Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01206

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/01125 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 01017 дугаар захирамжаар Ц.Б , Б.Х , Ц.О нараас 192,392,877 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н аас шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн 0-000000000 6 дугаарт бүртгэгдсэн ...  2 өрөө орон сууцыг 115,583,333 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус үнэлгээ хийлгэсэн байрыг 2021 оны 01 сарын 19-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргасан бөгөөд түүний дагуу үнэлгээ хийсэн гэх боловч үнэлгээ хийлгэх тухай тогтоол шийдвэрийг төлбөр төлөгч нарт танилцуулаагүй. Н аас надад болон төлбөр төлөгч нарт ямар компаниар үнэлгээ хийлгэсэн тухай хэлээгүй, мөн үнэлгээний тайлан гэх баримт бичгийг үзүүлээгүй, танилцуулаагүй атлаа 2022 оны 01 сарын 28-ны өдөр төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай гэсэн мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Х , Ц.Б нарт хаяглан өгсөн. Иймд эрхийн улсын бүртгэлийн 0-000000000 6 дугаарт бүртгэгдсэн  ...  2 өрөө орон сууцыг 115,583,333 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 01017 дугаар захирамжаар Ц.Б , Б.Х , Ц.О нараас 192,392,877 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 0-000000000 6 дугаарт бүртгэлтэй ... 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан. Талуудыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал тохиролцуулах ажиллагааг явуулахад харилцан тохиролцоогүй тул Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.О Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шинжээч томилуулах хүсэлтийг өгсөн. Энэ талаар тэмдэглэлд тусгагдсан. Тухайн үед Б.Х , Ц.Б нар байлцсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 0/00 дугаар тогтоолоор Д ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнийг 115,583,333 төгрөгөөр тогтоосон. Дээрх үнэлгээний тайланг төлбөр төлөгч Ц.Б , Б.Х , Ц.О нарт 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 0-000/0000 , 0-000/0000 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдэж, тайлантай танилцуулахад Ц.Б , Б.Х нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрсдөө худалдан борлуулах 1 сарын хугацааг авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д тус тус зааснаар Н т холбогдох 2022 оны 01 сарын 27-ны өдрийн №000-00 дугаартай Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай Ц.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 24-ны өдрийн 184/ШШ2018/01017 дугаар захирамжаар Ц.Б , Б.Х , Ц.О нараас 192,392,877 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н аас явуулж байгаа ажиллагаа нь төлбөр төлөгч нарын эрхийг ноцтой зөрчсөн үйл баримтууд байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нар үүрэгт ажлаа хууль ёсны дагуу хийхгүй байна. Төлбөр төлөгч Ц.Б ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0-000000000 6 дугаарт бүртгэгдсэн, ...  2 өрөө орон сууцыг үнэлгээ хийлгэх тухай тогтоолыг төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй нь төлбөр төлөгчийн шинжээч томилсон тогтоолтой танилцах, шинжээчиийг татгалзах, асуулт тавих зэрэг эрхийг зөрчсөн. Н аас тус орон сууцыг үнэлэхдээ Д ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд тус шинжилгээний байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээгээр ажилладаг тул хэт нэг талыг буюу орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. Үнэлгээ хийсэн гэх цаг хугацаанд буюу 2022 оны 01 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 1-р хороололд байрлах 2 өрөө орон сууцны худалдан борлуулагдаж байсан зах зээлийн үнэ нь 150,000,000-180,000,000 төгрөгийн ханштай байсан нь Р /R/ орон сууц худалдан борлуулах зуучлалын төвийн үнийн судалгаагаар тогтоогдож байгаа. Гэтэл байрыг 115,583,333 төгрөгөөр үнэлсэн нь өнөөдрийн зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байх тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.

 

5.   Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Н т холбогдуулан ... 2 өрөө орон сууцыг 115,583,333 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн 2022 оны 01 сарын 27-ны өдрийн №000-00 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 28/

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...үнэлгээ хийлгэх тухай тогтоол, шийдвэр болон үнэлгээний тайланг төлбөр төлөгч нарт танилцуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн... гэж тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэж тайлбарлан маргадаг.

 

3.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 184/ШЗ2018/01017 дугаар захирамжаар Ц.Б , Б.Х , Ц.О нараас 199,902,229 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ц.О ын өмчлөлийн  ... хаягт байрлах улсын бүртгэлийн 0-000000000 дугаарт бүртгэлтэй, 32 м.кв талбайтай байр, Ц.Б , Б.Х нарын өмчлөлийн ...  хаягт байрлах, улсын бүртгэлийн 0-000000000 дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 31-32/

 

4.   Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2021 оны 05 сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 33/, нэхэмжлэлд дурдагдсан орон сууцыг 2021 оны 08 сарын 11-ний өдөр битүүмжилж /хх 34-35/, 2022 оны 01 сарын 19-ний өдөр хураан авчээ. /36-37/

Улмаар барьцаа хөрөнгө болох орон сууцыг төлбөр төлөгч, өмчлөгч Ц.Б , Б.Х нар тус тус 160,000,000 төгрөгөөр үнэлснийг /хх 38, 39/ төлбөр авагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэт өндөр үндэслэлээр эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу /хх 41, 42/ хариуцагч байгууллагаас 2022 оны 01 сарын 26-ны өдөр Д ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 43/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Т нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байна. /хх 44, 51/

Шинжээчээр томилогдсон Д ХХК, үнэлгээчин Ц.Т нь Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж /байршил, бүтээц, зориулалт, чанар байдал г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. /хх 76-104/

 

5.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2022 оны 01 сарын 27-ны өдрийн байдлаар маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг шинжээч 115,583,333 төгрөг гэж тогтоосныг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 01 сарын 28-ны өдөр төлбөр төлөгч, өмчлөгч Ц.Б , Б.Х нарт мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл хөтөлсөн байна. /хх 52, 54/

Улмаар төлбөр төлөгч, өмчлөгч Ц.Б , Б.Х нар 2022 оны 01 сарын 31-ний өдөр Н т хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах саналыг гаргасан байна. /хх 55/

 

6.   Иймд нэхэмжлэгч Ц.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнийн санал гаргаж, өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргаж, хөрөнгө үнэлэх ажиллагаанд оролцсон байх тул шинжээч томилсон тогтоол, үнэлгээний тайлангийн талаар мэдэгдээгүй гэх түүний тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч Ц.Б нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээний талаар гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/01125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР