Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 307/ШШ2026/00673

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* тоот хаягт оршин суух, В******* овогт Б*******ын У******* /РД:*******/-гийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Б.У*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Д******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.У******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажилласан. Архиваас тухайн байгууллагад ажлиллаж байсан талаарх баримтыг шүүлгэж үзэхэд баримт бичиг мэдэгдэхгүй, үг үсэг нь харагдахгүй, бүдэг, бичиг нь шаардлага хангахгүй байгаа тул 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн үйлчилгээний байцаагчийн тодорхойлолт, ******* дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 184 тоот лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1084 тоот лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 38 дугаар, 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаар, 1994 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаар, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаар, 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаар тушаалуудын хуулбар, 7 зургийг ирүүлсэн.

 

3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Гэрч Д.Б*******ээс мэдүүлэг авч, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч В******* овогт Б*******ын У******* /РД:*******/-ийн анх ХААТР-1, хаягийн хуудас №7 маягтад өөрийн мэргэжил, ажлыг хэрхэн тусгаж мэдүүлсэн талаарх холбогдох баримтыг,

Баянхонгор аймгийн Төрийн архиваас хүсэлт гаргагч Б.У*******гийн 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянцагаан сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсантай холбоотой Баянхонгор аймгийн Баянцагаан сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 38 дугаар, 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаар, 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаар, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаар, 1994 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар, 1994 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаар тушаалуудыг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч Б.У******* хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.Уртнсан би Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Тус хугацаанд ажиллаж байсныг нотлох баримтууд архивт хадгалагдаагүйгээс дээрх хугацаанд ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж тодорхойлов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заасан бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилжээ.

 

4. Хүсэлт гаргагч Б.У******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг оршин суугаа газрынхаа шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Хүсэлт гаргагч Б.У******* нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болох нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 38 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаар Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаар Арга хэмжээ авах тухай тушаал, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаар Анги удирдсан багш нар томилох тухай тушаал, 1994 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар Цалин тогтоох тухай тушаал, 1994 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаар Анги давхарлан заах тухай тушаал зэргээр тогтоогдож байна.

 

5.2. Мөн гэрч Д.Б******* ...Миний бие Д.Б******* нь 1983 оны 9 дүгээр сард Архангай аймгийн Багшийн сургуульд элсэж, 2 жил суралцаад 1985 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж 3 жилийн цэргийн алба хаасан. 1988 оны 6 дугаар сард халагдаад буцаад 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сургуульдаа суралцахад Б.У*******гийн ангид элсэж орсон. 1990 онд бид хамт сургуулиа төгсөөд 1990 оны 7 дугаар сарын 03-ны Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуульд бид хамт хуваарилагдан очиж хамт ажилласан. Б.У******* нь бага ангийн багшаар, би биеийн тамирын багшаар томилогдсон. Миний бие 1996 он хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 1996 оны 12 дугаар сард тус сургуулийн захирлаар томилогдоод 2001 оны 12 дугаар сард хүртэл ажилласан... гэж мэдүүлсэн.

 

6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаартай Журам батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам-ын 2.2.2 дахь заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам-ын 2.2, 2.3-т зааснаар даатгуулагчийн 1995 оноос өмнө ажилласан хугацааг тооцохдоо хөдөлмөрийн дэвтрийг үндэслэх бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт тухайн хүний овог, нэр, төрсөн он, эрхэлж байсан ажил, албан тушаал, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн он, сар, өдөр, дугаарыг засваргүй, үнэн зөв бичиж, гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулах шаардлыг хангаагүй тохиолдолд архивын лавлагаа эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэн тооцохоор заасан.

 

7. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 153 тоот албан бичгээр хүсэлт гаргагч Б.У*******г ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүй болох нь тогтоогдсон тул хүсэлт гаргагч Б.У*******гийн ажилласан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоох үндэслэлтэй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон гэрч Д.Б*******ийн мэдүүлгийг үндэслэн хүсэлт гаргагч Б.У*******г 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

Харин хүсэлт гаргагчийн 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажилласан байдлыг тогтоох баримтгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.У*******г 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажилласан байдлыг тогтоож, хүсэлтээс 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.У*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ