Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2026/00750

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ************ тоот хаягт оршин суух, Т******* овогт Н*******гийн Б******* /РД:*******/-ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Н.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1987 оны 9 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар бригадад барилгачнаар ажилласан. Архиваас ажиллаж байсан жилээ шүүлгэж үзэхэд огт баримт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил маань хүрэхгүй байгаа тул 1987 оны 9 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн үйлчилгээний байцаагчийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11/33 тоот албан бичиг, хүсэлт гаргагч Н.Бат-Эрдэнийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багт барилгын ажил хийж байсан Н.Бат-Эрдэнийн 1987-1988 оны цалингийн лавлагаа ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч Т******* овогт Н*******гийн Б******* /РД:*******/-ийн анх ХААТР-1, хаягийн хуудас №7 маягтад өөрийн мэргэжил, ажлыг хэрхэн тусгаж мэдүүлсэн талаарх холбогдох баримтыг гаргуулж, Б.Б*******, О.Г******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Н.Б******* нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хүсэлт гаргагч Н.Б******* нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар бригадад 1987 оны 9 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан боловч архивт тушаал хадгалагдаагүй. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тухайн хугацаанд ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа учраас 1987 оны 9 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж тодорхойлов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заасан бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилжээ.

 

4. Хүсэлт гаргагч Н.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг оршин суугаа газрынхаа шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч Н.Б******* нь 1987 оны 9 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар бригадад барилгачнаар ажилласан болох нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Цэцэрлэг сумын 5 дугаар багт барилгын ажил хийж байсан Н*******гийн Бат-Эрдэнийн 1987-1988 оны цалингийн лавлагаа дахь 1987 оны 9 сараас 1988 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд цалин хөлс олгосон бичилт, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт дахь Н*******гийн Б******* 1988 оноос Энх-Амьдрал нэгдэлд барилгачнаар ажиллаж байгаа гэх бичилт, гэрч О.Г*******ын ...Миний бие О.Г******* нь 1983-1986 онд Зүүнбаянгийн 169 дүгээр цэргийн ангид алба хаагаад халагдаж ирээд Хөвсгөлд аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар бригадад малчин, тракторчнаар ажиллаж байсан. 1992 он хүртэл ажиллаж байгаад хөдөө гарсан. Н.Б******* нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар бригадад 1988 онд барилгачнаар ажиллаад 1989 онд аймгийн төв рүү явсан. Сар, өдрийг нь сайн санахгүй байна. Бид найзууд хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар бригадад ажиллаж байсан. Тухайн үед бригадын дарга н.Х******* гэж хүн байсан... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

6. Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч тус бүрээр төлж эхэлсэн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дүгээр хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаартай Журам батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам-ын 2.2.2 дахь заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам-ын 2.2 дахь заалтуудад тус тус зааснаар даатгуулагчийн 1995 оноос өмнө ажилласан хугацааг тооцохдоо хөдөлмөрийн дэвтрийг үндэслэх бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт тухайн хүний овог, нэр, төрсөн он, эрхэлж байсан ажил, албан тушаал, ажилд орсон, ажлаас ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн он, сар, өдөр, дугаарыг засваргүй, үнэн зөв бичиж, гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулах шаардлагыг хангаагүй тохиолдолд архивын лавлагаа эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэн тооцохоор заасан байна.

 

Хөвсгөл аймгийн Төрийн архивын сан хөмрөгт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын АДХГЗ-ны 1987-1988 оны захирамж шүүж үзэхэд Н.Бат-Эрдэнийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал хадгалагдаагүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11/33 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн хүсэлт гаргагч Н.Бат-Эрдэнийг 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар бригадад барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Т******* овогт Н*******гийн Б******* /РД:*******/-ийг 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар бригадад барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ