Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 601

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Н.Ж- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогт Н-ийн Ж-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ........багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М- овгийн Н-ийн Ж- /РД000000000

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Н.Ж- нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 000 дугаар хороо ПК-ийн гадаа иргэн Б.Б-ийг “манай найз охин луу чат бичлээ” гэх шалтгаанаар зодож “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ж- мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хичээл тараад гарч ирэхэд Б- зогсож байсан ба өмнөх өдөр манай найз охин руу чат бичсэн байсан тул би битгий бичээрэй гэхэд дахин бичсэн байсан. Би Б- руу очоод чи яагаад манай найз охин руу чат бичээд байгаа юм гэхэд юм хэлэхгүй муухай хараад яваад өгсөн. Би дуудаад эргээд харахаар нь нүүрэнд нь цохьсон. Хамраа дарахаар нь нүүрэнд нь дахин нэг цохиход тонгойгоод үлдсэн. Маргааш нь эгч нь сургууль дээр ирсэн бөгөөд Мөнгөн гүүр эмнэлэгт очоод толгойны зураг авахуулсан ба мөнгийг нь би төлсөн. Бас хувийн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд эм ав гэсэн байсныг нь авч өгсөн. Түүнээс хойш хохирогчтой уулзаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Б.Б- мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны орой би хичээлээ тарчихаад 20 цагийн үед сургуулиас гарахад үүдэнд манай сургуулийн хүүхэд таараад дагуулаад сургуулийн үүдэнд дагуулж гарсан. Тэгээд би яасан юм явлаа гэхэд уг хүүхэд миний нүүрэн хэсэгт цохиход би манраад тонгойж байгаад дээш харахад миний хамар луу цохисон. Тэгээд миний хамраас цус гараад би тонгойж байгаад нөгөө хүүхэд байна уу гээд харахад зугтаад явчихсан байсан. ...Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан надад дүгнэлттэй холбоотой гэмтлийг манай сургуулийн Ж- учруулсан. Би гэмтсэн эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргуулмаар байна” гэжээ. /хх 27 хуудас/

“...Би гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлж хамар хугарсан гэдгээ мэдсэн. Гэмтлийн эмнэлэгт рентген зураг авхуулсан бас Мөнгөн гүүрт үзүүлж томографик хийлгэсэн. Би гомдолтой байна. Хамар хугарсан, эмчилгээ хийлгэмээр байна. Гарсан зардлаа нэхэмжилмээр байна” гэжээ. /хх 28-29 хуудас/

 

Гэрч Л.Г-а мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 26-нд би хичээлээ тараад сургуулиас гарч ирэхэд манай найз Н.Ж- нэг хүүхдийн нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би очоод салгахад дахиад нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд би татаад салгаад дагуулаад автобусны буудал дээр очоод гэр гэрлүүгээ явсан” гэжээ. /хх 30 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 719 дүгээр дүгнэлт: “1. Б.Б-ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алданд нөлөөлөхгүй” гэж дүгнэжээ. /хх 20 хуудас/,

 

Шүүгдэгч Н.Ж- хувийн мэдээлэлийн талаарх хуулбарууд /хх 40-43 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Ж- нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 000 дугаар хороо ПК-ийн гадаа иргэн Б.Б-ийг “манай найз охин луу чат бичлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б- /хх 27, 28-29/, гэрч Л.Г-а /хх 30/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 719 дүгээр дүгнэлт /хх 20/, шүүгдэгч Н.Ж- хувийн мэдээлэлийн талаарх хуулбарууд /хх 40-43/, хохирлын баримт /хх 15/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Ж-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ж- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.