Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 00004

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн Б.Батбаянгийн  нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт   холбогдох

            “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/55 дугаартай “Б.Батбаянг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг,  нэхэмжлэгч Б.Батбаян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар  нар оролцов.       

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Батбаян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 2011 онд сум хариуцсан мэргэжилтнээр томилогдон  ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд үр дүнтэй ажиллаж ирсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/55 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Биднийг ажлаас чөлөөлөх талаар мэдэгдээгүй, нэгэнт хөдөлмөрийн хуулийг үндэслэн ажлаас чөлөөлсөн бол 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байдаг. Энэ ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний ажиллаж байсан салбарын бүтэц өөрчлөгдөөгүй, орон тоо цөөрсөн. Хоёр байгууллага нэгдэж нийт 25 сум хариуцсан мэргэжилтнээс 15 мэргэжилтэн ажиллахаар орон тоо цөөрсөн байхад одоо 13 мэргэжилтэн ажилладаг. Биднийг ямар нэгэн шалгуургүйгээр ажлаас чөлөөлсөн. Иймээс Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/55 дугаартай                 тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэв.             

            Хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа:“ ...Нэг. Хөдөлмөрийн хуулийн 40.1.1, 40.1.2-д заасны дагуу 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх ёстой байсныг мөрдөөгүй гэсэн талаар: Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40.1.1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалтыг тодотгож хэрэглэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дугаар заалтад “Ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” гэж заасан, мэргэжилтэн Б.Баятбаян нь Төрийн жинхэнэ албан хаагч учир хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаггүй, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг, иймд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай заалт хамаарахгүй байгаа юм.   

            Хоёр. Орон тоо хасагдаагүй учир ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоох талаар: 2016 оны 07 сарын 21-ний өдөр батлагдсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулагдаж Засгийн газрын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус яамны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоож, 04 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг зохион байгуулж, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ½ албан тоотоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон зохион байгуулж, ажилтануудыг ажлаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан газарт цалингийн сангийн хамт шилжүүлэх албан даалгавар ирсний дагуу албан хаагчдыг шилжүүлсэн. 2016 онд Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 04 дүгээр сарын 26-ны өдөр А/53, Хөдөлмөрийн сайдын 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 тушаалаар нийгмийн халамжийн хэлтэс нь 16, хөдөлмөрийн хэлтэс нь 9 сум хариуцсан мэргэжилтэнтэй байхаар орон тоо батлагдаж бүтцийн өөрчлөлт хийгдэх үед Нийгмийн халамжийн хэлтэст 15, хөдөлмөрийн хэлтэст 10 нийт 25 сум хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байсан. Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тушаалаар сум хариуцсан 15 мэргэжилтэнтэй байхаар орон тоо батлагдаж ирснээр 10 сум хариуцсан мэргэжилтний тоо цөөрсөн.

            Гурав. Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож өгөх, нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах талаар: Байгууллагын орон тоо бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн шалтгаанаар Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн хуулийн зохих заалтуудыг зөрчилгүй Б.Батбаянг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг биелүүлэх боломжгүй байна.“ гэжээ.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагын бүтэц орон тоо цөөрсөн. Үүний дагуу орон тооны цомхотгол хийгдсэн. Энэ тушаалд баримталсан хуулийн заалтууд нь манайд орон тоо цөөрсөн гэдгийг харуулж байна. Орон тоо цөөрөх болсон талаар Х.Эрдэнэбат дарга хүн тус бүртэй нэг бүрчлэн уулзаж хэлсэн байдаг. Яагаад орон тооны цомхотголд орсон талаар танилцуулсан байх. Одоо 13 хүн ажиллаж байгаа боловч жирэмсэний амралттай хүний орон тоог хадгалж үлдэх ёстой байдаг. Үүний дагуу 2 орон тоо байгаа. Хүмүүс нь ажилдаа орох гээд өргөдлөө өгсөн. Иймээс манай байгууллага ахин хүн шинээр авах илүү орон тоо байхгүй учир ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байгааг анхаарна уу. Ажилд авлаа гэхэд өөр нэг хүнийг чөлөөлөх л асуудал гарах байх. Нийт 25 сум хариуцсан мэргэжилтнээс 15 мэргэжилтэнг сонгож авах талаар ямар нэгэн шалгуур хийгээгүй болно.“ гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б/55 дугаартай тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг анхаарч үзээгүй. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байсан 2 хэлтэс нийлж 25 сум хариуцсан мэргэжилтэнтэй байсан ба 15 болж цөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Энэ тал дээр хэргийн оролцогчид мэтгэлцдэггүй. Хамгийн гол нь 25 хүнээс 10 хүнийг цомхотголд оруулахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв орон тоо цөөрсөн бол үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар зэргийг нь харгалзан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон авах байсан. Х.Эрдэнэбат дарга Б.Батбаянд холбогдуулж тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заалтыг барьсан. Дээрх заалтууд бол ажлаас чөлөөлөх үндэслэлийг заасан заалтууд биш. Харин орон тоо цөөрсөн тохиолдолд ийм ийм эрх зүйн туслалцаа авч болно гэсэн заалтууд юм. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг энэ тушаалд хэрэглэсэн эсэх нь тушаалд орж ирээгүй. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Х.Эрдэнэбат 2016 оны 09 сарын 29-ний өдөр Б.Батбаянг гэнэт дуудаад чамайг ажлаас халлаа гэдэг нь дээрх ямар нэгэн сонгон шалгаруулалт явагдаагүйг нотлож байна. Б.Батбаян нь үр дүнгийн гэрээг 82.3 гэсэн оноотой дүгнүүлсэн. Түүнээс доогуур оноотой хүнийг ажилд томилсон тушаал гаргасан байдаг. 13 хүний тушаал орж ирсэн дундаж буюу үр дүнгийн гэрээгээр дүгнэж үзэхэд ажлын байрны туршлагагүй, 10 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байсан Оюунгэрэлийг сум хариуцсан мэргэжилтэнээр ажиллуулж байгаа гэх мэт туршлагагүй хүнийг ажилд үлдээсэн байдаг. 25 мэргэжилтэнээс 10 мэргэжилтэн чөлөөлөгдөх байснаас 14 ажилтан чөлөөлөгдсөн. Ажлын туршлага, үр дүн мөн ерөнхий болон тусгай шаардлагуудыг хангасан хүнийг шалгаруулах ажиллагааг явуулаагүй болох нь харагдаж байгаа юм. Б.Батбаянг ямар үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй. Энэ тушаал нь үндэслэлгүй юм.” гэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Батбаян “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/55 дугаартай “Б.Батбаянг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг  гаргасан. 

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаартай “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” тогтоолоор “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам” болгон өөрчилсөн байна. Мөн Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг байгуулж,  2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 дугаартай албан бичгийн дагуу /ХХ-25 дугаар хуудас/ Орхон аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар тус тус  2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б/36, Б/46  дугаартай тушаалуудаар бүх ажилчидаа Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэхээр шийдвэрлэхэд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст сум хариуцсан нийгмийн халамжийн 16 мэргэжилтэн, Хөдөлмөрийн хэлтэст суманд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан 9  мэргэжилтэн тус тус шилжсэн байна. Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог батлахдаа “Сум хариуцсан мэргэжилтэн”-г 15 байхаар баталсан ба 10 мэргэжилтэний орон тоо цөөрсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Б.Батбаян Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст сум хариуцсан халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан ба нэхэмжлэгчийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/55 дугаартай тушаалаар сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбат нэхэмжлэгч Б.Батбаянг ажлаас чөлөөлөх тухай дээрхи тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах” гэсэн 40 дүгээр зүйлийн 40.1.1 “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эхсүл ажилтны тоог цөөрүүлсэн”  гэж заасныг үндэслэл болгосон нь төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх байсныг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” гэж заасан учраас энэ заалтыг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохих заалтыг хэрэглэсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан хэдий ч төрийн албан хаагчийн чиг үүргээ хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-аар зохицуулсан  байна.

            Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэж  заасныг хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгч Б.Батбаянг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 25 сум хариуцсан мэргэжилтнүүдээс хуулинд заасны дагуу хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбат ажлын хэсэг томилон, дүгнэлт гаргуулан, дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан ажилтаныг сонгон шалгаруулж авах байсан. Гэтэл сум хариуцсан 25 мэргэжилтнийг дүгнэсэн, тэдгээрээс ямар шалгуураар 15 мэргэжилтэнг шалгаруулж, сонгон авсан нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байгаа нь дээрхи хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ. 

            Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга сум хариуцсан нийгмийн халамжийн 25 мэргэжилтнээс, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 15 сумын мэргэжилтэнг хуулинд заасны дагуу шалгаруулж авах байтал халамж хариуцсан мэргэжилтэн болох М.Оюунгэрэл, Д.Мөнхдэлгэр, Н.Долгормаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Г.Лхамсүрэн нарыг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр томилон ажилд авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан /2 дугаар ХХ-5, 9, 13 / баримтуудаар нотлогдож байна.

            Нэхэмжлэгч Б.Батбаян нь Монгол Улсын Их сургууль “Нийгмийн шинжлэх ухааны сургууль”-д “Нийгмийн ажилтан” мэргэжлээр баклаврын зэрэг эзэмшиж, 2014 онд “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах”, 2015 онд “Нийгмийн халамжийн үйлчилгээний мэдээллийн систем”-ийн  сургалтанд тус тус хамрагдаж  мэргэшлээ дээшлүүлж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдлоо.  

            Иймээс нэхэмжлэгч Б.Батбаянгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/55 дугаартай “Б.Батбаянг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батбаянгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбатын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/55 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Батбаянг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өмнө эрхэлж байсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр эгүүлэн тогтоосугай.

 

            2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Батбаянгийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 3 сар 15 хоногийн хугацааны цалин хөлс 2.017.341 /хоёр сая арван долоон мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгнөөс зохих татвар суутгалыг хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Б.Батбаянгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батбаянд олгосугай.

 

            4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.БОЛОРМАА