Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 596

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

           Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,  

Улсын яллагч А.Намдаг,

Хохирогч Г.О-, өмгөөлөгч М.Б- /0201/

Хохирогч Ж.У-,

Шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Ц.Ц- /2190/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт А-ийн Г-т холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай эрэгтэй, ...........боловсролтой, .........мэргэжилтэй, “З” ТББ-ын тэргүүн ажилтай, ам бүл 0, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 хороолол, 00 байрны 00 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заанаар 6,720,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Ц овгийн А-ийн Г- /РД:000000000

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч А.Г- нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А их дэлгүүрийн орчим иргэн Ж.У-ад хүргэн Н.М-гийн чинь шалгагдаж байгаа хэргийг аргалж өгнө гэж 2,000,000 төгрөг хуурч авсан,

2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 23-нд хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 000-0тоотод оршин суух иргэн Г.О-аас барилгын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж өгнө гэж хуурч 4,000,000 төгрөгийг авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г- мэдүүлэхдээ: “Хохирогч Ж.У-атай охин Э-ээр дамжуулж танилцсан. 8 хувийн орон сууцны зээл авах талаар ярилцаж тохирсон. Тэгээд зээлийн асуудлаа болилоо гэсэн. Тэгээд охин нь орой нь утсаар яриад М- гэж хүн хар тамхины хэрэгт оролцсон асуудлын талаар асуухаар нь би өмгөөлөгчийн нэрийг асуугаад өмгөөлөгч Б-тай ярихад өмгөөлөгчөөр яг яваагүй гэж хэлсэн. Туслах өмгөөлөгч нь явж байгаа гэж хэлсэн. Б- өмгөөлөгч нөхөр М- нь хар тамхины асуудал байхгүй харин эхнэр нь хадгалсан асуудал байгаа гэж хэлэхээр нь би Э-д чамайг хар тамхи хадгалсан асуудлаар шалгуулах гэж байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд тэр хэрэг нь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр хэрэгсэхгүй болсон.

Би У-а эгчээс 1 сая төгрөг авсан. Дараа нь 1 сая төгрөгийг хэрэг хэрэгсэхгүй болохын өмнөх өдөр авсан.

Хохирогч О-тай фэйсбүүкээр танилцаад ахын барилгын тусгай зөвшөөрөлийг сунгуулах гэсийн гэхээр нь би 2 сая төгрөгөөр  сунгаж өгнө гээд авсан. Маргааш нь дахин өөр компанийн тусгай зөвшөөрөл сунгуулах талаар хүсэлт гаргахаар нь 2 сая төгрөг нэмж аваад материалыг нь цуглуулж явж байтал 14 хоногийн хугацаандаа өгч чадаагүй. Материал авах журам нь өөрчлөгдөөд бүтээж чадаагүй. Хохирогч нараасаа уучлал гуйж байна” гэв.

 

Хохирогч Г.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр чатаар холбогдоод маргааш П зочид буудал дээр уулзахаар болсон. Маргааш нь уулзаад барилгын тусгай зөвшөөрлөө хурдан бүтээгээд өгөөрэй гээд 1 сая төгрөг өгсөн. 01 сарын 22-ны өдөр үлдсэн мөнгөө яаралтай өг гэхээр нь Хаан банкны дансаар шилжүүлсэн. Тэгээд утсаар ярихад болж байгаа бүтэж байгаа сайдаар гарын үсэг зуруулах гэж байна гэхээр нь би чи надаас материал аваагүй байж яаж бүтээх юм гэхэд би аргална гээд худал хэлээд яваад байсан. Хохирлоо шүүх хурал эхлэхийн өмнө авсан тул санал гомдолгүй” гэв.

 

Хохирогч Ж.У-а шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл үнэн зөв бичигдсэн байна. Би орон сууцны 50 сая төгрөгийн ипотекийн зээл гаргуулах гэж явсан ба 10 хувийг нь авдаг гэхээр нь би Г-тай гэрээ байгуулсан байсан. Гэтэл нөхөр зөвшөөрөөгүй тул болилоо гэдгээ би Г-т хэлсэн. Тэгээд манай охин нөхөр нь хар тамхи татсан хэрэгт холбогдоод байсан тул Г-т хандсан юм шиг байна лээ. Г- хар тамхины хэргийг найз байцаагчдаа шилжүүлээд шийдүүлээд өгнө гэж хэлсэн. Тухайн хэрэг нь шүүхээр ороод хэрэгсэхгүй болсон. Хохирлын мөнгөө авсан. Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Г.О- мэдүүлэхдээ: “...А.Г- надруу мэссэж бичихээр нь би тусгай зөвшөөрөл сунгуулах гээд хөөцөлдөж байгаа талаараа хэлэхэд надад таньдаг хүн байгаа тэр хүмүүс мөнгийг нь өгчих юм бол тэр хүмүүс хурдан бүтээгээд өгч чадна харин чи надад ажлын хөлсөнд 4.0 сая төгрөг өгчих гэж хэлэхээр нь би А.Г-т 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн үед 1 сая төгрөгийг урьдчилгаа болгож өгөөд түүний дараа 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болон 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд тус тус 3 сая төгрөгийг хувааж нийт 4 сая төгрөг А.Г-т тусгай зөвшөөрөл сунгуулахаар өгсөн гэвч А.Г- нь түүнээс хойш миний гар утсыг авахгүй эсвэл авахаараа мөнгийг чинь өгөх гээд явж байна хүнээс авч өгнө гэх мэтээр надад хэлээд өгөхгүй байна...” гэжээ. /хх 15 хуу/

 

Гэрч П.О- мэдүүлэхдээ: “...Г.О- манай нэг таньдаг хүн бид хоёрын барилгын тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлээд сунгалтыг нь хийгээд өгөх боломжтой гэж байна хоёулаа цуг очоод уулзчихъя гэж хэлэхээр нь би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах П инпериал зочид буудлын нэг давхарт байрлах кофе шопд уулзалдсан. Тухайн үед тэр залуу өөрийгөө Г- гэж танилцуулсан манай нэг найз барилгын хөгжлийн төвд үнэлгээний комист ажилладаг юм, гэрчилгээ болон хүсэлтээ бичээд өгчих бусад бүх материал нь бэлэн байгаа би өөрөө нэмж бүрдүүлээд тусгай зөвшөөрлийг өнөөдөр 15 цагт хурлаар оруулаад гаргачихна гэж хэлсэн, тэхдээ тухайн үедээ мөнгө хурдан өгчих гэж хэлж байсан. Түүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 24-ний орчим комиссын хурлын шийдвэрээр гарч веб сайтад тавигдахад миний болон охин дүүгийн компани нэр байгүй болохоор нь утсаар ярьж асуухад А.Г- нь би сайдаар цохолт хийлгэх гээд өгчихсөн байгаа сайд гарын үсгээ зурчих юм бол нэмэлтээр орчихно гэж хэлээд яваад байсан...” гэжээ. /хх 29-30 хуу/

 

Хохирогч Ж.У-а мэдүүлэхдээ: “...Баянгол дүүргийн 10 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А их дэлгүүрийн урд уулзахаар болоод очиж уулзахад Г- гэх залуу надад хос дэнс залуу хуульчдын холбооны тэргүүн гэж өөрийгөө танилцуулаад надад төрийн банканд салбарын захирал ажилтай хүнийг таньдаг, ипотекийн зээлийг гаргаж өгч чадна, гэхдээ тухайн гаргаж өгөх зээлийн 10 хувийг хувьдаа авдаг, та тухайн мөнгийг нь өгч чадах юм бол би тэр хүнтэй ярилцчихаад таньд эргээд хэлье гэж тохироод нотариатаар гэрээ хийчихээд салсан. Тэгээд тухайн өдөө би гэртээ очоод манай нөхөр болох Хишигбаяр надад чи танихгүй хүнд мөнгө өгнө гэж юу яриад байгаа юм бэ гэж хэлэхээр нь би Г- луу утсаар яриад манай нөхөр дургүйцээд байна би болилоо гэж хэлээд байж байхад Г- гэх залуу манай охин боох Х.Э-рүү фээсбүүкийн мэссэнжер чатаар холбогдоод танай ээж ипотекийн зээлээ хөөцөлдөхөө больчихлоо, өөр шийдүүлэх ямар нэгэн асуудал байна уу гэж асуучихаад манай нөхөр асуудалд орчихсон байгаа гэх мэтээр хэлчихсэн байсан. Тэгтэл би энэ асуудлыг чинь зохицуулаад өгье надад олон танил байцаагч нар байгаа би наад хэргийг чинь хэрэгсэхгүй болтол нь зохицуулаад өгнө гэж хэлсэн байсан бөгөөд манай охин надад М-гийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгч чадна гэж байна гэж хэлэхээр нь хэрвээ хэрэгсэхгүй болгож чадах юм бол би мөнгийг нь өгчихнө гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний охин болох Х.Э- тэр залуутай уулзахад Г- тухайн үед хүргэн болох М-гийн хэргийг өмгөөлж байсан Б- гэх өмгөөлөгчийг захиргааны хэрэг өмгөөлдөг хүн наад хэргийг чинь өмгөөлж чадахгүй гэх мэтээр яриад 2.0 сая төгрөгөөр янзалж өгч чадна гэж хэлсэн байхаар нь би өөрийнхөө охины хамт 2 сая төгрөг 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчим, 1 сая төгрөг түүнд өгөөд түүний дараа Г- надруу дахиж утасдаад хүн амьтан гуйж байна хоолонд оруулмаар байна надад мөнгө нэмээд өг гэж хэлэхээр нь би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчим 1 сая төгрөгийг хүнээс зээлээд өөрийнх нь дансруу шилжүүлсэн..” гэжээ. /хх 20-22 хуу/

 

Гэрч Х.Э- мэдүүлэхдээ: “...би өөрийн фээсбүүк хуудаснаа “байрны 8 хувийн зээл гаргаж өгч чадах хүн байна уу” гэж бичээд нийтэлсэн тэгтэл маргааш 14 цагийн орчимд надруу фээсбүүкийн мэссэнжэрээр холбогдоод Сайн байна уу, хаана ямар байршилтай ямархүү байр юм бэ гэж асуугаад, төрийн банканд таньдаг хүн байгаа, үндсэн авах зээлийн тодорхой хувийг өөртөө авдаг юм гэж хэлсэн. Тэгээд хэний нэр дээр авах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь би ээжийнхээ нэр дээр авна гэж хэлэхэд ээжийнхээ иргэний үнэмлэхний зургийг явуулчих тэгээд бас ээж чинь ямар нэгэн зээлтэй юу би тэрийг шалгаж үзчихээд хэлье гэхээр нь би ээжийн иргэний үнэмлэхний зургийг гар утсаараа дараад манай ээж цалингийн зээлтэй гэж хэлэхэд за шалгачихаад эргээд хариу хэлнэ гэж хэлээд хэсэг хугацааны дараа танай ээж чинь зөвхөн цалингийн зээлтэй юм байна, хар дансанд ороогүй учраас зээл авч болно гэж хэлээд чи надад өөрийнхөө ээжийн утасны дугаарыг өгчих ээжтэй чинь холбогдож байж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэж хэлээд байнгын ээжийн утасны дугаарыг асуугаад байсан бөгөөд тухайн үед би ээжийн утасны дугаарыг өгчихсөн. Түүнээс хойш надтай ямар нэгэн байдлаар холбогдоогүй тухайн үед ээжээс 2 сая төгрөг заавал авна гэж байгаад 2 сая төгрөг аваад нотариатаар орж 5 сая төгрөг зээлдүүлсэн болно гэж ээжтэй зээлийн гэрээ хийчихсэн байсан...” гэжээ. /хх 80-82 хуу/

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 52 хуу/

Орлогын мэдүүлэг / хх 53/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 54-55/

Мөнгө шилжүүлгийн баримт /хх 56/

Зээлийн гэрээ /хх 60/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 93/

Шийтгэх тогтоол /хх 98-103/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгсон тухай тогтоол /хх 97/

Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 104/ зэрэг болно.

 

  Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч А.Г- нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А их дэлгүүрийн орчим иргэн Ж.У-ад хүргэн н.М-гийн чинь шалгагдаж байгаа хэргийг аргалж өгнө гэж 2,000,000 төгрөг хуурч авсан,

2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 23-нд хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 000-0тоотод оршин суух иргэн Г.О-аас барилгын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж өгнө гэж хуурч 4,000,000 төгрөгийг авч хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.О- /хх 15/, Ж.У-а /хх 20-22/ гэрч П.О- /хх 29-30/, Х.Э- /хх 80-82/ нарын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 52, 54-55/, орлогын мэдүүлэг / хх 53/, мөнгө шилжүүлгийн баримт /хх 56/, зээлийн гэрээ /хх 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 93/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Г- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заанаар 6,720,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан /хх 98-103/ бөгөөд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгсон тухай тогтоол /хх 97/ Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 104/ зэргээр торгох ялыг төлж барагдуулсан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Г-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Г- нь өмнө нь торгох ялаар шийтгэгдэж байсан бөгөөд дахин бусдыг хуурч залилах буюу нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.