Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/01132

 

 

 

 

 

 

 

 

 

 

БНХАУ-ын иргэн Я Ж /Y J /-ы

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/01460 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Я Ж /Y J /-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ж ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 5,247,722,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: БНХАУ-ын иргэн Я Ж /Y J / миний бие хариуцагчтай нийт 7 удаа зээлийн гэрээ байгуулж, төгрөг, юань, ам.доллар зээлдүүлсэн. Үүнд:

-     2017 оны 01 сарын 20-ны өдөр 5,000,000 юаныг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн хүү 108,112 юань байхаар тохиролцсон. Энэ гэрээг банкны гадаад зээлийг бүртгэх маягтыг бөглөж Монгол банкинд бүртгүүлсэн;

-     2017 оны 02 сарын 30-ны өдөр 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн хүү 1.477.533 төгрөг байхаар тохиролцсон;

-     2017 оны 04 сарын 18-ны өдөр 138,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн хүү 3,019,632 төгрөг байхаар тохиролцсон;

-     2017 оны 04 сарын 24-ний өдөр 200,000 юаныг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн хүү 4,375 юань байхаар тохиролцсон;

-     2017 оны 05 сарын 10-ны өдөр 1,000,000 юаныг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн хүү 21,816 юань байхаар тохиролцсон;

-     2017 оны 05 сарын 01-ний өдөр 86,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн хүү нь 1,876,102 төгрөг байхаар тохиролцсон;

-     2017 оны 06 сарын 05-ны өдөр 1,000,000 юаныг 12 сарын хугацаатай, нэг жилд 4.9 хувийн хүүтэй, зээлийн хүү нь 21,862 юань байхаар тохиролцсон.

Үүнээс гадна Ж ХХК-д бэлэн мөнгөөр зээл олгож, гэрээг Хятад хэл дээр үйлдэж, мөнгө зээлсэн баримтуудыг албан ёсны орчуулгын товчоогоор Монгол хэл дээр орчуулж нэхэмжлэлд хавсаргасан. Бэлэн мөнгөөр олгосон зээлд хүү болон хугацаа байхгүй тул хүүгийн төлбөр нэхэмжлээгүй. Үүнд:

-     2017 оны 04 сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн;

-     2017 оны 07 сарын 05-ны өдөр 2.500 юаныг бэлнээр зээлдүүлсэн;

-     2017 оны 06 сарын 29-ний өдөр 2,000,000 юаныг Ж ХХК-ийн Голомт банкны 0000000000 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн;

-     2017 оны 05 сарын 10-ны өдөр 350,000 ам.долларыг бэлнээр зээлдүүлсэн;

-     2017 оны 06 сарын 22-ны өдөр 60,000 ам.долларыг бэлнээр зээлдүүлсэн.

Иймд хариуцагч Ж ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 5,247,722,860 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Я Ж /Y J / гэх этгээд манай компанид холбогдуулан зээлийн хэлцэл байгуулсан мэтээр мэдүүлэн улмаар хариуцагч гэж тодорхойлон нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд дурдсан асуудлыг шүүн үзэхэд тус компани нь БНХАУ иргэн гэх Я Ж /Y J / гэх этгээдтэй зээлийн эрх зүйн харилцаанд оролцож байсан гэх гэрээ хэлцэл бичиг баримт байхгүй бөгөөд санхүүгийн анхан шатны баримт гэрээ ба хэлцэл бүртгэгдээгүй байна. Я Ж /Y J / гэх этгээдээс мөнгө орсон даруй буцаан өөр этгээдийн данс руу шилжүүлж байсан баримт илэрсэн бөгөөд нэхэмжлэл гаргасан Я Ж /Y J / нь тодорхой хугацаанд тус компанийн захирлаар ажиллаж байсан байна. Өөрийгөө нэхэмжлэгч гэх Я Ж /Y J / нь тус компанийн дансыг ашиглан мөнгө оруулан буцаан гаргаж байсан үйлдэл нь эрүүгийн хуульд заасан мөнгө угаах гэмт хэрэг байх бөгөөд энэ хүн гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай бөгөөд хүрэлцээтэй баримтаар нотлогдож байх тул энэ асуудал нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх асуудал биш байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг тус компани хариуцахгүй болно.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж ХХК-аас 3,232,806,838 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Я Ж /Y J /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,014,916,022 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,893,153.13 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 16,321,984 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Я Ж /Y J /-д буцаан олгосон.

 

4.   Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Я Ж /Y J /-ы нэхэмжлэлийн шаардлагаас шүүх зөвхөн банк хоорондын мөнгөн шилжүүлэгтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна. Нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.б. Ж ХХК болон нэхэмжлэгч Я Ж /Y J / нарын хооронд дараах зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулж, зээлийн гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн. 2017 оны 01 сарын 20-ны өдөр 5,000,000 юань, 2017 оны 03 сарын 30-ны өдөр 35,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 18-ны өдөр 138,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 24-ний өдөр 200,000 юань, 2017 оны 05 сарын 01-ний өдөр 1,000,000 юань, 2017 оны 05 сарын 01-ний өдөр 86,000,000 төгрөг, 2017 оны 06 сарын 05-ны өдөр 1,000,000 юань, 2017 оны 06 сарын 29-ний өдөр 2,000,000 юань тус тус зээлийн гэрээ байгуулж, нийт 9,202,500 юань, 259,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч бэлнээр 410,000 ам.доллар зээлдүүлсэн нь үзлэг хийсэн шүүхийн тэмдэглэлд тусгагдсан. Мөн зээлийн гэрээ байгуулаагүй 108,000,000 төгрөгийг баримт үйлдэн бэлнээр зээлдүүлсэн. Бэлэн мөнгө хүлээлцсэн баримтыг Хятад хэл дээр үйлдэж, Монгол хэл рүү орчуулсан баримт хэрэгт авагдсан.

4.в. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд нийт 8 удаа зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зээлийн гэрээний зүйлийг дансаар болон бэлэн мөнгөний баримт үйлдэн хүлээлцсэн байхад шүүх зөвхөн 3 удаагийн зээлийн гэрээг нотлох баримтаар үнэлж, бусад зээлийн гэрээг үндэслэлгүйгээр үгүйсгэж, бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, зээлдэгч компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан н.О гийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үнэлэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Ж ХХК оролцоогүй, тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Я Ж /Y J / нь хариуцагч С ХХК, Ж ХХК, БНХАУ-ын иргэн Ж В /Z W / нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,639,521,625 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч БНХАУ-ын иргэн Ж В /Z W /-аас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 5,247,722,860 төгрөг болгон багасгасан байна.

Анхан шатны шүүхээс хариуцагч С ХХК-д холбогдох хэргийг тусгаарласнаар хариуцагч Ж ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 5,247,722,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх шийдвэрлэжээ.

 

3.   Нэхэмжлэгч нь ...хариуцагчтай хэд хэдэн зээлийн гэрээг бичгээр болон амаар байгуулж, дансаар болон бэлнээр нийт 9,202,500 юань, 289,000,000 төгрөг, 410,000 ам.долларыг хүүтэй болон хүүгүйгээр зээлдүүлсэн... гэх агуулгаар шаардлагын үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагч нь ...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаанд орж байгаагүй, мөнгө орж ирсэн даруйд өөр этгээдэд шилжүүлж байсан, нэхэмжлэгч нь тодорхой хугацаанд хариуцагч компанийн захирлаар ажиллаж байсан, компанийн дансыг ашиглан мөнгө оруулж, гаргаж байгаа үйлдэл нь мөнгө угаах гэмт хэрэг... гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.

 

4.   Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор шүүхэд Мөнгө зээлсэн баримт /1хх 15-20/-ууд, Мөнгө хүлээн авсан баримт /1хх 23/, Мөнгө хүлээж авсан баримт /1хх 27/, 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 00/00 тоот Зээлийн гэрээ /2хх 169-172/, 2017 оны 03 сарын 30-ны өдрийн 00/00 тоот Зээлийн гэрээ /2хх 178-181/, 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 00/00 тоот Зээлийн гэрээ /2хх 182-185/, 2017 оны 04 сарын 24-ний өдрийн 00/0000 тоот Зээлийн гэрээ /2хх 157-160/, 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 00/00 тоот Зээлийн гэрээ /2хх 161-164/, 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 00/00 тоот Зээлийн гэрээ /2хх 174-177/, 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 00/00 тоот Зээлийн гэрээ /2хх 165-168/, Голомт банкны Төлбөрийн баримт /1хх 21-22/, Орлогын мэдүүлэг /1хх 24-26/, Голомт банк дахь 0000000000 тоот дансны хуулга /1хх 74, 197/, 0000000000 тоот дансны хуулга /1хх 196, 2хх 32-33/, 000000000 тоот дансны хуулга /1хх 198, 233-235/ зэргийг нотлох баримтаар гарган өгчээ.

Харин шүүхийн зүгээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Банкны гадаад зээлийг бүртгэх маягт гэх баримтыг Монгол банкнаас гаргуулж /1хх 187, 2хх173/, үзлэг хийн нотлох баримтыг бэхжүүлж /2хх 30-31, 3хх 54-61/, гадаад хэл дээрх зарим баримтыг орчуулуулсан байна. /3хх 95-103/

 

5.   Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдож буй хэмжээгээр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

Тодруулбал, бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог бөгөөд хянавал хэсгийн 4-т дурдсан нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үнэлбэл, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Я Ж /Y J /-аас 2017 оны 01 сарын 20-ны өдөр 5,000,000 юанийг жилийн 4.992 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн хүү 108,122 юань байх нөхцөлтэйгөөр, 2017 оны 06 сарын 05-ны өдөр 1,000,000 юанийг жилийн 4.992 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн хүү 21,862 юань байх нөхцөлтэйгээр, мөн 2017 оны 06 сарын 29-ний өдөр 2,000,000 юанийг хүү, хугацаа заалгүйгээр хариуцагч Ж ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон. Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн нотлох баримтад үндэслэн зөв тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, энэ хэсгийн 4-т дурдсан бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Я Ж /Y J /-наас зээлийн гэрээгээр болон гэрээгүйгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг хариуцагч Ж ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Я Ж /Y J / нь хариуцагч Ж ХХК-аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт тус тус зааснаар түүний өмчлөлд шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохиролцсон хүүгийн хамтаар буцаан шаардах эрхтэй.

Ийнхүү тооцоход нийт 8,129,984 юанийг /5,000,000 + 108,122 + 1,000,000 + 21,832 + 2,000,000/ хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль болон гэрээнд нийцсэн байна.

Анхан шатны шүүх гадаад валютаар илэрхийлэгдсэн дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Монгол банкны зарласан юаний ханш 397.64 төгрөгөөр тооцон нийт 3,232,806,837 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

 

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулж шүүхэд гаргаж өгөх үүргийг хүлээдэг.

Хариуцагч нь ...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаанд орж байгаагүй, мөнгө орж ирсэн даруйд өөр этгээдэд шилжүүлж байсан, нэхэмжлэгч нь тодорхой хугацаанд хариуцагч компанийн захирлаар ажиллаж байсан, компанийн дансыг ашиглан мөнгө оруулж, гаргаж байгаа үйлдэл нь мөнгө угаах гэмт хэрэг... гэх татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

 

7.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт тус тус зааснаар зохигч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6, 77.8 дахь хэсэгт заасан журмын дагуу зохигчдод хүргүүлж, шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 119.6 дахь хэсэгт заасан журмын дагуу гардуулсан байна.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/01460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 10,232,540 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР