| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2405008461444 |
| Дугаар | 2026/ДШМ/309 |
| Огноо | 2026-03-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Цэндмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/309
2026 03 17 2026/ДШМ/309
Г.Ц-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Цэндмаа,
хохирогч Г.Х-,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/81 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Цэндмаагийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.Ц-т холбогдох эрүүгийн 2405008461444 дугаар хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж- овгийн Г-ийн Ц-, ......., урьд ял шийтгэлгүй, /РД: УГ-/,
Шүүгдэгч Г.Ц- нь фэйсбүүк цахим орчинд “Соната 5” загварын тээврийн хэрэгсэл зарах зар байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч Г.Х-ас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г- дугаар байрны 26 тоот гэртээ байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Г-4 дугаарын дансаар 2.400.000 төгрөгийг шилжүүлж, тус байрны гадна байхдаа бэлнээр 1.000.000 төгрөгийг тус тус авсан боловч хохирогч Г.Х- нь дээрх “Соната 5” загварын тээврийн хэрэгслийг худалдан авахаас татгалзахад Г.Ц- уг тээврийн хэрэгслийг “зарсны дараа мөнгийг нь өгнө" гэж хуурч, улмаар бусдад зарж борлуулан мөнгийг хувьдаа зарцуулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, хохирогч Г.Х- нь автомашин худалдан авсан төлбөрөө харъяалах шүүхэд хандаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Баянгол дүүргийн прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дүгээр “Г.Ц-ын эзэмшлийн 2004 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн KMHENГ-8 арлын дугаартай Соната “Hyundai Sonata-EF” загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан” прокурорын тогтоолыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Г.Ц-т авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Цэндмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 дахь заалтад “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.
Гэтэл шүүх тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойшхи цаг хугацаа, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний үйлдэл, үйл хөдлөлийн гадаад илрэл болон түүндээ хандаж байгаа сэтгэл зүйн хандлага зэрэг хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход шаардагдах баримтат мэдээллийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан тогтоолгүйгээр хэт ерөнхий дүгнэлтийг хийсэн буюу яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, хохирогчийн мэдүүлгээс зөвхөн анх машин худалдаж авсан, буцаасан гэх мэдүүлэгт л үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Г.Х-, гэрч П.Э- нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч Г.Х-, Г.Ц- нарын харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан харилцсан зурвасуудын зураг, гэрч П.Э-гийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар Г.Ц- нь фэйсбүүк цахим орчинд “Сонота 5” загварын тээврийн хэрэгсэл зарах зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Г.Х-д тээврийн хэрэгслийг зарахаар болж 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г- дугаар байрны 26 тоот гэртээ байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Г-4 дугаарын дансаар 2,400,000 төгрөгийг шилжүүлж, тус байрын гадна байхдаа бэлнээр 1,000,000 төгрөгийг тус тус авсан.
Гэвч Г.Ц- нь тухайн машиныг Г.Х-д зарахдаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гэж хэлсэн боловч машин доголдолтой байсан тул дээрх “Сонота 5” загварын тээврийн хэрэгслийг худалдан авахаас татгалзсан. Улмаар Г.Ц- нь тээрийн хэрэгслийг “зарсны дараа мөнгийг нь өгнө” гэж хохирогчид итгэл төрүүлж машиныг хохирогчоос авсан ба удалгүй гэрч Г.Э-д машиныг худалдан борлуулсан, мөнгийг өөрийн дансаар авсан боловч хохирогчид өгөх ёстой мөнгөө өгөлгүйгээр элдэв шалтаг хэлж, машин зарсан мөнгийг хувьдаа зарцуулсан үйл баримт тогтоогдсон.
“Залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахын тулд хохирогчийг итгүүлэн хуурах, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулах хууль бус аргыг ашигласан байхыг шаарддаг. Хуурч мэхлэх арга гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг, харин итгэл эвдэх арга гэдэг нь гэрээний буюу гэрээний бус харилцаагаар итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, ашиглах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг тус тус ойлгоно.
Улсын яллагчийн зүгээс Г.Ц-ын хохирогч Г.Х-д машин зарсан үйлдлийг залилах гэмт хэрэг гэж шууд дүгнээгүй, харин хохирогчид “..машиныг бусдад худалдан борлуулаад мөнгийг нь өгнө..’’ гэсэн амлалт өгч, тээврийн хэрэгслийг авч явж удалгүй иргэн Г.Э-д 4,565,000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгийг дансаар авсан атлаа хохирогчид өгөх ёстой мөнгийг огт өгөөгүй үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Тодруулбал, Г.Ц- нь хохирогчид “..машиныг худалдан борлуулаад мөнгийг нь өгнө..” гэсэн итгэлийг бий болгож улмаар бусдад худалдан борлуулж мөнгийг дансаараа авсан ч “...удахгүй өгнө, мөнгөний боломжгүй байна, мөнгөтэй болохоороо өгнө...” гэж хариу төлбөрийг огт хийхгүй байх санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тул хохирогчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдлийг хийсэн гэж үзэж, энэ талаараа гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтдээ тусгасан.
Гэтэл шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүйгээр, улсын яллагчийн яллах дүгнэлт болон улсын яллагчийн дүгнэлтийг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд дурдалгүйгээр шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийн хэрэгсэхгүй болгосон гэсэн үндэслэлд хамаарч байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/81 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Г.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчтэй фэйсбүүкээр холбогдож танилцаад “зарна” гэж зар тавьсан байсан машиныг нь очиж үзсэн. Намайг үзээд явсны дараагаар Г.Ц- өөрөө холбогдоод “...маргааш хөдөө явах ажил гарчихлаа. Урьдчилгаа мөнгө өгөөд авах боломж байна уу...” гэж асуусан. Би асуултад нь “...одоохондоо мөнгө бүрдээгүй байна. Бүрдсэнийхэн дараа авъя...” гэж хэлэхэд тэрээр “...би маргааш өглөө 06 цагт хөдөө явах учраас одоо ирээд машинаа авчихаа...” гэж хэлээд гуйгаад байхаар нь байсан мөнгөө шөнийн 23 цагийн үед билүү 00 цагийн үед, бараг л дараа өдөр рүү шилжиж байхад мөнгөө шилжүүлж, машиныг нь авсан. Тухайн машиныг аваад 2-3 хонож байхдаа Г.Ц-тай холбоо барьж “...үлдэгдэл мөнгийг чинь өгч чадахгүй юм шиг байна. Машинаа ав. Өөр хүнд зараад ч болтугай миний мөнгийг гаргаад өг...” гэж хэлэхэд Г.Ц- “тэгье” гэж хэлсэн. Г.Ц- манайд машинаа авах гэж ирэхэд машин нь асахгүй байсан. Тухайн машиныг Г.Ц-аас авснаас хойш ганц ч удаа асаагаагүй, манай хашаанд Г.Ц- машиныг анх байрлуулж тавьсан. Би тэр газраас нь огт хөдөлгөөгүй. Би Г.Ц-т машиныг нь хүлээлгэж өгөхдөө эхнэртэйгээ хамт байсан. Г.Ц- надад хэлэхдээ “толгойтод байдаг дүүдээ хэлээд 2-3 хоногийн дараа мөнгийг чинь гаргаад өгье” гэж хэлсэн. Би Г.Ц-т итгээд явсан. Машиныг нь өгөөд 1-2 сар болоход миний мөнгийг өгөөгүй. Би түүн рүү гар утсаар залгаж “мөнгөө авъя” гэж хэлэхээр “одоохондоо мөнгөтэй болоогүй байна, мөнгө орж ирээгүй байна, түр хүлээж байгаарай, 3 нялх хүүхэдтэй учраас ажил хийж чадахгүй байна” гэж хэлдэг. Тэгэхээр нь би “хүлээж байя” гэж хэлээд хүлээсэн. Машиныг нь буцааж өгөөд ойролцоогоор 6 сар л өнгөрч байсан санагдаж байна, би ажил руугаа явж байсан чинь тухайн машин зам дээр зогсож байсан. Тэгээд жолоочоос нь асуухад “би энэ машиныг 1 сарын сүүлээр авсан. Төлбөр тооцоогоо бүрэн хийсэн, ямар нэгэн төлбөрийн үлдэгдэл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Г.Ц- нь тухайн машиныг надаас авангуутаа өөр хүнд зараад тухайн хүн нь дахин өөр хүнд зарсан байсан болохыг сүүлд мэдсэн. Г.Ц- нэрийг нь шилжүүлэхгүйгээр итгэмжлэлээр зараад явсан байсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурор Ч.Цэндмаагийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Г.Ц-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Ц-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, цагаатгагдсан этгээд Г.Ц-т холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
Харин анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахдаа нотлох баримтын агуулга, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;...” гэж, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл. ...” гэж тус тус хуульчилсан ба тус хуулийн заалтуудыг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл, хохирогч Г.Х- болон гэрч Д.Э- нарын мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй, няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, Г.Ц-ын гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” үндэслэлд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ч.Цэндмаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/81 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ч.Цэндмаагийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор цагаатгагдсан этгээд Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР