| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2026/00454/И |
| Дугаар | 307/ШШ2026/00806 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 307/ШШ2026/00806
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоот хаягт оршин суух, А******* овогт Д*******гийн Г******* /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Д.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* оролцож тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Г******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Э.Э******* бид хоёр 2021 онд гэрлэлтээ батлуулсан. Тухайн үед Э.Э******* нь 3 хүүхэдтэй байсан. Насанд хүрээгүй бага хүү Г.Ө*******ыг миний нэрээр овоглооч гэхэд нь би өөрийн нэрээр овгийг нь солиулсан байдаг. Би уурхайд ээлжээр ажилладаг. Э.Э******* өмнөх нөхөртэйгөө дахин хамт амьдардаг болсон. Иймд би гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.Ө*******ыг овгоос хасуулах гэсэн боловч Э.Э******* надтай холбогдохгүй алга болсон. Тухайн үед Э.Э******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ********** тоотод амьдарч байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Э.Э*******ийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Д.Г*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, Э.Э*******тэй харилцсан зурвас, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 307/ШЗ2026/00123 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар Э.Э*******ийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Д.Г******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э*******ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Д.Г*******, Э.Э******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 4*******2 дугаарт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд Д.Г*******, Э.Э******* нарын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Э.Э*******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э******* нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ********** тоот хаягт бүртгэлтэй, оршин суудаг болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудсыг өөрөө хүлээн авсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э******* нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ********** тоот хаягт бүртгэлтэй, оршин суудаг болох нь тогтоогдсон тул Э.Э*******ийг эрэн сурвалжлуулах тухай Д.Г*******гийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасан үндэслэлгүй тул Алаг Адуучны Ш овогт Эын Э******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай Д.Г*******гийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ