| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2026/00088/И |
| Дугаар | 307/ШШ2026/00610 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 307/ШШ2026/00610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, өөрийн байранд оршин байх, Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар ТБАГ /РД:9023143/,
Гуравдагч этгээд: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********** тоот хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* тоот хаягт оршин суух, Б******* овогт М*******ийн А******* /*******/,
М.А*******ийн эх байх эрх хасуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: К.Р*******,
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч: Б.Ч*******,
Гуравдагч этгээд: М.А*******,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: П.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М******* оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь М.А*******ийн эх байх эрхийг хасуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Гуравдагч этгээд М.А******* нь бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ********** тоот хаягт бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй, өөрийн гэсэн гэр оронгүй. Сүүлд Дархан сумын ********** тоотод айлын хашаанд, эрүүл ахуйн нөхцөл тааруу, дулаалгагүй, хүйтэн, тоггүй, хүүхэд амьдрах, сурч хөгжих орчин нөхцөл муу, 5 ханатай гэрт түр оршин сууж байсан.
М.А*******ийн өрхийн сарын дундаж орлого 910,000 төгрөг бөгөөд энэ нь өрх толгойлсон эхийн тэтгэмж, 5 хүүхдийн мөнгөн тэтгэмж, цалинтай ээжийн 50,000 төгрөгөөс бүрддэг.
А******* овогтой А******* нь 12 настай бөгөөд, ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд суралцдаг. 2024 онд ажлын 5 өдөр сургуулийнхаа дотуур байранд байрлаж, амралтын хоёр өдөр эхийнхээ эгчийн гэрт амьдардаг байсан бөгөөд 2025 онд эгчийнхээ хүүхдүүдтэй хамт амьдарч байна.
А******* овогтой Э 9 настай бөгөөд Улаанбаатар хотод нагаж эмээ Мөнхчимэгийн гэрт амьдардаг. Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 3а ангид сурдаг боловч энэ оны хичээлийн жилд 59 хувийн таслалттай, сургууль завсардсан байдалтай байна.
Мөн А******* овогтой А, А******* овогтой А, А******* овогтой А нар нь эх М.А*******тэйгээ хамт амьдардаг боловч А.А 6 настай, сургууль завсардсан, А.А 4 настай боловч цэцэрлэгт хамрагдаагүй, А.А 1 нас, 5 сартай боловч хоол тэжээлийн дутагдалтай байна.
М.А******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хүүхдүүдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлж, бага насны 3 хүүхдийг хараа хяналтгүй, хүйтэн, тог цахилгаангүй гэрт орхиж, хоол ундгүй байлгаж, өвлийн дулаан хувцсаар хангадаггүй, мөн хүүхдүүдийг усанд оруулж, хувцсыг нь угааж, ариун цэврийг нь хангахгүй, хүүхдүүдийн үсийг бөөстүүлж, үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж, хүүхдүүдийн эрхийг зөрчиж байна.
Манай байгууллагын зүгээс Дархан сумын 6, 7 дугаар багийн хамтарсан багуудтай хамтран хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, сүүлд Түр хамгаалах байр-нд 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн байрлуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдүүд хамгаалах байранд ирэхдээ хоол тэжээлийн дутагдалд орсон, турж эцсэн, даарч ядарсан байдалтай ирсэн тул Нэгдсэн эмнэлэг-ийн хүүхдийн эмчид холбон зуучилж, шаардлагатай оношилгоо, шинжилгээ хийлгэн эмийн болон эмийн бус эмчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул эх М.А*******т торгуулийн арга хэмжээ авч, мөн улсаас олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Цаашид хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдруулж, сурч боловсрох эрхийг хангаж, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс М.А*******ийн эх байх эрхийг хасаж, асран хамгаалагчийг тогтоолгох, шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
М.А*******ийн ах дүү, төрөл садныг судалж үзэхэд хүүхдүүдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх боломжтой төрөл садан олдоогүй бөгөөд Өнөр бүл хүүхдийн улсын асрамжийн халамжийн төв нь А******* овогтой А*******, А******* овогтой Э, А******* овогтой А, А******* овогтой А, А******* овогтой А нарыг төвдөө авч, асран хүмүүжүүлэх боломжтойг илэрхийлсэн.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг үндэслэн М.А*******ийн эх байх эрхийг хасаж, хүүхдүүдийг Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвд шилжүүлж өгнө үү гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.А******* болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хүү 12 настай А.А*******, 9 настай охин А.Э нар төрсөн ах Мын гэрт асрамжинд байж, сургуульдаа явж байгаа. Харин 6 настай А.А, 4 настай А.А, 1 нас, 5 сартай А.А нар нь Түр хамгаалах байр-нд байгаа.
М.А******* би Дархан-Уул аймагт Дархан сумын Баяндаваад хойд эцэг Балжиннямын хашаанд гэрт 3 бага хүүхэд болох 6 настай А.А, 4 настай А.А, 1 нас, 5 сартай А.Аын хамт амьдарч байхдаа нүүрс, түлээ олохоор яваад ирэхэд хүүхдүүдийг маань авч яваад хаалгыг нь уясан байсан.
Багийн ажилтнууд надтай таараад Хүүхдүүд чинь түр хамгаалах байранд байгаа гэж хэлсэн. Миний бие тухайн үед нүүрс, түлээнд явсан болохоос хүүхдээ хаяж яваагүй. Одоо би хүүхдүүдээ аваад хот орж, ээжийндээ амьдармаар байна. Бага 3 хүүхдийн аав Цгийн Г гэж хүн Улаанбаатар хотод Хархорин захын ард 26 дугаар байранд орцны жижүүр хийдэг. Ц.Г хүүхдээ хаяж явсан болохоос би хүүхдээ хаяагүй. Иймд эх байх эрхийг хасахыг зөвшөөрөхгүй гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, К.Р*******д төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, М.А*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Халамжийн нэгдсэн систем дэх А.Э, А.А*******, А.А, А.А, А.А нарын төрсний гэрчилгээний мэдээлэл, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 819 тоот албан бичиг, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 141 тоот албан бичиг, Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын харьяа Түр хамгаалах байр-нд А******* овогтой А, А, А нарын 16 хоногийн хамгааллын үйлчилгээ авч буй илтгэх хуудас, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхэд хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт, хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ, А.Атай хийсэн ярилцлагын тэмдэглэл, Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нарын хамтарсан кейс төлөвлөгөөний маягт, Холбон зуучлах үйлчилгээний илгээх хуудас, Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын харьяа Түр хамгаалах байр-нд М*******ийн А*******, охины хамт 1 хоногийн хамгааллын үйлчилгээ авсан тухай илтгэх хуудас, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 985 тоот тодорхойлолт, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 780 тоот албан бичиг, Дархан сумын 7 дугаар багийн хамтарсан багийн төлөвлөгөөт бус хурлын тэмдэглэл, Дархан сумын 6, 7 дугаар багийн хамтарсан багийн өргөтгөсөн хурлын тэмдэглэл, Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 786 тоот албан бичиг, нөхцөл байдлын үнэлгээ, Дархан сумын 6 дугаар багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Нийгмийн ажилтны илтгэх хуудас, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, А.А, А.А, А.А*******, А.Э, А.А нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн хүсэлт, Түр хамгаалах байрны үйлчлүүлэгчдэд 2026 оны 1 дүгээр сард эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай эмч Л.Дгийн тайлан ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийг шинжээчээр томилж, гуравдагч этгээд М.А*******ийг архины хамааралтай эсэхийг тогтоолгож, дүгнэлт гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын гаргасан М.А*******ийн эх байх эрхийг хасуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч М.А*******ийн эх байх эрхийг хасуулах тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: М.А******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хүүхдүүдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлж, бага насны 3 хүүхдийг хараа, хяналтгүй, хүйтэн, тог, цахилгаангүй гэрт орхиж, хоол ундгүй байлгаж, өвлийн дулаан хувцсаар хангахгүй, ариун цэврийг нь сахихгүй, хүүхдүүдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж, хүүхдийн эрхийг зөрчиж байгаа учраас М.А*******ийн эх байх эрхийг хасуулж, М.А*******ийн хүүхдүүд болох 12 настай А.А*******, 9 настай А.Э, 6 настай А.А, 4 настай А.А, 1 нас, 5 сартай А.А нарыг Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвд шилжүүлж өгнө үү гэв.
3. Гуравдагч этгээд М.А******* хүсэлтийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд: М.А******* нь хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч хүүхдүүдийг хараа хяналтгүй орхиж, эрхийг нь зөрчөөгүй. Нүүрс, түлээнд яваад ирэх хооронд багийн ажилтнууд хүүхдүүдийг маань Түр хамгаалах байр-нд хүргэсэн. Би хүүхдүүдээ хаяагүй тул эх байх эрхийг хасахыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Гуравдагч этгээд М.А******* нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүү А.А*******, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр охин А.Э, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүү А.А, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин А.А, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү А.А нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
4.2. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн магадлагаагаар М.А******* нь архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй, бага насны хүүхдүүд асрах чадамжгүй, цаашид М.А*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай болохыг тогтоожээ.
4.3. Гуравдагч этгээд М.А******* нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү М.А*******, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин А.Э нарыг эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байж чанартай хоол хүнс хэрэглэж, эрүүл саруул бойжих эрхийг нь зөрчиж, өөрийн асрамжинд байлгаж, асран хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин А.Э, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү А.А, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин А.А нарын сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмших эрхийг нь зөрчиж, насанд хүрээгүй охин А.А, А.А нарыг сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэгт хамруулаагүй, А.Э, А.А нарыг сургууль завсардуулж, сурч боловсрох, хөгжих эрхийг нь зөрчсөн, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү А.Аыг хоол тэжээлийн дутагдалд оруулж, насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийг зөрчсөн болох нь:
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 985 дугаартай ...М.А******* нь тус багийн Майхант хэсэг, 4 дүгээр гудамж, 42 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй, архины хамааралтай, хүү А.А*******, охин А.Э, хүү А.А, охин А.А, хүү А.А нарыг үл хайхрах байдалд удаа дараа оруулан асран хамгаалах, тэжээн тэтгэх, аюулгүй орчинд амьдруулах үүргээ биелүүлэхгүй байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх албан бичиг,
- Дархан сумын 6 дугаар багийн нийгмийн ажилтан П.Сгийн бичсэн Иргэн М.А*******ийн гэрт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цаг 45 минутад очиход нярай хүүхдийн шарлалт өндөр, эх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Амьдарч буй орчны нөхцөл нь хүйтэн, хоол хүнс, хүүхдийн хоол тэжээл, живхний дутагдалтай байсан. Уг нөхцөл байдалд үндэслэн хамтарсан багийн гишүүд яаралтай хуралдаж, шаардлагатай арга хэмжээг авч, нярайд зориулсан живх, НАН хүүхдийн тэжээл, мөн хоёр шуудай нүүрс, түлээний тусламж үзүүлэхийн зэрэгцээ хүүхэд эрсдэлтэй орчинд байсан тул хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, түр хамгаалах байранд байршуулсан. Улмаар 11 дүгээр сарын 12-ны өдөр М.А*******ийг хүүхдүүдийн хамт эх М*******т хүлээлгэн өгсөн гэх илтгэх хуудас,
- Дархан сумын 6 дугаар багийн хамтарсан багийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын Иргэн М.А******* нь өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн үзлэгийн эргэлтээр 2 удаа очиход нярай хүүхдээ харж асрахгүй, архи ууж, 11 хоногтой нярай хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэх аюул тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлд ...Бид очиж нөхцөл байдалтай танилцахад хүүхэд нь уйлаад, ээж нь согтуу, танхайрах үйлдэл гаргасан. Гэр нь утаатай, дөнгөж галлах гээд жаахан нүүрсээ асаахад мод нь багадаад их утаа гарсан юм байна. Яаралтайгаар түр хамгаалах байранд өгөх боломжгүй. Ээж нь согтуу учир маргааш өглөө эрт хамгаалах байранд хүлээлгэж өгье. А******* нь архины хамаарал бүхий иргэн тул нялх хүүхдээ харж, асрах чадваргүй учраас холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх шаардлагатай...Нярайн эмээ болох М******* нь архины хамааралтай, эх М.А******* нь мөн архины хамааралтай. 11 хоногтой нярай нь архи, тамхитай орчинд, үл хайхрах хүчирхийлэл дунд байгаа нь хамтарсан багийн гишүүдийн гол санаа зовоосон асуудал тул юун түрүүнд эхийг эрүүл болгож, түр хамгаалах байранд согтуурах, танхайрах байдлаас сэргийлж, өглөө эрт хүүхэдтэй нь хамт хүргэж өгөх шийдвэр гаргаж байна. гэх тэмдэглэл,
- Дархан сумын 6 дугаар багийн нийгмийн ажилтны хийсэн М.А******* нь 5 хүүхэдтэй. Өрх толгойлсон эхийн тэтгэмж авдаг. Хамтран амьдрагч Гтай салж, нийлсэн харилцаатай. Архины хамааралтай, хүүхдүүдээ харж, асардаггүй. Архи уусан үедээ догшин ширүүн зан төлөвтэй. Нялх хүүхэд өсгөхөд аюултай. Хүүхдүүд шилжилт, хөдөлгөөн зэргээс үүдэлтэй хичээлийн хоцрогдолтой. гэх нөхцөл байдлын үнэлгээ хийсэн тэмдэглэл,
- Дархан сумын 7 дугаар багийн хамтарсан багийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн төлөвлөгөөт бус хурлын ...Хамтарсан багийн эргүүл хяналт шалгалтаар гэрт нь очиход 3 нялх хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж, хоол ундгүй, гэрэл цахилгаан, түлээ нүүрсгүй, хүйтэн, хүүхэд өсөж хүмүүжүүлэх орчин бүрдээгүй, бохир заваан орчинд, хүүхдүүд улирлын хувцасгүй, бага хүү болох А.А нь доогуураа нүцгэн, 6 настай ахад нь хоёр дүүг нь орхин гарсан эрсдэлтэй байсан тул Цагдаагийн байгууллагаар эрсдэлийн үнэлгээ гаргуулан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч К.Р*******тай хамтран хүүхдүүдийг Түр хамгаалах байр-нд авч хамгаалалтад авсан... гэх тэмдэглэл,
- Дархан сумын 6, 7 дугаар багийн хамтарсан баг 2025 оны 12 дугаар сар 12-ны өдөр өргөтгөсөн хурал зохион байгуулж, М.А******* нь 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бага насны 3 хүүхдээ харах хүнгүй, хараа хяналтгүй орхиж явсан, архидан согтуурсан, хүүхдүүдээ аюултай, эрсдэлтэй нөхцөл байдалд үлдээсэн талаар хэлэлцэж, М.А*******ийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж, архины эмчилгээ хийлгэх, ар гэртэй нь дахин холбогдож, хүүхдүүдийн талаар ярилцах, сэтгэл зүйн үйлчилгээнд холбон зуучлах шийдвэр гаргасан талаарх хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
4.4. Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын гаргасан мэдээллийг хүүхдийн эрхийн улсын байцаагч хүлээн авч, шалгаад Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Баяндаваа хэсэг, 5 дугаар гудамжны 03 тооттод түр оршин суух М*******ийн А******* нь хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авсан болох нь эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудсаар тогтоогджээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж заасан бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т зааснаар шүүх хүний эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх асуудлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр хуульчилсан.
Хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй., Хүүхдийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.-т Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, сум, баг, хорооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно. гэж заасны дагуу М.А*******ийн эх байх эрх хасуулах тухай хүсэлт гаргах эрхтэй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно. гэж заажээ.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлтээр М.А******* нь архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй, бага насны хүүхдүүд асрах чадамжгүй, 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү М.А*******, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин А.Э нарыг өөрийн асрамжинд байлгаж, асран хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй, эцэг ,эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байж чанартай хоол хүнс хэрэглэж, эрүүл саруул бойжих эрхийг нь зөрчсөн, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин А.Э, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү А.А, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин А.А нарын сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмших эрхийг нь зөрчиж, насанд хүрээгүй охин А.Аг цэцэрлэгт хамруулаагүй, насанд хүрээгүй охин А.Э, хүү А.А нарыг сургууль завсардуулж, сурч боловсрох, хөгжих эрхийг нь зөрчсөн, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү А.Аыг хоол тэжээлийн дутагдалд оруулж, насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийг зөрчсөн болох нь тогтоогдсон.
М.А*******ийн хувьд хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх үүргээ удаа дараа биелүүлээгүй, архины хамааралтай болох нь тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасныг баримтлан түүний эх байх эрхийг хасах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөн гуравдагч этгээд М.А*******ийг эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй, Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Дархан сумын 7 дугаар багийн Засаг дарга, Дархан сумын 6, 7 дугаар багийн хамтарсан багийн зүгээс Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, 2024 оны 11 дүгээр сараас хойш гуравдагч этгээд М.А*******т шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлж, М.А*******т архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхийг сануулж, амлалт бичүүлж авч байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд үр дүн гараагүй, түүнчлэн гуравдагч этгээд М.А******* эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан аль ч нөхцөлд эх байх эрхээ сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрх нь нээлттэй хэвээр үлдэх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан эх байх эрхийг хязгаарлуулах арга хэмжээ авхуулах тухай саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
7. Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол уг хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох буюу, эсхүл түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ. гэж заасан.
Хэрэгт авагдсан А.А*******, А.А, А.А, А.Э, А.А нарын төрсний бүртгэлийн лавлагаанд хүүхдүүдийн эцгийн талаар мэдээлэл байхгүй, төрөл садан дотроос асран хамгаалах боломжтой этгээд тогтоогдоогүй тул хүүхдүүдийг "Өнөр бүл" хүүхдийн төвд шилжүүлэх нь тэдний ашиг сонирхолд нийцнэ гэж дүгнэлээ.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 135.2.12-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан М******* овогтой А******* /РД:МВ92010201/-ийн эх байх эрхийг хассугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.А******* /РД:/, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин А.Э /РД:/, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү А.А /РД:/, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин А.А /РД:/, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү А.А /РД:/ нарыг хүүхэд асран хүмүүжүүлэх улсын байгууллага болох Өнөр бүл хүүхдийн төвд шилжүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.2-т заасныг баримтлан хүүхдүүдийг асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, асран хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Бум-Очирт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ