Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 307/ШШ2026/00702

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ********** тоот хаягт оршин суух М******* овогт П*******ийн Р******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ************ тоот хаягт оршин суух Б******* овогт Б*******ийн М******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 487,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Р******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П*******ийн Р******* нь Б******* овогтой М*******тай 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр NOVITA-SH620 загварын 1 ширхэг бидэ суултуурыг "Зээлээр худалдах худалдан авах гэрээ"-г харилцан тохиролцож, тус гэрээг байгуулсан.

Хариуцагч Б******* овогтой М******* нь тус гэрээгээр 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 153,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 200,000 төгрөг төлсөн. Үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 212,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байдаг.

"Зээлээр худалдах худалдан авах гэрээ"-ний 1.6 дахь "Гэрээний хугацаанд хүү 6 хувь байх" гэж заасны дагуу 1 сарын хүү нь 33,900 төгрөг бөгөөд гэрээний нийт үргэжлэх хугацаа нь 5 сарын төлбөр нь 169,500 төгрөг байна.

Б******* овогтой М******* нь "Зээлээр худалдах худалдан авах гэрээ"-гээр хүлээсэн үүргээ 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 335 хоног үүргээ биелүүлээгүй бөгөөд алданги нийт 335,100 төгрөг болж байгаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй...." гэж заасан. Иймээс "Зээлээр худалдах худалдан авах гэрээ"-ний алдангид 106,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

"Зээлээр худалдах худалдан авах гэрээ"-ний дагуу NOVITA-SH620 загварын 1 ширхэг бидэ суултуурыг хүлээн авч, суулгуулсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ зөрчиж, зохих ёсоор биелүүлэхгүй байна.

Иймд хариуцагч Б******* овогтой М*******гаас үндсэн төлбөр болох 212,000 төгрөг, хүү 169,500 төгрөг, алданги 106,000 төгрөг, нийт 487,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б******* овогтой М******* миний бие үлдэгдэл 212,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Тус шүүхэд П.Р*******ийн нэхэмжлэлтэй, Б.М*******д холбогдох иргэний хэрэгт шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр У.Төгсжаргал би оролцож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хусэлт гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага болох 487,500 төгрөгөөс татгалзаж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Р******* нь хариуцагч Б.М*******д холбогдуулан 487,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Б.М*******д холбогдуулан гаргасан 487,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчнь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Р******* нь хариуцагч Б.М*******д холбогдуулан гаргасан 487,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,275 төгрөгөөс 7,637.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,637.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Р*******ид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ