Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01207

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/01593 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 43,860,519 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О , Т.Т , хариуцагч Д.О , хариуцагчийн өмгөөлөгч Д.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Манай банк хариуцагч Д.О тэй 2019 оны 01 сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 30,200,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн. Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагчийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0-0000000000 тоот дугаарт бүртгэлтэй, ... хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Энэ талаар түүнд удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах боломж олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Иймд, хариуцагчаас үндсэн зээл 30,200,000 төгрөг, хүү 13,651,519 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 9,000.00 төгрөг, нийт 43,860,519 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Д.О нь нэхэмжлэгч Х ХХК-аас 2019 оны 01 сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 30,200,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийг Е оймсны үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр авсан бөгөөд оймсны хоншоор хэсгийг оёдог 2 машин авч, нэхсэн оймсоо гадаад улс руу экспортлохоор гэрээ байгуулсан. Түүнчлэн ХХААЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сангаас зээлжихээр зохих материалаа бүрдүүлээд 3,000 гаруй аж ахуйн нэгжээс 2 дугаар жагсаалтын 53 дугаар байрт шалгарч тэнцсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү санхүүжилтийг авбал банкны зээлээ эргүүлэн төлөхөөр төлөвлөж байсан юм. Гэвч уг зээлийг санхүүжүүлэх мөнгө хүрэлцэхгүй байна, дахин санхүүжилт нэмж хийхээр өгнө гэж төрийн байгууллагаас хэлэхэд нь итгэж хүлээсэн боловч зээлийг олгоогүй. Манай Э ХХК нь тус төсөлд нэгэнт шалгарсан байсан тул санхүүжилтийг хүлээхээр шийдвэрлэсэн бөгөөд Казахстан улс руу бүтээгдэхүүнээ экспортлохоор гэрээ хийсэн байсан. Миний бие хугацаа алдахгүйн тулд мөнгө хэрэгтэй байсан учраас зээл авсан нь үнэн боловч 2020 оны 11 сарын 01-ний өдөр ХХААЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зүгээс тавьсан шаардлагын хангаад хуваарилагдсан 10 тэрбум гаруй төгрөг нь эхний 37 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан, хэрэв ямар нэг байдлаар эх үүсвэр гарвал бусад иргэн, хуулийн этгээдийг санхүүжүүлэхээр хүлээгдэж байгаа гэж мэдэгдсэн тодорхойлолт өгсөн. Үүнээс хойш дэлхий нийтэд Корона вируст цар тахал халдварт өвчин дэгдэж үйлдвэр, бусад зүйл бүхэлдээ зогссон. Мөн 2021 оны 12 сард миний нөхөр Д.Уранбаяр нь цагдаагийн албанаас халагдаж өнөөдрийг хүртэл цалин мөнгөгүй ажилгүй байна. Бид хоёр 6-10 хүртэл насны 3 хүүхэдтэй, орлого муу байсан учир зээлийг төлөх боломжгүй болсон. Зээлийн гэрээний дагуу эхний 10 сарын хүгацаанд 11,000,000 гаруй төгрөг төлсөн, одоо төлбөрийн чадваргүй болоод төлж чадахгүй байна. 2020 оны эхэн үеэс хил хаагдаж, нөхцөл байдал улам хүндэрч эхэлсэн учраас би нэхэмжлэгч Х ХХК-ийн зээлийн эдийн засагч н.Болдсайхантай байнга уулзаж, нөхцөл байдлаа хэлээд төсөл, гэрээгээ танилцуулж ирсэн. Мөн салбарын захиралтай нь уулзсан. Явцын дунд Монгол банкаас над шиг зээлдэгч нарын зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах боломжтой талаар тайлбар гарсны дараа миний зээлийн хуваарьт өөрчлөлт оруулж, үндсэн зээлээс хасалт олгож, тодорхой хугацаа олгохыг тусгай активын ажилтан болон зээлийн эдийн засагч нарт хүсэлт тавьж байсан. Гэвч нэхэмжлэгч тал энэ талаар эргээд хариу өгье гэсээр байгаад хугацаа алдаж, миний хүсэлтийг шийдвэрлээгүй. Намайг 11,000,000 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс хасагдахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.О ээс 36,791,237 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,069,282 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 412,106 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулъ буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасныг хэрэглэн зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн хүүг буюу 7,069,282 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн.

4.б. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан нь зээлдэгч гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь үндсэн зээл 30,200,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 13,651,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал 9,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Миний үйлчлүүлэгч 11,000,000 гаруй төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. Хариуцагч байгууллага зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ огт аваагүй. Нэхэмжлэгч зээлийг төлөх боломжгүй талаараа цаг тухайд нь банкинд мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч гэрээг цуцлах талаар хариуцагч байгууллагад 3 удаа хүсэлт гаргасан боловч хариуцагч хариу ирүүлээгүй хугацаа алдсан. Мөн Ковид-19 цар тахлын улмаас бүх үйл ажиллагаа зогссон тул нэхэмжлэгч зээлийг эргэн төлөх боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д.О д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,200,000 төгрөг, зээлийн хүү 13,651,519 төгрөг, нотариатын зардал 9,000,000 төгрөг, нийт 43,860,519 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ... хаягт байршилтай, 29 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулах тухай шаардлага гаргажээ. /хх 1-2/

 

3.   Хариуцагч Д.О нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...зээлийн төлбөрт 11,000,000 төгрөг төлсөн, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгох санхүүжилт хүлээгдэж байгаагийн улмаас зээлийг төлж чадаагүй, одоо төлбөрийн чадваргүй болж зээл төлөх боломжгүй болсон... гэж тайлбарлажээ. /хх 44/

 

4.   Хэрэгт авагдсан 2019 оны 01 сарын 21-ний өдрийн №0 тоот Зээлийн гэрээ, №0 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр Д.О нь Х ХХК-аас 30,200,000 төгрөгийг, жилийн 24%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай буюу 2021 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн ... хаягт байршилтай 29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдож байна. /хх 12-17, 18-21, 22, 23-24/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

5.   Д.О ийн эзэмшлийн Х дахь 000000000 тоот дансны хуулга, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол-оос үзэхэд зээлдүүлэгч нь 2019 оны 01 сарын 23-ны өдөр 30,200,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн, харин зээлдэгч нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-иар харилцан тохиролцсон төлбөрийн үүргийг 2019 оны 01 сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд удаа дараа зөрчиж, 2020 оны 06 сарын 12-ны өдрөөс хойшхи хугацаанд огт биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна. /хх 17, 29-31, 63/

Иймд Банк нь Зээлийн гэрээ-ний 10.2, 10.2.6, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1-д заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Хариуцагчийн тайлбарт дурдагдсан Ковид-19 цар тахал гарсан, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгогдоогүй, хувийн шалтгааны улмаас санхүүгийн чадваргүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь зээлдэгчийг хууль болон гэрээгээр хүлээсэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

6.   Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус хуульчилсан тул анхан шатны шүүхээс хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй гэрээгээ зөрчсөөр байхад нэхэмжлэгч тал гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн байна хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 7,069,282 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

Хариуцагч Д.О нь зээлийн эргэн төлөлтөд 11,000,000 төгрөг төлсөн байтал үндсэн зээлээс хасагдаагүй гэж тайлбарлаж байх боловч талуудын харилцан тохиролцсон Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-иас үзэхэд зээлдэгч нь эхний 23 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдсөн, харин 24 дэх сард үндсэн зээл 30,200,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн болох нь тогтоогдож байх тул /хх 17/ түүний төлсөн 7,357,752 төгрөгийг үндсэн зээлээс хасах үндэслэлгүй гэж үзнэ.

 

7.   Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/01593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.О ээс 43,860,519 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 447,453 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О ээс улсын тэмдэгтийн хураамжид 447,453 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 128,059 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР