| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/01455/И |
| Дугаар | 307/ШШ2026/00639 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2026/00639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 307/2025/01455/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, шүүгч Б.Номин, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Ерөө сум, ******* дугаар баг, *******тоотод оршин суух, ******* овогт ******* М*******о *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* Х*******т *******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овогт А*******н нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 26,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*******й,
Хариуцагч М.Х*******т,
Хариуцагч М.Х*******тын өмгөөлөгч Б.С*******д,
Хариуцагч С.А*******н,
Хариуцагч С.А*******нгийн өмгөөлөгч Н.Д*******н,
Иргэдийн төлөөлөгч Н.Э*******н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.М*******о нь хариуцагч М.Х*******т, С.А*******н нарт холбогдуулан гэм хорын хохиролд 36,813,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 10,413,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас 26,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.М*******о миний бие өөрийнхөө төрсөн ах Г.Ө*******д 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод байдаг Ашид капитал ББСБ ХХК-тай гэрээ хийж мөнгөлөг өнгөтэй, 51-96 УЕС дугаар бүхий тоёота кроун S210 маркийн машиныг зээлийн нөхцлөөр худалдан авч өгсөн. Ах маань Ерөө сум дахь Жоконо-Ерөө ХХК-тай Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ хийж миний авч өгсөн машинаар үйл ажиллагаа явуулж, бид ББСБ-ынхаа зээлийг төлөх зорилготой байсан юм. Ингээд ах Г.Ө******* дээрх ажил үүргээ гүйцэтгэж дөнгөж эхлээд, эхний тээврийн хөлсөө ч төлж чадаагүй байхдаа, Дархан-Уул аймгийн төвд явж байгаад осолд орж машинд маань их хэмжээний хохирол учирч, одоог хүртэл засаж янзалж чадаагүй бөгөөд буруутай хүмүүсээс хохирлоо нэхэж зарга үүсгэсээр 1 жил гаруй хугацаа өнгөрч байнаа.
Үүнээс болж ачаа тээврийн Жоконо Ерөө ХХК гэрээгээ цуцалсан. Иймд өөрийнхөө нэр дээр ББСБ-аас зээлээр авсан машинд учирсан дараах хохирлыг гэм буруутай М.Х*******т, машины эзэн С.А*******н нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: Машины эвдрэл хохирлын үнэ 26,210,000 төгрөг, машинаараа ачаа тээвэр хийн орлого олж машиныхаа зээлийг төлөх байсан мөнгө 10,000,000 төгрөг, мөн дээр нь эвдэрсэн машинаа Дарханд хүний грашид тавьж 3 хоног хадгалуулсан 273,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 90,000 төгрөг, оношлогоо хийлгэхэд төлсөн 100,000 төгрөг, Ерөө сум руу машинаа ачиж авч явахад гарсан зардалд 140,000 төгрөг, нийт 36,813,000 төгрөгийн хохирол учирсан.
Хариуцагч нар адилхан залуу хүмүүс байж, хүний машинд өөрийнхөө цэвэр буруу үйлдлээс болж хохирол учруулчихаад өнөөдрийг хүртэл нэг ч уулзаагүй, харин ч бүр төлөхгүй гэж хэн хэн рүүгээ чихэж, хохирол төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэгчид учирсан зарим хохирол баримтгүй учраас баримтаар тогтоогдож байгаа хохирол болох машины эвдрэлийн хохирлын үнэ 26,210,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 90,000 төгрөг, оношилгоо хийлгэхэд төлсөн 100,000 төгрөг, нийт 26,400,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасан тул С.А*******нгаас 50 хувийг нь нэхэмжилж байна.
Харин М.Х*******тын хувьд зөрчлийн хэрэг нээж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гарахад нөлөөлсөн буруутай нь тогтоогдсон тул 50 хувийг нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч М.Х*******т болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би найзтайгаа уулзах гээд гэрийнхээ гадаа дуудахад манай найз өөр хэдэн найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай С.А*******н гэх хүний машинтай ирсэн. Би архи уухгүй гэдгээ хэлэхэд С.А*******н нь надаар машинаа бариулаад өөрөө уухаар болж би машиныг нь барьсан. Ингээд машиныг жолоодож яваад ******* алтны уулзварын гэрлэн дохионы улаан гэрэл асаад би зогсоод хүлээж байтал машины эзэн болох С.А*******н Зүгээр яв аа. Би хариуцлагыг нь хүлээнэ. Дарханы зам дээр ингэж л явдаг гээд шаардаад байхаар нь уулзварын хөдөлгөөнийг ажиглаад машин байхгүй байна гэж хараад хөдөлсөн боловч замын хашлагын цаана харагдахгүй байсан 5196 улсын дугаартай crown маркийн машинтай мөргөлдсөн. Ослын дараа цагдаа нар хурдны хэмжилт хийлгүйгээр улаан гэрлээр орсон байна, хэмжилт хийх шаардлагагүй гээд хоёр машиныг ачаад явсан.
Энэхүү ослын хувьд би тус машин эзэмшигчийн шахалтаар улаан гэрлээр уулзвар луу орж осол гаргасан боловч жолооч хүний хувьд улаан гэрлээр нэвтэрсэн үйлдэлдээ хариуцлагаа хүлээж Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгуулсан. Харин нэхэмжлэгчид учирсан хохирлын хувьд тээврийн хэрэгслийн эзэн болох С.А*******н нь өөрөө надад тээврийн хэрэгслээ жолоод гэж шилжүүлсэн, мөн улаан гэрлээр нэвтрэхийг шаардсан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна.
Шүүх шийдвэр гаргахдаа дараах зүйлсийг анхаарч үзэхийг хүсэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан Зөрчлийн хэргийн материалыг шинжлэн судлахад М.Х*******т Замын хөдөлгөөний дүрэмд заасан гэрлэн дохионы дүрэм зөрчсөн учраас осол гарсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг М.Х*******т жолоодож явсан учраас зөрчлийн хэргийн холбогдогч болж, арга хэмжээ авагдсан. Гэхдээ уг үндэслэлээр хохирлыг М.Х*******т бүрэн хариуцах ёстой гэсэн ойлголт биш юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ. гэж заасан байдаг. Иймд хариуцагч С.А*******н нь гэм хорын хохирлыг мөн хариуцах ёстой гэж үзэж байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээрийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар зохицуулсан бөгөөд 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. гэж заасан байдаг.
Уг маргаанд С.А*******нгийн тээврийн хэрэгслийг М.Х*******т жолоодон явж байгаад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан асуудал байна. Уг заалтаар юуг анхааран үзвэл зохих вэ гэвэл тээврийн хэрэгслийн өмчлөгч нь М.Х*******тад жолоодох эрхийн зөвшөөрлийг олгосон эсэхийг анхаарах шаардлагатай.
Хариуцагч С.А*******н нь машинаа бусдаар жолоодуулахгүй зогсоолд тавих, дуудлагын үйлчилгээ ашиглах гэх мэт боломжууд байсан боловч эдгээр арга замыг ашиглалгүй М.Х*******тыг дуудаж, машинаа жолоодуулсан байна. М.Х*******т нь сайхан сэтгэлийн үүднээс машиныг жолоодож, осол гаргаснаар хариуцагч болж байна.
Мөн цаашилбал Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан байна.
М.Х*******т нь Би А********нг танина. 10 жилийн найз. Бусад хүмүүсийг нь би танихгүй. Намайг дуудахаар нь очиход А********н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болоод С.А*******нтай ярилцаад машин жолоодуулахаар болсон. Түлхүүр машинд байсан. гэдэг тайлбар гаргасан. С.А*******н өөрөө зөвшөөрөн жолоо бариулсан эсэх асуудлыг анхааран үзээсэй гэж хүсэж байна.
Мөн С.А*******н нь Би машиныг хэн жолоодож байсныг мэдэхгүй, осол болоход М.Х*******тыг жолоодож байсан гэдгийг харсан гэсэн тайлбар гаргасан. Жолоочийн хажууд сууж байсан хүн хэн жолоо барьж байсныг мэдэх боломжтой. Ухаангүй болтлоо архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол осол болсон эсэх талаар ч мэдэх боломжгүй юм. Иймд хариуцагч С.А*******н нь гэм хорын хохирлыг бүрэн хариуцах үндэслэлтэй.
Мөн хохирогчийн үйлдэлтэй холбогдуулан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. гэж заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тээврийн хэрэгсэл Г.М*******о гэдэг хүний эзэмшлийнх байтал Г.Ө******* гэх ахаараа жолоодуулсан байдаг. Г.М*******о нь өөрийн эзэмшлийн машиныг бусдад шилжүүлээгүй байсан бол уг осол гарах байсан эсэх асуудал яригдана.
Мөн гэм хор учирсан машин нь Хаан даатгал-д нэг жилийн даатгалын гэрээтэй. Осол гарах үед машин бүрэн даатгалтай байсан. Осол гарснаас 1 жил гаруй хугацаа өнгөрчихсөн байхад нэхэмжлэгч нь даатгалын байгууллагатай холбогдож ямар нэгэн нөхөн төлбөр аваагүй нь нэхэмжлэгчийн хайхрамжгүй үйлдэл байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно. гэж зааснаар хохирол төлбөрийг б*******х боломжтой гэж үзэж байна.
Мөн С.А*******н, М.Х*******т нар нь хариуцагч С.А*******нгийн машиныг 5,000,000 төгрөгөөр засуулаад, 2,500,000 төгрөгийг С.А*******н өөрөө хариуцахаар, 2,500,000 төгрөгийг М.Х*******таас гаргуулахаар тохиролцсон байдлаас харахад, хариуцагч С.А*******н нь осол гарахад өөрийн буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрсний илрэл гэж харагдаж байна.
Иймд М.Х*******тад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч С.А*******н болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1060 ДАН улсын дугаартай Toyota Sai маркийн автомашиныг 2024 оны 5 дугаар сард худалдан авсан бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр найз А*******а, Х*******л нартай уулзсан. Би согтууруулах ундаа хэрэглэхгүй, машинтай явж байгаа гэхэд Х*******л найз залуу болох А********нг дуудаад жолоо бариулчихья гэсэн. Ингээд А********н нь Дарханбаатар, Х*******т гэх хоёр найзтайгаа ирсэн. Би тэдний нүдэн дээр машиныхаа түлхүүрийг А********нд өгөөд найзуудын хамт согтууруулах ундаа хэрэглэсэн. Гэтэл А********н нь хэзээ, ямар учраас миний машиныг Х*******таар бариулсныг би мэдэхгүй. Миний зүгээс М.Х*******тад машинаа барихыг зөвшөөрч, шилжүүлсэн зүйл байхгүй. М.Х*******т нь миний машиныг барьж яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан. Уг ослын улмаас миний 1060 ДАН улсын дугаартай Toyota Sai маркийн автомашин болон Г.М*******огийн 5196 УЕС улсын дугаартай Toyota Crown маркийн автомашинд тус тус хохирол учирсан.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн өмчлөгч нь өөрөө зөвшөөрснөөр бусдад шилжүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан агуулгатай зохицуулалт юм.
Би тухайн өдөр А********н гэх хүнд жолоо барих зөвшөөрөл өгснөөс бус М.Х*******тад машин жолоодох зөвшөөрөл өгөөгүй.
Би тус хохирлуудыг хэрхэх талаар М.Х*******ттай ярилцахад М.Х*******т Би эхлээд Toyota Crown маркийн автомашины хохирлыг төлчихөөд, дараа нь чиний машины хохирлын талыг төлье. Чи өөрийнхөө машинд битгий үнэлгээ хийлгээрэй, шууд засварт өгчих гээд гуйсан. Тэгээд би өөрийн зардлаар машинаа засуулаад 5,000,000 төгрөг болж байна гэхэд М.Х*******т Би 2,500,000 төгрөгийг 3 сарын дотор хуваагаад төлье. гэсэн.
Улмаар М.Х*******т нь 5196 УЕС улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг өөрөө бүрэн хариуцаж, миний 1060 ДАН улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын 50 хувийг хариуцан төлөхөөр надтай харилцан тохиролцсон. Гэвч М.Х*******т миний машины хохирлоос нэг ч төгрөг надад төлөөгүй. Энэ нь М.Х*******тын цагдаад өгсөн мэдүүлгүүдээр нотлогдоно. Мөн М.Х*******тын буруугаас болж дээрх осол гарсан тул Г.М*******огийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг М.Х*******т хариуцах ёстой гэж үзэж байна.
Түүнчлэн машины хохирлын үнэлгээ өндөр гарсан гэж үзэх үндэслэлтэй харагдаж байна. Crown маркийн машин нь 50,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Гэтэл ослын улмаас учирсан хохирлын төлбөр 26,210,000 төгрөг гарсан нь өндөр дүн байна.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэг, 514.2 дахь заалтыг шүүх тус тус харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, С.А*******нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Тухайн үед хохирогчийн машин тээврийн хэрэгслийн даатгалтай байсан учир даатгалаас хохирлын тодорхой хувийг төлүүлээд хариуцагч нар үлдэх төлбөрийг хувааж төлөх, хэрэв даатгалын байгууллага олгохгүй бол хариуцагч М.Х*******т нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан учир буруутай, хариуцагч С.А*******н нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн буруутай тул учирсан хохирлыг хувааж төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
5. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 5196 УЕС улсын дугаартай тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хуулбар, 2024.04.25-ны ФГ/7109414064 дугаартай Фидуцийн гэрээний хуулбар, 2024.04.25-ны ЗГ7109414064 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний 2024.07.08-ны өдрийн 683 дугаартай тайлан, Жоконо-Ерөө ХХК-ийн 2024.12.23-ны өдрийн тодорхойлолт, Зөрчлийн хэрэг нээх тухай 2024.07.22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолын хуулбар, Эрх бүхий албан тушаалтны 2024.07.09-ний өдрийн тэмдэглэл, Ө*******н Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлийн хуулбар, Эрх бүхий албан тушаалтны 2024.07.16-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар, Эрх бүхий албан тушаалтны 2024.07.19-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар, Эрх бүхий албан тушаалтны 2024.08.01-ний өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар, Эрх бүхий албан тушаалтны 2024.07.15-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар, Эрх бүхий албан тушаалтны 2024.07.26-ны өдрийн холбогдогчоос дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар, зам тээврийн ослын бүдүүвч зурагны хуулбар, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэлийн хуулбар, зарлагын баримтын хуулбар, Эрх бүхий албан тушаалтны 2024.08.01-ний өдрийн магадлагааны хуулбар, 2024.08.02-ны өдрийн 005830720 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар зэргийг /хх 3-40/,
6. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С.А*******нгийн өмгөөлөгчийн хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №005830720 дугаартай шийтгэлийн хуудас бүхий зөрчлийн хэргийн материалыг, хариуцагч С.А*******нгийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хаан даатгал ХХК-иас Г.М*******огийн эзэмшлийн, Ашид капитал ББСБ ХХК-ийн өмчлөлийн 5196 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, дээрх тээврийн хэрэгсэлд даатгалын нөхөн олговор авахыг хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримтын хуулбар, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтууд болон тухайн тээврийн хэрэгсэлд даатгалын нөхөн олговор олгосон эсэх лавлагааг тус тус нотлох баримтаар гаргуулсан.
Мөн хариуцагч С.А*******нгийн хүсэлтээр Д.Х*******л, Ц.А*******а нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. /хх-ийн 79-145, 157-158, 162-163/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Г.М*******о нь хариуцагч М.Х*******т, С.А*******н нарт холбогдуулан гэм хорын хохиролд 36,813,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*******й нэхэмжлэлийн шаардлагыг 26,400,000 төгрөг гаргуулахаар багасгасан.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...Г.М*******огийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 26,400,000 төгрөгийг буруутай этгээдүүд болох М.Х*******т, С.А*******н нараас гаргуулж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 26,210,000 төгрөг гэж үнэлсэн. Үүн дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах зардал 90,000 төгрөг, оношилгоо хийлгэхэд төлсөн 100,000 төгрөгийг нэмж нийт 26,400,000 төгрөгийг нэхэмжилж байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан жолооч М.Х*******т болон тээврийн хэрэгслийн эзэмшигч С.А*******н нар гэм хорын хохирлыг хамтран хариуцах ёстой гэж үзэж байна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч С.А*******н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлаа ...Би М.Х*******тыг танихгүй. Би өөрийн машины түлхүүрийг найз н.А********нд өгсөн бөгөөд хэзээнээс М.Х*******т миний машиныг жолоодсоныг мэдэхгүй байна. М.Х*******тад машинаа шилжүүлж өгөөгүй. Тухайн өдөр би их согтолттой байсан. М.Х*******тын буруугаас зам тээврийн осол болсон тул М.Х*******т хохирлыг хариуцах ёстой гэж, харин хариуцагч М.Х*******т ...Би машиныг барьж явсан нь үнэн. Тухайн өдөр би гэртээ байж байхад жолоо бариад өг гэж найз маань дуудсан учраас би машиныг жолоодож явсан. Осол болох үед С.А*******н жолоочийн хажуу талын урд суудалд сууж явсан бөгөөд улаан гэрлэн дохио асаад би зогссон байхад хажуунаас яв гэж шаардсанаас болж осол гарсан тул би хохирлыг хариуцахгүй гэж тайлбарлаж, талууд маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
4.1. 2024 оны 07 дугаар сарын 06-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Алтны 4-н замын уулзвар хэсэгт С.А*******нгийн өмчлөлийн 1060ДАН улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Х*******т нь иргэн Г.Ө*******н жолоодож явсан 5196УЕС улсын дугаартай, Toyota crown маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарсан, хариуцагч М.Х*******тын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9г-д Улаан гэрэл дохиогоор хөдөлгөөнийг хориглоно гэж заасныг зөрчсөний улмаас осол гарсан болох нь талуудын тайлбар, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн магадлагаа, 2024.08.02-ны өдрийн М.Х*******тад оногдуулсан 005830720 дугаартай шийтгэлийн хуудас, 2024.07.06-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2024.07.22-ны өдрийн 2418001102 дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4.2. Ашид билгүүн ХХК-ийн 2024.07.08-ны өдрийн 683 тоот Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, түүний хавсралтууд, Андын хүлэг ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 114 дугаартай Уг автомашинд осолын оношилгоогоор илэрсэн гэмтлүүд гэх албан бичиг зэргээр нэхэмжлэгч Г.М*******огийн эзэмшлийн 5196УЕС улсын дугаартай, Toyota crown маркийн автомашинд учирсан хохирлыг 26,210,000 төгрөг гэж тодорхойлжээ.
4.3. Зам тээврийн осол болох үед зөрчлийн хэргийн хохирогч Г.Ө*******н жолоодож явсан 5196УЕС дугаартай, Toyota crown маркийн автомашин нь Ашид капитал ББСБ ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө байх бөгөөд нэхэмжлэгч Г.М*******о нь тус тээврийн хэрэгслийг Ашид капитал ББСБ ХХК-ийн 2024.04.25-ны өдөр байгуулсан ЗГ/7109414064 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ФГ/7109414064 тоот Фидуцийн гэрээний зүйл болж Ашид капитал ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн тухай тээврийн хэрэгслийн 05255630 дугаартай гэрчилгээ хэрэгт авагдсан байна.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Дурдсан үйл баримтуудаар хариуцагч М.Х*******тын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол болж, нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
6. Талуудын маргааны зүйл нь зам тээврийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч С.А*******н хариуцах эсэх, эсхүл хариуцагч нар нь хамтран хариуцах эсэх, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 90,000 төгрөг, оношилгоо хийлгэхэд гарсан зардал 100,000 төгрөгийг төлөх эсэх асуудал байна.
7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж тус тус заасан.
Хуулийн эдгээр зохицуулалтуудаар, зорчигч тээврийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан, тухайн тээврийн хэрэгслийг ашиглагчийг өмчлөгч мэдэх боломжтой байсан бол уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
8. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.А*******нгийн өгсөн ...2024.07.05-ны өдөр найз болох А*******а, Х*******л нартай хамт Comfort зочид буудалд тоглолт үзсэн. Тоглолт дуусаад Х*******лын найз залуу А********н нь нэг найзтайгаа бид гурав дээр ирсэн. Тэгээд А********н нь миний машиныг унаад найз охин Х*******лыг гэрт нь хүргэж өгчихөөд дэлгүүрээс пиво амттан авч гарч ирээд, би ерөөсөө пиво уулаа, машин барих найзыгаа очиж авна гээд Нэхийгийн байрны гаднаас нэг танихгүй залуу миний машиныг барьж явсан. Тэгээд Оргил худалдааны төвийн арын уулан дээр зогсож байгаад А*******а, А********н, Дарханбаатар бид 4 пиво уусан. Тэгтэл А*******а нь Улаанбаатар хот явах ажил гарчихлаа гээд намайг вокзал дээр хүргээд өгөөч гээд явж байхад осол гарсан гэх мэдүүлэг хх27,94х, гэрч Ц.А*******агийн ...А********н нь ерөөсөө би пиво уулаа, машин барих найзыгаа очиж авна гээд Нэхийгийн байрны гаднаас нэг танихгүй залуу машин барьсан, ...Тэгээд Алтны 4-н замын уулзвар дээр ирээд улаан гэрлэн дохио дээр зогсоход нь урд сууж явсан манай найз А*******н нь 2 талаасаа машин харж байгаад машин байхгүй бол явчихгүй юм уу гэхэд Х*******т нь улаан гэрлэн дохиогоор урагшаа хөдлөөд уулзвар ороход машин орж ирээд мөргөлдсөн юм гэх мэдүүлэг хх88х, гэрч Х.А********нгийн ...Алтны 4 замын уулзвар дээр хэсэг зогсоод хөдлөөд уулзвар руу ороход баруун гар талаас машин сигнал дарж орж ирээд мөргөлдсөн. Х*******т нь би улаан гэрлээр ороод осол гаргачихлаа, чи хажуунаас улаан гэрлээр ор гэж хэлээд би улаан гэрлээр орчихлоо гээд А*******н, Х*******т хоёр хоорондоо маргалдаад байсан гэх мэдүүлэг хх89х зэргээр хариуцагч С.А*******нгийн хариуцагч М.Х*******тад өөрийнхөө машиныг шилжүүлж өгөөгүй гэх татгалзал үгүйсгэгдэж байна.
9. Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Э*******ны ...хариуцагч М.Х*******т нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан учир буруутай, хариуцагч С.А*******н нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн тул буруутай учир хохирлыг хувааж төлөх нь зүйтэй гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хариуцагч С.А*******н, М.Х*******т нар нь хамтран хариуцах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
10. Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нар нь Хэрэгт цугларсан нотлох баримтаар тээврийн хэрэгсэл Г.М*******о гэдэг хүний эзэмшлийнх байтал Г.Ө******* гэх ахаараа жолоодуулсан байдаг. Г.М*******о нь өөрийн эзэмшлийн машиныг бусдад шилжүүлээгүй байсан бол уг осол гарах байсан эсэх асуудал яригдана. Мөн гэм хор учирсан машин нь Хаан даатгал-д нэг жилийн даатгалын гэрээтэй. Осол гарах үед машин бүрэн даатгалтай байсан. Осол гарснаас 1 жил гаруй хугацаа өнгөрчихсөн байхад нэхэмжлэгч нь даатгалын байгууллагатай холбогдож ямар нэгэн нөхөн төлбөр аваагүй нь нэхэмжлэгчийн хайхрамжгүй үйлдэл байх тул хохирлыг бууруулах боломжтой гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж, 514.2-т Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасан.
Зам тээврийн осол гарахад нэхэмжлэгчийн ямар нэг буруутай үйлдэл, шалтгаант холбоо тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн даатгалаас хохирлыг гаргуулаагүй, өөр этгээд буюу нэхэмжлэгчийн ах нь тээврийн хэрэгсэл жолоодож байсан гэх байдал нь осол гарахад нөлөөлөөгүй, шалтгаант холбоогүй тул хохирлыг багасгах хууль зүйн үндэслэлгүй.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 90,000 төгрөг, оношилгоо хийлгэхэд төлсөн 100,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч ийм хэмжээний зардал энэхүү ослын улмаас гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
12. Хариуцагч талаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ хэт өндөр гэж тайлбарласан боловч тухайн татгалзлаа мөн дээрх хуульд зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 26,210,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Г.М*******од олгож шийдвэрлэлээ.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х*******т, С.А*******н нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 144,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Х*******т, С.А*******н нараас тус бүр 13,105,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М*******од олгож, нэхэмжлэлийн үлдэх 190,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х*******т, С.А*******н нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 144,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС
ШҮҮГЧИД Б.НОМИН
Г.ЭНХЦЭЦЭГ