Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 296

 

 “Т” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны

улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Х.Батсүрэн,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Гийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0055538 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр  сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0231 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 337 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ныг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр  сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0231 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 5, 13.6 дугаар зүйлийн 5, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасныг тус тус баримтлан Т ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Гт холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Гийн 2019 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 0055538 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 337 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 231 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Т” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Давж заалдах шатны шүүх “Гомдол гаргагчийн “тухайн журмын дагуу бус арга хэлбэрээр буюу өөрийн авсан түүхий эдээ “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иар дамжуулан худалдсан худалдагч болгож...хуурамч арилжаанд оролцдог” гэх тайлбараас үзвэл тухайн компанийн экспортолсон бүтээгдэхүүнээ зохих журмын дагуу худалдан аваагүйг батлахаас гадна “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн арилжаа бодитоор явагддаггүй, тус компани нь хууль бус үйл ажиллагаа явуулдаг” гэх тайлбар нь гомдол гаргагчийн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж хуулийг буруутай тайлбарлан хэрэглэсэн.

4. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “биржийн арилжаанд оролцогч” гэж биржид бараа, түүхий эд арилжих зорилгоор бүртгүүлсэн, биржийн арилжаанд оролцох зөвшөөрөлтэй хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршоо, биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийг ойлгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль хэрэгжих гол амин сүнс нь “хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршоо” буюу өөрийн гэсэн хөрөнгөтэй, бараа, түүхий эдийг хадгалах агуулах, сав, тэдгээрийг ангилах, тордох чадавх бүхий хүний нөөцтэй хоршоо Монгол Улсын сум бүрт бий болж хөгжих явдал бөгөөд үүний дараа малчин, тариаланчин нар нь энэхүү хоршоогоор дамжуулан хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцох нөхцөл, орчин бүрдэхээр байдаг. Гэтэл ийм шаардлагыг хангах хоршоодууд манай улсад хөгжөөгүй, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК-ийн захирал Х.Баатарын өгсөн мэдүүлгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 20 орчим хоршоо байгаа гэсэн (“ХААБ” ТӨХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцсон тул нэг талыг баримталсан мэдүүлэг өгсөн байх магадлалтай. Иймд үүнээс ч цөөн бараг ийм чадавх, боломжтой хоршоо байхгүй ч байж мэднэ).

5. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс 41 дугээр хуудаст Ч.Э, Х.Б гишүүний асуултад “Ерөнхийдөө схем гарсан байгаа. Энэ дээр нэг талаас нь оролцогч нь хоршоо, нөгөө худалдан авагч талдаа бол худалдаачид буюу экспортлогчид, үйлдвэрлэгчид байх юм. Мөн тэр бааз нь юу байхав гэдэг дээр сумыг түшиглэсэн загвар хоршоод байх юм. Бид нар тооцож байгаагаар нэг суманд 3-5 байхад бол бололцооны юм гэсэн хоршооны тооны хувьд” гэж хариулж байсан байдаг.

6. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ХААБ-ийн бодит арилжаанд оролцож бараа, түүхий эд худалдаж авах нөхцөл, орчин бүрдээгүй байна. Үүнийг дараах нөхцөл байдлаас тодорхой харж болно. Одоогийн байдлаар манай улс 300,000 орчим малчинтай. Гэтэл “Т” ХХК-д ХААБ-ээр дамжуулан ноос, ноолуураа худалдсан хүмүүсийн мэдээллийг үзэхэд “Хаан тэлмэн” ХХК-ийн зуучилсан арилжаанд О.Б, М.Т, В.А, “С” ХХК-ийн зуучилсан арилжаанд Н.О, “М” ХХК-ийн зуучилсан арилжаанд худалдагчаар Д.С, Ц.Г, З.Э, “Х” ХХК-ийн зуучилсан арилжаанд А.М, “Ц” ХХК-ийн зуучилсан арилжаанд Д.С, “А” ХХК-ийн зуучилсан арилжаанд С.Т зэрэг иргэд худалдагчаар буюу ноос, ноолуур зарж байгаа гэдгээр удаа дараа тогтмол оролцсон байна. Үнэхээр ХААБ-ийн арилжаа бодитоор явагддаг байсан бол ноос, ноолуурын биржийн арилжаа ийм цөөн тооны хүмүүсийн хүрээнд явагдахгүй учиргүй.

7. Нэхэмжлэгчийн үйлдэл нь хуулийг биелүүлэхээс татгалзсан, хуулийг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл биш, харин ХААБ-ийн дүр үзүүлсэн, зохиомол арилжаанд оролцох, уг үйл ажиллагааг явуулахаас татгалзсан буюу хууль бус үйлдэл хийхээсээ татгалзсан үйлдэл байхад шүүхүүд үүнийг огт анхаарч үзэхгүй байна.

8. Хуулийн биелэлтийг хангаж ажиллах нь төрийн үүрэг. Гэтэл төрөөс Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль гэх энэ хууль нь бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа юм. Тодруулбал, бодит байдал дээр малчин, тариаланчдаас бүрдсэн хоршоо болон аж ахуйн нэгжүүдийн хооронд биржийн арилжаа хийгддэг орчин, нөхцөл бүрдсэн байгаа тохиолдолд аж ахуйн нэгжүүдийг биржээр дамжуулан бараа, түүхий эд худалдаж авсангүй гэж Зөрчлийн тухай хуульд заасныг хариуцлага хүлээлгэх учиртай. Гэтэл ийм нөхцөл бүрдээгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй буюу биржээр дамжуулан бараа, түүхий эд худалдан авах нөхцөл бүрдээгүй байхад аж ахуй нэгжүүдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

9. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0231 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 337 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

11. Гомдол гаргагч “Т” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0055538 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “...бодит байдал дээр биржээр дамжуулж ноос ноолуураа худалддаг малчин байхгүй. ... гэтэл аж ахуйн нэгжүүдийг биржийн харилцаанд оролцоогүй гэсэн үндэслэлээр торгож байгаа нь хууль бус...” гэж маргасан байна. 

12. Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 654 дүгээр шийдвэрийн дагуу нэмэлт ажиллагаа явуулж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0055538 дугаартай шийтгэлийн хуудсаар, “Т” ХХК-ийг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд болох ноос, ноолуурыг биржээр арилжаагүй экспортлосон зөрчил  гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д заасны дагуу 3 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, улсад учруулсан хохирол 2,926,695.70 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ. 

13. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 4.6-д “Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна” гэж тус тус заасан бол, Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, ...хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.

14. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03-2/3613 тоот албан бичиг болон бусад баримтаар гомдол гаргагч “Т” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 39 удаагийн гаалийн мэдүүлгээр 7,316,739,252.4 төгрөгийн үнэ бүхий 719,060 кг ноос, ноолуурыг Хөдөө аж ахуйн  биржээр арилжаалаагүй, улсын хилээр экспортод гаргасан зөрчил гаргасан нь тогтоогджээ, иймд улсын байцаагчаас, маргаан бүхий 055538 дугаартай шийтгэлийн хуудсаар 3 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

15. Харин маргаан бүхий шийтгэлийн хуудсаар, гомдол гаргагч компаниас улсад учруулсан хохиролд 2,926,695.70 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д заасанд нийцэхгүй байна гэж үзлээ. Хариуцагчаас, ...хохиролд 2,926,695.70 төгрөгийг гаргуулсан үндэслэлийг “...Брокерийн компаниудаас хөдөө аж ахуйн биржид төлөх шимтгэл гэж байдаг бөгөөд эвлэрлийн гэрээний хүрээнд 15 сая төгрөгийн асуудал яригдсан. Санхүүгийн зохицуулах хороонд 0.04 хувийн шимтгэлийг төлөх ёстой. Энэ шимтгэлийг төлөөгүй учраас үүний хохирол нь 2.926.695 төгрөг болно. ...хохирлын хувь, хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 126 дугаар тогтоол, мөн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12, 2016 оны 07 дугаар тогтоолд зааснаар тооцсон” гэж тайлбарлажээ.

16. Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны “Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-аас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” 126 дугаар тогтоол болон  “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Биржийн арилжааны шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг шинэчлэн батлах тухай” 2015 оны 12 дугаар тогтоол, 2016 оны 07 дугаар тогтоолуудаас үзэхэд, эдгээр эрхийн актуудаар Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-аас төвлөрүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, мөн байнгын гишүүний хураамж, арилжааны болон төлбөр тооцооны шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг тогтоосон байна. Иймд хариуцагчаас дээрх тогтоолуудын холбогдох заалтыг үндэслэн улсад учруулсан хохирлыг тооцон гаргуулсан нь хуульд нийцэхгүй тул шийтгэлийн хуудсаар хохиролд 2,926,695.70 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

17. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0231 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 337 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 5, 13.6 дугаар зүйлийн 5, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2019 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 0055538 дугаартай шийтгэлийн хуудасны “...улсад учруулсан хохирол 2,926,695.70 төгрөгийг гаргуулж” гэснийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Х.БАТСҮРЭН 

                                   ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА