Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/08 

 

 

 

2026        03          13                                   2026/ДШМ/08                 

                                                                                                                        

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр, 

прокурор Д.Дашням,

           шүүгдэгч *******,

               шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч *******н давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, ******* онд 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн ******* сумын ******* баг, “*******”-ийн ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,******* овогт ******* (РД:),

 

2. Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн ******* сумын багт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна талбайд хохирогч той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, уг цохилтын улмаас ухаан алдаж унахдаа замын бродюр мөргөж биед нь дагзны баруун хэсгээс суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун талын бөмбөлгийн дагзны дэлбэнд хатуу хальсан дээрх болон доорх цус харвалт, зүүн талын бөмбөлгийн дух, дагзны дэлбэнд аалзавчин доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамрын таславч мурийлт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашням нь шүүгдэгч *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, *******гаас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 11,880,000 төгрөгийг гаргуулж, хохирогч од, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 2,633,438 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд олгуулж, ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хавсаргаж ирүүлсэн цагаан өнгийн CD дискийг хэрэгт хавсаргаж үлдээхийг тус тус дурдаж, *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогч той урьдын танил биш бөгөөд хувийн ямар нэг өс хонзонгийн сэдэлтэй харилцаа байхгүй, тухайн хүний биед хүнд гэмтэл учруулах санаа агуулаагүй байсан, хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эрх зүйн үр дагаврыг ойлгож байгаа. Миний зүгээс хохирогч од учруулсан хохирлыг барагдуулж, тухайн хүнээс уучлалт гуйсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Би элэгний хагалгаанд орж донор болж байсан. Хамаатандаа элгээ өгөөд тэрнээс маань болоод цөсгүй болж бие маань өвддөг миний энэ шалтгааныг маань хүлээн авч 2 жилийн ял шийтгэлийг маань хөнгөрүүлж мөнгөн торгууль болгож өгнө үү гэв.

 

6.Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* бид хоёр урьдын танил биш бөгөөд өс санах сэдэлгүй тухайн үед үл ойлголцох шалтгаанаар миний биед халдаж гэмтэл учруулсан. ******* нь надаас уучлалт гуйж, хохирол болох 5,000,000 төгрөгийг ХААН банк дансанд, хурдан удмын унагалах 2 гүүг тус бүрийг нь 2,500,000 төгрөгөөр тооцож 5,000,000 төгрөг, шүдлэн үхрийг 1,880,000 төгрөгт тооцож, нийт 11,880,000 төгрөгийг төлж барагдуулсан тул надад ямар ч гомдол, санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болно. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье гэв.

 

7.Прокурор Д.Дашням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байна. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гарсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, ялыг хөнгөрүүлж болно хэмээн эрх хэмжээг нь тодорхойлсон байх тул шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл болон хорих ял байгууллагын дэглэмийн хувьд прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

          8.Шүүгдэгч *******н давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

10.Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн ******* сумын багт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна талбайд хохирогч той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, уг цохилтын улмаас ухаан алдаж унахдаа замын бродюр мөргөж биед нь дагзны баруун хэсгээс суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун талын бөмбөлгийн дагзны дэлбэнд хатуу хальсан дээрх болон доорх цус харвалт, зүүн талын бөмбөлгийн дух, дагзны дэлбэнд аалзавчин доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамрын таславч мурийлт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдал нийцжээ. Үүнд:

 

          10.1. Шүүгдэгч *******н: “Бааранд сууж байгаад гадаа тамхи татах гээд гараад ирэхэд гадаа байж байсан. Тэгээд зогсож байхад хүний дургүй хүргэхээр үг хэлэхээр нь би нэг цохиход газар унасан. Тэгээд би буцаад баар руу ороод сууж байхад баарны хамгаалагч залуу ирээд гадаа 2 цагдаа ирсэн дуудаж байна гэж хэлсэн.” гэх ( Хэргийн 55-56, 130-132 дугаар хуудас),

 

          10.2. Хохирогч ын “Би баарны гадаа нь тамхи татаад зогсож байхад миний хажууд хүмүүс маргалдаад байж байсан. Тэгтэл хаанаас ч юм мэдэхгүй нэг хүн түлхэх шиг болсон тэгээд би унахдаа замын хажуу талын бродюр мөргөж унасан” гэх (Хэргийн 10-14, 94-9******* хуудас),

 

          10.3.Гэрч ын “Намайг бааранд бүжиглэж байхад баарны хамгаалагч нь “найз чинь гадаа зодуулсан байна” гэхээр гадаа гараад очиход цагаан машины хамар дээр доошоо хараад хэвтэж байсан...” гэх (Хэргийн 17-19 дүгээр хуудас),

 

          10.4. Гэрч “ Баарны гадаа гарахад гэх залуу хүн хүнтэй маргалдаад байсан. Тэгээд би хажуу талд нь хүнтэй юм яриад зогсож байгаад нэг харахад нь газар унасан хэвтэж байсан. Хэн цохисныг нь хараагүй.” гэх  (Хэргийн 22-23 дугаар хуудас),

 

          10.5. Гэрч “Нэрийг нь мэдэхгүй цохиулсан гэх залуутай юм ярьж байхад миний зүүн гар талаас ах баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиход нөгөө залуу газар унасан. Нөгөө хүн хэсэг хугацаанд ухаан алдсан байдалтай байхад цагдаа ирсэн.” гэх (Хэргийн 26-2 хуудас),

 

          10.6. Гэрч , нар “Дуудлагын дагуу очоод “” баарны хамгаалагчаас асуухад энэ цагаан майктай залуу гадаа байгаа хүнийг цохисон гэж хэлсэн. Регистрийн дугаараар шалгахад ******* гэж гарч ирсэн.” (Хэргийн 38-43 дугаар хуудас),

 

          10.7. Гэрч “Би “” баарны хамгаалагчаар ажилладаг. Намайг эргээд харахад дээгүүрээ цагаан майктай залуу нэг залууг цохиод тэр хүн газар унаж байгаа харагдсан. Тэгээд очтол газар унаад ухаангүй байсан.” гэх (Хэргийн 50-52 дугаар хуудас),

 

          10.8.Иргэний нэхэмжлэгчийн “Хохирогч нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2,633,468 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байх тул уг хохирлыг яллагдагч *******гаас нөхөн төлүүлж өгнө үү” гэх нэхэмжлэл, холбогдох баримтууд (Хэргийн 104-108 дугаар хуудас), 

 

          10.9.Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн “ын биед дагзны баруун хэсгээс суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун талын бөмбөлгийн дагзны дэлбэнд хатуу хальсан дээрх болон доорх цус харвалт, зүүн талын бөмбөлгийн дух, дагзны дэлбэнд аалзавчин доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамрын таславч мурийлт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэмтлүүд байна. Амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл (Хэргийн 61-83 дугаар хуудас),

 

          10.10.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна... “ гэх дүгнэлт (Хэргийн 86-88 дугаар хуудас),

 

          10.11.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “******* нь гэнэт баруун гараараа хохирогч ын нүүрэн хэсэгт 1 удаа цохиход шууд газар унаж байгаа харагдав” гэх тэмдэглэл (Хэргийн 6 дугаар хуудас) зэрэг баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдож байна.

 

          11.Хэрэгт авагдсан гэрч , , нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, урьд холбогдсон захиргааны зөрчлийн бүртгэл, лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 30-35, 46-47, 133-156 дугаар хуудас)

 

          12.Шүүгдэгч *******н дээрх үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулж, амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгоно.

          Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ыг цохисны улмаас нь замын бродюр мөргөн газар унаж, түүний хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдуулах хор уршиг бүхий, хүнд гэмтэл учирч, уг гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

13.Шүүгдэгч ******* “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний болон сэтгэл санааны хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлснийг харгалзаж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү”  гэх гомдлыг гаргасан. Хохирогч давж заалдах шатны шүүхэд: “******* нь надаас уучлалт гуйж, хохирол болох 11,880,000 төгрөгийг төлж барагдуулсан тул надад ямар ч гомдол, санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болно. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье”  гэх хүсэлтийг гаргасан болно.

 

14.Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлаагүй байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          Нэг. Шүүгдэгч *******н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,   Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******н цагдан хоригдсон нийт 66 (жаран зургаа) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНТУНГАЛАГ                    

                              ШҮҮГЧИД                                 О.БААТАРСҮХ

                                                                                       Д.ГАНЗОРИГ