Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2026/ДШМ/17

 

 

2026 оны 03 сарын   05                                                 2026/ДШМ/17                         

 

                                             Э.Б д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд               

Прокурор Ц.Пүрэвдорж /цахимаар/

Шүүгдэгч Э.Б  

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор Э.Б-д холбогдох эрүүгийн 2527000000219 тоот хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

Урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Э.Б

Э.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Тоёото приүс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Э.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Э.Б д оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохоор, шүүгдэгч Э.Б д хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны үүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол үүгдэгч Э.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож 2 дахь удаагаа машин барьсандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Ар гэрийн амьдрал хэцүү байгаа тул намайг нэг удаа харж үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Э.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ам бүл 4-үүлээ амьдардаг. Аав ажил хийх боломжгүй. Ээж хүний дэлгүүрт худалдагчийн ажил хийдэг. Дүү оюутан. Би гэр орноо авч явж ажил хийж оюутан дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Би өөрөө барилгын өрлөгчин хийдэг. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Миний буруу. Би буруугаа ойлгож байна. Та бүхэн надад нэг удаа боломж олговол би итгэлийг тань алдахгүй гэдгээ хэлмээр байна. Миний ар гэрийн амьдралыг нэг удаа харж үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Б  нь 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Мөн энэ зөрчлийг гаргасан байх хугацаандаа буюу 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2,13% согтолттой замын хөдөлгөөнд оролцож согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг дахин давтан гаргасан. Энэ үйлдэлд нь анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч Э.Б  сая би гэмшиж байна, миний буруу гэж хэлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж байгаа нь сайн зүйл мөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын амь насыг хохироовол хэцүү. Э.Б  нь гэм буруугаа ухамсарлаж ойлгохгүй, өөртөө дүгнэлт хийхгүй байна. Би Э.Б гийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатын шүүхийн шийдвэр хэргийн үйл баримтад нийцсэн. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Б гийн гомдлыг хэрхэн үнэлэхийг би урьдчилж хэлэх боломж байхгүй. Харин 2,43%-ийн согтолт нь хөнгөн согтолт биш.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Энхболдын Батзаяа нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ ... улсын дугаартай Тоёото Приүс маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл тухайн жолооч нь урьд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан бөгөөд өөрөөс нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 2.43% согтолт илэрч улмаар тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч ажилласан...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

Эрх бүхий албан тушаалтан С.Д-гийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

Э.Б гийн согтолтын зэргийг зориулалтын багажаар шалгаж 2,43% гарсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

... улсын дугаартай, приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/327 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 29-33 дугаар хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж тогтоосон, тухайн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Б г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Харин ар гэрийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх агуулгаар давж заалдах гомдлыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байхыг шаардана.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Б гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б д 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг түүнд оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 04 сар 01 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/07 шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Э.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/07 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

               

                  а/ 2 дахь заалтыг бүхэлд нь “Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

                 б/ 3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б г 06 /зургаа/ сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй” гэж,

                 в/ 4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс тоолсугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг түүнд оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 04 сар 01 хоногийн хугацаагаар тогтоосугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Э.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                   ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                                     Л.НЯМДОРЖ