Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 363

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 451 дүгээр магадлалтай, Б.Ад холбогдох 1909027761042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, М.Үүрийнтуяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Монгол овогт Бийн А нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Аг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Агаас 194.012.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Бд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор П.Ганбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Ад холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, М.Үүрийнтуяа нар хамтран гаргасан гомдолдоо: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хэрэгт шүүгдэгч Б.Ад 10.0 сая төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч улсын яллагч П.Ганбаатарын бичсэн эсэргүүцэл, хохирогч Л.Бгийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 451 дугаар магадлалаар ял хөнгөдсөн үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ ЭХХШТХ-ийн 39.5 дугаар зүйлд заасныг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, М.Үүрийнтуяа бид хамтран хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

1.Давж заалдах шатны шүүхэд ЭХХШТХ-ийн 39.1 дүгээр зүйлд тухайн хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлэх, хуульд заасан хэмжээний болон сонгох ялын төрлийг анхан шатны шүүхээс оногдуулсан нь ЭХХШТХ-ийн 39.5 дугаар зүйлд заасныг зөрчсөн эсэхийг тогтоох эрх хэмжээг тодорхойлон заасантай 451 дугаар магадлал шууд зөрчилдөж байна. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалд хийсэн дүгнэлт нь ЭХХШТХ-ийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл буюу эдгээр зүйлүүдийн алиныг зөрчсөн талаар хууль зүйн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоолыг хүчингүй болгох, эсвэл өөрчлөхөөс өөр ямар ч байдлаар хуульд заагаагүй буюу онолын шинжтэй маргаантай дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэр тогтоолыг хүчингүй болгох эрхийг хуулиар олгоогүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн аль ямар заалтаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаагаа маш тодорхой ойлгомжтой, хууль ёсны байх зарчмын дагуу, хуулийг нарийн чанд мөрдөж гаргах ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх заалтуудаас алиныг нь баримтлан анхан шатны шүүхийн 112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаагаа заагаагүй нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-д нийцээгүй, уг заалтыг зөрчиж буруу хэрэглэсэн гэж үзнэ.

2.Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан ялын төрлөөс сонгож хэрэглэсэн уг хэрэг дээр аливаа ямар ч хэлбэрээр ялыг хүндрүүлэн шийдвэрлэх, эсвэл хүндрүүлэхээр зааж буцаах эрхгүй буюу ЭХХШТХ-ийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээнээс хэтрэх хуулийн боломжгүй нь шууд тодорхой байх бөгөөд 451 дугаа магадлал нь хуулийн энэ заалтыг зөрчиж, анхан шатны шүүхийн хуульд заасан ялыг сонгон хэрэглэх эрхэнд хуулийн үндэслэлгүйгээр /хуулийн зүйл, заалтыг заалгүйгээр/ халдаж, хязгаарласан гэж үзэж эс зөвшөөрч байна.

3.Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч Н, С, Б нарт учирсан хохирол болох нийт 193.400.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Бд учирсан 194.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа ба өөрт байгаа бүхий л боломжийг ашиглан, сэтгэл гарган бага ч гэсэн мөнгийг хохирогч Бд өгсөөр өнөөдрийг хүрсэн байдлаас үзэхэд Б.А нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах гэсэн чин сэтгэл, хүсэл, бодит байдалтай байгаа нь түүний хувийн байдлыг харуулж байна. Мөн А нь бага насны буюу 1 нас 10 сартайгаас, 12 насны 2 хүүхэдтэй, ганц бие эх болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа, хохирлоо нөхөн төлөхөө хуульд зааснаар илэрхийлсэн, анх удаа тохиолдлын шинж чанартайгаар гэмт хэрэгт холбогдож, гэм буруугийн талаар маргаагүй, хэрэгт хохирогчоор тогтоогдсон 4 хүний хохирлоос 3 хүнийх нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон учир анхан шатны шүүх хууль зүйн зөв дүгнэлт хийж торгох ялыг сонгон хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна.

4.Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагыг хэрхэн оногдуулснаар хамгийн эхэнд хохирогчийн эрх ашиг, хохирогчид учирсан хохирол барагдах асуудал хөндөгдөж байна. Б.Ад шүүхээс хорих ял оногдуулснаар хохирогчийн эрх ашиг ч           давхар хөндөгдөж хохирол төлбөр барагдах боломжгүй, хугацаа алдах, хохирогч нар хохирсон дээрээ хохирох нөхцөл байдал үүсэхээр байна. Харин Б.Ад хуульд зааснаар хохирлыг барагдуулаагүй, мөн 1 жилийн дотор торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, мөн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан хэрэгт хариуцлага ногдуулах бүрэн боломжтой байгааг ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан дурдаж байна.

Дээрх үндэслэлийг сайтар хянан үзэж ЭХХШТХ-ийн 40.5 дугаар зүйлийн 3, 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 451 дугаар магадлалыг Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 2 дахь заалт, ЭХХШТХ-ийн 39.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдийг баримтлаагүй /хуулийн заалтгүйгээр магадлал гаргасан/ болохыг тогтоож хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мягмарцэрэн хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд тодорхой заасан бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн аль хэсгийг зөрчсөн талаар дүгнэлт хийх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл буюу эдгээр зүйлүүдийн алиныг зөрчсөн талаар хууль зүйн дүгнэлт хийж, магадлалд заагаагүй буюу онолын шинжтэй тайлбар, дүгнэлт хийж хэргийг буцаасан. Магадлалын агуулгаас харвал хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шинжтэй дүгнэлт хийж буцаасан байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээнээс хэтрэх хуулийн боломжгүй нь шууд тодорхой байх бөгөөд магадлал нь хуулийн энэ заалтыг зөрчиж, анхан шатны шүүхийн хуульд заасан ялыг сонгон хэрэглэх эрхэнд хуулийн үндэслэлгүйгээр халдаж, хязгаарласан гэж үзэж байна.

Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч Н.Н, Ш.С, Ж.Б нарт учирсан хохирол болох нийт 193.400.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч Л.Бд учирсан 194.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн Б.А нь 1 нас 10 сартай, 12 настай хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй юм. Л.Бд төлөх 194.000.000 төгрөгийн хохирол нь хүнд даацын автомашины хэлцэлд бусдад туслах байдлаар шилжигдсэн учир мөнгө шилжигдсэн байгаа хүмүүсээсээ авч өгөх боломжтой талаарх баримтыг өөрийн хэмжээнд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуульд зааснаас гадуурх ял сонгоогүй байхад давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэлгүй магадлал гаргасан. Анхан шатны шүүх торгох ялыг сонгосон нь хохирогчийн эрх ашигт нааштай нөлөө үзүүлэхээр харагдаж байна. Хэрэв хохирлыг барагдуулахгүй, нэг жилийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, мөн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан дурдаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 3, 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 451 дүгээр магадлал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдийг баримтлаагүй болохыг тогтоож хүчингүй болгон, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 112 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигт бодитой дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, М.Үүрийнтуяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө “Синохайдро Корпорейшн Монголиа” ХХК-ийн Санхүүгийн албаны даргаар ажилладаг, манай байгууллага Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй замын ажлыг авсан гэж хохирогч Н.Н, Ш.С нарт худал хэлж өөрийгөө танилцуулан хуурч 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хооронд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй замын ажилд “Хово маркийн ачааны автомашин нийлүүлэх тендерийн ажил авч өгнө” гэж хохирогч Н.Ноос 82.400.000 төгрөг, “дезель түлш нийлүүлэх тендерийн ажил авч өгнө” гэж хохирогч Ш.Сээс 62.700.000 төгрөг, нийт 145.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан,

мөн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Түшээт булаг” ХХК-ийн захирал Ж.Бээс “тендерт хамруулж өгнө, дэнчингийн мөнгө” гэж нийт 48.300.000 төгрөгийг хуурч, бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан,

мөн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Бд өөрийгөө “Сино Хайдро Корпорейшн” ХХК-д ажилладаг, “Хово маркийн автомашин нийлүүлэх тендерт оролцуулна, ялалт байгуулж өгнө” гэж хуурч 194.000.000 төгрөг буюу нийт 387.412.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А нь бусдад их хэмжээний буюу 387.4212.000 төгрөгийн хохирол учруулснаас 192.012.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч нараас авсан мөнгийг юунд зарцуулсан болон үлдэх хохирлыг ямар хугацаанд, ямар эх үүсвэрээр бодитой нөхөн төлөхөө нотолж чадаагүй байхад анхан шатны шүүхээс яагаад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан торгох ялын хамгийн доод хэмжээ болох 10.000.000 төгрөгийн торгох ялыг сонгож шүүгдэгчид оногдуулах болсон талаар шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанарт тохироогүй гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 451 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, М.Үүрийнтуяа нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН