Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2026/ДШМ/311

 

2026            03           17                                                                            2026/ДШМ/311        

 

Э.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-гийн өмгөөлөгч С.Тэмүүлэн,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2828 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн 2405020090831 дугаар хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

С- овогтой Э-ийн Б-, ........, /РД: ВЭ-/,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж шийтгүүлсэн.

Шүүгдэгч Э.Б- нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дзвсгэрт байрлах 26 дугаар гудамжны Э- тоотын гадаа зогсож байсан найз охин болох Г.Ч-тэй “жирэмсэн болсон бол хүүхдээ гаргана, гаргахгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар Ч- УБЭ улсын дугаартай Тоёото Кровн маркийн машинаар санаатай мөргөж, биед нь элэгний зардсан шарх, нойр булчирхайн хальсны урагдал, бүдүүн гэдэс, чацархай, нарийн гэдэсний няцрал, хэвлийн хөндий дэх шингэн хураа, баруун, зүүн талын умдаг, суудал ясны хугарал, зүүн сүүжний тогооны хугарал, зуүн талын ууц сүүжний салсан хугарал, зүүн түнхний үений мултрал, зүүн гуянд шарх, зуүн гуяны гадна хэсгийн зүсэгдэж хууларсан шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Б-ы цагдан хоригдсон нийт 59 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийн хувийг Хил хамгаалах газарт хүргүүлж, Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Прокурор М.Эрдэнэзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Э.Б- нь хохирогч Г.Ч-гийн амь насыг хохироох санаа зорилгоор, үхэлд хүргэх шууд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийг дээрх газар сууж байгаа талаар мэдэхгүйгээр болгоомжгүй үйлдлээр амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдохгүй, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж дүгнэсэн.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, амь хохирогч Г.Ч- нь шүүгдэгч Э.Б-тай маргасны улмаас түүний гэрээс гарч явсан ба удалгүй Э.Б- нь амь хохирогчийг гэрт нь хүргэж өгөх зорилгоор утсаар холбогдож, хаана байгаа талаар тодруулахад худгийн хажууд байна гэж ярьсны дагуу Э.Б- нь өөрийн Ч- УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ хохирогчийг авахаар явахад талийгаач нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар гудамжны Э- тоотын гадаа суугаа байдалтай байсныг Э.Б- нь машины гэрлийн тусгалд харагдаж байгааг харсаар байж мөргөсөн, мөн дээрх санаа зорилго нь үргэлжилж, хохирогчид гэмтэл учруулсан гэдгээ мэдсээр байж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхгүй хохирогчийн амь насыг санаатай хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч Э.Б- нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон, ноцтой аюул учруулахаар тээврийн хэрэгсэл жолоодон хохирогч руу ноцтойгоор халдаж дайрсан нь анхнаасаа хүнийг алах сэдэлт, зорилготой гэмт үйлдэл бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хүн нас барсан байх бөгөөд машинаар дайрсан гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг болгож, зүйлчлэлийг хөнгөрүүлэх , ямар нотлох баримтаар үгүйсгэсэн, няцаасан талаар тодорхой тусгаагүй, дүгнээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2828 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-гийн өмгөөлөгч С.Тэмүүлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч Ц.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, чанарын шаардлага хангахгүй машиныг унаж санаатайгаар хохирогчийг мөргөж, дараагаар нь гэртээ оруулан гар хүрж, цохиж зодсон байдаг. Амь хохирогч нь амьд, сэрүүн байх хугацаандаа өгсөн мэдүүлэгтээ “толгой руу нь 2 удаа цохиж, 1 удаа алгадсан” гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Амархүү нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч Э.Б-ыг ямар учиртай эмнэлгийн тусламж дуудахгүй байсан талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна. Мөн нэмж хэлэхэд шийтгэх тогтоолд “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г-” гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Г- гэх хүн тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр “Г-” гэх хүн тогтоогдсон. Г- гэх хүн нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, “сэтгэн, бодох чадвар 60% алдагдалтай” гэх баримтыг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар өмгөөлөгчид ирүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эрхээ бүрэн, дүүрэн эдэлсэн эсэх дээр шүүх бүрэлдэхүүнийг анхаараасай гэж хүсэж байна. Үйлчлүүлэгчийн сэтгэцийн асуудлыг анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа буюу хожуу мэдсэн. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-ы өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс эсэргүүцэлдээ “анхан шатны шүүх зүйлчлэл хөнгөрүүлсэн талаараа шийтгэх тогтоолдоо дүгнээгүй” гэж дурдсан байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хэрэг гарсан үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.Б-ы үйлдэлд “хүний алах” гэмт хэргийн сэдэл санаа зорилго байхгүй, харин болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн байх үндэслэлтэй байна...” гэж дурдсан байдаг. Манай үйлчлүүлэгч болон өмгөөлөгч миний зүгээс хэргийн үйл баримт буюу болсон асуудалд маргадаггүй, харин гэмт хэргийн сэдэл санаа зорилго, хэргийг зүйлчлэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байна гэж үзэн анхан шатны шүүх хуралдаанд маргаж оролцсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж тогтоол гаргасан. Шүүхээс тогтоолдоо “шинжээчийн дүгнэлт гаргуулж, зам тээврийн осол мөн эсэхийг шалга” гэж тусгасан. Шүүх хуралдаан хойшилсон хугацаанд зам тээврийн осол мөн эсэх дээр шинжээчийн дүгнэлт гарсан боловч тухайн дүгнэлт нь үндэслэл бүхий дүгнэлт биш байсан учир прокурорын яллах дүгнэлтийн дагуу шүүх хуралдаан үргэлжилсэн. Мөрдөгчийн сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэлдээ хохирогчийг бичлэгт харагдаж байгаа гэж тэмдэглэсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд эд мөрийн баримтыг шинжлэн судлахад хохирогч хашааны хажууд сууж байгаа дүрс байгаагүй. Тодруулбал, бичлэгт хүний сууж байгаа дүрс тодорхой харагддаггүй байсан. Анхан шатны шүүх сиди бичлэгт авагдсан эргэлзээтэй нөхцөл байдал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад үндэслэж, оновчтой, зөв дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас шүүх хуралдаан хүртэл амь хохирогчийн эгч Т-т дансаар 12.169.800 төгрөгийг төлсөн. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “ямар нэгэн саналгүй” гэх тайлбарыг өгсөн. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял, шийтгэл оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс түүнийг сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн хөнгөн хомсдолтой гэх дүгнэлтийг ирүүлсэн байгаа гэх тайлбарыг гаргаж байна. Гэвч хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг сэтгэцийн өвчтэй гэх албан ёсны баримт байхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоосон эсэх дээр ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцийн хөнгөн хомсдолтой гэх оноштой байлаа гэхэд хөнгөн зэргийн хомсдолтой хүн мэдүүлэг, тайлбар өгөх чадвартай байдаг болохыг хэлэх нь зүйтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “гэрч А-гийн мэдүүлгээр тогтоогдож байгаа” гэх агуулгатай тайлбарыг шүүхэд гаргаж байна. Уг хүн мэдүүлгээ хэдэн янзаар өгсөн байдаг. Тодруулбал, Э.Б- машинд сууж байсан, Э.Б-ы машинд сууж байгаагүй гэх байдлаар зөрүүтэй мэдүүлдэг. Бодит байдал дээр А- нь миний машинд суугаагүй мөн би түүний дэргэд амь хохирогчийг цохиж, зодоогүй. Амь хохирогчийн гар утсыг надад байсан гэх агуулгатай зүйлүүд яригдаж байна. Ямар ч гар утас байгаагүй, 2 хар гутал л байсан. Нийслэлийн замын цагдаагаас тухайн үед намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаагүй, драйгер багаж үлээлгээгүй. Гэмтлийн эмнэлэгт дээр байхад цагдаа мэдүүлэг авна гэхээр нь мэдүүлэг өгөх гээд гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах дээр удаан хүлээсэн, цагдаа ирэхгүй удаж байгаад орой болсон хойно залгаад “хэрэг болсон газраа заагаад өг” гэж хэлээд намайг дагуулаад явсан. Тухайн үед осол болсон газар руу намайг авч явах гэж 4 цагдаа ирсэн. Тэдгээр цагдаа нар драйгер үлээлгэсэн боловч надаас согтууруулах ундааны хэрэглэсэн нөхцөл байдал илрээгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Б-ыг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дзвсгэрт байрлах 26 дугаар гудамжны Э- тоотын гадаа зогсож байсан найз охин болох Г.Ч-тэй “жирэмсэн болсон бол хүүхдээ гаргана, гаргахгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар Ч- УБЭ улсын дугаартай Тоёото Кровн маркийн машинаар санаатай мөргөж, биед нь элэгний зардсан шарх, нойр булчирхайн хальсны урагдал, бүдүүн гэдэс, чацархай, нарийн гэдэсний няцрал, хэвлийн хөндий дэх шингэн хураа, баруун, зүүн талын умдаг, суудал ясны хугарал, зүүн сүүжний тогооны хугарал, зуүн талын ууц сүүжний салсан хугарал, зүүн түнхний үений мултрал, зүүн гуянд шарх, зуүн гуяны гадна хэсгийн зүсэгдэж хууларсан шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, “...2025/ШЦТ/2828 дугаар шийтгэх тогтоолоор Э.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж, түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж тус тус заасныг зөрчжээ.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-ы “...хүнийг алах” үйлдлийг “...хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох...” гэж хөнгөрүүлэн өөрчилж дүгнэхдээ Эрүүгийн хуулийг агуулгаас өөрөөр тайлбарлаж, гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаатай дүгнэлт хийжээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ч-гийн амьд ахуйдаа өгсөн “...Б- бид хоёр муудалцаад би Б-гийн гэрээс гараад явсан. Тэгсэн Б- эхлээд алхаад ирчихээд би гэрт чинь хүргээд өгье гээд байсан. Тэгэхээр нь би үгүй гээд шууд доошоо нилээн алхаад явж байсан чинь гэнэт араас нэг юм цохиод би газар унасан. Тэгээд миний зүүн гуя чирэгдэж унасан. Б- намайг машинд суулгаж байгаад намайг битгий маяглаад бай гээд гэр рүү үүрээд орсон. Тэгсэн чинь гэрт нь миний танихгүй гурван залуу, нэг эмэгтэй байсан. Тэд нар намайг яасан бэ, юу болсон бэ гэхээр нь Б- сая шон мөргөөд уначихсан гэж хэлсэн. Тэгээд нөгөө найз нар нь танай найз охин яасан юм бэ гээд асуугаад байсан чинь мэдзхгүй, нэг хүн мөргөчихөөд яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд би Б-г түргэн дуудаад өг гэсэн чинь чи битгий худлаа баашлаад бай, чи дандаа ингэж баашилдаг гээд түргэн дуудаж өгөөгүй. Тэгээд нилээн удаан гэрт нь хэвтэж байгаад миний бие нилээн өвдөөд байхаар нь би чанга орилсон чинь намайг дуугүй бай гэсэн. Тэгэхээр нь би бүр илүү чанга орилсон чинь намайг чи битгий баашлаад бай гээд миний толгойг гудас руу хоёр удаа цохисон, нэг алгадсан. Тэгээд би тэнд нилээн удаан байж байгаад түргэн ирэхгүй байхаар нь өөрөө ажлынхаа захирал руу түргэн дуудаад өгөөч гэж залгасан чинь манай захирал түргэн дуудаж өгөөд Б-гийн гэрийн хаягийг О- гээд найз нь зааж өгөөд би түргэнээр гэмтлийн эмнэлэгт ирсэн. ... Б- намайг мөргөчихөөд машинаасаа бууж ирээд намайг уучлаарай гээд байсан. ... тухайн үед надад тусламж маш их хэрэгтэй байхад надад туслаагүйд гомдож байна. ...” /1 хх 14-16, 18-20/,

мөн насанд хүрээгүй гэрч З.А-гийн “...Тэр үед Б- ах гэрийнхээ гадаа нэг эмэгтэй хүнтэй ноцолдоод хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд нөгөө эмэгтэй нь яваад өгсөн. Тэр үед би машинаас нь бууж ирэхэд Б- ах намайг чи одоо шөнө яаж харих юм бэ гэрт ороод унт гэж хэлээд өөрөө машинаа унаад яваад өгсөн. Б- ахын гэрт ороод унтаж байхад 30 минутаас 1 цагийн дараа Б- ах нөгөө хэрэлдээд зодолдоод байсан байсан эмэгтэй хүнтэйгээ ороод ирсэн. Нөгөө эмэгтэй нь уйлаад түргэн дууд гээд байсан. Тэр үед нь Б- ах битгий шалчигнаад бай, өглөө түргэн дуудна гэж хэлээд унтаад өгсөн. Намайг өглөө сэрэхэд Б- ахын гэрт хүн байгаагүй. Найз Э- нь ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан, найз охиныг нь өчигдөр орой хүн мөргөсөн байна, одоо сэхээнд байна гэсэн. ...” /1 хх 27/,

гэрч А.Т-ийн “...Би Ч-г 2024 оны 5 дугаар сарын 5-ны үдээс хойш машинд мөргүүлсэн Гэмтлийн эмнэлэг дээр байгааг мэдээд 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр очиход Ч- эхний хагалгаанд орсон, элэг нь бяцраад бяцарсан хэсгийг нь тайрсан гэж эмч хэлж байсан. Тэр үед Ч- ухаантай байсан. Надад Ч- миний утсыг олж аваарай Б- мэдэж байгаа гэж хэлсэн. Тэр өдөр нь би Б- гэх залуу руу залгахад цагдаа дээр байна гэхээр нь би цагдаа дээр З- гэх хүнтэй уулзахаар очиход байхгүй байсан. Утсаар ярихад З- нь машин дотор утас байгаагүй гэж хэлсэн. Би цагдаагийн гадаа Б- гэх залуутай уулзаад юу болсон талаар асуухад уучлаарай гэсэн үгнээс өөр үг хэлээгүй. Би Ч-гийн утасны талаар асуудал Б- би утсыг нь үнэхээр мэдэхгүй байна гэж хэлсэн. Ч- Айфоне 12 про маркийн гар утас байгаа гэж надад хэлсэн. ... Ч- надад хэлэхдээ Б- намайг албаар мөргөсөн шүү гэж хэлсэн, яг яагаад мөргөсөн талаар хэлээгүй. ...” /1 хх 186-187/,

гэрч С.М-гийн “...Манай хүүгийн найз залуу Э- нь он сарыг нь санахгүй байна, Б-тай уулзахаар гэрт нь очоод Ч- орон дээр хэвтэж байсан, бие нь тааруу юу болсон талаар асуухад Ч- өчигдөр орой машинд мөргүүлсэн гэж хэлхэхэд нь манай найз залуу яагаад түргэн дуудаж өгөөгүй юм бэ гээд түргэн дуудаж өгсөн. Би энэ талаар сонсоод Ч- рүү залгатал утас нь холбогдоогүй байсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтээд 2-3 хоногийн дараа надтай утсаар ярихад Ч- нь Б-тай маргалдаад гэрээс нь гараад гудамжаар алхаж байгаад шонгийн тэнд Б-ыг хүлээж байтал Б- ирээд мөргөчихсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг харсан юм уу, хараагүй юм уу гэхэд намайг харсан гэсэн. ... Б- нь Ч-г мөргөчихөөд машиндаа суулгаад гэртээ авч орсон. Ч- түргэн дуудаад өг гэхэд алгадаад чимээгүй унт гээд нүүрэн дээр нь дарсан гэж надад хэлсэн. ...” /2 хх 96-97/ гэсэн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд, шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хийсэн шинжээчийн магадлалтай гэх тайлбар дүгнэлтэд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахдаа хохирогчийн мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэсэн талаар дүгнээгүй буюу нотлох баримтын агуулга, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт огт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;...” гэж хуульчилсан ба дээрх хуулийн заалтыг зөрчжээ.

Тодруулбал, прокурорын яллах талын нотлох баримтуудад дүгнэлт өгөөгүй, няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх боломжгүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор М.Эрдэнэзаяагийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2828 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар эсэргүүцлийг авсугай.

2. Шүүгдэгч Э.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР

 

                   ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

    

                                         ШҮҮГЧ                                Т.ШИНЭБАЯР