Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/302

 

2026            03            13                                                                       2026/ДШМ/302

 

Л.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Г.Бат-Оргил,

шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2309 03063 1462 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Х- овгийн Л-ын Б- /РД: ШЛ-/, ........, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Л.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Германы элчин сайдын яамны орчим тус улсад ажиллаж амьдардаг Д.О-ээс эгч Д.Г-д шилжүүлсэн 1000 еврог дамжуулан өгнө гэж итгүүлэн өөрийн дансаар авч залилж, 3,390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Х- овгийн Л-ын Б-ийг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн дзх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий бопсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-т шүүхээс оногдуулсан ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Б- нь шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Б-ээс 1,440,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Г-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тэтгэврийн мөнгөөр амьдардаг, одоо тэтгэврийн зээлтэй байна. Би хүргэлтийн ажил хийдэг бөгөөд автобусаар явдаг юм. Энэ байдлыг минь харгалзан үзэж, торгох ял шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолоор Л.Б-т 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн. Шүүгдэгч нь тухайн үед бодит амьдралын хүндрэлтэй нөхцөл байдалд байсан. Тэрээр Германд олон жил амьдарч байгаад эх орондоо ирсэн бөгөөд энэ хугацаанд ойрын төрөл садан нас барсан зэрэг хүнд нөхцөл байдал үүссэн байсан. Тэрээр тэтгэврийн орлогоос өөрөөр ач охиноо хардаг ба охины эцэг, эх түүнд сар бүр 1,500,000 төгрөг тогтмол өгдөг. Тухайлбал, 12 настай зээ охиноо харж, асран хамгаалдаг бөгөөд тухайн хүүхэд нь астма өвчтэй тул тогтмол эмчилгээ, асаргаа шаарддаг. Өмнө нь шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгч нь өмгөөлөгчгүй, эрх зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас өөрийн бодит амьдралын нөхцөл байдлыг бүрэн илэрхийлж чадаагүй. Тиймээс шүүгдэгчийг тодорхой хэмжээний орлоготой нөхцөлд торгуулийн ял оногдуулах нь илүү зохистой гэж үзэж байна. Харин хорих ял оногдуулсан тохиолдолд асран хамгаалж буй хүүхдийн эрх ашиг ноцтойгоор хөндөгдөх нөхцөл байдал үүсэхээр байна. Түүнчлэн, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, буруугаа ухамсарласан, хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хуульд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулах торгуулийн ял нь 450 нэгжээс 1000 нэгж хүртэл байхаар хуульчилсан бөгөөд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хамгийн доод хэмжээгээр буюу 450 нэгжийн торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл, гэмшил, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэсэн үндэслэлээр түүний гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.

Прокурор Г.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, залилах гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр суурьтай оролцсон. Харин давж заалдах гомдолд дурдсан ар гэрийн нөхцөл байдлын талаарх тайлбар нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл ялыг өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хэрэг үйлдэгдсэн хугацаа болон хохирол барагдуулсан байдлыг харгалзан үзсэн үндэслэлтэй шийдвэр болсон. Тодруулбал, уг гэмт хэрэг нь 2022 онд үйлдэгдсэн байхад шийтгэх тогтоол 2026 онд гарсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч хохирогчид учруулсан хохирлыг төлөөгүй байсан. Иймд торгуулийн ял оногдуулах нь зохимжгүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол нь заавал биелэгдэх шинжтэй байх ёстой. Гэтэл шүүгдэгчийн хувийн байдал, эдийн засгийн нөхцөлийг харгалзан үзвэл торгуулийн ял нь бодитоор биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдал, шүүгдэгчийн хувийн нөхцөл байдал, хохирол төлбөрийн байдал зэргийг цогцоор нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Шүүгдэгч Л.Б-т холбогдох 2309 03063 1462 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Шүүгдэгч Л.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Германы элчин сайдын яамны орчим тус улсад ажиллаж амьдардаг Д.О-ээс эгч Д.Г-д шилжүүлсэн 1000 еврог дамжуулан өгнө гэж итгүүлэн өөрийн дансаар авч залилж, 3,390,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

иргэн Д.Г-ээс цагдаагийн байгууллагад 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан “...2022 оны 10 дугаар сард ХБНГУ-д оршин суугаа миний охин Б.Ц-иас 1000 евро ирэх байсныг миний төрсөн дүү Д.О-ийн танил Б- гэгч эмэгтэй наана чинь байгаа дүү А-т евро хэрэгтэй байгаа тул өгөөд, А- төгрөгөөр нь өгнө гэсэн үгэнд итгэн шилжүүлсэн 1000 еврог Б-ийн Хаан банкны 5А-4 тоот дансанд 3,390,000 төгрөг болгож шилжүүлсэн. Б- залилан өнөөг хүртэл хохироож байгааг шалгаж өгнө үү. ...” гэсэн өргөдөл /хх-ийн 28/, “8А- дугаараас 11 дүгээр сарын 14-ний өдөр “hi 3390000 tug ym baina shuu” гэж мэссеж” -ийн баримт /хх-ийн 29/,

хохирогч Д.Г-ийн: “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б- гэх хүний данс руу 1000 еврог шилжүүлсэн бөгөөд Б- гэх хүн нь тухайн мөнгийг надад өгөлгүй өдийг хүрсэн. Б- гэх хүнтэй холбогдож утсаар ярихад 2023 оны хавар надад 500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2,890,000 төгрөгийг авъя гэхэд би Германаас бараа бүтээгдэхүүн оруулж ирж зарж байгаа, хүнээс авлагатай гэх зэргээр ярьсаар одоо миний утсыг авахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 35, 39/,

гэрч С.А-ийн “...Германд амьдардаг хүмүүс Монгол дахь ар гэр рүүгээ мөнгө явуулах үед миний данс руу шилжүүлдэг. Би тэрийг нь хэлсэн данс руу шилжүүлж, эсвэл хүргэж өгдөг байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/, С.А-ийн эзэмшлийн Хаан банкны 5А-9 тоот данснаас Л.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5А-4 тоот данс руу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “1000 евро герман” гэсэн утгаар 3,390,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн дансны хуулга /хх-ийн 30, 69/,

Л.Б-ээс гаргаж өгсөн “эмчилгээний мөнгө” гэсэн утгаар 1,500,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга 6 хуудас /хх-ийн 133-139/,

Д.Г-д 1950,000 төгрөгийг Л.Б-ээс төлсөн болох төлбөрийн жагсаалт /хх-ийн 132/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

2. Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн Л.Б-ийн үйлдсэн үйдлийн талаар хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.   Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялаас шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй нөхцөл байдал, түүний 66 настай хувийн байдал зэрэг бүхий л нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон 6 сарын хугацаагаар оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4. Шүүгдэгч Л.Б- нь “...зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилсан.

Л.Б- шийтгэх тогтоолоор заасан 1,440,000 төгрөгийг хохирогч Д.Г-д төлж барагдуулсан баримтаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба шүүгдэгч Л.Б-ийн 66 настай ганцаараа амьдардаг хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй нөхцөл байдал, хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн зүйл, хэсэгт заасан торгох ял болгон хөнгөрүүлж, торгох ялыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг төлөх хугацааг шүүхээс тогтоох ба шүүгдэгч Л.Б-ийн ганцаараа амьдардаг, өндөр насны тэтгэвэр авдаг, орон сууц түрээслэн амьдардаг хувийн байдлыг харгалзан  оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолын: 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 500,000 /таван зуу/ төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Б-т мэдэгдсүгэй. ...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Л.Б-т нь хохирогч Д.Г-д 1,440,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Л.ГАЛБАДАР

            ШҮҮГЧ                                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ