Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч М.Мөнхзул,

Шүүгдэгч С.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт С овогт С-гийн Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Яллагдагчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, халх, 00 настай, ..... боловсролтой, А ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 0, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 00000-д оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй С овогт С-гийн Д- /РД:000000000

           

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

   Шүүгдэгч С.Д- нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч С.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр Зайсангаас 3, 4 хороолол чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж явсан. Өргөө кинотеатрын автобусны буудал дээр зогсоод дараагийн зогсоол Дүүхээгийн буудал дээр зогссон. Гэрлэн дохион дээр зогсож байхад нэг хүн хорооллын эцсийн буудал дээр бууна хаалгаа онгойлго гээд байсан. Тэгэхээр нь би хорооллын эцсийн уулзвараар эргээд Дүүхээ төв дээр зогсоход тэр өвгөн буугаагүй. Тэгээд хорооллын эцсийн арын буудал дээр буулга, хүргэж өг гэхээр нь би тэнд зогсдоггүй та буу гэхэд утас гаргаж ирээд бичлэг хийгээд маргахаар нь би буудал руу ороод хүн авахад хойд хаалгаар буучих шиг болсон. Тэгтэл урд хаалгаар нөгөө өвгөн орж ирээд миний нүүр лүү цохьсон. Тухайн үед би бүрэн зогсолт хийгээгүй байсан бөгөөд нүдний шил хагарч нүд харанхуйлсан. Урд нь орж ирсэн хүн настай хүн байж болиоч гэхэд хохирогч дунд хаалганы харалдаа суусан. Тэгээд очоод буу гэхэд намайг зуурахаар нь би хөлөөрөө цээж рүү нь жийсэн. Хохирогч намайг зодсон цагдаа руу яв гэсэн. Тэгээд хохирогч болон би цагдаа дуудсан. Тухайн үед хотын тээврийн байцаагч орж ирсэн. Тэр үед манай автобусанд суусан зорчигчид яваач гээд байхаар нь явсан. Тэнгисийн буудал дээр бүх хүнээ арын автобусанд өгсөн. Дуудлагын дагуу ирлээ гээд Чингэлтэйгээс 2 цагдаа ирсэн. Хохирогч автобусны дугаар утсаар авч байгаад алга болсон гэв.

Хохирогч Л.М- мэдүүлэхдээ: “..2017 оны 11 дүгээр сарын 17-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эрчим хүчний яамнаас гараад автобусны буудал дээр зогсож байгаад Зайсан 3, 4 гэсэн автобусанд суугаад Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн автобусны буудал дээр буух гээд уг автобусны жолооч хүүд би бууя гэсэн чинь энд буулгахгүй зогсоол дээр зогсоно гэсэн. Тэгээд хорооллын эцсийн автобусны наана зогсоод намайг буу гэхээр нь би буухгүй гэсэн чинь намайг буу гээд чирээд байхаар нь би буухгүй чи намайг яг зогсоол дээр буулга сая чи буудал дээр буулгаагүй биздээ гэсэн чинь намайг тэр залуу чирээд хөлөөрөө өшиглөөд татаад байхаар нь би цагдаа дуудсан. Намайг куртикнээс татаад чирээд өшиглөөд байсан. Тэр үед л надад гэмтэл учирсан байх шүд рүү цохиод байсан. Тэр автобусны жолооч залуу миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон, намайг чирээд буулгах гэх үед баруун шилбэний цус хуралт бий болсон байх. Тэр залуу бас миний цээж рүү хөлөөрөө тийрсэн...” гэжээ. /хх 17, 67/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14736 дугаар дүгнэлтээр: 1. Л.М-ын биед 1 шүдний сулрал, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэж дүгнэжээ. /хх 18/

Гэрч Г.Б- мэдүүлэхдээ: “... намайг автобусанд суухад жолооч нь нэг хөгшин хүнтэй маргалдаж байсан. Жолооч суудлаасаа босож ирээд тэр хөгшин хүнийг цохиод зодоод, боль хөгшин хүнийг зодоод байна гэхэд тэр жолооч үг сонсохгүй байсан. Тэр хөшгин хүн жижиг биетэй настай хүн харагдсан. Жолооч нь 2 сандлаасаа барьж байгаад тэр хөгшин хүнийг хөлөөрөө өшиглөөд байсан. Автобусанд байсан хүмүүс болиоч одоо яваач гээд орилоод тэр хоёрыг салгах хүн байгаагүй” гэжээ. /хх 71-72/

Гэрч Ю.А- мэдүүлэхдээ: “...тухай үед камерийн бичлэгийг аваагүй цагдаа нар ирээд жолоочтой яриад ямар нэгэн асуудал байна уу гэхэд байхгүй гэхээр нь болчихсон юм байна гэж бодсон. Автобусны камерын бичлэг 1 сар хадгалагдаад устдаг. Одоо камерын бичлэг байхгүй. Тухайн үед хадгалж аваагүй юм..” гэжээ. /хх 70/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35/

Эмчилгээний баримт /хх 69/

Хохирол төлсөн баримт /хх 87/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Д- нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Л.М- /хх 17, 67/, гэрч Г.Б- /хх 71-72/, Ю.А-  /хх 70/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14736 дугаар дүгнэлт /хх 18/, эмчилгээний баримт /хх 69/, хохирол төлсөн баримт /хх 87/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Д-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан /хх 87/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч С.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдлаа.