Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2026/ДШМ/273

 

2026         03           10                                                                           2026/ДШМ/273

 

 

Э.И-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ын өмгөөлөгч Б.Баттуяа,  

шүүгдэгч Э И-ын өмгөөлөгч Д.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2757 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Б.Баттуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.И-т холбогдох 2503 00346 0762 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

А- овгийн Э-гийн И-, ……., ял шийтгэлгүй, /РД:ДЭ-/;

Шүүгдэгч Э.И- нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Орбитын замд “Hyundai Sonota” маркийн Э- УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 5.3 Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу  бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон мөр дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.М-ыг мөргөж амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.И- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.И-, иргэний хариуцагч Г.А- нараас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 17.678.520 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах буюу шүүгдэгч Э.И-аас 7.339.260 төгрөг, иргэний хариуцагч Г.А-гаас 10.339.260 төгрөг тус тус гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирол, хор уршгийн зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Б.Баттуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно." гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-ын сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Улсын Дээд Шүүхийн тайлбар, тогтоолыг зайлшгүй дагаж биелүүлэх, хэрэгжүүлэх нь бусад шатны шүүхийн үүрэг бөгөөд хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой учраас Улсын Дээд Шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ХШТ/120 дугаар тогтоолоор энэ зэрэглэл нь сэтгэцэд хохирол учирсныг л тогтоож байгаа учраас хүний амь нас хохирсон гэмт хэрэг дээр баримтлах шаардлагагүй гээд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон л бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр сэтгэцэд учирсан гэм хорын хохирол олгох ёстой гэсэн шийдвэр гарсан учраас Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг болгосныг 150 дахин нэмэгдүүлбэл гэмт хэргийн улмаас нас барсан хүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээ 118.800.000 төгрөг болж байгааг анхан шатны шүүхээс анхаараагүй байна.

‘‘Зайлшгүй зарбал” гэдэгт нас барсан хүнийг оршуулахтай холбоотой гарсан шууд зардал буюу тухайн зардал гарахгүй л бол цогцсыг хүн ёсоор оршуулах үйл хийгдэхгүй байх зардлууд хамаарах учраас амь хохирогч Ч.М-ыг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд нь 9.030.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг шүүхээс нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр Хаан банкны дансны хуулгаар амь хохирогчийн оршуулах зан үйлтэй холбоотой зардлын баримт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хангахгүй орхиж, оршуулах зан үйлтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан 50 ширхэг баримтыг үнэлж 2.470.044 төгрөгөөр тогтоосон хэдийгээр ар гэрийн зүгээс хууль эрх зүйн мэдлэг дутуу баримт бол баримт гэж үзсэн, зах худалдааны газраас бараа бүтээгдэхүүн авахад баримт өгдөггүй зэрэг шалтгаанаас болж Хаан банкны тухайн хугацааны дансны хуулгыг шүүх үнэлээгүй бөгөөд мэдээж оршуулгын зардал ийм бага үнээр гарахгүй нь ойлгомжтой бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд оршуулгын зардалд гаргасан мөнгөний хувьд маргахгүй гэдгийг шүүх хуралдаанд хэлсэн байдаг. Иймд шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ын өмгөөлөгч Б.Баттуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно." гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-ын сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Улсын Дээд Шүүхийн тайлбар, тогтоолыг зайлшгүй дагаж биелүүлэх, хэрэгжүүлэх нь бусад шатны шүүхийн үүрэг бөгөөд хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой учраас Улсын Дээд Шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ХШТ/120 дугаар тогтоолоор энэ зэрэглэл нь сэтгэцэд хохирол учирсныг л тогтоож байгаа учраас хүний амь нас хохирсон гэмт хэрэг дээр баримтлах шаардлагагүй гээд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон л бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр сэтгэцэд учирсан гэм хорын хохирол олгох ёстой гэсэн шийдвэр гарсан учраас Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг болгосныг 150 дахин нэмэгдүүлбэл гэмт хэргийн улмаас нас барсан хүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээ 118.800.000 төгрөг болж байгааг анхан шатны шүүхээс анхаараагүй байна. ‘‘Зайлшгүй зарбал”гэдэгт нас барсан хүнийг оршуулахтай холбоотой гарсан шууд зардал буюу тухайн зардал гарахгүй л бол цогцсыг хүн ёсоор оршуулах үйл хийгдэхгүй байх зардлууд хамаарах учраас амь хохирогч Ч.М-ыг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд нь 9,030,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг шүүхээс нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр Хаан банкны дансны хуулгаар амь хохирогчийн оршуулах зан үйлтэй холбоотой зардлын баримт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хангахгүй орхиж, оршуулах зан үйлтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан 50 ширхэг баримтыг үнэлж 2,470,44 төгрөгөөр тогтоосон хэдийгээр ар гэрийн зүгээс хууль эрх зүйн мэдлэг дутуу баримт бол баримт гэж үзсэн, зах худалдааны газраас бараа бүтээгдэхүүн авахад баримт өгдөггүй зэрэг шалтгаанаас болж Хаан банкны тухайн хугацааны дансны хуулгыг шүүх үнэлээгүй бөгөөд мэдээж оршуулгын зардал ийм бага үнээр гарахгүй нь ойлгомжтой бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд оршуулгын зардалд гаргасан мөнгөний хувьд маргахгүй гэдгийг шүүх хуралдаанд хэлсэн байдаг. Иймд шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э И-ын өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хохирогчид учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг тогтоохдоо 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийтийн шүүгчийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.2 заасан “...Сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно...” гэснийг баримтлан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Осол гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд дан ганц шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас уг осол гараагүй болохыг хэлэх нь зүйтэй. Учир нь амь хохирогч нь согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн байх үедээ зам хөндлөн гарч яваад осолд орсон. Амь хохирогчийн цусан дахь спиртийн хэмжээг шалгахад 2,6% согтолттой буюу өндөр согтолттой гарсан. Хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас гэмт хэрэг гарсан. Эдгээр нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар осол гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн буруутай үйлдэл байсан болох нь хангалттай тогтоогдож байна. Тодруулбал, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн хэргийг үнэн, зөв шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан орчуулгын баримтуудтай танилцахад зарлага гарсан баримтаас өөр баримт авагдаагүй байдаг. Тодруулбал, мөнгө төлсөн гэх баримт байдаггүй. Мөн данснаас мөнгө шилжсэн боловч юуны мөнгө, хаашаа шилжсэн болох нь тодорхойгүй байдаг. Анхан шатны шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ баримтаар тогтоогдож байгаа бодит хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Манай үйлчлүүлэгч нь өөрийн санаачилгаар амь хохирогчийн гэрт очиж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, байгаа боломжоороо мөнгө өгсөн байдаг. Анхан шатны шүүх хохирол, төлбөрийг тооцохдоо шүүгдэгчийн сайн дураараа төлсөн 3.000.000 төгрөгийг төлөх ёстой төлбөрөөс нь хасаж тооцсон. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг үндэслэж гомдол гаргасан байна. Дээрх тогтоол нь энэ хэргийн үйл баримт гарсны дараа гарсан тогтоол мөн уг хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харвал 100% жолооч, шүүгдэгч Э.И-ын буруутай үйлдлийн улмаас гараагүй, дан шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас осол гарах болсон гэж дүгнэвэл энэ нь өөрөө учир дутагдалтай. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв.

Прокурор М.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл шийдвэрлэсэн байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд анхан шатны шүүхийн Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно." гэснийг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.И-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэсэн зохицуулалт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр тусгагдсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан  бөгөөд энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад:

“2.5. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д  заасны дагуу арилгана.” гэж тус тус гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах үндэслэл, журмыг зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” юм.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байх шаардлагатай.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэн батлагдсан бөгөөд түүнд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг батлах тухай 25 дугаартай тогтоолын “3.3-т “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны  дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус хуульчилжээ.

Хэдийгээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдаж, хүнд хохирол, хор уршиг учирсан, энэхүү хэргийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа амь хохирогчийн төрсөн дүү Ц.Э- нь гэмт хэргийн улмаас тэрээр сэтгэлийн хямралд орсон, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд мөнгөн дүн нэхэмжилж байгаа талаар тайлбарлан мэдүүлсэн байхад сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 17.678.520 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч Э.И- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч нас барсан, түүний улмаас үүссэн хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол бүрэн арилаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Б.Баттуяа нарын “...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зөв тогтоолгох талаар” гаргасан хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Э.И-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2757 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Б.Баттуяа нарын “... амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зөв тогтоолгох талаар” гаргасан хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Э.И-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                                           Л.ГАЛБАДАР

     ШҮҮГЧ                                                   Д.МӨНХӨӨ

     ШҮҮГЧ                                           Ц.МӨНХТУЛГА