| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0493/Э |
| Дугаар | 2026/ДШМ/27 |
| Огноо | 2026-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунзул |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/27
2026 03 12 2026/ДШМ/27
Б.Бхолбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор С.Ариунзул,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/577 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Бхолбогдох эрүүгийн 2534000000542 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.***
2.Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн *** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр насанд хүрээгүй хохирогч А.Азодож түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний хөмсөгт зулгаралт, зүүн шилбэ, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Төв аймгийн прокурорын газраас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч АБыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүгдэгч Б.Боногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Б.Бын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш уг хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж ирсэн. Уг хүсэлтийн дагуу миний бие прокурортой хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал дээр талууд харилцан тохиролцсон. Үүний дагуу прокуророос шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн саналд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай саналыг бичгээр үйлдэж тусгасан бөгөөд уг саналтай Б.Б танилцаж, гарын үсэг зурсан. Ингэснээр хэрэг шүүхэд шилжсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гол нөхцөл нь талууд эрүүгийн хариуцлага, ялын талаар харилцан тохиролцсон байх явдал бөгөөд уг тохиролцоо нь шүүхийн шат шатанд хэрэгжих боломжийг хуульд олгосон байдаг. Гэтэл шүүх хуралдааны явцад талуудын тохиролцсон эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэхдээ прокуророос 2 төрлийн ял шийтгэлийн санал гаргасан асуудлыг шүүхээс тодруулсан. Өмгөөлөгч миний зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд, шүүхэд шилжихээс өмнө эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлаар тохиролцсон бөгөөд Б.Б мөн үүнийг ийнхүү ойлгосон байсан. Гэвч шүүх хуралдаанд оролцсон прокурор торгох ял оногдуулах саналыг дэмжиж оролцсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх талаар тодорхой заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт талууд эрүүгийн хариуцлагын талаар тохиролцоонд хүрээгүй тохиолдолд шүүхээс энэ байдлыг тодруулж, тохиролцоо хийгдээгүй гэж үзвэл хэргийг ердийн журмаар шийдвэрлэх зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүхээс талуудын бичгээр гаргасан, гарын үсэг зурсан тохиролцоотой холбоотой асуудлыг тодруулаагүй, шууд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дараагийн асуудал нь хэргийн үйл баримтын талаар дурдахад, шүүгдэгчийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх болон прокуророос зохих ёсоор харгалзан үзээгүй гэж дүгнэж байна. Хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлд хохирогчийн буруутай үйлдэл мөн тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Түүнчлэн шүүгдэгч нь анх удаа, тохиолдлын шинжтэйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхдүүдтэй, тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг, мөн сурч боловсорч байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай этгээд юм. Ийм байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн давж заалдах гомдлыг гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам зөрчсөн тул энэ зөрчлийг арилгуулж, өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байгаа. Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч маргахгүй, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү хууль хэрэглээ буюу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн зөрчлийг арилгаж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. Хэргийг дахин хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх зорилготой” гэв.
6.Прокурор С.Ариунзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулах боломжтой эсэхийг тодруулсан. Шүүгдэгчийн хувьд 600,000 төгрөгөөр торгуулах талаар ойлголттой байсан бөгөөд уг мөнгийг хаана, хэрхэн тушаах талаар хүртэл асууж байсан. Харин эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ойлголтыг шүүгдэгч буруу ойлгосон нөхцөл байдалтай байсан. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас лавлагаа авахад ял шийтгэлгүй гэж гарч ирнэ гэсэн утгаар ойлгож, үүнийг хүлээн зөвшөөрсөн талаар ярьсан. Иймд шүүх хуралдаанд 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, анхан шатны шүүх уг саналыг харгалзан шийдвэрлэсэн. Ийм нөхцөл байдал үүссэн” гэв.
7.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Миний ойлгосноор өмгөөлөгчийн тайлбараас харахад манай хүүхдийг буруутай мэтээр ярьж байна. Үндсэндээ шүүгдэгч 600,000 төгрөгөөр торгуулаад өнгөрөх гэж байгаа мэт санагдаж байна. Миний хувьд 6-7 удаа энэ асуудлаар нааш, цаашаа явж, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон. Зарим тохиолдолд сэтгэл санаанд нөлөөлөх зүйлс гарсан. Сая нэг сургуулийн арга хэмжээний үеэр шүүгдэгчийн найз нь манай хүүхдэд “чи яасан их шүүх, цагдаад ханддаг юм” гэх мэтээр ярьсан асуудал гарч, хүүхдэд сэтгэл зүйн дарамт учирсан. Мөн шүүгдэгч талаас уучлал гуйсан зүйл байхгүй. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан” гэв.
8.Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Намайг 600,000 төгрөгөөр торговол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх юм байна гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл мөнгөн торгуулиа төлөөд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж бодсон” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бхолбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.
2.Хэрэгт авагдан, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн **** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр насанд хүрээгүй хохирогч А.Азодож түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний хөмсөгт зулгаралт, зүүн шилбэ, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудад тусгагдсан байна.
3.Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан тусгай журмаар зохицуулагдах бөгөөд мөрдөгч, прокурор, шүүх энэхүү журмыг мөрдөх үүрэгтэй.
4.Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргах бөгөөд прокурор нь яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоолын аль нэгийг гаргах журамтай.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг нар нь хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх агуулгаар хүсэлт гаргасныг Төв аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.Мөнхзул хүлээн авч 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250 дугаар “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор шийдвэрлэсэн.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлага гэх зэрэг асуудлын талаар прокурор нь яллагдагчтай тохиролцоо хийдэг.
Прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250 дугаартай “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” саналаа “...Яллагдагч Б.Бын үйлдсэн гэмт хэрэгт 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж гарган, зөвхөн яллагдагчид танилцуулан, гарын үсэг зуруулсан байна. /хх-ийн 91 тал/
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т “Яллагдагч, түүний өмгөөлөгчийн талаарх мэдээлэл”-ийг тусгахаар, мөн зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар “яллагдагчтай хийсэн тохиролцооны агуулга” нь яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан байхаар хуульчлагдсан.
Гэтэл хяналтын прокурор нь шүүгдэгч Б.Бторгох ял оногдуулах, эсхүл ялаас чөлөөлөх саналын алийг тавьж тохиролцсон нь ойлгомжгүй байдлаар прокурорын санал гаргаж, яллагдагчийн өмгөөлөгчид танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
7.Түүнчлэн анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан тусгай журам, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэр бичих журам, аргачлал”-ыг баримтлах үүрэгтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бхолбогдох хэргийг хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг асууж тодруулалгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байгаа тул давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Тодруулбал, прокурорын шатанд эрүүгийн хариуцлагыг хоёр өөр томьёолон санал гаргасан байхад шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Боос тохиролцсон ялын талаар болон хуульд заасан дээрх нөхцөл байдлыг асууж тодруулах ажиллагааг хийлгүй зөвхөн улсын яллагчийн торгох ялын саналыг сонгон тохиролцсон гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэл болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
8.Иймд давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад, анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/577 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлоос “...хуульд заасан ажиллагааг хүний эрхийн зөрчилгүй, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх ажиллагааг дахин явуулж өгнө үү” гэх агуулга бүхий хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.
9.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бурьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/577 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Д.МӨНХБҮРЭН