| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одонгийн Баатарсүх |
| Хэргийн индекс | 2530004120303 |
| Дугаар | 2026/ДШМ/10 |
| Огноо | 2026-03-13 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/10
2026 03 13
*******од холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Прокурор Д.Дашням
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат
Шүүгдэгч ******* /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 2025/ШЦТ/371 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Д.Дашнямын гаргасан эсэргүүцлээр шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газар оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, РД:*******, ******* овогт .
2025 оны 06 дугаар сарын сүүлээр хоньтой нь бэлчээрээрээ нийлсэн хохирогч гийн 4 тооны эм ямаа, 1 ишигтэй ямаа, 13 тооны хургатай хонь нийт 32 тооны бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,839,000 төгрөгийн хохирол,
2025 оны 07 дугаар сарын 16-аас 18-ны өдрийн хооронд хоньтой нь бэлчээрээрээ нийлсэн хохирогч ын 10 тооны хургатай хонь нийт 20 тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,400,000 төгрөгийн хохирол буюу нийт 86 тооны бог малыг хулгайлж, нийт 12,801,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас ноцтой хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, *******оос нийт 7,600,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч т 2,500,000 төгрөгийг, ид 5,100,000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Д.Дашням давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс улсын яллагчийн шүүх хуралдаанд хийсэн дүгнэлтийг няцаан үгүйсгээгүй ба өмгөөлөгчийн дүгнэлтийг хэрхэн үндэслэлтэй гэж үзсэн талаар хууль ёсны, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө ямар нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн нь тодорхойгүй байх тул “шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүх яллах талын нотлох баримтуудыг няцаасан үндэслэлээ дурдаагүй болно.
Мөн анхан шатны шүүх ...мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэх учиртай. Прокурорын хувьд яллах дүгнэлт үйлдэхдээ 3 удаагийн үйлдлийг тус бүр бэлчээрээрээ ирж өөрийнх нь хонинд нийлсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнээд мал хулгайлах гэмт хэрэг гэж зүйлчилсэн нь буруу болжээ гэж дүгнэсэн байдаг.
...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч *******ын гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу буюу ямар нэгэн эргэлзээ бүхий нотлох баримт байхгүй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч *******ын амьдарч байсан Сүхбаатар аймгийн ******* сумын ******* баг “*******” гэх газраас хохирогч , С.Өсөхбаяр, нарын гэр нь 5-8 км зайтай буюу саахалт айлууд байсан болох нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог.
Мөн шүүгдэгч ******* нь тэдгээр бог малыг өөрийнх нь биш, хэн нэгний мал гэдгийг өөрийн хонийг бэлчээрээсээ хураахдаа им, зүс, будаг тэмдэглэгээ зэргээр нь мэдэж байсан болох нь нотлогддог.
...Ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй бог малын талаар шүүгдэгч ******* нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно.
Дээрх хуульд заасан үүргээ ...эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй малыг өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсныг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэх талаар нэгэнт хууль хэрэглээний практик тогтоогдсон болно.
...Шүүгдэгч *******ын хувьд өөрийнх нь бог малд айлын хонь ирснийг мэдсэн хэрнээ гэр рүүгээ туун аваачиж 2-4 хоногийн зайтай худалдан борлуулж, ашиг олж байгаа байдлаас дүгнэхэд хууль бус эзэмшил нь тухайн бог малыг өөрийнхөө малыг биш гэдгийг мэдсэн үеэс үүссэн гэж үзэж байна.
...Шүүгдэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль бусаар мэдэлдээ авах замаар эд хөрөнгөд эзэмшил тогтоож, улмаар захиран зарцуулсан байна.
Иймд прокуророос шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, харин анхан шатны шүүх өмчлөгчийн хууль ёсны эзэмшлээс эд хөрөнгийг нь шүүгдэгч нь хэрхэн өөрийн хууль бус захиран зарцуулах боломжид шилжүүлж байгаа талаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн байна.
Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “...аливаа хэрэг бол үйлдэл болон эс үйлдэхүй дээрээс үйлдэгддэг. Хулгай хийнэ гэдэг бол заавал нэг үйлдлийг шаардах ёстой. Үйлдэл байхгүй бол гэмт хэрэг биш. Тэрийг бид нар бүгдээрээ л мэдэж байгаа байх. Энэ ын хонинд ирсэн мал яаж ирсэн бэ? гэхээр өөрсдийнхөө хөлөөр ирсэн. ямар нэгэн үйлдэлд оролцоогүй. ирсэн даруйд нь харин тэр малыг борлуулсан нь Эрүүгийн хуулийн 17.5 гэж анхан шатны шүүх зүйлчилсэн нь зөв. ...Ер нь үйлдэл хийгээгүй хүнийг хулгайн гэмт хэргээр яллаж болохгүй ...Дээд шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаар тогтоол дээр тодорхой зааж өгсөн байдаг. ...Хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчдэд нь мэдэгдэхгүй, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах идэвхтэй үйлдлээр илэрдэг гэж... тэгэхээр энэ чинь үйлдэл хийгээгүй болохоор гэмт хэрэг гэж үзэхгүй. ...энэ нь алдуул мал гэж үзээд байгаа. ...анхан шатны шүүх хөнгөрүүлж шийдсэн нь зөв. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* 2 биш 17.******* зүйлийн 1 гэж зүйлчилсэн нь зөв ... хонийг хөөж авчирч өөрийнхөө хоньтой нийлчихсэн байна гэдгийг мэдсэн тэр орой нь мал худалдан авдаг хүн рүү ярьсан байдаг. ...3 удаагийн үйлдлээр энэ хүн манай хоньтой нийлсэн юм чинь би авчихъя, захиран зарцуулчихъя гээд бусдын малыг захиран зарцуулж байна. ...хохирогч нар өөрсдөө малаа алдсан гэдгээ ч мэдэхгүй. Энэ хүн ******* сумын “*******” гэдэг газар нийлсэн асуудал яригддаг. Хохирогч нарын мал ч гэсэн “Зүүн Сүүж” гэдэг газар луу бэлчээрлэж явдаг. ...Орон нутгийн хувьд өөр газар байгаа асуудал биш, Энэ чинь ердөө 5-8 км-ийн хооронд л болж байгаа асуудал. ...Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 10-ны шийтгэх тогтоолыг 371 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү? гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “...Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Д.Дашнямын гаргасан эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч *******ыг Сүхбаатар аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх ******* гэх газарт 2025 оны 05-07 дугаар сард , , нарын нийт 86 тооны бог малыг 3 удаагийн үйлдлээр хулгайлж, 12,801,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.******* зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж заасан.
Анхан шатны шүүх хэргийг бүрэн хянаж, бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, прокуророос яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинж, бусад нөхцөл байдлуудыг бүрэн тодруулж дүгнээгүй байхад шүүх дутуу нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн ба шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, ... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал ...зэргийг ...нотолно...” гэж заасан бөгөөд хэрэгт зайлшгүй шалгаж тодруулах мөрдөн шалгах дараах ажиллагааг нэмж хийх шаардлагатай байна.
1. Шүүгдэгчийн мэдүүлэгт “...Би улсын дугаартай ...машинтайгаа хонио гэр рүүгээ ойртуулахдаа олон тооны хонь байхыг хараад мэдсэн ...манай талийгаач эхнэр 13 хургатай хонь, 5 ямаа байна гэж надад хэлсэн. Би эхнэртэйгээ явж байсан. ...эхнэртэйгээ мөнгөний хэрэг байгаа, банкны өр, машины лизингээ даръя гэж ярилцаад ... гэх айлд аваачиж өгсөн...” гэж /1хх-ийн 75-76 хуудас/ мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэгт “... хонь, ямаа зарах талаар ярилцаж тохиролцсон, тээврийн хэрэгслээр зөөж авч ирсэн...” талаар мэдүүлгүүд өгсөн байхад бүлэглэн болон машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг гүйцэд шалгаж шийдвэрлээгүй байна.
Прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч олон тооны мал хулгайлсан талаар дурдаагүй ба мөн зүйл, хэсэгт заасан “...бүлэглэж...”, “...машин механизм ашиглаж...” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хэрэглэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ.
2. Шүүгдэгч нь гурван удаагийн үйл баримтад мал ирж нийлсэн гэж мэдүүлдэг ба мөрдөгч прокурор нар шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөн мал нийлсэн гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай дүгнэлт болжээ. Иймд хохирогч нараас дахин мэдүүлэг авч малыг хэрхэн эрж хайсан, тухайн үед шүүгдэгч болон түүний хамаарал бүхий хүмүүсээс асууж сурагласан эсэх, мал тасарч, нийлэх боломж, нөхцөл байсан эсэх зэргийг тодруулах, мөн хохирогч нар болон шүүгдэгчийн мэдүүлэгт гэр хоорондын зайг зөрүүтэй мэдүүлдэг тул мал алдагдсан гэх цаг хугацаанд хаагуур бэлчдэг байсан, хашаа, хороо нь хаана байрладаг байсан талаар мэдэх гэрч, албан тушаалтнууд зэрэг этгээдүүдээс тодруулах, хэргийн газрын үзлэг хийх, схем зураг үйлдэж тэр үед байрлаж байсан байршил зайг тэмдэглэж хэрэгт хавсаргах,
3. Хэрэгт хавсаргагдсан нас барсны гэрчилгээ гэх баримт /1хх-ийн 28 хуудас/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нас барсан, бүртгэсэн огноо нь зөрүүтэй, эргэлзээ бүхий байгаа тул лавлагаа, тодорхойлолтыг хуульд заасан журмын дагуу гаргуулж хэрэгт хавсаргах,
4. Шүүгдэгч нь 2-8 жилийн хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд түүний асрамжид бага насны 2 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй нэг охин байдаг, өрх толгойлон амьдардаг талаар шүүгдэгч мэдүүлсэн тул хүүхдүүдийн амьдралын нөхцөл байдлыг судалж, холбогдох хууль журамд заасан албан тушаалтнуудаар нөхцөл байдлын үнэлгээг гаргуулж хэрэгт хавсаргах, хүүхдүүдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг зохих журмын дагуу авч шаардлагатай бол асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэх,
5. Шүүгдэгчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр ...хонио гэр рүүгээ ойртуулахдаа олон тооны хонь байхыг хараад мэдсэн ...3 тооны ямааг худалдан борлуулахаар Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачин ... гэх айлд ийн хамт аваачиж өгсөн...” гэж /1хх-ийн 75-76 хуудас/ мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Т. “..., гэх хүмүүс саарал өнгийн Приус-20 маркийн улсын дугаартай машинтай ирээд “...3 ямаа авчирсан...” гэж хэлсэн...” гэсэн /1хх-ийн 55 хуудас/ мэдүүлэг өгсөн байх тул улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт ашигласан эсэхийг тодруулж шалгах, шаардлагатай бол өмчлөгч эзэмшигчийн талаарх лавлагааг гаргуулах, үнэлгээг тогтоолгох,
6. Хэрэгт хавсаргасан 2.500.000 төгрөг өгсөн гэх /2хх-ийн 112 хуудас/ баримт нь нотариатын баталгаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул иргэний нэхэмжлэгч ыг дахин асууж нэхэмжлэлийнх нь талаар тодруулах,
7. Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагч ******* гардуулаад хавтаст хэргийн материалыг ажлын 3 өдрийн дараа харьяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, өмгөөлөгчид мэдэгдээгүй, яллах дүгнэлтийг гардуулсан өдрөө шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн байх тул хуульд нийцүүлэх зэрэг болно.
Дээрх мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа тул хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаануудыг хийлгүүлэх, зөрчлийг засуулах нь зүйтэй байна.
Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцэлд дурдагдсан шүүгдэгчийн гэм буруу, хууль хэрэглээний талаарх асуудалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй болно.
Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан
сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2, 14.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямын гаргасан эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 2025/ШЦТ/371 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б. авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Д.ГАНЗОРИГ