| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2306056920872 |
| Дугаар | 2026/ДШМ/301 |
| Огноо | 2026-03-13 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/301
2026 03 13 2026/ДШМ/301
З.Ш-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аззаяа,
цагаатгагдсан этгээд З.Ш-, түүний өмгөөлөгч Д.Цолмон,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2874 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аззаяа 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн З.Ш-д холбогдох 2306056920872 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн З-гийн Ш-, /РД: НЗ-/, ..........,
урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;
Шүүгдэгч З.Ш- нь 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд “Натур худалдааны төвийн хажууд баригдаж байгаа барилгаас бартераар зах зээлийн үнээс хямдхан байр авч өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Б-ыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 39,634,875 төгрөгийн үнэ бүхий Б- УНИ улсын дугаартай “Маzda СХ5” загварын, 42,630,000 төгрөгийн үнэ бүхий Б- УНС улсын дугаартай “Нуundai Santa FE” загварын тээврийн хэрэгслүүдийг, мөн 47,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны Б-0 тоот дансаар шилжүүлэн авч залилж, нийт 129,264,875 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Ш-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт З-гийн Ш-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, З.Ш-г цагаатгаж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Аззаяа эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж, 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заажээ.
Шүүхийн цагаатгах тогтоолд шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс ямар нотлох баримтууд шинжлэн судлуулсан талаар огт дурдаагүй, гагцхүү шүүх хэргийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтуудыг болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтуудын жагсаалтыг бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй байна. Шүүхээс цагаатгах тогтоол гарч буй тохиолдолд улсын яллагч яг ямар нотлох баримтуудыг үндсэн шүүгдэгчийг ялласан болох, шүүх тухайн нотлох баримт нэг бүрийг хэрхэн үнэлж, яллах нотолгоо болохгүй гэж үзсэн үндэслэлийнхээ талаар хууль зүйн үндэслэлтэй тайлбарласан байх учиртай бөгөөд энэ нь цагаатгах тогтоолтой танилцаж, уншсан хэн бүхэнд ойлгогдохоор байх нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэх нэг үндэслэл болно.
2. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан хохирогч Д.Б-, гэрч Б.Б-, Х.Б-, П.Г- нарын мэдүүлгүүд болон бичгийн бусад баримтуудаар З.Ш- нь П.Г-тай 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулан хамтарч ажиллаж байсан. Уг гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сард дууссан. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дахин бетон зуурмаг нийлүүлсний хөлсөнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 5 давхрын Г- тоот 61.8 мкв “Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, уг орон сууцыг Д.Б-т худалдана гэж Д.Б-аас 47.000.000 төгрөгийг бэлнээр, 82.264.875 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг авсан, З.Ш- нь бетон зуурмаг нийлүүлээгүйн улмаас уг гэрээ хүчин төгөлдөр болоогүй, П.Г- нь З.Ш-д дээрх орон сууцыг шилжүүлэн өгөөгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг.
Гэтэл анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хохирогч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн /өмнөх мэдүүлгээсээ буцсан/, гэрч Х.Б- нарын дан ганц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн цагаатгах тогтоол гаргасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж дүгнэж байна. Учир нь, шүүгдэгч З.Ш- нь хэрэг гарснаас хойш шүүх хурал болох хүртэл 2 жилийн хугацаанд хохирогчид учирсан хохирлыг барагдуулаагүй байсан ба харин шүүх хуралдаан болохоос хэд хоногийн өмнө хохирогчид байр өгөх тухай гэрээ хийж өгсөн, хохирогч, шүүгдэгч болон гэрч Х.Б- нар нь найзууд тул шүүгдэгчид ял завшуулах зорилгоор хохирогч, гэрч нар өмнөх мэдүүлгээсээ буцсан гэж дүгнэж байна. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, 4 000240 өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг. Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар хохирогчийн зөвшөөрлийн дагуу авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг. Дээрхээс дүгнэхэд З.Ш- нь “Г-” хотхонд гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлснээр гэрээ хэрэгжих, орон сууцыг өмчлөх, бусдад худалдан борлуулах боломжтой болоогүй байгаа бодит нөхцөлийг мэдсээр байж хохирогч Б.Б-т дээрх орон сууцыг “зах зээлийн үнээс хямд үнээр худалдана” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилан авсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхад шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзнэ. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд З.Ш-гийн өмгөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2874 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Прокурорын эсэргүүцэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг бүрэн гүйцэд шалгаагүй байна. Тухайлбал, гэрч Б-гөөс ердөө нэг удаа мэдүүлэг авч, зөвхөн Ш-гээс 42,500,000 төгрөг шилжүүлсэн шалтгааны талаар асуусан байдаг. Гэтэл шүүгдэгч Ш- нь удаа дараагийн мэдүүлэгтээ “Г-” ХХК нь өөр эх үүсвэрээс 100 хувийн бартерын нөхцөлөөр бетон зуурмаг авахаар болсон талаар Г-, Б- нар мэдэж байгаа тул шалгаж өгнө үү” гэж хүсэлт гаргасаар ирсэн. Өмгөөлөгчийн зүгээс ч энэ нөхцөл байдлыг шалгуулахаар прокурорын шат шатанд удаа дараа хүсэлт гаргасан боловч хангагдаагүй. Харин шүүх хуралдаанд гэрч Б-, хохирогч Б- нарыг оролцуулж, тухайн нөхцөл байдлыг тодруулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б- өмнөх мэдүүлгээсээ зөрсөн зүйл мэдүүлээгүй, харин өмнө нь асуугаагүй нөхцөл байдлыг тодруулсан. Мөн хохирогч Б- шүүхийн хэлэлцүүлэгт бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүгдэгчийн өмнөх мэдүүлгийг давхар нотолсон. Тодруулбал, Б- нь анхнаасаа орон сууцыг зах зээлийн үнээс хямд үнээр авах санал гаргасан бөгөөд Ш- түүнийг хуурч, итгэлийг эвдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хоёрдугаарт, прокурорын эсэргүүцэлд “шүүгдэгч нь хоёр жилийн хугацаанд хохирлыг барагдуулаагүй, шүүх хуралдааны өмнө гэрээ байгуулсан нь залилах гэмт хэргийн шинжтэй” гэж дурдсан нь бодит байдалтай нийцэхгүй. Хохирогч Б- 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр байрны урьдчилгаанд 42,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар шүүгдэгч Ш- нь 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 6 дугаар сарын хугацаанд нийт 74,250,000 төгрөгийг буцаан төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн үлдэгдэл төлбөрийн хувьд тээврийн хэрэгсэл санал болгосон боловч хохирогч зөвшөөрөөгүй нөхцөл байдал тогтоогддог. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар Ш- нь бетон зуурмаг нийлүүлж, бартерын журмаар орон сууц авах харилцаанд оролцож байсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь бусдын эд хөрөнгийг залилан авах санаа зорилго байгаагүйг илтгэнэ. Прокурорын “шүүгдэгч нь бодит нөхцөлийг мэдсээр байж хохирогчийг хуурч эд хөрөнгө авсан” гэх дүгнэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Харин талуудын хооронд үүссэн харилцаа нь гэрээний шинжтэй, иргэний эрх зүйн маргааны хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой асуудал байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2874 дугаартай цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, уг тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд З.Ш- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан саналыг дэмжиж байна. Нэмж хэлэхэд, хохирогч Б- нь 2023 онд орон сууц захиалгын гэрээ байгуулах үедээ “Г-” барилгатай өмнө нь ямар нэгэн харилцаагүй, мөн Г-, Б- нарыг таньдаггүй байсан мэтээр анх цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, уг мэдүүлгийн үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн байдаг. Гэвч бодит байдал дээр бидний хооронд өмнө нь харилцаа, хамтын ажиллагаа байсан, мөн бетон зуурмаг нийлүүлэлттэй холбоотой гэрээ, авлага тооцооны баримтууд байсныг удаа дараа тайлбарлаж, холбогдох баримтуудыг хавсарган өгсөн. Гэсэн хэдий ч дээрх нөхцөл байдлыг мөрдөн шалгах болон прокурорын шатанд бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй. Иймд прокурорын эсэргүүцэл нь нэг талын мэдүүлэгт тулгуурласан, бодит байдлыг бүрэн тусгаагүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул уг шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх, прокуророос З.Ш-д холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, З.Ш-г цагаатгаж шийдвэрлэсэн 2306056920872 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх прокурор Д.Аззаяагийн бичсэн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай” прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос, З.Ш-гийн “Натур худалдааны төвийн хажууд баригдаж байгаа барилгаас бартераар зах зээлийн үнээс хямдхан байр авч өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Д.Б-аас “Маzda СХ5” загварын, “Нуundai Santa FE” загварын тээврийн хэрэгслүүдийг, 47,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны Б-0 тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйлдлийг хохирогч Д.Б-, гэрч Б.Б-, Х.Б-, П.Г-, Б.Тэлмэн, Б.Санжаажав, Б.Галсандорж, иргэний нэхэмжлэгч Т.Мөрөнтуяа нарын мэдүүлгүүд, дансны хуулгууд, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтууд нотолж байгаа гэж яллах дүгнэлт үйлджээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг нь магадлах зэрэг аргуудыг хэрэглэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд ямар нэг эргэлзээ үүсэхгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн үед хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Анхан шатны шүүх, цагаатгах тогтоолд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг тус тогтоолын 2-10 дугаар талд бичиж, шинжлэн судалсан энэхүү баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож буй дүгнэлтээ 13-14 дүгээр талд бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангасан байх ба цагаатгах тогтоолыг ойлгоход ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж шинжлэн судласан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, анхан шатны шүүхийн сэргээн тогтоосон гэмт хэргийн шинжгүй үйл баримтыг буруутгах, гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хийсэн дүгнэлтийг өөрчлөх болон үгүйсгэх нөхцөл байдлыг тогтоосонгүй.
З.Ш-д холбогдуулсан хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгаж тодруулсан, мөрдөгч, прокурор, шүүхээс явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байхгүй байна.
Д.Б-ын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би тухайн барилгад бетон нийлүүлэхээр болсон. Та надаас баригдаж байгаа үнээс нь хямдхан авах уу гэж асуухад нь би зөвшөөрөөд8 2 өрөө 62 мкв байр авъя. Нэг мкв-ыг 3.600.000 төгрөгөөр би авахаар тохирсон...” /1-р хх-ийн 22/,
З.Ш-гийн сэжигтнээр мэдүүлсэн “...2022 онд иргэн Г-ын эзэмшлийн компанитай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ хийсэн. Гэрээнд зааснаар нийлүүлж буй бетон зуурмагийн 50 хувийг бэлэн мөнгөөр авах, 50 хувийг баригдаж байгаа орон сууцнаас авах нөхцөлтэй байсан. Тухайн хүнтэй гэрээтэй гэдгийг Б- ах мэдэж байсан бөгөөд надад “Чи ахдаа тэр бетон нийлүүлж байгаа байрнаасаа хямдхан нэг байр аваад өгчих” гэж санал тавьсан. Би чамд 2 машин, бэлнээр 50 сая төгрөг өгье гэхээр нь Г- гэх хүн дээр орж орон сууц захиалгын гэрээ хийе, би худалдаад бетон зуурмагийн материалаа бэлдье гэхэд зөвшөөрөөд...” гэж мэдүүлсэн байх ба уг мэдүүлэг нь:
2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн м22/02 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ” /1-р хх-ийн 30-33/:
“...2.5. Бетон зуурмагийн марк, нэгж, үнийг дараах байдлаар харилцан тохирлцов.
Бетоны үнэ.
| № | Бетон зуурмагийн марк | Хэмжих нэгж | Тоо хэмжээ | Нэгж үнэ | Нийт үнэ |
| 1 | БМ-200 | М3 | 142.00 | 163,000 | 23,146,000 |
| 2 | БМ-350 | М3 | 8,950.00 | 195,000 | 1,745,250,000 |
|
|
|
| 9,092.00 |
| 1,768,396,000 |
... Бартерийн талбай – орон сууц /энэхүү гэрээнд тусгагдсан төлөөс нь/
| № | Талбай | Хэмжих нэгж | Тоо хэмжээ | Нэгж үнэ | Нийт үнэ |
| 1 | 7-р давхар | М2 | 245.61 | 3,600,000 | 884,198,000 |
2.6. Бетоны төлбөрийг цутгалт авсан үе тус бүрдээ бетоны төлбөрийн 50%-ийг бэлэн мөнгөөр төлнө. Үлдэгдэл 50% төлбөрийг гэрээний 2.5-д заасан бартерийн төлбөрөөр төлсөн гэж үзнэ. ...”,
2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 20230405/Г- дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” /1-р хх-ийн 34-40/ ,
гэрч П.Г-ын “...1 жил орчмын дараа Ш- надтай уулзаж бетон зуурмаг нийлүүлье орон сууц захиалгын гэрээ хийгээд өгөөч гэхэд нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг хийж өгсөн. Бид хоёр хоорондоо ярилцаж тохиролцохдоо бетон зуурмаг нийлүүлсэн тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр талаар ярилцсан ба гэрээн дээр энэ талаар тусгаж оруулсан зүйл байхгүй. ...” /2-р хх-ийн 20/,
гэрч Х.Б-гийн “...Надтай өмнө хамтарч ажиллаж байсан Г-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан талаар бол сонсож байсан...” /2-р хх-ийн 10/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх ба
хохирогч Д.Б-ын анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Г- 1 м.кв нь 4 сая төгрөгөөр зарж байсан. Ш- 3,600,000 төгрөгөөр зарж байсан тул би охиндоо авч өгье гэж санал тавьсан. ...” гэсэн мэдүүлэгтэй /2 хх 204/ тохирч байна.
Иймд давж заалдах шатны шүүх,
2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн м22/02 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ”-гээр Г.Ш-гийн Натур худалдааны төвийн хажууд, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны барилгад бетон нийлүүлэхээр 2022 гэрээ байгуулсан байсан нөхцөл байдал,
хэрэгт хохирогчоор тогтоосон Д.Б-ын хүсэлтээр П.Г-тай хийсэн байсан 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн м22/02 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ”-ний 2.5, 2.6 дахь нөхцөлөөр тохирсон бартер болох “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан нөхцөл байдал,
бетон зуурмаг нийлүүлснээр тус нийлүүлсэн бетон зуурмагийн үнийн төлбөрт өгөх “Г-” хотхоны 5 давхрын Г- тоот 61.8 мкв орон сууц З.Ш-гийн өмчлөлд шилжих” нөхцөл байдал үүсэх болох нь тус тус тогтоогдож байна.
Бетон зуурмаг нийлүүлэх нөхцөл байдал П.Г-ын хүсэл З-с шалтгаантайгаар үүссэн болох нь шүүгдэгч З.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б- ахад орон сууц захиалан бариулах гэрээг шилжүүлж өгөх гэхэд давхарыг дээш болгож солиулаад өгөөч гэж аваагүй ба Г- ахтай уулзахад дээш болгох боломжгүй гэж хэлсэн. Тэгээд Г- ахад бетон зуурмаг нийлүүлэх гэсэн боловч өөр хүнээс 100 хувь бартераар бетон зуурмаг авахаар болсон гэсэн болохоор бетон зуурмаг нийлүүлж орон сууц захиалан бариулах гэрээг Б- ахын нэр дээр шилжүүлж өгч чадахгүй байдал үүсэж, хохирол төлбөрийг барагдуулж эхэлсэн...” /1-р хх-ийн 71-72/ гэх мэдүүлэг,
уг мэдүүлгийг нотолж буй гэрч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надтай хамтарч ажиллаж байсан Г-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан талаар бол сонсож байсан ба ямар нөхцөлтэй гэрээ байгуулж, цуцалсан талаар бол мэдэхгүй байна. ...” /2-р хх-ийн 10/, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...600,000,000 төгрөгийн зуурмаг нийлүүлсэн. Г- гэх хүнтэй хамтарч төсөл хэрэгжүүлэхэд З.Ш- гэх хүн 50 хувь бэлэн мөнгө, 50 хувь бартер гээд санал тавьсан. Г-ад хэлээд З.Ш-тэй Голден блаке компани дээр гэрээ хийчих, 50 хувийг нь барьж байгаа төслийн байрнаас 50 хувийг бэлэн өгье гэсэн. Тэгэхээр нь Г- Г- компани дээр захиалгын гэрээ хийж өгсөн. Г- явцын дунд болъё, 600,000,000 төгрөгөөр нийлүүлсэн байна, 100 хувийн бартерын компани олчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч З.Ш-гийн үйлдэлд “бусдыг төөрөгдөлд оруулж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Д.Б-ын эд хөрөнгийг авсан” гэх сэдэлт, санаа зорилго дээрх байдлаар үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн хийсэн “...З.Ш-, П.Г-, Х.Б- нар нь ажил хэргийн хувьд холбоо хамааралтай болохыг Д.Б- мэдэж байсан байх бөгөөд хуурах, мэхлэх санаа сэдэл зорилго тэдний мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. ...” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, З.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, З.Ш-г цагаатгасан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасанд нийцсэн бөгөөд шүүх дээрх хууль зүйн үндэслэлд тулгуурлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар З.Ш-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд прокурор Д.Аззаяагийн бичсэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2874 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Аззаяагийн бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ