| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1368 |
| Огноо | 2018-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 1368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Д.Уянга,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Д холбогдох эрүүгийн 1806046361538 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, " ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Д.Д .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Алтан жолоо" группийн ХХК-ийн гадна талд иргэн Э.Ганболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Ганболдын мэдүүлэг /хх-7/, гэрч Г.Гандаваагийн мэдүүлэг /хх-16/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн №9549 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-10/, шүүгдэгч Д.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-29-30/, шүүгдэгч Д.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Алтан жолоо" группийн ХХК-ийн гадна талд иргэн Э.Ганболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Ганболдын өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө найз Тулгын хамт 2 цаг өнгөрч байхад 13 дугаар хороололд... очоод харих гэж явтал ...найз Д утас руу залгаад хаана, юу хийж байгааг асуухад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын түнел дээр найзуудтайгаа уулзаад байна гэхээр нь би такси бариад очъё ...гэж хэлтэл Д зөвшөөрсөн үл таних 3 найзынхаа хамт намайг хүлээж байсан. ...уулзаж байтал үл ялих зүйлээс болоод Д дүү нь хүнтэй маргалдаж хэрэлдээд бид нэг нэгнийхээ нүүрэн тус газар 2 удаа цохисон. ...тэгээд би Дөлгөөн дээр очоод чи намайг хүнтэй маргалдаж байхад яагаад ирж салгадаггүй юм бэ. ...бид маргалдсан чинь Д намайг ...нүүрэн тус газар 2 удаа цохисон, ...миний нүүрэн тус газар 3-4 удаа цохисон тэр үед миний хамарнаас цус гараад тогтохгүй доош тонгойж байхад хэн нь мэдэхгүй нэг нь миний хамран тус газар өшиглөсөн.” /хх-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Гандаваагийн өгсөн: “Д н машинаас бууж ирээд гэр хоёрыг салгах гэтэл Ганболд, Дөлгөөн хоёр муудалцаад Ганболд Дөлгөөний зүүн талын шанаа pyy 1 удаа цохисон. Дөлгөөн Ганболдын шанаа руу хэд хэдэн удаа цохисон. Тэгж цохиж байхдаа Ганболдын хамрыг гэмтээсэн.” /хх-16/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн №9549 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1 .Э.Ганболдын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-10/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Д яллагдагчаар өгсөн: “...Ганболд намайг заамдахад би бас Ганболдыг заамдаж би Ганболдын зүүн талын шанаа руу нь баруун гараараа 1 упаа цохисон. Зөрүүлээд Ганболд миний зүүн талын шанаа руу 1 удаа, зүүн талын нүдний дээд хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл манай найзууд машинаас бууж ирээд бид 2-ыг салгах гэж дундуур ороход би 2 салалгүй зодолдсоор байсан бөгөөд тэр хугацаанд би Ганболдыг 3 удаа цохихдоо хамар руу нь цохисон байсан. Тэгээд манай найз намайг Ганболдоос салгаад машинд суулгаад түгжсэн, машинд суугаад би машинаас буугаагүй.” /хх-29-30/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/,
Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн
эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Д.Д нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Алтан жолоо" группийн ХХК-ийн гадна талд иргэн Э.Ганболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Д.Дөлгөөнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Дөлгөөнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Д нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС