миний 88065184 дугаар луу хүмүүсийнхээ дансны дугаар болон мөнгөн дүнг нь явуулсаар байтал татан шалгаагүйд гомдолтой байна. Мөн Цэ.Д найз залуу болох Бгийн 5550728263 дансанд 20 сая төгрөг шилжүүлснийг шалгаагүйд гомдолтой байна. Мөн Цэ.Д нь миний 88065184 дугаар луу мессеж бичиж, ярьж байсныг нь нотлох дугаарын лавлагаа хүртэл аваачиж өгсөөр байтал яагаад энэ хүнийг татаж шалгахгүй байгаад маш их гайхаж байна. Цэ.Д нь миний өмгөөлөгч Энхтүвшин, Ганбат нарт намайг шүүх дээр битгий татаач, би хохирол мөнгийг барагдуулъя гэж хүртэл хэлсэн байдаг. Мөрдөн байцаагч болон прокурор нар нь зөвхөн яллах талыг барьж, ялыг минь хэвээр нь баталсанд гомдолтой байна. Хохирлын тооцоо зөрүүтэй авсан, хүнийх нь бие болон банкны хуулгаар нотлогдоод байхад шалгахгүй зөвхөн намайг яллаад байгаад маш их гомдолтой байна. Иймд хэргийг маань дахин мөрдөн байцаалтанд буцаан Цэ.Д болон Б нарыг шалгуулах хүсэлтийг минь хүлээн авна уу” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 5 удаагийн үйлдлээр бусдад нийт 42.500.000 төгрөгийн хохирол учруулсан учир хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Аг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцоод, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агаас 37.900.000 гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд “Шүүхийн харьяаллыг маш ойлгомжтой хуульчилж өгсөн байдаг. Тус зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байхад хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч миний бие үзэхдээ хэрэг боогдоод шүүх рүү шилжээд шүүгч хэргээ уншиж танилцаад хянан шийдвэрлэх хугацаа багадаа нэг сар байдаг. Энэ хугацаанд хэргийн харьяаллыг тогтоох боломж байсан.

Монгол улс Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг энэрэнгүй, иргэний Ардчилсан нийгэм байгуулна” гэж тунхагласан. Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1989 онд элсэн орсон. Миний үйлчлүүлэгч хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байх хугацаандаа жирэмсэн байж байгаад ураг зулбасан асуудал болсон. Д.А 02-14 насны гурван хүүхэдтэй.

Иймд гэм буруугаа ухаарсан, өөрт оногдуулсан зүйлчлэлтэй маргахгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хөнгөрүүлж шийдвэрлүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүхийн харьяаллын асуудлаар давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй. Анхан шатны шүүхэд прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь харьяаллын талаар маргаагүй, ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүх дээрх нөхцөл байдлын хүрээнд шийдвэрлэсэн нь шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Д.А нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 42.500.000 төгрөгийг залилах гэмт хэргийг үйлдсэн. Шүүх Д.Ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 6 дугаар сард өөрийгөө “Монгол банкинд ажилладаг, ямар нэгэн барьцаа болон бичиг баримтгүйгээр зээл гаргаж өгнө” хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Чингэлтэй дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараагийн үйлдлээр нэр бүхий иргэдээс нийт 42.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Агийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Хяналтын шатны шүүх нь хэрэгт авагдсан ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг шинээр тогтоох, шүүгдэгчээс өөр этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах эрхгүй тул шүүгдэгч Д.Агийн “Цэ.Д болон Б нарыг шалгуулах” тухай, мөн “оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах” тухай өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Д.Агийн сүүлийн үйлдэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад мэдэгдэж, улмаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс хэргийн байдлыг бүрэн бодитой тогтоож, хэргийг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Гансүх нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 471 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                           ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                           ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН