Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00003

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.Төгөлдөржаргал /РД: ЖЭ88120577/

            Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

 

            “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/56 дугаартай “Б.Төгөлдөржаргалыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх болон бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2016/0029/3 тоот индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Төгөлдөржаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг  нар оролцов.       

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Төгөлдөржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 11 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сум хариуцсан нийгмийн халамжийн ажилтнаар түр томилогдон ажилд орсон. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, идэвхи санаачлагатай ажиллаж, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг дагаж мөрдөн ёс зүйн зөрчил гаргалгүй үр дүнтэй ажиллаж ирсэн. 2016 оны 6 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын Б/32 дугаартай тушаалаар би төрийн жинхэнэ албанд томилогдож ажилласан. Ийнхүү төрийн жинхэнэ албанд томилогдон ажиллаж байх хугацаандаа ч мөн л ажилдаа сэтгэлтэй хандаж хариуцлагатай, идэвхи санаачлагатай, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг зөрчилгүй ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 10 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбат нь Б/56 дугаартай тушаал гаргасан бөгөөд энэхүү тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлж байгаа тухайгаа урьдчилан мэдэгдэлгүй 2016 оны 10-р сарын 05-ны өдөр ажлаа хүлээлгэж өг, ажлаас чөлөөлсөн гэсэн ба ажлаас чөлөөлсөн тухай тушаалтай ажил хүлээлцсэний дараа л хөөцөлдөж байж танилцсан. Б/56 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталсан байгаа нь ойлгомжгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх тухай асуудалд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэсэн, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалт зэргийг баримталсан зэрэг нь утга агуулгын хувьд ойлгомжгүй Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан Захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байгаа юм. Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт сум хариуцсан мэргэжилтний орон тоо 15 байсан. Энэхүү 15 орон тоо хэвээр байгаа бөгөөд “Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн” гэсэн нэр л өөрчлөгдсөн. Тодруулбал сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгт өөрчлөлт орсон зүйл огт байхгүй бөгөөд орон тоо хасагдаагүй юм.

Иймд Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн Б/56 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх болон бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбатын шүүхэд ирүүлсэн  тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...1. Урьдчилан мэдэгдэхгүй ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлсөн тушаалтайгаа хөөцөлдөж байж танилцсан талаар: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 сарын 19-ны өдрийн Б/99 тушаалаар тухайн өдрөөсөө томилогдож 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн /хуучин нэрээр/ албан хаагчдын шуурхай хурал дээр бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн талаар танилцуулж, 09 сарын 29-ны өдрийн шуурхай хурал дээр сум хариуцсан мэргэжилтнүүдийг биечлэн уулзах даалгавар өгч мэргэжилтэн тус бүртэй уулзаж ажлаас чөлөөлөгдөх талаар мэргэжилтэнүүдэд мэдэгдсэн.

            Мөн ХХҮГ-ын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ½ албан тоотоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг  нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйчилгээний газар болгон зохион байгуулж, ажилтнуудыг ажлаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан газарт цалингийн сангийн хамт шилжүүлэх даалгавар ирсэн талаар бүх ажилтнуудад мэдэгдэж цомхотгол хийгдэх талаар анхааруулж байсан.

            2. “...Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40.1.1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалтыг тодотгож хэрэглэсэн, дээрх заалтууд орон тоо цөөрсөн тохиолдолд ажлаас чөлөөлөх тухай асуудлыг  зохицуулсан учир утга, агуулгын хувьд зөрчилдөхгүй, ажлаас чөлөөлөх гол үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 23.4, 27.2.4 дэх заалтуудыг тушаалд үндэслэл болгон авсан нь Захиргааны актад тавигдах шаардлагыг хангасан байгаа.

            3. “...2016 оны 07 сарын 21-ний өдөр батлагдсан Монгол улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус яамны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоож, 04 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг зохион байгуулж, Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ½ албан тоотоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон  зохион байгуулж, ажилтнуудыг ажлаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан газарт цалингийн сангийн хамт шилжүүлэх албан даалгавар ирсний дагуу албан хаагчдыг шилжүүлсэн. 2016 онд Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 04 сарын 26-ны өдрийн А/53, Хөдөлмөрийн сайдын 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 тушаалаар нийгмийн халамжийн хэлтэс 16, Хөдөлмөрийн хэлтэс нь 9 сум хариуцсан мэргэжилтэнтэй байхаар орон тоо батлагдаж бүтцийн өөрчлөлт  хийгдэх үед Нийгмийн халамжийн хэлтэст 15, Хөдөлмөрийн хэлтэст 10, нийт 25 сум хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байсан. Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 сарын 01-ний өдрийн Б/21 тушаалаар сум хариуцсан 15 мэргэжилтэнтэй байхаар орон тоо батлагдаж ирснээр 10 сум хариуцсан мэргэжилтний орон тоо цөөрсөн. Байгууллагын орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн шалтгаанаар төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн хуулийн зохих заалтуудыг зөрчилгүй Б.Төгөлдөржаргалыг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг биелүүлэх боломжгүй байна.” гэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/56 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж буйн хувьд Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагааг явуулаагүй байна. Учир нь Б.Төгөлдөржаргалыг ажлаас чөлөөлөхдөө тэр талаар өөрт нь мэдэгдэж, тайлбар болон санал гаргах боломжоор хангаагүй. Гэтэл хариуцагчийн хариу тайлбарт шуурхай хурал дээр ажлаас чөлөөлөх талаар мэдэгдсэн мэт бичсэн нь үндэслэлгүй бөгөөд Б.Төгөлдөржаргалыг ажлаас чөлөөлөх тухай шуурхай хурал дээр яриагүй, нийтэд хандсан шинжтэй зүйл яригдсан байдаг. Тэгээд ч мэдэгдсэн гэх нь сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Сонсох ажлын агуулга нь тухайн хүний санал болон тайлбарыг сонсох асуудал байдаг. Тус ажлаас чөлөөлөх тушаал нь Захиргааны Ерөнхий хуулийн 40.2.2, 40.2.5-д заасан заалтуудыг мөн хангаагүй байна. Иймээс тус тушаал нь алдаатай буюу хууль бус тушаал байна. Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаар тушаал нь Б.Төгөлдөржаргалыг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон мэт ярьж, тайлбар хийж байгаа нь буруу юм. Иймээс Б.Төгөлдөржаргалыг тухайн ажил албан тушаалд нь эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх болон бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг мөн тухайн тушаалд баримталсан байгаа нь буруу. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүйгээр ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулахгүй ажлаас нь чөлөөлж 3 сарын тэтгэмж олгосон тушаал гаргасан нь үндэслэлгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Төгөлдөржаргал “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/56 дугаартай “Б.Төгөлдөржаргалыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх болон бичилт хийхийг даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1], шүүх хуралдаанд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийж дараахи үндэслэлээр нэхэмжлэгч Б.Төгөлдөржаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч талаас “Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон нэгтгэсэн, миний эрхэлж байсан /Сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн/ ажлын байрны нэр “Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэж өөрчлөгдсөн ч тухайн ажлын байранд 15 мэргэжилтэн ажиллахаар болж бүтэц орон тоо батлагдаж ирсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3-т  /...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна/ заасныг хэрэгжүүлэхгүйгээр Б.Төгөлдөржаргалыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж,

 

            Хариуцагч болон түүний төлөөлөгч нараас “Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн зохион байгуулагдсан. Сум хариуцсан мэргэжилтэн 25 байсныг 15 болгон цөөрүүлсэн тул байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх шаардлага гарсан. Улмаар нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалаас Хөдөлмөрийн хуулийн зохих заалтууд болон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Төгөлдөржаргалыг ямар нэгэн сонгон шалгаруулалт хийхгүйгээр эрхэлж байсан ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний  тэтгэмж олгосон учраас ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.

            Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Б.Төгөлдөржаргалыг ажлаас чөлөөлөх тухай” Б/56 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халдагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан, Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг зөрчин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй хууль бус акт болох нь дараахь үйл баримтаар тогтоогдож байна. Үүнд:

            1. Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/56 дугаартай “Б.Төгөлдөржаргалыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд:

            Төрийн албаны үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын агуулга нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуулиар тогтоосон журмын дагуу үйл ажиллагаа явуулах байдлаар илэрдэг.

            Хариуцагч байгууллагаас Б.Төгөлдөржаргалыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 /аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эхсүл ажилтны тоог цөөрүүлсэн/ -д заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалдаг хуулийн заалтыг баримталсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасанчлан Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан хууль бус үйлдэл болжээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаартай “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” тогтоолоор[2] “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам” болгон өөрчилсөн байна. Мөн Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор[3] Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг байгуулж,  2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор[4] аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд /хэрэгжүүлэгч агентлаг/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажиллуулахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 дугаартай албан бичгийн[5] дагуу Орхон аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус тус  Б/36[6], Б/46[7]  дугаартай тушаалаар бүх ажилтан, албан хаагч нараа Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст сум хариуцсан нийгмийн халамжийн 16[8] мэргэжилтэн, Хөдөлмөрийн хэлтэст суманд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан 9[9]  мэргэжилтэн ажиллаж байсан бөгөөд Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог батлахдаа “Сум хариуцсан мэргэжилтэн-Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн”-г 15[10] байхаар цөөрүүлж баталсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байна.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан байх ба Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон байгуулсан нь байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд төрийн байгууллагыг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулсан гэж үзнэ.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “...эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан... эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн хуулийн зохицуулалт нь тухайн эрхэлж буй албан тушаал /ажлын байр/-ын орон тоо үгүй /Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай  Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д:  “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тайлбарласан/ болсон тохиолдолд баримтлах хуулийн шаардлага юм.

            Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байна.

            Энэ нь “бүтцийн өөрчлөлт” нэрийн дор төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг захиргаанд ногдуулсан агуулгатай зохицуулалт юм.

            “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн  2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд:

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр  төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар, тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно гэж, мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...”  гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр  байхыг хэлнэ.

            Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд маргаан бүхий албан тушаал /ажлын байр/ болох “Сум хариуцсан мэргэжилтэн-Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн” 15 байхаар орон тоо цөөрч, албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр батлагдан ирсэн /талууд энэ талаар маргаагүй/ байхад ямар нэгэн сонгон шалгаруулалт хийхгүйгээр Б.Төгөлдөржаргалыг шууд ажлаас чөлөөлсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Б.Төгөлдөржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбат/-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/56 дугаартай “Б.Төгөлдөржаргалыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Төгөлдөржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Б.Төгөлдөржаргалыг ажлаас чөлөөлөх тухай” Б/56 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр эгүүлэн тогтоосугай.

 

            2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Төгөлдөржаргалын ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүртэлх 3 сар 14 хоногийн хугацааны цалин хөлс 1.963.446 /Нэг сая есөн зуун жаран гурван мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан татвар суутгал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагын нягтлан бодогчид даалгасугай.

 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.САРАНГЭРЭЛ

                                                    

 

 

 

 

             

 

 


[1] ХХ-ийн 1, 2 дугаар тал

[2] ХХ-ийн 27 дугаар тал

[3] ХХ-ийн 28, 29 дүгээр тал

[4] ХХ-ийн 30, 31 дүгээр тал

[5] ХХ-ийн 32 дугаар тал

[6] ХХ-ийн 33, 34 дүгээр тал

[7] ХХ-ийн 118, 119 дүгээр тал

[8] ХХ-ийн 25 дугаар хуудасны ар тал

[9] ХХ-ийн 26 дугаар хуудасны ар тал

[10] ХХ-ийн 35 дугаар тал