Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01253

 

 

 

 

...-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/00786 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...-д холбогдох илүү төлсөн хөлс, торгууль нийт 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Жардэйн 102 дугаар байр 202 тоотод байрлах ...-гийн өмчлөлийн 129,34 м.кв 3 өрөө орон сууц болон автозогсоолын хамт 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ, түрээсийн гэрээг тус тус байгуулан нэг сарын 1,700,000 төгрөг болон 300,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай хөлслөхөөр тохиролцсон. Түрээсийн урьдчилгаа төлбөр болох 500,000 төгрөгийг 2021 оы 01 дүгээр сарын 01-ний өдөр, үлдэгдэл 23,500,000 төгрөгийг гэрээ байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Голомт банк ХХК дахь ...-гийн данс руу шилжүүлсэн. Гэрээний 3.1-д заасан хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2021 оны 11 дүгээр сараас орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцнаас гарсан. Гэрээний 6.1-д заасны дагуу хөлслүүлэгч тал гэрээг цуцалсан тул гэрээгээр тохиролцсон торгууль 4,000,000 төгрөг, орон сууцанд амьдраагүй хугацаа болох 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд илүү төлсөн 4,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Б.Энхтуяа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,000,000 төгрөг төлсөн. Иймд илүү төлсөн 2,000,000 төгрөг, торгууль 4,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...- нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Жардэйн 102 байр, 202 тоот, 129,34 м.кв, 3 өрөө орон сууц болошн автозогсоолыг ...-д нэг жилийн хугацаатай хөлслөхөөр гэрээ байгуулсан. Орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн. Гэрээний хөлс төлсөн талаар маргахгүй. Гэрээний 5.4-д зааснаар хөлслүүлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг сунгах эсэх, төлбөр нэмэгдэж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Мөн гэрээнд аль нэг тал цуцлах санал гаргасан бол нөгөө талдаа торгууль төлөхөөр заасан. Гэтэл хэн аль нь цуцлах талаар санал гаргаагүй. Тухайн орон сууцыг хэрхэн ашиглаж байгаад хөлслөгчийн хувьд хяналт тавих гэтэл оруулахгүй, үзүүлээгүйгээс арга буюу цоожны голыг сольсон. Түрээсийн хугацааны үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Түрээслэгчтэй харилцан тохиролцсон, орон сууц хөлслөх түрээсийн гэрээг дангаар цуцлаагүй. Мөн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус. Түүнчлэн, нэхэмжлэгч нар орон сууцны ашиглалтын төлбөрөө төлөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар ...-гаас 1,333,333 төгрөг гаргуулж ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,666,667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36,283 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хөлслүүлэгч тал хугацаанаас өмнө гэрээнээс татгалзсан гэж зөв дүгнэсэн атлаа талуудын гэрээний тохиролцоо нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан. Иргэний хуульд гэрээг тайлбарлахдаа үгийн утгыг шууд анхаарна гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэр үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасан зардал гараагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс торгууль 4,000,000 төгрөгийн нэхэмжилсэн талаар үндэслэлтэй дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ...- нь хариуцагч ...-д холбогдуулан гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбоотой орон сууцыг хөлслөөгүй хугацааны төлсөн хөлс 2,000,000 төгрөг, гэрээг хугацаанаас өмнө цуцалсны торгууль 4,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... нэхэмжлэгчийн буруугаас орон сууц хөлслөх гэрээг цуцалсан, мөн ашиглалтын зардал төлөөгүй... гэж маргажээ.

 

1.б. Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 0010 дугаартай Орон сууц хөлслөх болон 0011 дугаартай түрээсийн гэрээ тус тус байгуулагдаж, эдгээр гэрээгээр хөлслүүлэгч ...- нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Зайсангийн тойруу гудамж, Жардейн 102 дугаар байр, 202 тоот хаягт байрлах 129,34 м.кв 3 өрөө орон сууцыг нэг сарын 1,700,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах зоорийн давхрын 8 тоот, 18 м.кв автозогсоолыг 300,000 төгрөгөөр хөлслөгч ...-д 1 жилийн хугацаатай хөлслөхөөр, хөлслөгч нь орон сууц болон автозогсоолыг хөлсөлсний төлбөрт нийт 24,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна. (1 хав-3-6-х)

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хөлслөгч ...- нь дээрх орон сууц болон автозогсоолыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хөлсөлсөн болон түрээсийн төлбөрт 24,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно. Талууд орон сууц болон автозогсоолыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар хөлслөхөөр тохиролцсон боловч хөлслүүлэгч ...- орон сууцны хаалганы цоожны гол сольж 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс гэрээг хөлслүүлэгч тал цуцалсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

1.в. Хариуцагч нь ... тухайн орон сууцыг хэрхэн ашиглаж байгаа хяналт тавих гэхэд оруулаагүй тул цоожны голыг сольсон, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэх болон орон сууцны эзэмшил ашиглалтад хөлслүүлэгчийн зүгээс хяналт тавих үндэслэл бий болсон.... талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон баримтыг гаргаагүй тул энэ талаарх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч орон сууц хөлслөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавигдаагүй байхаас гадна нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг амьдрах зориулалтаар хөлсөлсөн байх тул гэрээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Талууд гэрээний 4.7-т Хөлслүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслөгч талд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан ба хөлслүүлэгч ...- нь орон сууц хөлслөх гэрээг цуцлахаар хөлслөгч ...-д мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан. Мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.6 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргаагүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд орон сууц хөлслөх гэрээг цуцлагдсан нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх үндэслэлгүй болно.

 

1.г. Нэхэмжлэгч ...- нь хариуцагч ...-гийн өмчлөлийн орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 10 сар, 10 хоног хөлсөлсөн хугацааны төлбөр 20,666,667 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгчийн төлсөн 24,000,000 төгрөгөөс орон сууцны хөлс 20,666,667 төгрөгийг хасахад 3,333,333 төгрөгийг илүү төлсөн, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэгдэл 1,333,333 төгрөгийг буцаан төлөх талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

1.д. Талууд гэрээний 6.1-д ... гэрээг талуудын аль нэг тал цуцлах санал гаргасан тохиолдолд цуцлах санал гаргасан тал 4,000,000 төгрөгийн торгууль төлнө... гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасантай нийцсэн байхад анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол шаардах эрхийн талаар болон мөн хуулийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд тооцох асуудлаар тус тус дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ. Тодруулбал, анзыг гэрээг цуцалсантай холбоотой хохиролд хамааруулж дүгнэсэн нь буруу байна.

 

Гэрээний 6.1-д заасан анзын тохиролцооны агуулгаас үзвэл талууд нөгөө талын үүргээ зөрчсөн буруу байхгүй тохиолдолд гэрээ цуцлахад хүргэсэн буруутай тал хариуцлага хүлээх, үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзахгүй байх үүргийн биелэлтийг хангах зорилготой гэж үзэхээр байна.

 

...- нь ...-д урьдчилан мэдэгдэлгүй орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалсан /цоожны гол сольсон/ үйлдэл гаргасан нь тогтоогдсон тул гэрээний 6.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар торгууль 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч ...- нь уг орон сууц болон автозогсоолыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хөлсөлсөн, гэрээний дийлэнх хугацаа хэрэгжсэн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар 4,000,000 төгрөгийн торгуулийг 50 хувиар бууруулж 2,000,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж хариуцагч ...-гаас нийт 3,333,333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/00786 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.8, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...-гаас 3,333,333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,666,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...36,283... гэснийг ...68,283... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ