| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2503008921261 |
| Дугаар | 2026/ДШМ/312 |
| Огноо | 2026-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2026/ДШМ/312
2026 03 18 2026/ДШМ/312
Н.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Намуун /томилолтоор/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Ч-,
шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Б-т холбогдох эрүүгийн 2503008921261 дугаар хэргийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч- овгийн Н-гийн Б-, /РД: УН-/, ...........,
Урьд, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн 1 /нэг/, жилийн хугацаагаар хасаж, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 цаг 25 минутын орчимд Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дарь-Эхийн гудамж замд “Toyota Prius” маркийн Н- УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүгдэгч Н.Б- нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 5/тав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Н.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байна. Одоогоор эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд зургаан сартай, хоёр хүүхэд ЕБС-д сурдаг. Эхнэр хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Мөн хадам аав болох С.Түмэнтогтохыг асардаг тул ажил хийх боломжгүй. Аав нь асаргаанд байдаг. Би өөрөө портер машинаар ачаа ачиж мөн барилгын ажил хийж ам бүлээ тэжээдэг. Иймд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй зорчих эрхийг хязгаарласан шийдвэрийг нь мөнгөн торгууль болгон өгч мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хассаныг жилийг нь багасгаж өгч тусална уу. ...” гэв.
Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” хэмээн заасан. Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгчийн зүгээс хохирогчид анх шатны эмнэлгийн тусламж шуурхай үзүүлсэн, гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс өмнөх үеийн гэмтэл болох хөлний хадаас авхуулах хагалгааны зардлыг төлсөн, хохирогчтой байнга уулзаж хоол унд, гутал хувцас авч өгч халамжилж байсан хохирогчийн болон иргэний нэхэмжлэгчийн зүгээс тус гэмт хэргийн улмаас ямар хохирол төлбөргүй нэхэмжлэх зүйлгүй талаар баримтууд авагдсан байдаг. Шүүгдэгч Н.Б-ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны болон прокурор шүүхийн шатанд өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Шүүгдэгч Н.Б- нь зуны улиралд туслах уяачаар ажиллаж аймаг сум дамжин наадамд бусдын морийг уяж сойж, баяр наадамд уралдуулан түүнээс олсон бай шагналаас хувь авч амьдралаа залгуулдаг эхнэр бага насны хүүхдийн хамт амьдардаг болно. Гэтэл анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн дээрх хувийн байдлыг болон хохирогчийн зүгээс хохирол төлбөр барагдсан гомдол саналгүй гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй хохирол төлбөр барагдуулаагүй хэмээн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж Н.Б-ийг 2 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Н.Б- нь анхан шатны шүүхээс ногдуулсан 2 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлснээр зуны улиралд хийдэг үндсэн ажил болох морь уях сойх туслах уяачийн ажлаа хийж чадахгүй болох, амьдралаа залгуулах орлогын эх үүсвэрээ алдах зэрэг шүүгдэгчийн хувийн байдалд ихээхэн сөрөг нөлөөлөө үзүүлэхээр байна. Иймд шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгалтын бүх шатанд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон дээрх хувийн нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/146 дугаар Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгчид ногдуулсан эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялыг чөлөөлөх эсвэл тэнсэн харгалзах ялаар өөрчилж тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргадаггүй. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр ял оногдуулсан гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хохирогчид анх шатны эмнэлгийн тусламж шуурхай үзүүлж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарсны дараа хохирогчтой уулзаж, хоол унд, гутал хувцас авч өгөн халамжилж байсан, хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн зүгээс “хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн баримтууд авагдсан. Шүүгдэгч Н.Б- мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан. Шүүгдэгчийн хувийн байдлыг тухайд, зуны улиралд туслах уяачаар ажиллаж, аймаг, сумын наадамд бусдын морийг уяж сойж, уралдуулан түүнээс олсон бай шагналаас хувь авч амьдралаа залгуулдаг. Эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг. Гэтэл анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн “гомдол, саналгүй” гэж мэдүүлснийг харгалзан үзээгүй. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял эдэлснээр шүүгдэгч зуны улиралд хийдэг үндсэн ажил болох туслах уяачийн ажлаа хийж чадахгүй болж, амьдралаа залгуулдаг орлогын эх үүсвэрээ алдахад хүрч, түүний хувийн байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлж, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж, ял тэнсэж өгнө үү...” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор Э.Намуун тус шүүх хуралд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан үзсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал учраас тусгайлан гаргасан саналгүй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 цаг 25 минутын орчимд Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дарь-Эхийн гудамж замд “Toyota Prius” маркийн Н- УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.681 хувийн согтолтойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцон ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч Д.Б-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
“...Н- УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоос 2.681 хувийн спиртийн агууламж илэрсэн...” гэх согтуурал шалгасан багажийн мэдээллийн хуудас/хх-ийн 13/,
“...автомашин хойноос урд чиглэлрүү ухарч явган зорчигчийг мөргөсөн...” гэх мэдээлэлтэй зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 7-13/,
Хохирогч Д.Б-ын өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 09-ний орой архиа уучхаад замын хажууд хэвтэж байтал нэг машин ирээд мөргөчихсөн. Тэр үед хажуугаар явж байсан хүн түргэн дуудаад байх шиг байсан. Би хэвтэж байсан газартаа байж байтал түргэн тусламж ирээд намайг авч яваад гэмтэлд аваачиж үзүүлээд тэндээ 2 хоноод гарсан. Миний 2 хавирга хугарсан гэж байсан. Өөр юу гэмтсэн талаар сайн мэдэхгүй байна. Би явган хүний зам дээр хэвтэж байсан юмаа. Архиа ууж яваад таарсан газраа унтаад өгдөг юм... Би урд нь хөлөө хугалаад хадуулж байсан юм. Тэгсэн сая эмнэлэгт хүргэгдэх үед хадаасаа авхуулаагүй удсан хадаас авах мэс засалд орсон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Надад гомдол, санал байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй. Надад жолооч Б-ээс нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг/хх-ийн 12/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Ч-ийн “... Би энэ ослын талаар мэдэхгүй байна би өнөөдөр цагдаа дээр ирээд ийм осол олсон талаар нь мэдлээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Наранчимэгийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №ЕГ0725/9729 дугаартай “... Д.Б-ын биед сээрний 6-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 1, 4, 5-р нугалмын зүүн болон арын сэртэнгийн хугарал, 2, 3-р нугалмын зүүн хажуу сэртэнгийн хугарал, хүзүүний 6, 7-р нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй, баруун талын эгмийн зөрүүтэй, зүүн 7-р хавирга хоёрлосон, 3,4,5,6,7,8,9-р хавирга зөрүүтэй, 7-р хавирга зөрөөгүй, баруун 2,3 дугаар хавирга ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт, /хх-ийн 36-39/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Цогцолмонгийн гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1507 дугаартай “....“Toyota Prius” маркийн Н- УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...явган зорчигч Д.Б- нь дүрэм зөрчөөгүй...” гэх магадалгаа/хх-ийн 57/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч Н.Б- согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх үеийн аюулгүй байдлын шаардлагуудтай холбоотой замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас ухрах үед тээврийн хэрэгслийн ар талд явган хүний замаар хөдөлгөөнд оролцож байсан хохирогч Д.Б-ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” үндсэн шинжийг, 2.681 хувийн согтолтой байсан нь “согтуурсан” үедээ үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангах тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, хэрэгт шүүгдэгч Н.Б-ийн согтуурлын зэргийг шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 2.681% гарсныг бэхжүүлсэн тэмдэглэл /хх-ийн 13/, мөн шүүгдэгч нь эхнэрээ амаржсан үйл явдалтай холбогдуулан согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд дахин архи пиво авах гэж яваад энэ ослыг гаргасан гэсэн агуулгатай түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 33/ болон гэрчээр өгсөн мэдүүлгээ үнэн зөв гэсэн агуулгаар мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68/ тус тус авагджээ.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэсэн тайлбар хуульчлагдсан.
Үүнээс дүгнэхэд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ тээврийн хэрэгслийн жолоочийн согтуурсан эсэхийг амьсгалаар болон цусаар тогтоох боломжтой юм. Уг хоёр аргын аль боломжтойг нь ашиглан согтуурлын хувь хэмжээг тогтоосон тохиолдолд гарсан үр дүн нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтад тооцогдоно.
Шүүгдэгч Н.Б- “...зорчих эрхийг хязгаарлах ялыг торгууль болгон өгч мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хассаныг жилийг нь багасгаж өгнө үү...” шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн “...шүүгдэгч Н.Б- бүх шатанд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон дээрх хувийн нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгчид ногдуулсан эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялыг чөлөөлөх эсвэл тэнсэн харгалзах ялаар өөрчилж тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилээс дээш 5 /тав/ жил хүртэл хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилээс 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл /1/ нэг жилээс 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилжээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулах үүрэгтэй.
Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж байгаа ял шийтгэл нь төрийн зүгээс тухайн хууль бус үйлдэлд оногдуулж байгаа цээрлэл болохын хувьд түүний Үндсэн хуулиар олгогдсон зарим төрлийн эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах агуулгатай, заавал биелэгдэх шинжтэй байх бөгөөд ийнхүү оногдуулсан ял шийтгэл нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон байх шаардлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлон шүүхэд үүрэг болгожээ.
Түүнчлэн, ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг тодорхойлсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтууд нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх нь дан ганц гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснээс хамаарахгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзээд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчмын алдагдуулахгүй байхад чиглэгдэх учиртай бөгөөд эрх олгосон хэм хэмжээг хэрэглээгүй нь шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн чөлөөтэй зорчих, нийгмийн харилцаанд хэвийн оролцох, ажил хөдөлмөр эрхлэх болон нийгэм, эдийн засгийн зарим эрхүүдийг хязгаарлах замаар дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хууль бус үйлдлийг нь ухамсарлуулах, цээрлүүлэх зорилгыг агуулж байх учиртай.
Шүүгдэгч Н.Б-т шүүх ял оногдуулахдаа дээрх зарчмуудад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгон, 2 жилийн хугацаагаар түүнийг оршин суух газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож шийдвэрлэснийг буруутгах эсвэл өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэхдээ тухайн зүйл, хэсэгт заасан нэмэгдэл ялын хугацааг дээд хэмжээгээр тогтоосон үндэслэлээ тодорхой тусгаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.
Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтын: “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж...” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж...” гэж,
7 дахь заалтын: “...5 /тав/ жилийн...” гэснийг “...4 /дөрөв/ жилийн...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоос “...эрх хасах ялыг хөнгөрүүлэх...” хэсгийг хангаж, бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2 дахь заалтын: “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж...” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж...” гэж,
7 дахь заалтын: “...5 /тав/ жилийн...” гэснийг “...4 /дөрөв/ жилийн...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА