Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1383

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

          Хохирогч Б.Уянга, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /ҮД:0621/,

          Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Чт холбогдох 1806 06055 1586 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Титан Оргил” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хорооллын 24-А байрны 3 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Гомборагчаа овогт Н.Ч /РД:ХА76021714/,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Н.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах NZ салонд иргэн Б.Уянгыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Чийн өгсөн: “... Тухайн үед биеэ барьж чадалгүй болчимгүй үйлдэл гаргасандаа уучлалт хүсч байна... Хэрэг гардаг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үйлчлүүлэгч шивээс хийлгэх гээд хүлээгээд байдаг. Гэтэл хохирогч очиж байна, би түрээсээ төлсөн. Миний ажил чамд хамааралгүй гэх утгатай зүйл ярьж байсан. Цаг авсанаас хойш 2 цаг 30 минут хүлээлгээд үйлчлүүлэгч гомдол гаргасан. Өмнө нь ч гэсэн хэд хэдэн удаа гомдол санал гарч байсан. Бид болохгүй юм байна, үйлчлүүлэгч нарт хүндрэл учруулж цаг алдаж цаашид хамтран ажиллах хэрэггүй юм байна гэж бодоод ирэхээр нь үйлчлүүлэгчээ гарсаны дараа уулзалт хийсэн. Уулзалт хийгээд явуулах гэсэн боловч хохирогч эсэргүүцэл гаргаж хэл ам, хэрүүл шуугиан үүсгэсэн. Намайг нөгөө өрөөнөөс орж ирэхэд хөлний эвэр хусдаг зүйлээр эхнэрийг маань цохиод зодож байсан. Би тэсэлгүй зүүн хацар дээр нь нэг удаа алгадсан. Тухайн алгадалтаас үүссэн хохирол гээд чихний хэнгэрэг хагарсан гэх зүйл ярьдаг... Миний хувьд хацар дээр нь алгадсан. Чихэнд хүрээгүй. Хохирогч миний баруун хацар дээр алгадсан гэдэг. Гэтэл би баруун гараараа зүүн хацар дээр нь нэг удаа алгадсан. Энэ байдал нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл намайг гүтгэж байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Энэ байдлыг мөрдөгчдөө хэлээд хоёр удаа хүсэлт гаргасан... Миний өгсөн хүсэлтэд мөрдөгч болон прокуророос дахин шинжээч томилох шаардлагагүй гэсэн хариу өгсөн” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уянгын өгсөн: “... Би ажил дээрээ очоод үйлчлүүлэгчийнхээ шивээсийг хийгээд дуусахад захирал Ариунзаяа орж ирээд “чи зайл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чадахгүй, би мөнгөө төлсөн. Түрээсээ дуусгаж байж гарна” гэж хэлсэн чинь над руу дунд хуруугаа гаргаад миний мөр рүү түлхсэн.  Би зөрүүлээд “яагаад байгаа юм бэ” гээд түлхсэн. Гэтэл Ариунзаяа миний хоёр гарыг мушгисан. Тухайн үед Н.Ч гаднаас орж ирээд үг дуугүй намайг шууд алгадаад авсан. Н.Чт зүүн хацар луу алгадуулаад баруун талаараа хана мөргөж унасан. Босч ирэхэд баруун чих маш их өвдөж байсан... Шинжилгээгээ бүрдүүлж өгөөд шүүх эмнэлэг миний бүрдүүлж өгсөн баримтаар дүгнэлтээ гаргасан. 17-ны өдөр үзүүлсэн. Дараа нь шүүх эмнэлгээс зураг авахуулаад ир гэж хэлэхээр нь “Жаргал” гэдэг эмнэлэгт очиж зураг авахуулсан. Зургаар зүүн чихний хэнгэрэг 3 см урттай цоорсон байна. Баруун чихний хэнгэрэг дээд хэсэгтээ цус хурж хавдсан байна. Энэ нь цохилтоос үүссэн байна гэсэн.  20-ны өдөр Ариунзаяа руу зургийг нь явуулаад та хоёр миний чихний хэнгэргийг цоолсон байна гэж хэлсэн. Би 21 хоног эмчилгээ хийлгэсэн. Нийт 595,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Одоогоор эмчийн хяналтад байгаа. Шаардлагатай гэвэл хагалгаанд орно. 100 хувь эдгэрсэн гэж хэлэхгүй гэж хэлсэн. Миний хувьд гомдолтой байна. Эрүүл байсан эрхтэнээ гэмтээлгэсэн. Мөн эрэгтэй хүн чанга дуугарахад айж чичирдэг болсон гэх мэтчилэн сэтгэл зүйн дарамттай байна. Мөн ажлын байранд дарамталсан... Мөн үзлэгээр намайг нэгдүгээр шатлалын дүлийрэлтэй гэж гарсан. Зарим үед хүний яриа сонсохгүй болсон. Цаашид эмчилгээ хийлгэнэ” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч   Б.Уянгын өгсөн: “... Ч гэгч миний баруун хацран тус газар нэг удаа алгадсаны дараа эхнэр Ариунзаяа нь ирээд нөхөртөө чамд огт хамаагүй гар гэж хэлээд нөхрийгөө гаргахаар нь би эхнэрт нь та 2 чинь ямар хаашаа юм бэ хүн цохиж, зодоод байдаг зүрхний бронктой юмуу, би цагдаад хандана гэж хэлсэн чинь эхнэр нь миний утсыг булааж аваад өгөхгүй гэж хэлсэн, тэгээд удалгүй утсаа аваад жаахан тайвширсаны дараа болсон явдлын талаар нөхөртөө утсаар хэлсэн, манай нөхөр Чинзотой утсаар яриад яагаад манай эхнэрийг цохиж байгаа юм бэ гэтэл яадаг юм бэ, танай эхнэр олон юм яриад байхаар нь би алгадсан гэсэн. Чинзо миний баруун хацран тус газар нэг удаа алгадсан... Одоогоор эмчилгээнд 250,000 төгрөгний зардал гарсан. Цаашид чихний хэнгэрэг нөхүүлэхэд Монгол Хюьндай эмнэлэгт ор хоногийн мөнгөтэйгээ нийт 3,200,000 төгрөг болно гэсэн, үүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.9, 25/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Ариунтөгсийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 8861 дугаартай дүгнэлтэд “Уянгын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, сонсгол бууралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмнэлгийн баримт /хх.11-20/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунзаяагийн өгсөн: “... Энэ үед манай нөхөр гаднаас орж ирж таараад Уянга намайг сэгсчээд зогсож байхад нөхөр ирээд чи яасан ах захгүй юм бэ гээд Уянгын зүүн хацар луу гараараа 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх.27/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Намууны өгсөн мэдүүлэг /хх.44/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Цэрэнпилийн өгсөн: “... Зүүн талын дух хэсэгт жаахан хавдсан байсан. Хүрсэн зүйл байхгүй. Баруун гараараа нүүрний зүүн тал хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч М.Ариунтөгсийн өгсөн: “... Зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Чих хамар хоолойн үзлэгийг үндэслэн шинэ байсныг тодорхойлсон...” гэх мэдүүлэг /хх.46/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Чийн яллагдагчаар өгсөн: “... би тэсэлгүй нэг удаа баруун гараараа зүүн хацар дээр нь нэг л удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх.59/,

          Цагдаагийн байгууллагад хохирогч Б.Уянгын гаргасан гомдол /хх.3/,

          Хохирлын баримт /хх.14, 48/,

          Хохирлын шинээр гаргасан 3 хуудас баримт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Н.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах NZ салонд иргэн Б.Уянгыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч   Б.Уянгын өгсөн: “... Ч миний баруун хацран тус газар нэг удаа алгадсан... Одоогоор эмчилгээнд 250,000 төгрөгний зардал гарсан. Цаашид чихний хэнгэрэг нөхүүлэхэд Монгол Хюьндай эмнэлэгт ор хоногийн мөнгөтэйгээ нийт 3,200,000 төгрөг болно гэсэн, үүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.9, 25/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Ариунтөгсийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 8861 дугаартай дүгнэлт, эмнэлгийн баримт /хх.11-20/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунзаяагийн өгсөн: “... Энэ үед манай нөхөр гаднаас орж ирж тараад Уянга намайг сэгсчээд зогсож байхад нөхөр ирээд чи яасан ах захгүй юм бэ гээд Уянгын зүүн хацар луу гараараа 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх.27/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Намууны өгсөн мэдүүлэг /хх.44/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Цэрэнпилийн өгсөн: “... Баруун гараараа нүүрний зүүн тал хэсэр рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч М.Ариунтөгсийн өгсөн: “... Зүүн чихний хэнгэрэн хальсны цоорол нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний гэмтэл нь шинэ гэмтэл байсан Чих хамар хоолойн үзлэгийг үндэслэн шинэ байсныг тодорхойлсон...” гэх мэдүүлэг /хх.46/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Чийн яллагдагчаар өгсөн: “... би тэсэлгүй нэг удаа баруун гараараа зүүн хацар дээр нь нэг л удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх.59/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Чийн өгсөн: “... Би тэсэлгүй зүүн хацар дээр нь нэг удаа алгадсан... би баруун гараараа зүүн хацар дээр нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уянгын өгсөн: “... Тухайн үед Н.Ч гаднаас орж ирээд үг дуугүй намайг шууд алгадаад авсан. Н.Чт зүүн хацар луу алгадуулаад баруун талаараа хана мөргөж унасан... Зургаар зүүн чихний хэнгэрэг 3 см урттай цоорсон байна. Баруун чихний хэнгэрэг дээд хэсэгтээ цус хурж хавдсан байна. Энэ нь цохилтоос үүссэн байна гэсэн...” гэх мэдүүлэг,

          зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Н.Ч нь хохирогчийн хэнгэрэгний хальсыг цоолсон гэдэгт эргэлзэж байна гэх боловч энэ талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг нь мөрдөгч, прокурор татгалзаж хариу өгсөн, улмаар дээд шатанд нь хандаж гомдол гаргаагүй гэж мэдүүлсэн болно.

          Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Чийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Н.Ч нь хохиролд 250,000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд нэмж нэхэмжилсэн эмчилгээний зардалын 595,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Уянгад олгох нь зүйтэй.

          Хохирогч Б.Уянга нь чихний хэнгэрэгийн хагалгааны зардалд 3,200,000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт хангалтгүй учир нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Чоос жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Н.Чийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Чийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Н.Чт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Н.Чт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Гомборагчаа овогт Н.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Чт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Чт сануулсугай.

          5. Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 250,000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Н.Чоос 595,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Уянгад олгосугай. 

          7. Хохирогч Б.Уянга нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Чоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР