Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1395

 

                        

 

 

 


 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.Сд холбогдох 1806 07369 1618 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Монелын Сансар хотхоны 3 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Хасар овогт П.С /РД:ФД86042834/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

П.С нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мэдрэмж" авто засварын газрын гадна иргэн Д.Баярбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Сгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Баярбатын өгсөн: “... С граж дотроос гарч ирээд үл мэдэгдэх хатуу зүйлээр миний нүүрэн тус газар 1 удаа маш хүчтэй цохисон... би араас нь гүйж очоод Саруулзаяаг цохих гэтэл хий цохиод бид хоёр тэврэлдээд ноцолдсон... зүүн хөмсөгний дээр язарсан, зүүн нүд хөхөрч цус хурсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Мөнх-Одын өгсөн: “... гражны үүдэнд юм яриад зогсож байхад цаанаас С ирээд Баярбатын зүүн хөмсөг рүү гараараа цохисон... хөмсөгнөөс нь их хэмжээгээр цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхбаатарын өгсөн: “... Гражийн үүдэнд бид нар зогсож байхад С гарч ирээд Баярбатыг нүүрэн тус газар нь цохиод унагаачихсан. Юу болчихвоо, яаж байгаа юм гэхэд Сийн эхнэр нь граж руу чирээд орчихсон... Баярбат граж руу ороод Саруулзаяатай маргалдаж зодолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх.35/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10906 дугаартай дүгнэлтэд: “... Д.Баярбатын биед зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн далд хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.16/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

П.С нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мэдрэмж" авто засварын газрын гадна иргэн Д.Баярбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Баярбатын өгсөн: “... С граж дотроос гарч ирээд үл мэдэгдэх хатуу зүйлээр миний нүүрэн тус газар 1 удаа маш хүчтэй цохисон... зүүн хөмсөгний дээр язарсан, зүүн нүд хөхөрч цус хурсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Мөнх-Одын өгсөн: “... гражны үүдэнд юм яриад зогсож байхад цаанаас С ирээд Баярбатын зүүн хөмсөг рүү гараараа цохисон... хөмсөгнөөс нь их хэмжээгээр цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхбаатарын өгсөн: “... Гражийн үүдэнд бид нар зогсож байхад С гарч ирээд Баярбатыг нүүрэн тус газар нь цохиод унагаачихсан. Юу болчихвоо яаж байгаа юм гэхэд Сийн эхнэр нь граж руу чирээд орчихсон...Баярбат граж руу ороод Саруулзаяатай маргалдаж зодолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх.35/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10906 дугаартай дүгнэлт /хх.16/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Сгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

П.Сгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар П.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Д.Баярбат нь гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд П.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 Хохирогч Д.Баярбат нь гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир П.Сг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

П.Сгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Сгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

П.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Саруулзаяад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

П.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хасар овогт П.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Сд сануулсугай.

5. П.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Баярбат нь гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР