Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/288

 

2026         03           12                                                                           2026/ДШМ/288

 

 

С.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Солонго,

шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг,  

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Э-т холбогдох 2405000002150 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

А- овгийн С-гийн Э-, ........, /РД:И3С-/;

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сумын дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж, 6 сарын хорих ялаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч С.Э- нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны 1 дүгээр орцонд хохирогч                                          Ц.Л-ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж “Айфоне 12” загварын гар утсыг дээрэмдэж авсан гэмт хэргийг,

Мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Л-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндэх гэмт хэргийг,

Мөн 2024 оны 09 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын Л- тоотод байрлах гэртээ хохирогч Б.А-ыг унтаж байхад Айфоне 12 про макс гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар, 7 /долоо/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил, 7 /долоо/ хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ын цагдан хоригдсон 145 /нэг зуун дөчин тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т шийтгэсэн 6 жил 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-аас 8.050.000 /найман сая тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.Л-д 6.600.000 /зургаан сая зургаан зуу мянга/ төгрөг, хохирогч Б.А-д 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг тус тус олгож, Эрүүгийн 2405000002150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, нэг ширхэг утасны хар өнгийн гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Төрийн сангийн 320090100900005407 тоот дансанд байршуулсан 103.650 /нэг зуун гурван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг хохиролд тооцуулж, хохирогч нарт олгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Э-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.А-, Ц.Л- нар гомдолтой гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч С.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Э- давж заалдах гомдолдоо: “Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 10-ны цагдан хорих ангид 461 дүгээр хорих ангид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар цагдан хоригдсон. Цагдан хоригдож байх хугацаанд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолоор  338 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. 2025 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийг хүртэл хорих 415 дугаар хаалттай ангид 6 сарын хугацаатай хоригдсон. 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял үлдсэн. 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр уг хорих ял эдэлж байсан 415 дугаар хорих ангиас дуудлагаар цагдан хорих 461 дүгээр анги руу шилжсэн.  2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдож Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр ял шийтгүүлэхэд миний цагдан хоригдсон хугацаа болон эдэлж буй үлдсэн ялын хугацааг буруу тооцож гаргасанд гомдолтой байна. Мөн миний бие хэрэг хийснээ хүлээн зөвшөөрдөг болон хийгээгүй хэрэг дээр маргадаг мөн Хан-Уул дүүргээс нэмж нэгтгэсэн хулгайн зүйл анги буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг миний бие хийгээгүй. Сүүлд хохирогч гэх н.А- нь надтай уулзаад салахдаа утастайгаа үлдсэн, намайг худал гүтгэж байна. Ийм байхад мөрдөн байцаагч цагдаа миний өмгөөлөгч байхгүй байх хугацаанд хууль зүйн мэдлэггүйг минь далимдуулж сэжигтнээр ч мэдүүлэг авалгүйгээр яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зуруулсан. Анхан шатны шүүх болон прокурорын шатанд удаа дараа хэлээд гуйгаад байхад арга хэмжээ аваагүй, ямар ч нотлох баримтгүйгээр 1 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэгт би хүч хэрэглэн довтолж хохирогч н.Л-ын утсыг аваагүй, утсаар яриад явж байхад нь хойноос нь булааж авсан. Иймд байхад намайг хүч хэрэглэн довтолсон гэх зүйл ангиар ял шийтгэл оногдуулсанд үнэхээр их гомдолтой байна. Миний бие 19 насандаа энэ гэмт хэрэгт холбогдсон ба цаашдаа их сургуульд сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй  хэрэг хийсэндээ нийгэмд хор хөнөөл сөрөг хүчний нэг болсондоо чин үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Та бүхэн миний үйлдсэн хэргийг үнэн зөв шийдвэрлэж ялын тооцоог минь зөв бодож засаж задруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Э-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ц.Л-тай бэлгийн харьцаанд хүч хэрэглэж орсноо гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул 1 жил 6 сарын хорих ял оногдуулсныг 1 жил болгож өгнө үү. Шүүгдэгч С.Э- нь тухайн гар утсыг хохирогчоос хүч хэрэглэхгүйгээр булааж авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар оноож өгнө үү. Утасны хохирол болох 925,000 төгрөгийг төлсөн. С.Э-ын хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг хийгээгүй хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байхаас аргагүй. Тухайн өдөр найз охин Б.А-ынд очин хамт байж байгаад тухайн үед С.Э- нь 19 настай байсан найз эмэгтэй нь эгчмэд хоёр хүүхэдтэй байсан учраас ээж дургүйцэн хүүхэдтэй хүнтэй үерхлээ гэж тиймээс болъё гэж хэлсэн байна. Гэтэл хүүхэд нь уйлах чимээгээр Б.А- нь өрөөнүүд харанхуй байсан тул утасны гэрлээ тусган хүүхдүүдийн өрөөнд орсон байна. Гэтэл 1 сарын дараа утас хулгайд алдсан гэж цагдаад гомдол гаргасан байна. Утсаар огт залгаагүй байж залгасан гэж худал хэлсэн байна. Утасаа алга болгоод дугаарыг мэдэхгүй байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Найз залуугийнхаа утасны дугаарыг мэдэхгүй байж болох уу. Гэрч гэх ашиг сонирхол нэг найз охин нь дэргэд нь байгаагүй байж харсан мэтээр худал мэдүүлэг өгсөн байна. Хохирогч гэх найз эмэгтэй нь сална гэж хэлэхээр нь гомдож уурлаж цагдаад өгсөн байх гэж шүүгдэгч хэлдэг. Иймд анхан шатны шүүхээс С.Э-т оноосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ял оноохоор, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оноосныг 1 жилийн ял оноохоор, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн ялаар шийтгэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд тус тус өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Э- гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа явцад цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэг зэргээр тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчим, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн. Шүүгдэгч С.Э- нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн гэж шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагдагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн. Анхан шатны шүүх урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж, нэгтгэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч “ялыг тооцоог буруу гаргасан” гэж давж заалдах гомдол гаргасан байна. Ялыг тооцоог буруу гаргасан зүйл байхгүй, шагналын хоног, эдлээгүй үлдсэн ялыг тооцоог гаргасан албан бичгийг авч, хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч “тэр явдал гарснаас хойш орой, үдэш гарахаасаа айдаг болсон, сургуулиасаа жилийн чөлөө авсан” гэж мэдүүлсэн зэргээр шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч С.Э-т холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч С.Э- нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны 1 дүгээр орцонд хохирогч Ц.Л-ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж “I phone 12” загварын гар утсыг дээрэмдэж авсан гэмт хэргийг,

2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05 цагийн үед дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Л-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Л-ын: “...Би байрныхаа орц руу ороод шатаар алхаад 2 давхарт явж байхад араас дагаад байсан эрэгтэй миний хоолойг боогоод, миний “iphone 12” загварын гар утсыг аваад гүйгээд гарсан. Би хойноос нь хөөсөн, 81 дүгээр байрны урд тухайн залуу намайг шороон дээр дарж унагаад, хоолой боогоод явсан. Би дахиад араас нь хөөгөөд гүйцээгүй, суугаад уйлж байхад тухай залуу буцаж ирээд миний цүнхийг үүрүүлээд битгий уйлаад бай, гэрт чинь оруулаад өгье гээд манай орц руу хамт ороод, миний гар утсыг буцааж өгөөд,  хэдэн давхарт байдаг юм гээд асуухаар нь би 3 давхар гэхэд намайг лифт рүү дагуулж ороод 10 давхарт тухай залуу камергүй газар хайж байгаад 9 давхарт буугаад шатан дээр суу, утасныхаа кодыг хэл гэхээр нь 0909 гэж худлаа хэлсэн. Намайг хэдэн настай юм, яагаад ийм жоохон байж архи хэрэглээд байгаа юм гэх мэтээр асууж байснаа, миний биед хүрч намайг оролдоод, миний өмдийг тайлаад тонгой гэж хэлсэн. Намайг ална шүү гэхэд нь би айгаад тухайн залуугийн үгэнд орсон. Би буруу хараад тонгойгоод намайг хүчирхийлсэн. Хамгийн анх орц руу орох үед миний хойноос боосон. Би тухайн үед ухаан балартаад газар унасан. Намайг орилох юм бол ална шүү гэж заналхийлээд 81 дүгээр байрны 9 давхарт камергүй газар хайж байгаад хүчээр бэлгийн харьцаанд орсон.” /1хх 16-18/,

Шүүгдэгч С.Э-ын яллагдагчаар өгсөн: “Нөгөө охин байрны орц руу ороход би дагаж ороод хоёр давхрын шат хэсэгт нөгөө охин дээр очоод гар утсыг нь булааж авсан. Тэгээд чимээгүй байгаарай, гар утасныхаа кодыг гаргаад өг гэж хэлсэн, охин кодоо гаргаж өгөөгүй. Би орцоор гарсан. Надад дээрэмдүүлсэн охин миний араас хөөж байгаад үлдсэн. Гар утсаа дээрэмдүүлсэн охин байрныхаа гадаа уйлаад 30-40 минут суусан, би охиныг өрөвдөөд очиж аргадсан. Охиныг чи утасныхаа кодыг гаргаад өгчих гэж хэлсэн. Охин байдгаараа чичрээд байхаар нь хоёулаа орц руу чинь оръё гэж хэлээд охины хамт орц руу орсон, бид хоёр лифтэнд суугаад 10 давхарт гараад охиныг аргадаж утасных нь кодыг гаргуулах гэж оролдсон, кодоо 090909 гэж хэлсэн боловч биш байсан. Охин надаас миний утсыг өгчхөөч гэж гуйгаад байсан. Надад бол гар утсыг нь өгөх бодол байгаагүй. Тэгээд охиноор өөрөөр нь гар утасны кодыг нь тайлуулах бодол төрөөд охинд гар утсыг нь өгсөн. Энэ үед надад энэ охинтой бэлгийн харьцаанд орох сэдэл төрсөн. Би шууд охиныг үнссэн, би охины өмдний товчийг тайлсан, охин өмдөө өөрөө тайлаад шууд надтай бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж дуусаад би явахдаа охиноос гар утсыг буцаагаад авсан, надад мөнгө хэрэгтэй байсан.” /1хх 85, 112-113/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14844 дүгээр “Шинжлүүлэгчийн охин хальс хуучин урагдалтай байна. Шинжлүүлэгчийн үтрээнээс арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн. ДНХ-ийн шинжилгээний лабораторид хийгдэнэ. Шинжлүүлэгч нь бэлгийн замаар дамжих ДОХ, Тэмбүү, Заг хүйтэн, Трихомониазын халдваргүй байна. Шинжлүүлэгч нь O/I/ бүлгийн цустай байна.” /1хх 40-41, 42-44, 60-61/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 715 дугаар “2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14844 дугаартай шинжээч эмч Б.Ганзоригийн гаргасан дүгнэлтэд шинжлүүлэгчийн үтрээний арчдас дээр илэрсэн эр бэлгийн эсийн тогтоц нь 176432366, 177495923 дугаартай С.Э- гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /1хх 48-49, 50-51/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар “Ц.Л-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Ц.Л-ын сэтгэцэд учирсан хор уршиг нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой.” /1хх 55-57/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 2-4/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5-11/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19-23/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 24-30, 31-32/ зэрэг баримтуудаар,

- 2024 оны 09 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо. Бурхантын Л- тоотод байрлах гэртээ хохирогч Б.А-ыг унтаж байхад I phone 12 pro max” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1.450000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 хохирогч Б.А-ын: “С.Э- надаас гар утсаа өгч бай гэхэд нь би орны хажууд тавьсан байсан “I phone 12 pro max” загварын гар утсаа өгсөн. Тэгтэл С.Э- надаас дэлгэцийн код, “apple id”-г асуухаар нь би нээх юм бодолгүйгээр код, нууц үгийг хэлсэн. С.Э- миний гар утсаар тоглосон, шөнийн 23 цаг 30 минутын орчимд унтсан. Унтаж байгаад шөнийн 02 цагийн үед сэрэхэд Э- явсан, би гар утсаа хайхад байхгүй байсан. Би гэрийнхээ утсаар өөрийнхөө 80ххххЗЗ дугаарт залгахад дуудсан боловч салгаад байсан. Ойролцоогоор нэг цагийн туршид 20-30 удаа залгасан. Шөнө 03 цагийн үед миний гар утас холбогдох боломжгүй болсон.” /1хх 199, 202-203, 206-207/,

гэрч Ж.Н-ын: “.С.Э-ын талаар найз Б.А-аас сонсож байсан. Б.А- нь С.Э- гэдэг залуутай үерхэж байгаа, надаас насаар дүү гэж хэлж байсан С.Э-ыг нүдээр харж, уулзаж байгаагүй, найз Б.А-ын “I phone 12 pro max” загварын гар утсыг түүний найз залуу С.Э- нь 2024 оны 09 дүгээр сарын дундуур хулгайлж аваад зугтаасан. Одоо найз залуугаас нь ямар нэгэн холбоо байхгүй байгаа.”/1хх 209-210/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ХУ2-24-668 дугаар “iphone 12 promax” загварын утсыг 2024 оны 09 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ нийт 1.450.000 төгрөгөөр” үнэлэгдэв. /1хх 217-218/ гэх хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Э-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон”, мөн “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон”, мөн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Э-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч С.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар, 7 /долоо/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил, 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үеэр шүүгдэгч С.Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан байх бөгөөд түүний цагдан хоригдсон 145 /нэг зуун дөчин тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн нь зүйтэй байх ба тоо, тооцооллын алдаа гаргаагүй байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч С.Э- “миний үйлдсэн хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд тус тус өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргасан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Э- нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 79 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                               Н.БААСАНБАТ

                        ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХТУЛГА