Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/09

 

 

 

 

 

2026        03            13                                

 

 

*******ид  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                              Х.Ууганбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Г.Эрдэнэбат

         Шүүгдэгч                                                                   *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатын гаргасан гомдлоор шүүгдэгч *******ид  холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, Маркетингийн удирдлага мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ажилтай,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:), овогт .

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын ******* баг, Худалдааны гудамжны 138 тоотод байх өөрийн гэртээ 2025 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04 цагийн орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдаж, эрүүл мэндэд нь дух, цээжний баруун зүүн тал, баруун, зүүн гарын бугалганд олон тооны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч овогтийн ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  уг торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, саналдаа:  “...Анхан шатны шүүх нь шүүгдэгч *******ийг хохирогч , гэрч , , шинжээч эмч нарын мэдүүлгүүд, сумын эмчийн тодорхойлолт СҮХ0725/*******6 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна гэж дүгнэлт хийж гэм буруутайд тооцжээ. Үүнтэй өмгөөлөгч миний  бие санал нийлэхгүй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан гэх эд мөрийн баримт болох үзүүргүй, үзүүр нь мохоо, хүрэн модон иштэй 25-30 см-ийн урттай хутга байсан гэж гэрч мөрдөх байгууллагад мэдүүлсэн байдаг. Хохирогч нь.... Тэгээд би араас нь очоод хартал ахын цээжинд хутга тулгаад чамайг ална шүү гээд зогсож байсан мэдүүлгийг мөрдөх байгууллагад бас өгсөн байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр харахад гэмт хэрэг үйлдэхэд хутга ашигласан нь тодорхой харагдаж байна. Гэтэл гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх энэ хутгыг мөрдөх байгууллага нь эд мөрийн баримтаар хурааж аваагүй хэргийг шүүхэд

шилжүүлсэн, Шүүх нь эд мөрийн баримтаар хурааж аваагүй нотлох баримтыг хохирогч, гэрч нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч А. 2025 оны 09 сарын 10-ны өдрийн СҮХ0725/*******6 дугаартай "... 1 ийн биед дух цээжний баруун зүүн тал, Баруун зүүн гарын бугалганд олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2 учирсан гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна... гэх шинжээчийн дүгнэлт гарчээ. Үүнээс харахад олон тооны буюу 14 тооны хурц үзүүртэй зүйлээр зүсэлт үүсгэгдсэн байгаа юм. Гэтэл тэр хутга нь мохоо, хутгыг хаанаас авсан нь мэдэгдэхгүй энэ олон удаагийн зүсэлт хийж байхад хохирогчийн биеэс цус гараагүй, зүсэлт нь жигдхэн 30 см хүртэл урт, хохирогч нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй байгаа зэрэг нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хүн хутгаар гараа эсгэхэд цус гардаг, гэтэл энэ 14 ширхэг зүсэлтээс цус гараагүй, өмссөн хувцсанд цусны толбо тогтоогүй нь хохирогч , гэрч М. нарын мөрдөх байгууллагад өгсөн мэдүүлэг нь тухайн үед болсон үйл явдалтай уялдаа холбоогүй байна.

Хохирогч нь гэмт хэрэг гарсан өдрөө буюу 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн үед сумын төвийн эмч үзүүлсэн байдаг юм. Биед үзлэг хийхэд цээжний баруун зүүн талд нь дээрээс доошоо зүсэгдсэн хэд хэдэн шарх байна. Тухайн шарх нь тавласан, шархнаас цус гарсан байдал ажиглагдаагүй гэж мөрдөх байгууллагад мэдүүлсэн байдаг. Гэтэл Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч нь 7 хоногийн дараа хохирогчийн биед үзлэг хийж дүгнэлт гаргахдаа энэ олон удаагийн зүсэлт нь тухайн хэрэг гарах үед гарсан байж болзошгүй гэж мөрдөх байгууллагад мэдүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь тухайн өдөр нь үзсэн эмч Н. нь тавласан байдалтай шарх байна гэж хэлсэн байхад шинжээч эмч нь тухайн үед үүсгэгдсэн шарх байж болно гэж мэдүүлсэн нь хоорондоо эрс зөрүүтэй байна. Шүүх хохирогчийн биед учирсан олон тооны зүсэлтийг хоёр эмчийн зөрүүтэй мэдүүлгийг гэм буруугийн дүгнэлтдээ ижил дүгнэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Энэ хэргийн гол гэрч нь “... намайг гэртээ ороод 2 давхарт гарахад манай коридорт хүүхдийн өрөө том өрөөний голд хүн зогсож байсан. Би өрөө рүүгээ ороод нөхрөө сэрээгээд юун хүн хүүхдийн өрөөний үүдэнд байгаа юм, хүүхдүүд чинь хаана байна гэж хэлэхэд манай гэр бүлийн хүн шууд босоод хохирогч зууралдаад авсан. Тэр хүн шууд доошоо шатаар буусан, манай хүн араас нь шууд буусан, удалгүй гэр лүүгээ орж ирсэн бид амарсан. *******ийн биед ямар нэгэн шарх сорви байгаагүй, манайд хүрэн модон иштэй мохоо үзүүртэй 25-30 см-ийн урттай хутга байдаггүй...” гэж мөрдөх байгууллага болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс харахад гэрч хашааны гадна машинтайгаа байсан гэдэг нь, шүүгдэгч ******* нь хутга барьж хохирогч ийн биед олон тооны зүсэлт үүсгэсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Хохирогч нь мөрдөх байгууллагад 3 удаа мэдүүлэг өгөхдөө 3 өөр мэдүүлэг, гэрч нар болон шинжээч, хохирогчийн биед тэр өдөр нь үзлэг хийсэн эмч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад шүүгдэгчийг шүүх гэм буруутай гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Ийм учир анхан шатны шүүхийн 2026 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...”  гэв.  

 

        Шүүгдэгч  *******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг болсны маргааш өглөө нь уучлаарай гээд орж ирсэн. Гэхдээ намайг зүссэн, барьсан гэсэн тийм юм ярьдаггүй. Ер нь гол болсон процесс нь эхнэр 3 цаг 45 минутын үед ирээд намайг сэрээсэн. 2 давхарт гэр дотор хүн яваад байна. Чи юу хийгээд хэвтэж байгаа юм. Ямар амгалан тайван унтдаг хүн бэ? хүүхдүүд чинь хаана байна вэ? зүгээр үү? гээд тэгээд би шууд сэрээд шилээ ч зүүж амжаагүй. Хутга шөвөг янз бүрийн юм барих, гутлаа ч өмсөж амжаагүй. Тэгээд л тэр нөхрийг би 2 давхрынхаа шатан дээр барьж авсан. Тэгээд гараас мултраад эхнэр намайг нэг гараас татаад 2 давхрын шатаар доошоо буугаад би араас нь дагаж ороод арынхаа үүдний өрөөнд хаалга байхгүй самардаад байж байхад нь араас нь тэврээд авсан. Тэвэрч явангуутаа арагшаа 2 метрийн урттай, метрийн өргөнтэй 60 см өргөнтэй нүх байдаг. Манай тэр галлагааны тэр лүү би ар нуруугаараа унаад миний дээр давхарлаад унасан. Миний нуруу гэмтсэн, шалбарсан тийм зургуудыг өгсөн. Тэр ...нүхэнд барилгын материал янз бүрийн тастагчаар тастчихсан үзүүртэй төмөр байсан. Би тэр үзүүртэй төмөр дээр унасан бол өдийд ингээд зогсож байхгүй байсан байх. Тэгээд хөл нүцгэн байсан учраас шууд гэр лүүгээ ороод л амарсан. Өглөө нь энэ ирээд ахаа урьд шөнө танайд асуудал үүсгэсэн байна дүүгээ уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би “...чи ингэж болохгүй, шөнө зөвшөөрөлгүй айл амьтнаар орох чинь хуулиар хориотой байдаг зүйл, согтуу хөлчүү машин тэрэг бариад яваад байж болохгүй...” гэсэн чинь ахтайгаа нэг юм ууя дүүгээ уучлаарай гэхээр нь чи харьж амар гээд манайхаас гараад явахад дугуй нь хагарсан гээд байгаа тэр цагаан машинтайгаа өөрөө явж байсан. ...Эхнэр утасдаад чинь юу яриад байгаа юм бэ? эмчийн дүгнэлт гаргуулна, цагдаад өгнө гэж яриад байх юм. Би өөс юу болоод байгаа юм бэ? чи өглөө уучлалт гуйгаад гараа биз дээ гэсэн чинь өөрөө мэдэхгүй байсан. Би танайхаар орсон юм уу? ахаа гээд ирж уулзахдаа мөн согтуу байсан ...чи одоо яг яана гээд байгаа юм бэ? миний дүү би ухааныг чинь олохгүй байна гэсэн чинь та намайг зүссэн. Би таныг сошиал дээр тавина. Цагдаад өгнө гээд ...цээжин дээр нь зулгарсан байсан. Тэгэхдээ тэр үед хумсаар бараг маажихад унах хэмжээний болчихсон, өмнө нь өөр хүчин зүйлээс үйлчилж байсан тийм л юм байсан. ...Надаас 6,000,000 төгрөг нэхсэн,  тийм юм байхгүй миний дүү тэр 6,000,000 төгрөг гэдэг чинь тийм бэлэн байж байдаг мөнгө биш юу яриад байгаа юм бэ? Энийг чинь бас нотолдог хууль шүүхийн байгууллага гэж байдаг юм. Тэгээд хууль шүүхийнхээ байгууллагаар хоёулаа явъя. Би харин гомдол гаргана, яагаад гэвэл чи шөнө ямар зорилгоор манайд ирсэн. Хүн амьтны амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж хэлсэн.

         Гэрчээр оролцож байгаа гэдэг хүн бол намайг ямар нэгэн байдлаар *******ас огцруулна гэж ярьдаг хүн. ...Намайн ер нь байнга огцруулна гэж ярьдаг хүн. Анхны эмч ...тавласан сорви байсан гэж хэлсэн байдаг. ...Мохоо үзүүртэй хутгаар машины дугуй хагарна гэдэг дээр би бас эргэлзээтэй байгаа. Тэгсэн хэр нь миний гар исгэчихсэн байсан, гараас цус гоожсон байсан гэж гэрч ярьдаг. Тэгэхээр мэдээж гар исгэсэн үзүүртэй л байгаа юм чинь ийн олон удаагийн үйлчлэлээр зүсэгдсэн ямар ч байсан гүн сорви байсан. Сорви нь ямар ч см-ын зөрөөгүй. Параллель, алдаагүй зурчихсан тийм зурааснууд байдаг. ...машин, мотоциклтой согтуу хөлчүү явж байгаад бургасанд зүсүүлсэн үү? эсвэл эхнэр хүүхэдтэйгээ муудаж асуудал үүссэн үү? хумсаар байсан уу? Тийм л юм болсон байх, надад ямар ч холбоогүй хэрэг дээр асуудал үүсгэж байна.

         өөрөө 3 удаа мэдүүлэг өгөхдөө өөр өөр мэдүүлэг өгсөн байдаг. Нэг мэдүүлэг дээрээ хутгаар зүсэхэд их өвдсөн, хорссон гэж өгсөн байдаг. Тэгэхээр тэр их өвдсөн хорссон бол нэлээд гүнзгий зураас орсон байх ёстой байх. Гэтэл өөрийнх нь бие дээр байгаа зураас тийм гүн орсон юм байдаггүй. ...Энэ хэрэг надад огт хамааралгүй зүйл, энэ хэргийн үнэн зөвийг шийдэж, хүний эрхийн мэдрэмжтэй хандах байх гэж хүсэж байгаа...” гэв.

     

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас ******* нь хутга хэрэглээгүй, хохирогч ийн биед гэмтэл огт учруулаагүй гэж маргах боловч энэ талаарх хохирогч болоод гэрч , нарын мэдүүлгүүд, эмчийн тодорхойлолт болоод шинжээч эмч мэдүүлэг, шинжээч эмч *******6 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа бөгөөд хохирогч , гэрч нарын хувьд Цэрэндаштай ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхол болоод үгсэн тохиролцсон асуудал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймгийн ******* сумын *******ар ажилладаг ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхлын улмаас халдсан гэдэг нь хэргийг шалгах хугацаанд тогтоогддоггүй.

         ...хутга олдоогүй нь тухайн үйл баримтыг шууд үгүйсгэх нотлох баримт болохгүй бөгөөд хохирогч ийн биед учирсан дээрх шарх нь үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн талаар шинжээч Болор-Эрдэнээс авсан мэдүүлэг байгаа. ...ийн биед дух, цээжний баруун тал болон баруун, зүүн гарын бугалгад олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна гэж шинжээчийн дүгнэлтийг гаргасан ба шинжээч эзэмшсэн мэргэжлийн хүрээнд гаргасан дүгнэлт, мэдүүлгүүд худал үндэслэлгүй гэж үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй бөгөөд эдгээрийг шүүгдэгч Цэрэндаш, өмгөөлөгч Эрдэнэбат нараас баримтаар няцаасан зүйл, мөн анхан шатны шүүх хуралдаан дээр болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримт байхгүй байна гэж үзэж байна. ...гийн хувьд “...хутга 25-30 см, хүрэн бор иштэй, үзүүр нь мохоо хутга байсан. Миний биед тулгасан. Хөх махны хажууд тулгахад жоохон шалбарсан...” гэдэг. ...ийн унаж явсан приус 20 маркийн машины жолооч талынх нь урд талын дугуйг гараараа хагалаагүй байх...дугуй засварынх нь хүнээс мэдүүлэг авч хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлж авагдсан.

         Болор-Эрдэнэ шинжээчээс шинжээчийн дүгнэлтэд холбогдуулаад мэдүүлэг авсан...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодорхой хохирогч болоод гэрч шууд нэрлэн заасан байдаг. Тухайн хутгыг олох ажиллагаа хийгдэж явуулсан. Тухайн хутгыг Цэрэндашийн гэрт байсан гэдгийг нь нотолдог, харсан үзсэн гэрч нар байдаг. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийг ямар нэгэн байдлаар буруу хэрэглэсэн, эргэлзээ төрүүлэхээр зүйл дурдагдаагүй. Ийм учраас шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн

эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх тул эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч овогтийн ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  уг торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ...шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгана...” гэж,

Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж,

Мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.8 ...дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй... бол ...шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ...” гэж тус тус заасан бөгөөд Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч овогтийн ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атал шүүгдэгч *******ид ял оногдуулсан нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй...” гэсэн агуулга бүхий гомдлын талаар дүгнэлт хийх боломжгүй болно.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  39.8 дугаар зүйлийн 1.6,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай. 

 

2. Шүүгдэгч *******ид анхан шатны шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.   

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ                      Ц.ЭРДЭНЭЗУУ

                                         ШҮҮГЧИД                            О.БААТАРСҮХ

                                                     Д.ГАНЗОРИГ