Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 535

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч Б.Р- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Б-ийн Р-д холбогдох эрүүгийн 1805017420566 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, “Тэн Хун” ХХК-нд операторч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Төв аймгийн Жаргалант сум 1 дүгээр баг, Буурал билүүт 16 дугаар гудамж, 05 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, У овогт Б-ийн Р- /РД:000000000

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Р- нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.З-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Р- мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр М- ахынд очсон. Тэнд хөзөр тоглож байхад З- хөзөр хараад байхаар нь алгадсан. Тэгээд З-ыг машинаас гараад явахаар нь араас нь очоод дахин алгадсан. Дараа нь З-аас уучлал гуйгаад эмчилгээний төлбөрт нь 2.900.000 төгрөг өгсөн” гэв.

 

Хохирогч Б.З- мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Р-гийн хамт М- ахынд очсон бөгөөд тэнд архи пиво ууж тоглож байгаад 21 цагийн орчим тоглоомоо дуусгаад Р- бид 2 тэр айлаас гартал Р- намайг шууд алгадсан. Тэгснээ үснээс татахаар нь би чи яаж байгаа юм бэ гэхэд Р- хөзөр тоглож байхад мод хараад байсан гэхээр нь чи өөрөө түрүүлж хөзөрнөөс болж хэрэлдээд байсан биздээ гээд машинд нь суутал Р- үргэлжлүүлээд хэрүүл хийх гээд байхаар нь би машинаас буусан. Тэгтэл Р- араас бууж ирээд дахиж үснээс татахад М- ах салгасан. Урд талын гудамж руу явж байтал Р- миний баруун гар руу гараараа савж цохиод мөн хэвлий хэсэг рүү өшиглөж, нүүр рүү алгадсан. Ингэхэд миний баруун нүд болон хөмсөг хавдаж хөхөрсөн, баруун зүүн шуу сарвуу хөхөрсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэсэн байсан боловч тухайн үед миний хамар гэмтээгүй, төрөлхийн мурийлттай байсан байх гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, 1,700,000 төгрөг өгсөн, надаас уучлалт гуйсан, гомдол санал байхгүй” гэжээ. /хх 11-12, 15-17/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 4021 дугаартай дүгнэлтэд: “1. Б.З-ын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хөмсөг, хацарт, зүүн сарвуунд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны доргилт, баруун зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун зүүн өгзөг, гуя, түнх, умдаг, баруун шилбэнд цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах” гэжээ. /хх 3 хуу/

 

Шинжээч эмч Ө.С-ийн “...Хамрын ясны муруйлт нь өөрийн ясны онцлогоос болоод муруйсан байж болно. Гэхдээ хамрын таславчийн муруйлт хамрын ясны хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх 32-33/

 

   Иргэний үнэмлэхийн лавлгаа /хх 23/

   Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/

   Шийтгэх тогтоол /хх 35-40/

   Гомдол саналгүй гэх баримт /хх 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Р- нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.З-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 44/ гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Б.З- нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Р-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 44/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Р- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч, шинжээч /хх 32-33/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 4021 дугаар дүгнэлт /хх 3/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул Б.Р-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Р-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Б.Р- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.