Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2017/0819/З |
Дугаар | 221/МА2018/0514 |
Огноо | 2018-09-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2018/0514
“А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0350 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтохын гаргасан давж заалдах гомдлоор, “А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0350 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “А и” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн “А и” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “А и” ХХК-ийн NE-026811 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “А и” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал сумын “Х” нэртэй 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгийн өмгөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Манай компани 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд “Х” нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан. Үүний дагуу төрийн захиргааны байгууллага шүүлт хийж үзээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 6/8715 дугаар албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлж, Дорнод аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1/5013 дугаар албан бичгээр 68 тоот саналыг ирүүлсэн байдаг.
Үүнийг манай компани эс зөвшөөрч төрийн захиргааны байгууллагад дахин санал авах ажиллагааг хийж өгөхийг 2015 оны 12 дугаар сард хүссэн байдаг.
Манай компанийн энэхүү хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хүлээн авч Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 6/79 дүгээр албан бичгийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар хүргүүлсэн байдаг.
Энэ нь төрийн захиргааны байгууллага өөрийн шийдвэрээ үндэслэл бүхий байлгах үүднээс өмнөх Засаг даргын саналыг хүчингүй болгож, дахин санал авах ажиллагааг хийсэн гэж харахаар байгаа.
Дорнод аймгийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 139 дүгээр саналыг гаргаж, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон 1/512 дугаар албан бичгээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байдаг.
Шуудангийн тэмдэглэлээр 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрийн захиргааны байгууллага Дорнод аймгийн Засаг даргын саналыг хүлээн авсан байдаг.
Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид олгох боломжтой нөхцөл байдал үүссэн байсан.
Гэтэл төрийн захиргааны байгууллага бүтэн 1 сар 20 хоног буюу 50 хоногийн дараа ирсэн саналыг үндэслэн манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-эы өдрийн 350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.
Хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “А и” ХХК Дорнод аймгийн Гурванзагал сумын сумын нутаг “Х” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүлээн авч, зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6/8715, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6/79 дүгээр албан бичгүүдийг хүргүүлсэн, улмаар Дорнод аймгийн Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/5013, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/512 дугаар тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн албан бичгүүдийг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 68, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр саналуудын хамт ирүүлсэн.
Тус саналуудыг үндэслэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 338 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус гэж үзэх түүнчлэн тус татгалзлын улмаас нэхэмжлэгч “А и” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул анхан шатны шүүх тус компанийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн “А и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “А и” ХХК-ийн NE-026811 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “А и” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал сумын “Х” нэртэй 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж ...” гэснээс үзвэл хэрэв Засаг дарга “дэмжихгүй” санал өгвөл хариуцагч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй бөгөөд Засаг даргын татгалзсан санал нь хуульд нийцсэн эсэхийг тухайн аймгийн Засаг дарга өөрөө хариуцаж тайлбарлахаас бус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст аймгийн Засаг даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, үнэлж, дүгнэх, хүчингүй болгох эрхийг хуулиар олгоогүй байна.
Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар гаргах төрийн захиргааны байгууллагын шийдвэр тухайн талбай байршиж буй аймгийн Засаг даргын дэмжсэн, эсхүл татгалзсан саналаас шууд хамааралтай байхаар хуульчлагдсан, Засаг даргын санал нь бие даасан эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт байх бөгөөд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Дорнод аймгийн Засаг даргын Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн 2015 оны 68, 2016 оны 139 дүгээр “дэмжихгүй” саналуудыг хянаад “А и” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” 16 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Дээрхээс дүгнэвэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад Засаг даргын саналыг хянах бүрэн эрхийг хуулиар тухайлан олгоогүй, Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох, 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж, 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд олгох хуулийн зохицуулалт хүчингүй болж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох зарчим үйлчилж эхэлсэн байх тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг төрийн захиргааны байгууллагад даалгах, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэх эрх зүйн харилцааг шүүхээс тогтоох хууль зүйн боломж, үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн “А и” ХХК-д холбогдох хэсэг хууль бус болох нь тогтоогдохгүй, тус шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй, хүчингүй болсон хуулийн зүйл, заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд болох талаар эрх зүйн харилцааг тогтоох, захиргааны актыг хүчингүй болгох, улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн маргаан хамаарал бүхий зүйл заалтыг оновчтой баримтлаагүй нь учир дутагдалтай байна.
Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас “аймгийн Засаг даргын саналын үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан” гэж тус тус маргасан байх тул аймаг, нийслэлийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгөх журмыг зааж зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 /Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно/ дахь хэсгийн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. Харин Төрийн захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах журмыг зааж зохицуулсан буюу харьяа орон нутгийн Засаг даргаас зөвхөн дэмжсэн саналыг өгсөн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар заасан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 /Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ/ дахь хэсгийн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхээр байна.
Иймд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0350 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...19 дүгээр зүйлийн 19.5...” гэснийг “...19 дүгээр зүйлийн 19.6...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ