Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 117/2018/0007/З |
Дугаар | 221/МА2018/0496 |
Огноо | 2018-09-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2018/0496
“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Н.Ч, хариуцагчийн төлөөлөгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 48 дугаар зүйлийн 48.9, 46 дугаар зүйлийн 46.5.1-т заасныг баримтлан “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Татварын хэлтэст хариуцагдах “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 04 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Татварын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компаний залруулж гаргасан тайланг хүлээн авч Татварын цахим мэдээллийн систем, Татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэхийг даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцагаан, Н.Чинбат нар давж заалдах гомдолдоо: ““Ч” ХХК-ийн “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Татварын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компаний залруулж гаргасан тайланг хүлээн авч Татварын цахим мэдээллийн систем, Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Дундговь аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Т даалгах” шаардлага бүхий тус компаний нэхэмжлэлийг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 10 дугаар шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль, эрх зүйн тодорхой үндэслэлүүдээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсч, энэхүү гомдлыг гаргаж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогтоол болон холбогдох журам, аргачлал зэрэг хууль тогтоомжуудыг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хууль, эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
1. Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1-д “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т дотоод гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тооцно гэснийг үзэхэд дотоод гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох “боломжгүй” гэдгийг хэрхэн нотолсноо нэхэмжлэгч тал татварын албанд нотлоогүй байхад мөн зүйл заалтад заагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тооцох боломж үгүйсгэгдэнэ...” гэж ойлгомжгүй, хууль, эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Гомдол 1.1: Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.1-д “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах”, 47 дугаар зүйлийн 47.6-д “Энэ хуулийн 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална”, 47.8-д “Энэ хуулийн 47.5-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 47.12-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудын дагуу эрх олгосноор зөвхөн Засгийн газар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах зарчим, аргачлал, экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнийн эх сурвалжийг зарлаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хууль, эрх зүйн зохицуулалттай.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоолоор Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр, Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг баталсан, 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 193 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож, худалдсан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийг тогтооход ашигт малтмалын хүдэр, баяжмалын боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, тооцох зарчим, аргачлалыг баталж, 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан.
Харин Монгол Улсын Засгийн газрын 2007 оны “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь заалт (төмрийн хүдэр, баяжмал), 2011 оны “Аргачлал батлах тухай” 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, 2013 оны “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсэг, мөн энэ тогтоолын 3 дахь заалтын 2-ын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсэг “хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор хүчингүй болсон.
Шүүхийн шийдвэрээр Засгийн газрын дээр дурдсан тогтоолуудын төмрийн хүдэр, баяжмалтай холбоотой заалтууд “хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр 2014 онд хүчингүй болсон учраас “Ч” ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирал буюу жилийн эцсийн тайландаа экспортлон борлуулсан төмрийн хүдэр, баяжмалын үнийг олон улсын зах зээлийн жишиг үнээр тооцож тайлагнах нь хууль, эрх зүйн хувьд боломжгүй, үндэслэлгүй юм, энэ талаар “Ч” ХХК-аас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 18103 тоотоор Дундговь аймгийн Татварын хэлтэст, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18/13 тоотоор Татварын ерөнхий газарт тайлан засварлуулах талаар гаргасан хүсэлтдээ тодорхой дурдсан бөгөөд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд, шүүх хуралдаанд ч тодорхой тайлбарласан билээ.
Гэтэл анхан шатны шүүх “зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй гэдгийг хэрхэн нотолсноо нэхэмжлэгч тал татварын албанд нотлоогүй” гэж Иргэний хэргийн шүүхийн шийдвэр, тогтоол, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогтоол болон холбогдох журам, аргачлал зэрэг хууль тогтоомжуудын холбогдох зүйл, заалттай харьцуулан хууль, эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
Засгийн газрын дээр дурдсан тогтоолуудын төмрийн хүдэр, баяжмалтай холбоотой заалтуудыг “хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байхад Татварын албаны шаардлагаар тэрхүү эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг үндэслэн 2014 онд “Олон улсын зах зээлийн үнэ”-ээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт хууль бусаар 97,824,651 төгрөг илүү төлөх (Дундговь аймгийн Татварын хэлтсээс төлбөрийг энэ дүнгээр төлж барагдуулах шаардлага тавьж байгаа), татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэж заасныг ноцтой зөрчиж байна.
Иймд “Ч” ХХК нь 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан борлуулалтын үнэлгээг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно...”, 47.2.3-д “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн...” гэж заасны дагуу төмрийн хүдэр, баяжмал худалдан борлуулсан гэрээний үнэ буюу борлуулалтын орлогын дүнгээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнаж төлөх хууль, эрх зүйн үндэслэлтэй бөгөөд уг дүнгээр тооцсон ашигт малтмалын нөөц ашигласны 2014 оны төлбөрийг тус компани төлж барагдуулсан.
2. Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1-д “...олон улсын зах зээлийн үнээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнасан гэх боловч энэ тухайгаа нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй, Уул уурхайн яамны цахимаас авсан мэдээллийг хэрэгт өгөх боломжгүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч-с тайлбарлаж тодруулбал татварын албаны шаардлагаар ингэж тооцсон гэдгээ нотлоогүй нь нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүйн үндэслэл болно...” гэжээ.
Гомдол 2.1: Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 9-д: “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 48.7.3-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж ...жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд... тушаана” гэж заасны дагуу “Ч” ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын буюу жилийн эцсийн тайланг хуульд заасан хугацаанд Дундговь аймгийн Татварын хэлтэст тайлагнасан бөгөөд тайланд олборлож, борлуулсан төмрийн хүдэр, баяжмалын борлуулалтын үнэлгээг Татварын албанаас тавьж байсан шаардлагын дагуу “Олон улсын зах зээлийн үнэ” буюу Уул уурхайн яамны цахим хуудсанд нийтлэгдсэн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн жишиг үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан.
Энэхүү тайлан, хавсралт мэдээ буюу сар бүрийн нийтлэгдсэн “Олон улсын зах зээлийн үнэ”, энэ үнээр тооцсон борлуулалтын үнэлгээ, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнгийн тооцоо нь Татварын албаны “Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдэн хадгалагдаж бөгөөд тайлан болон хавсралт мэдээ, тооцоо нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно.
Мөн “Ч” ХХК-ийн 2012-2016 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтөд байдалд Дундговь аймгийн Татварын хэлтсээс 2017 оны 12 сард хяналт шалгалт хийж, тус компаний 2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд олборлож, борлуулсан төмрийн хүдэр, баяжмалын үнийг “Олон улсын зах зээлийн үнэ”-ээр тооцож тайлагнасныг тогтоосон учраас Дундговь аймгийн Татварын хэлтэс, Татварын ерөнхий газар энэ тайлан нь “Олон улсын зах зээлийн үнэ”-ээр тооцож тайлагнасныг хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд энэ шалгалттай холбоотой маргааныг шийдвэрлэсэн Дундговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоол хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно.
“Ч” ХХК нь Татварын албанаас тавьж байсан шаардлагын дагуу 2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд олборлож, борлуулсан төмрийн хүдэр, баяжмалын борлуулалтын үнэлгээг “Олон улсын зах зээлийн үнэ” буюу Уул уурхай яамны цахим хуудсанд нийтлэгдсэн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнээр тооцож тайлагнахдаа тухайн үед тус цахим хуудаснаас хэвлэн авсан мэдээлэл нь Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй байсан учир мөн хуульд заасны дагуу нотлох баримтын эх сурвалжийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсаныг шүүх анхаарч үзэлгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Гомдол 2.2: Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолуудын хэрэгжилтэд Татварын ерөнхий газар болон төрийн бусад холбогдох байгууллагууд уг тогтоолд заасны дагуу хяналт тавьж ажиллах үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Татварын ерөнхий газар түүний харьяа татварын албад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн тайланг хүлээн авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн олборлож, борлуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг “Олон улсын зах зээлийн үнэ” буюу Уул уурхай яамны цахим хуудсанд нийтлэгдсэн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнээр тооцож тайлагнахыг шаардан хяналт тавьж байсан.
Мөн Дундговь аймгийн Татварын хэлтсээс “Ч” ХХК-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд олборлож, борлуулсан төмрийн хүдэр, баяжмалын борлуулалтын үнэлгээг “Олон улсын зах зээлийн үнэ”-ээр тооцож тайлагнах шаардлага тавьж, тайланг хянаж хүлээж авсан талаар нэхэмжлэлдээ бид тодорхой дурдсан бөгөөд мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ч энэ талаар хэд хэдэн удаа яригдсаныг хариуцагч Дундговь аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Т шүүхэд гаргасан тайлбартаа үгүйсгээгүй, Засгийн газрын дээрх тогтоолд заасны дагуу татварын алба борлуулалтын үнэлгээг “Олон улсын зах зээлийн үнэ”-ээр тооцож тайлагнасан эсэхэд хяналт тавьж байсан нь тодорхой байхад Татварын алба “Олон улсын зах зээлийн үнэ”-ээр тайлагнах шаардлага тавьж байсан нь нотлогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
3. Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2-т: “... “Ч” ХХК-ийн тайланг залруулах хүсэлтэд заагдсан үндэслэл тухайн үед буюу тайланг хүлээн авах үед тогтоогдоогүй...байсан гэж үзэхээр байна...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Гомдол 3.1: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах зарчим, аргачлал, олон улсын жишиг үнэ тогтоохтой холбоотой Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудын төмрийн хүдэр, баяжмалд холбогдох заалтууд 2014 онд хүчингүй болсон байхад Дундговь аймгийн Татварын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сард “Ч” ХХК-ийн ашигт. малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын буюу жилийн эцсийн тайланг хүлээн авахдаа тус тайлангийн хууль зүйн болон тооцооллын алдааг татвар төлөгчөөр засуулаагүй, тайланг хууль ёсны болгоогүй, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Тайлан хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараахь байдлаар арилгуулна”, 46.5.1-д “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах” гэж заасныг хэрэгжүүлээгүй.
Гомдол 3.2: Шүүхийн шийдвэрээр Засгийн газрын дээрх тогтоолуудын төмрийн хүдэр, баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Олон улсын зах зээлийн үнэ”-ээр тооцохтой холбоотой заалтууд “хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр 2014 онд хүчингүй болсон байсан учраас Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ..”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх...”, 43 дугаар зүйлд “Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам”, 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж заасныг үндэслэн “Ч” ХХК нь хууль зүйн хувьд болон тооцооллын алдаатай, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирал буюу жилийн эцсийн тайлангийн тооцооллын алдааг засч, хууль ёсны болгон залруулсан тайлан болон тайланг залруулах хүсэлтийн хамт Дундговь аймгийн Татварын хэлтэст 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 18103 тоотоор гаргасан.
Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.3-д “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн...” гэж заасны дагуу “Ч” ХХК-ийн 2014 онд олборлож, борлуулсан төмрийн хүдэр, баяжмал худалдан борлуулсан гэрээний үнэ буюу 2014 оны жилийн эцсийн Санхүүгийн тайлангийн борлуулалтын орлогын дүн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлого буюу борлуулалтын орлогын дүнгээр тооцож, тайланг залруулах хүсэлтийг татварын албанд гаргасан, санхүүгийн тайланг Төрийн сангийн мэргэжилтэн хянаж хүлээн авч баталгаажуулсан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг татварын албаны татварын улсын байцаагч хянаж хүлээн авч баталгаажуулсан бөгөөд эдгээр тайлангууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно.
Дундговь аймгийн Татварын хэлтсээс: “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 тоот тушаалаар батлагдсан Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журмын 5.2-т заасан сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд харьяалах татварын албанд хийнэ, мөн энэ журмын 8.2-т сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг энэ журмын 5.2-т заасан хугацаанаас хойш хийхийг хориглоно гэж заасан байдаг тул танай байгууллагын 2014 оны АМНАТ-ын IV улирлын тайланг засварлах боломжгүйг уламжилж байна” гэж хууль, эрх зүйн үндэслэлгүй тайлбар хийж. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/26 тоотыг тус компани ирүүлсэн.
“Ч” ХХК-ийн тайланд залруулга хийх хүсэлтэд Татварын алба “боломжгүй” гэж хариу ирүүлэхдээ үндэслэл болгосон “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам”-ыг баталсан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаар тушаалын 4-т “Энэ журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй” гэж заасан боловч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас лавлагаа авахад “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам батлах тухай” А/05 дугаар тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна” гэж 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3-2/04 тоотыг ирүүлсэн.
Татварын алба нийтээр дагаж мөрдөх Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй дээрх журмыг үндэслэн “Ч” ХХК-ийн татварын тайлангаа хууль ёсны болгон залруулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль, эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаар тушаалаар баталсан “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд харьяалагдах татварын албанд хийнэ”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг энэ журмын 5.2-т заасан хугацаанаас хойш хийхийг хориглоно” гэсэн заалт нь (тайланд залруулга хийхэд 1 жилийн хугацаа тогтоосон) Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд 60.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна”, 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх...”, 60.1.6-д “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх...” гэж заасантай зөрчилдөж байна.
Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар “хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй” бөгөөд харин Шүүхээс “хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг үндэслэн Татварын албаны шаардлагаар татвар төлөгч татвар төлөх нь хууль, эрх зүйн үндэслэлгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд “татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлох”, 43 дугаар зүйлд “татварын ногдлоо «өрөө тодорхойлон татварын тайланд тусгах” заалтуудыг үндэслэн Татварын албаны тавьж байсан шаардлагаар хууль зүйн хувьд болон тооцооллын алдаатай гаргасан 2014 оны тайлангийн алдааг засч, хууль ёсны болгон залруулахаар гаргасан татвар төлөгчийн хүсэлтийг нийтээр дагаж мөрдөх Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд ‘бүртплгүй журмыг баримтлан Дундговь аймгийн Татварын хэлтэс тайланг залруудщц! байгаа нь илт хууль бус юм.
Иймд Нэгдүгээрт, Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.1-д заасныг хэрэгжүүлээгүй, Хоёрдугаарт, хууль тогтоомжийн дагуу татварын тайлангийн алдааг засч хууль ёсны болон залруулахаар гаргасан тус компаний хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Татварын албаны эс үйлдэхүй нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд: “4.1 Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. 4.2-т “3ахиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх...”, Татварын ерөнхий хуулийн 231 дугаар зүйлд: “231.1-д “Татварын алба...нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх... татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх...”, 241 дүгээр зүйлд: “241.1-д “Татварын алба...бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ... хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана...” гэж заасныг зөрчиж байна.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх боловч хуулийн зүйл, заалтыг буруу баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.
Нэхэмжлэгч “Ч” ХХК-аас “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Татварын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компаний залруулж гаргасан тайланг хүлээн авч Татварын цахим мэдээллийн систем, Татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл захиргааны акт гаргахаас татгалзсан захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх гэсэн хоёр нөхцөл зэрэг хангагдсан бол шүүх эс үйлдэхүй, татгалзал хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах шийдвэрийг гаргахаар хуульчлагдсан байна.
Энэхүү маргааны тохиолдолд “Ч” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Дундговь аймгийн Татварын албаны татгалзал хууль бус болох нь тогтоогдсон, тус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож, залруулга хийхийг даалгасан шийдвэр гаргахаар байна.
Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн “тайланд залруулга хийх боломжгүйг мэдэгдсэн” татгалзлыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж хуульчилжээ.
Хэдийгээр хариуцагчийн татгалзлын үндэслэлтэй холбогдуулан нэхэмжлэгчийн “Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасан “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэх шаардлагыг хангаагүй тул эрх зүйн үйлчлэлгүй” гэж маргасан нь үндэслэлтэй буюу хэрэгт авагдсан баримтаар тус журам хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх боловч тухайн журмыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болгосон, хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон талаарх баримтгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан, хэрэгт энэ талаар баримт авагдаагүйг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам” нь хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ” гэж хуульчилсны дагуу аливаа хэм хэмжээний акт Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд үндэслэхээр байх тул эрх зүйн үйлчлэл бүхий хэм хэмжээнүүд буюу татварын асуудлыг зохицуулсан Татварын ерөнхий хууль болон бусад холбогдох хуулиар татварын тайланд залруулга хийхтэй холбоотой асуудлыг зохицуулсан эсэх нь тус маргаанд ач холбогдолтой байна.
Хариуцагчийн “...татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийхтэй холбогдох харилцааг ерөнхийлөн зохицуулсан Татварын ерөнхий хуульд татварын тайланд залруулга хийхтэй холбоотой асуудлаар тухайлсан зохицуулалтгүй..., Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.1-д “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах” гэж заасны дагуу тайлан өгч байгаа татвар төлөгч өөрөө тайлангийн тооцооллоо хийж байгаа. Үүнийг нь тухайн байгууллагын мэргэжлийн нягтлан бодогч, захирал нь хянадаг. Засгийн газрын тогтоолын хүчингүй болсон гэдгийг манай хяналт шалгалтын явцад мэдсэн” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Татварын алба нь татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа төлж буй эсэхэд хяналт тавина”, 46.3-т “Татварын алба, татварын улсын байцаагч нь тайланг хүлээн авахдаа дараахь шаардлага хангасан эсэхийг хянана”, 46.4-т “Татварын алба, татварын улсын байцаагч тайланг хүлээж авахдаа дор дурдсан үзүүлэлтүүдийг хянаж нягтална” гэж зааснаас үзвэл тайлангаа үнэн зөв гаргасан эсэх, холбогдох маягт зааврын дагуу засваргүй гаргаж баталгаажуулсан эсэх, хугацаандаа гаргасан эсэх, нягтлан бодох бүртгэл, тайлангийн үзүүлэлтүүд тохирч буй эсэх, тооцооллын хувьд алдаатай эсэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хуульд нийцүүлэн тодорхойлсон эсэх, хугацаандаа татвараа төлсөн эсэх, татварын өр, илүү төлөлтийн дүн татварын албаны бүртгэлтэй тохирч буй эсэх, татвар төлөгчийн тайланд хамаарал бүхий хөндлөнгийн мэдээлэл, татварын албаны бүртгэл, мэдээллийн санд байгаа эсэх зэргийг хянахаар татварын тайлан хүлээн авах журмыг зааж хуульчилсан байна.
Түүнчлэн мөн зүйлийн 46.5-д “Тайланг хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараах байдлаар арилгуулна”, 46.5.1-д “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах” гэж хуульчилснаас үзвэл хариуцагчийн “тайланг хүлээн авах үед илэрсэн тооцооллын алдааг өөрөөр нь засуулахаас өөрөөр татварын тухай хууль тогтоомжоор татварын тайлан залруулга хийхтэй холбоотой зохицуулалт байхгүй...” гэх агуулгаар маргасан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Ч” ХХК 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08/26 дугаар албан бичгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирал буюу жилийн эцсийн тайланг залруулах хүсэлтийг холбогдох баримтын хамт Дундговь аймгийн татварын хэлтэст... гаргасан” гэж тайлбарлажээ.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “ Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тооцно” гэж зааснаас үзвэл анхан шатны шүүх “...дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох “боломжгүй” гэдгийг хэрхэн нотолсноо нэхэмжлэгч татварын албанд нотлоогүй байхад... тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тооцох боломж үгүйсгэгдэнэ...” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй.
Дээрх хуулийн зохицуулалтуудаар татвар төлөгчид үүрэг болгосны дагуу холбогдох баримт, бүртгэлд үндэслэн татвар ногдох орлого, түүнд ногдох татвараа өөрөө тодорхойлж татвараа төлсөн байхыг шаардсан байх тул нэхэмжлэгч нь 2014 оны жилийн эцсийн тайлангаа гаргахдаа “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцсон олон улсын зах зээлийн үнэ”-ийг тооцох үндэслэл болгож байсан Монгол Улсын Засгийн газрын 2007 оны “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь заалт, 2011 оны “Аргачлал батлах тухай” 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, 2013 оны “Тогтоолуудын хавсралтуудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөрт” холбогдох хэсгийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүчинй төгөлдөр 546 дугаар тогтоолын дагуу татвар ногдох орлогоо тодорхойлох боломжтой байжээ.
Өмнө дүгнэсэнчлэн татварын тайланг хүлээн авах журмыг зааж хуульчилсан Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд татварын байгууллага татвар төлөгчийн татварын тайланг хүлээн авч тайланд хяналт хийх хүрээ хязгаарыг мөн татварын тайланд засвар хийлгэх журмыг зааж хуульчлагдсаны дотор нэхэмжлэгчийн маргаж буй татварын тайланд тусгасан үнэлгээ зөв эсэхийг хянаж залруулах талаар зааж хуульчлаагүй байх тул нэхэмжлэгчийн “...”Ч” ХХК-ийн тайланг залруулах хүсэлтэд заагдсан үндэслэл тухайн үед буюу тайланг хүлээн авах үед хянаж залруулаагүй...” гэх агуулга бүхий тайлбар, гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй.
Захиргааны акт гаргахаас татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайланд залруулга хийхээс татгалзсаныг хууль бус гэж үзэх, түүнчлэн тус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх, залруулга хийхийг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй байна. Тухайлбал шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.1 гэж байхгүй хуулийн зүйл заалт баримталсан нь буруу байх тул тус хэсгийг хасч, маргааны үйл баримтад хамаарах Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.1-т “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах” гэж заасан хуулийн зохицуулалт тус маргааныг шийдвэрлэхэд хамааралтай байх тул хуулийн тус зүйл, заалтыг шүүхийн шийдвэрт нэмж тусгасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.5.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-аас Дундговь аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 04 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Татварын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компаний залруулж гаргасан тайланг хүлээн авч Татварын цахим мэдээллийн систем, Татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Н.Ч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ