Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0518

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Б.А, хариуцагч Тагнуулын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0439 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.А-ийн нэхэмжлэлтэй, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0439 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3, 47 дугаар зүйлийн 47.1.6, 48 дугаар зүйлийн 48.1, Эрүүгийн байцаан шийтгэх /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 10 дугаар зүйлийн 10.10.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн Тагнуулын ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Тагнуулын ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Тагнуулын ерөнхий газрын Б.А надад холбогдох 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотын хавсралт, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгах, сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот илт хууль бус албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 01/800 тоот албан бичигт үндэслэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүрмөсөн устгахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгах, Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн “Тагнуулын ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан тоотыг илт хууль бус болохыг тогтоолгох, сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142, мөн газрын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1042 тоот албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, цахим бүртгэлээс бүрмөсөн устгахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгах” тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн эдгээр шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/ 0439 тоот шийдвэрээр “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна.

1. Тагнуулын ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус” болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага.

Монгол Улсын  нэгдэн орсон Олон улсын гэрээ болох Иргэний болон Улс төрийн эрхийн пактын 14 дүгээр зүйлийн 1-д “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй”, мөн пактын 17 дугаар зүйлийн 1-д “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно”, мөн пактын 17 дугаар зүйлийн 2-д “Хүн бүр тийм оролцоо халдлагын эсрэг хуулиар хамгаалуулах эрхтэй”-г  хүлээн зөвшөөрч, соёрхон баталжээ.

   Монгол Улсын Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн өөрийн нэртэй байна”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Монгол Улсын харьяат иргэн бүр регистрийн дугаартай байна” гэж хуульчилжээ.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.3-д “Хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д “Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулах болон уул гэмт хэрэг үйлдсэн буюу сэжиглэж буй этгээдийг эрэн сурвалжлах “ерөнхий чиг үүрэгтэй болохыг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Иргэн, хуулийн этгээдээс тагнуулын байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

Иргэн Б.А миний болон Монгол Улсын нэр бүхий 4 иргэний нэрийг ашиглан хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргасан, гаргуулж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Материал шилжүүлэн шалгуулах тухай” 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9/7694 тоот албан бичгийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын архивт хийсэн үзлэгээр тогтоогдож байна. /Нотлох баримт: 2 дугаар хавтаст хэргийн  хуудас 197, 205/

Тагнуулын ерөнхий газраас уг хэргийг шалган шийдвэрлэх хуульд заасан хугацаа нь 2008.03.31-2013.03.31 хүртэлх хугацаа байсан байна. Гэвч Тагнуулын ерөнхий газар нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, уг албан бичигт дурдсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийг илрүүлэх, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар энэ хуулийн 7.1.1-7.1.6-д заасан арга хэмжээг өөрийн харьяалах асуудлын хүрээнд хэрэгжүүлнэ” гэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шийдвэрлээгүй, орхигдуулсан болох нь Нийслэлийн Прокурорын газрын архивт хийсэн үзлэгээр тогтоогдож байна. /Нотлох баримт: 2 дугаар хавтаст хэргийн хуудас 167-178/

Тагнуулын ерөнхий газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой нотлох баримтыг бэхжүүлэн авч шалгахын оронд 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9/7694 тоот албан бичгийн хавсралт 11 хуудас нотлох баримтыг устгаж, үгүй хийсэн байна.

Б.А миний нэрийг хууль бусаар ашиглаж, гарын үсгийг маань хуурамчаар зурж хуурамч мэдүүлэг бөглөсөн этгээдүүд дээрх гэмт хэргээ нуухын тулд 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эгч Л.А-ийн гарын үсгийг хуурамчаар зурж, гэр бүлийн эд хөрөнгийг хууль бусаар бусдын өмчлөлд шилжүүлсэн байхад иргэний хэргийн шүүхийн шүүгч Тү.Э, шүүгчийн туслах З.Т, өмгөөлөгч П.Б, Ч.Э, Л.Ц нар хуурамч шүүх хуралдааны тэмдэглэл үйлдсэн нотлох баримтуудыг олж мэдэнгүүт 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гомдол гаргасан. Уг гомдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5/305 тоот албан бичгээр харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн боловч, Тагнуулын ерөнхий газар уг өргөдөл гомдлыг өнөөдрийг хүртэл шалгаж, шийдвэрлээгүй, орхигдуулсан төдийгүй уг материалыг устгаж үгүй хийсэн байна. /Нотлох баримт: 1 дүгээр хавтаст хэргийн хуудас 52

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдол бүхий нотлох баримт болох Монгол Улсын иргэн Б.А миний овог нэр, регистрийн дугаартай /ТБ........../ Л.А-ийн зурагтай хуурамч ДА......... тоот иргэний үнэмлэх,  Е серийн Е-........ тоот хуурамч Үндэсний гадаад паспортыг Монгол Улсаас БНСУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтан Б.С, Г.Б-У, А.Д нар нь 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хайчилж, цоолж устгасан, сэжигтэн Л.А хэргээ хүлээн очиход нь, Б.А би сэжигтэн Л.А-г 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр харангуут таньсан байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.О захиргааны хэрэг нээх, Тагнуулын ерөнхий газарт үнэн зөв мэдээлэл өгөөгүй гэмт хэргийг нуун дарагдуулсан, гэмт хэргийг үл мэдээлсэн зөрчил гаргасан нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл шалгаж, шийдвэрлээгүй, орхигдуулсан байж шүүхэд шийдвэрлэж хариу өгсөн гэсэн худал тайлбар гаргасан байна.

Тагнуулын байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагаа “илт хууль бус“ болох нь Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байхад Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Х, Д.Г нар нь тагнуулын байгууллагын ажилтнууд гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, таслан сэргийлэх арга хэмжээг хэтрүүлсэн, хүнийг хууль бусаар саатуулсан, нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн байхад Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “Тагнуулын ерөнхий газар, түүний ажилтны үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдгээрийн хэвийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Тагнуулын ажилтан нь хууль болон ёс зүйн шаардлагыг зөрчсөн бол энэ хууль бусад хуульд заасан хариуцлага хүлээнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “Тагнуулын ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдал хариуцсан нэгж нь тагнуулын байгууллагын албан хаагчийг гэмт хэрэг зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын болон ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн шалтгаан нөхцөлийг арилгуулах ...үүргийг хэрэгжүүлнэ”, Тагнуулын байгуулагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Тагнуулын байгууллага нь хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эрх, эрх чөлөөнд халдах, хязгаарлахыг хориглоно”, мөн хуулийн 6.4-д “Тагнуулын байгууллагын албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад иргэн, хуулийн этгээдийн эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн бол тагнуулын байгууллага өөрөө, эсхүл прокурор, шүүх нь тухайн иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээж, учруулсан хохирлыг арилгах, гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үүрэгтэй” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн оронд “Б.А нь өөрийн бичиг баримт, нэрийг ашиглан Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулж авахыг хадам эгч Л.А-даа зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдсон” гэж гүтгэж маргасан тул захиргааны хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргахаас аргагүй байдал үүссэн.

 Тагнуулын ерөнхий газар хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийг илрүүлэх, сэжигтнийг эрэн сурвалжлах, гэм буруутай ажилтандаа хуульд заасан хариуцлага хүлээлгэх, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй 2010 оны 08 дугаар сарын 05-аас өнөөдрийг хүртэл үргэлжилсээр Б.А би болон миний гэр бүл нэр төр, эд хөрөнгийн асар их хохирол амссан болох нь иргэний хэргийн болон захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон болох нотлох баримтуудыг шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

Тагнуулын ерөнхий газар нь Б.А миний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаагүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа  явуулаагүй байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

2. Тагнуулын ерөнхий газрын Б.А надад хилийн хориг тавьсан 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийг “илт хууль бус болох”-ыг тогтоолгох.

Хариуцагч Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д “Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах”, мөн хуулийн 20.2.6-д “хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Хил хамгаалах ерөнхий газар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, иргэний хэргийн шүүхэд “Захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ манай гол нотлох баримт болох Тагнуулын ерөнхий газраас “Б.А-ийг улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад бүртгэх тухай” 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийг үнэлээгүй, оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт хийгээгүй. Иймд Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан тул Б.А би иргэний маргаанаа зогсоож, захиргааны хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй болсон. /Нотлох баримт: 1 дүгээр хавтаст хэргийн 149, 2 дугаар хавтаст хэргийн 68/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Хил хамгаалах ерөнхий газрын архивт эд мөрийн баримтын үзлэгээр болон МУДҮХШЗХ-ийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 119 тогтоолоор Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн даргын гарын үсэг бүхий 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн хавсралтад Тагнуулын ерөнхий газар нь Б.А миний гадаадад зорчих эрхийг хязгаарласан гадагш чиглэсэн, захирамжилсан сөрөг захиргааны акт гаргаж, дахин хилээр үл нэвтрэх иргэдийн жагсаалтын 3 дугаарт бүртгэж Тагнуулын ерөнхий газраас Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсэн болох нь тогтоогдсон.

Мөн анхан шатны шүүхийн Тагнуулын ерөнхий газрын 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/800 тоот хавсралт гэж нэрлэсэн албан бичиг нь уг албан тоотын хавсралт биш бөгөөд Тагнуулын ерөнхий газраас сар бүр Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлдэг хилээр үл нэвтрэх иргэдийн жагсаалт бүртгэл юм байна. Хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалт Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс 2012 оны 09 сар гэсэн энэ жагсаалтын мэдээллээс Б.А намайг хилээр үл нэвтрэх иргэдийн жагсаалтад бүртгэж хориг тавьсан хугацааг 2010.08.20 гэж тэмдэглэсэн, Эрүүгийн хэргийн дугаар 20847085, мэдээллийг хариуцах ажилтан нь Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаагч ахлах дэслэгч Д.Э болох нь тогтоогдож байна. Иймээс Тагнуулын ерөнхий газар нь анх 2010.08.20-ны өдөр Б.А миний эрх ашгийг хохироосон “илт хууль бус”  шийдвэр гаргаж. хилийн хориг тавьсан болох нь тогтоогдож байна.

Энэ мэдээлэл хэдий хүртэл үргэлжилснийг тодорхойлох боломжгүй тул Б.А овог нэр, регистрийн дугаарыг бичиж, хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтын 3 дугаарт бүртгэсэн гадаадад зорчих эрхийг хязгаарласан дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Тагнуулын байгууллага нь хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эрх, эрх чөлөөнд халдах, хязгаарлахыг хориглоно”, Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байх тул Б.А надад анх хилийн хориг тавьсан Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийг “илт хууль бус” болохыг тогтоож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

3. Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, Тагнуулын ерөнхий газрын 2010 08 20-ны албан тоотын хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгах.

Нэхэмжлэгч Б.А намайг Эрүүгийн 20847065 тоот хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдаагүй байхад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар “сэжигтэн, яллагдагч”-д авах албадлагын арга хэмжээ буюу “гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг хязгаарлах” эрх зүйн үндэслэл байхгүй байхад уг эрхийг хууль бусаар хязгаарласан, хязгаарлахаар гаргасан Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, Тагнуулын ерөнхий газрын 2010.08.20-ны албан тоотын хавсралт, Тагнуулын ерөнхий газрын  2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичиг нь эрх зүйн үр дагаврыг шууд бий болгосон буюу нэхэмжлэгчид дарамт болсон сөрөг захиргааны акт мөн болох захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон болно.

Тагнуулын ерөнхий газрын дээрх “илт хууль бус” сөрөг захиргааны актуудын улмаас Б.А миний гадаад зорчих эрх хязгаарлагдаж, иргэний болон ажил хэргийн нэр хүнд нь Монгол Улсад төдийгүй Олон улсад гутаагдан сурч боловсрох эрхийг хязгаарласан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0742 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 сарын 23-ны өдрийн 976 тоот магадлалаар тус тус тогтоосон бөгөөд уг сөрөг актаа хүчингүй болгохгүй болгож, цагаатгахгүй байгаа нь миний хууль ёсны ашиг сонирхол эрхийг хязгаарласаар байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь хэсэгчлэн хүчингүй болгоно”, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Тагнуулын байгууллагын албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад, иргэн хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн бол тагнуулын байгууллага өөрөө... тухайн иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, учруулсан хохирлыг арилгах, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг баримтлан сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, Тагнуулын ерөнхий газрын 2010.08.20-ны албан тоотын хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

4. Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус” болохыг тогтоолгох.

Хил хамгаалах ерөнхий газар нь Монгол Улсын хилийн тухай хуулийн /1993/ 2 дугаар зүйлийн 1-д “Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт, тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам зөрчсөн үйлдлийг хилийн зөрчилд тооцно “ мөн 2- т “Улсын хил нэвтрэх журмыг дараахь үйлдлээр зөрчсөн этгээдийг хил зөрчигч гэнэ” мөн зүйлийн 2.2-т “хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан”, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 5-д “хил зөрчигчийг саатуулах зорилгоор хилийн эрэл явуулах”, мөн зүйлийн 8-д “хилийн зөрчил түүнтэй холбогдсон асуудлыг шуурхай шалгаж шалган шийдвэрлэх, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, мөн зүйлийн 9-д “хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг тэмдэглэл үйлдэх зорилгоор гурван цаг хүртэл хугацаагаар түр саатуулах, зөрчил гаргасан этгээдийн баримт бичгийг шалгах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, гэмт хэргийг таслан зогсоох” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд Л.А нь Монгол Улсын иргэн Б.А миний овог нэр, регистрийн дугаартай /ТБ........./ Л.Ариунзаяагийн зурагтай хуурамч ДА.......... тоот иргэний үнэмлэх, Е серийн Е-........ тоот хуурамч Үндэсний гадаад паспортыг захиалан авч, хуурамч гэдгийг нь мэдсээр байж 2005.04.16-2012.06.29 хүртэл 7 жил 02 сар 13 хоногийн турш ашиглаж, Б.А нэрээр /ТБ........./ БНСУ-д оршин сууж, энэ хугацаанд Монгол Улсын болон БНСУ-ын хилийг 2005.06.29-2008.03.31 хүртэл 11 удаа хууль бусаар зөрчиж, Монгол Улсын иргэн Б.А миний эрх чөлөөнд хууль бусаар халдсан байхад хил зөрчигчийг илрүүлэх хуулиар хүлээсэн үүргээ Хил хамгаалах ерөнхий газар биелүүлээгүй байна.

Хил хамгаалах ерөнхий газар нь Монгол Улсын иргэн Б.А намайг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хууль бусаар саатуулсны дараа Л.А-г 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нэрээр авсан буцах үнэмлэхээр Монгол Улсад орж ирсэн болохыг мэдсээр байж, Хил хамгаалах ерөнхий газар нь Монгол Улсын хилийн тухай хуулийн /1993/ 33 дугаар зүйлийн 10-д “хилийн зөрчилтэй холбогдуулан түүний шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагад мэдэгдэл өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Б.А би 2013.01.17-ноос 2018.06.15 хүртэл 5 жил 4 сар 28 хоногийн турш гэмт хэргийн хохирогч болон хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна.

Хил хамгаалах ерөнхий газар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д “Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “...шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй Хил хамгаалах ерөнхий газрын архивт хадгалагдаж байгаа нотлох баримтын эх хувийг санаатай будлиулж, Тагнуулын ерөнхий газрын 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/900 тоот албан бичгийн хавсралтыг өөрчилж ирүүлснээр захиргааны хэргийн шүүхээс Тагнуулын ерөнхий газрын 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/900 тоот албан бичгийг “илт хууль бус” болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй буруу шийдвэр гаргуулж, нэхэмжлэгч Б.А миний хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон байна.

Иймд Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус” болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

5. Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот “илт хууль бус” албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 01/800 тоот албан бичигт үндэслэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүрмөсөн устгахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгах.

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д “Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хэргийн оролцогч шүүхэд хуурамч... нотлох баримт гаргахыг хориглоно” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй Б.А миний хууль ёсны ашиг сонирхолд халдсан Тагнуулын ерөнхий газрын “илт хууль бус” шийдвэрт үндэслэсэн цахим захиргааны акт Хил хамгаалах ерөнхий газрын цахим бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон гэх захиргааны  актуудын дугаарыг оруулж, шүүхийг болон нэхэмжлэгч Б.А намайг хуурахыг оролдсонд гомдолтой байна.

Хил хамгаалах ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн иргэн Б.А-ийг хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтаас хассан тухай бүртгэл, Хил хамгаалах ерөнхий газраас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7-2/6809 албан бичгээр “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, хошууч Р.Э танаа” гэж  явуулсан албан бичигт дурдсан  “Монгол Улсын иргэн Б-ын А /ТБ......./-ийг улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгэж, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142, 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1042 дугаар албан бичгээр ирүүлсэн тодотгол мэдээллийн дагуу нэрсийн жагсаалтаас хассан.  ...2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгээр ирүүлсэн мэдээллийн дагуу Б.А-ийг дахин бүртгэсэн тул уг иргэнийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд боомтоор нэвтрэх үед саатуулж, ...2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэрсийн жагсаалтаас хассан. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр  Хил хамгаалах ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О ...2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142 тоот албан бичгээр ирүүлсэн тодотгол мэдээллийн дагуу нэрсийг тулгаж, Б.А-ийг улсын хилээр үл нэвтрэх иргэдийн нэрсийн жагсаалтаас хассан. ...2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгээр ирүүлсэн мэдээллийн дагуу Б.А-ийг дахин бүртгэсэн тул уг иргэнийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үед саатуулж, ...2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр улсын хилээр үл нэвтрэх иргэдийн жагсаалтаас хассан гэсэн тайлбарыг ирүүлсэн бөгөөд Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142, 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1042 дугаар албан бичигт Б.А миний нэр байхгүй, Тагнуулын ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газраас 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б.А намайг хилээр үл нэвтрэх иргэдийн нэрсийн жагсаалтаас хассан захиргааны бичгээр гараагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байна. Иймээс Б.А намайг хилээр үл нэвтрэх иргэдийн жагсаалтад бүртгэсэн “илт хууль бус” шийдвэр хүчинтэй хэвээр байсаар, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласаар, иргэний болон ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдсан хэвээр байна. /Нотлох баримт 1 дүгээр хавтаст хэргийн хуудас 81,82, 139, 149, 190/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчилжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 992 тоот шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 119 тоот тогтоолоор Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичиг, түүнийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд хилийн боомтод саатуулсан үйлдлийг тус тус “илт хууль бус” болохыг тогтоосон.

Гэтэл Хил хамгаалах ерөнхий газар нь Тагнуулын ерөнхий газрын “илт хууль бус” шийдвэрт үндэслэсэн цахим захиргааны актыг мэдээллийн сангаас өнөөдрийг хүртэл устгахгүй, хүчингүй болгосон мэтээр худал мэдээлэл баримт оруулж, нэхэмжлэгч Б.А намайг болон захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хуурсан болох нь Хил хамгаалах ерөнхий газарт хийсэн үзлэг болон хүчингүй болгосон гэх Тагнуулын ерөнхий газраас гаргасан актуудад нэхэмжлэгч Б.А миний нэр огт байхгүй зэргээр тогтоогдож байна.

 Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д “Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах”, мөн хуулийн 20.2.6-д “хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот “илт хууль бус” албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 01/800  тоот  албан бичигт үндэслэн Б.А намайг хилээр үл нэвтрэх иргэдийн жагсаалтад бүртгэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүрмөсөн устгахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Тагнуулын ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Тагнуулын ерөнхий газрын Б.А-т холбогдох 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийн Б.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгах, сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дугаартай илт хууль бус албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 01/800 дугаар албан бичигт үндэслэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүрмөсөн устгахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгах, Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдэх “Тагнуулын ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142, мөн газрын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1042 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, цахим бүртгэлээс бүрмөсөн устгахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгах” тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа Б.А татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.А нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалт буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргаж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдуулан гомдлын үндэслэлээ бичжээ.

1. “Тагнуулын ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.А эс зөвшөөрч “Тагнуулын ерөнхий газар хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийг илрүүлэх, сэжигтнийг эрэн сурвалжлах, гэм буруутай ажилтандаа хуульд заасан хариуцлага хүлээлгэх, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй 2010 оны 08 дугаар сарын 05-аас өнөөдрийг хүртэл үргэлжилсэн, миний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаагүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй.

Учир нь Н.Э нарт холбогдох 20847065, Л.А-д холбогдох 201501000168 дугаар бүхий эрүүгийн хэргүүдэд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс ажиллагаа явуулсан бөгөөд эдгээр хэргүүдийг Нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 болон Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 73 дугаар тогтоолуудаар “Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр дээрх 20847065, 201501000168 дугаартай эрүүгийн хэргүүдийг хэрэгсэхгүй болгожээ.

 Энэ талаар Б.А Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасныг гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/599 дүгээр тогтоол болон Тагнуулын ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын ахлах ажилтан, ахлах дэслэгч Ө.М-О-ын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” 01 дүгээр тогтоол, мөн уг тогтоолыг эс зөвшөөрч Б.А-ийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан тус газрын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр “Хариу мэдэгдэх хуудас”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас ирүүлсэн албан бичгийн хариуг болон БНСУ-д суугаа консулын ажилтнуудад холбогдох зөрчлийг шалгуулах тухай гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хариуг нэхэмжлэгчид тус тус өгсөн байна.

Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч Тагнуулын ерөнхий газар нь нэхэмжлэгчийн гомдол, хүсэлтийг тухай бүрт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж, холбогдох хариуг хүргүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байжээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд  тус хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлон заасан бөгөөд уг хуулийн 3.1.4-д “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”, 3.1.6-д “тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаа” гэж тус тус зааснаас үзэхэд уг нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, мөн зөрчилтэй холбоотой харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тус тус зохицуулахаар хуульчлагдсан байх тул нэхэмжлэгч нь Тагнуулын байгууллагын гэмт хэрэг, зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлыг харьяалах чиг үүргийн байгууллагад гаргаж хянан шийдвэрлүүлэхээр байх бөгөөд дээр дурдсанчлан нэхэмжлэгчээс тухайн үед буюу Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед болсон үйл баримтын талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн Тагнуулын байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Тагнуулын байгууллага гэж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг тагнуулын арга замаар хангах зорилго бүхий байгууллагуудын тогтолцоог хэлнэ”, 10 дугаар зүйлийн 10.10.3-д “хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх”, 11 дүгээр зүйлийн 11.1.4-д “Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон уул гэмт хэрэг үйлдсэн буюу сэжиглэгдэж буй этгээдийг эрэн сурвалжлах”, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд /2002 оны/ зааснаар харьяалуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Төрийн эсрэг, Иргэдийн улс төрийн бусад эрх, эрх чөлөөний эсрэг, Нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн эсрэг, Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайваны эсрэг зэрэг гэмт хэргүүдэд Тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар байх ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ”, 42 дугаар зүйлийн 42.2-т “Иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан тул “тухайн үед Б.А-ийн хохирогчоор татаагүй” гэх асуудал нь  Тагнуулын хэрэг бүртгэлттэй буюу эрүүгийн хэрэг бүртгэлттэй холбоотой асуудал байх тул Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.  

2. “Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралтыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзэхэд Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б.А-т хилийн хориг тавьсан ямар нэгэн албан бичиг байхгүй болох нь тогтоогджээ. Харин Тагнуулын ерөнхий газрын 2012 оны 01/800 дугаар албан бичгийн хавсралтад хориг тавьсан хугацааг “2010-08-20” гэж тэмдэглэсэн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч албан бичиг гэж ойлгон илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаас үзвэл  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй “2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр” гэх албан бичиг байхгүй, захиргааны хэргийн шүүх захиргааны актын шинжийг агуулаагүй албан бичгийн хавсралтад дурдсан огноог захиргааны акт гэж үзэж шийдвэр гаргах боломжгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

3. Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгийн Б.А-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд: Уг албан бичгийн хавсралтын 3-т нэхэмжлэгч Б.А-ийн нэр мэдээлэл бичигдсэн байх бөгөөд “...Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн 2 сарын нэрсийн жагсаалтыг хүргүүлэв” гэжээ.

Анхан шатны шүүх “уг албан бичиг нь нэхэмжлэгчид шууд чиглээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан буюу уг актыг үндэслэн нэхэмжлэгчийг гадаадад зорчих үед саатуулсан эрх зүйн шууд үр дагаврыг бий болгоогүй, захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй” гэж дүгнэж, “Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын “...шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ... Тагнуулын ерөнхий газраас Б.А-ийг улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад бүртгэх тухай 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 тоот албан бичгийг үнэлээгүй” гэх хэсэг үндэслэлтэй.

Учир нь Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгээр Б.А-ийг хилээр үл нэвтрэх иргэдийн жагсаалтын 3-т бүртгэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд уг 2011 оны 01/109 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг дагуу Б.А-ийг улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад дахин бүртгэж, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үед нь саатуулж, Замын-Үүд дэх Тагнуулын газрын ажилтанд 07 дугаар нотломжоор түүнийг хүлээлгэн өгсөн болохыг хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Б.А тухайн үед 20847065 дугаар эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй байсантай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Гэтэл Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Б.А-ийн мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж, хилээр үл нэвтрэх иргэдийн жагсаалтад бүртгэсэн” 01/109 дүгээр албан бичиг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх бөгөөд уг албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Тагнуулын байгууллага нь хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эрх, эрх чөлөөнд халдах, хязгаарлахыг хориглоно”, 6.4-д “Тагнуулын байгууллагын албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн бол тагнуулын байгууллага өөрөө, эсхүл прокурор, шүүх нь тухайн иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээж, учруулсан хохирлыг арилгах, гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үүрэгтэй”, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг дараахь үндэслэлээр дор дурдсан хугацаагаар түдгэлзүүлнэ” гээд 1 дэх хэсгийн 1-д “гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уг хэргийг шийдвэрлэх хүртэл”, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн 20847065 дугаар хэрэгт нэхэмжлэгч Б.А сэжигтэн яллагдагчаар татагдаагүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар “сэжигтэн, яллагдагч”-д авах албадлагын арга хэмжээ буюу Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлж болох үндэслэлд хамаарахгүй, хязгаарлах эрх зүйн үндэслэлгүй байхад уг эрхийг нь хязгаарласан, хязгаарлахаар гаргасан Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичиг нь илт хууль бус захиргааны акт юм.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд Б.А-ийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах хуульд заасан үндэслэл байгаагүй байжээ. Иймд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 01/109 дүгээр албан бичгийг илт хууль болохыг шүүхээс тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул нэхэмжлэгчийн “Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгийн Б.А-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгийн Б.А-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгах шаардлагын тухайд: 

 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор “...20847065 дугаартай эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Б.А нь сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, ийм учраас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар “сэжигтэн, яллагдагч”-д авах албадлагын арга хэмжээ буюу “Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг” нь хязгаарлах эрх зүйн үндэслэлгүй байхад уг эрхийг нь хууль бусаар хязгаарласан, “хязгаарлах”-аар гаргасан Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дугаартай албан бичиг нь эрх зүйн үр дагавар шууд бий болгосон буюу нэхэмжлэгчид дарамт болсон сөрөг захиргааны акт мөн байна” гэж дүгнэн Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 01/961 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад шүүхээс дахин хүчингүй болгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой байхад “хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн нь буруу юм.

Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгийн Б.А-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгах шаардлагын тухайд: 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй “2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт” нь захиргааны актын шинжийг агуулаагүй албан бичгийн хавсралтад дурдсан огноо байх тул захиргааны акт биш гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн Татварын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийг давж заалдах шатны шүүхээс илт хууль болохыг тогтоосон бөгөөд “даалгах” шаардлагын тухайд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу татгалзсан үйлдэл, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс шаардагдах захиргааны актыг гаргахыг холбогдох захиргааны байгууллага албан тушаалтанд даалгаж шийдвэрлэхээр хуульчлагдсан.

Иймд эдгээр актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагч Тагнуулын ерөнхий газарт даалгах хууль зүйн үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

5. Сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр илт хууль бус албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 01/800 дугаар албан бичигт үндэслэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүрмөсөн устгахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгах шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ын тайлбар зэргээс үзэхэд Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2-5а/2443 дугаар албан бичиг, түүний хавсралтаар Б.А /РД:ТБ............./-ийг улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн нэгдсэн системийн хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтаас хассан, тус хавсралтад дурдсан “Хүчингүй болгосон огноо” гэх хүснэгтэд “2010/10/12 4:44:04 PM, 2013/01/21 4:06:39 PM” гэж тус тус тэмдэглэснээс үзвэл нэхэмжлэгчийг хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтаас 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хассан болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...одоо нэхэмжлэгчид Монгол Улсын хилээр гарахад ямар нэг хориг байхгүй, цахим бүртгэлээр хориг тавихаар мэдээлэл өгсөн болон бүртгэсэн огноо, мөн хоригийг хүчингүй болгосон огноог тус тус тэмдэглэсэн байдаг, цахим бүртгэлийн программ нь устгах боломжгүйгээр хийгдсэн” гэх тайлбарыг гаргажээ.

Түүнчлэн 01/961 дүгээр албан бичгийг Улсын Дээд шүүхийн тогтоолоор илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн, тус шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон, илт хүчин төгөлдөрт тооцогдсон захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүйн дээр шүүхийн шийдвэр биелүүлэх замаар тус албан бичгийг үр дагаваргүй болохыг нотолсон баримтыг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн “Хилээр үл нэвтрүүлэх тухай иргэдийн нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн Тагнуулын ерөнхий газрын албан бичгийн огноо, мөн жагсаалтаас нэхэмжлэгчийн нэрийг хассан буюу хүчингүй болгосон огноог тэмдэглэн бүртгэсэн цахим бүртгэлийн программ нь нэхэмжлэгчид нөлөөлөхгүй, ийнхүү программд бүртгэснийг устгаснаар нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх хийгээд энэ бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байдал тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу. Зүй нь уг шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд Хил хамгаалах ерөнхий газраас “цахим бүртгэлийн программд хилээр үл нэвтрэх иргэдийн нэрсийн жагсаалтаас Б.А-ийн мэдээллийг хассан тухай мэдээллийг бичгийн хэлбэрт оруулан лавлагааг албан бичгээр өөрт нь өгөх боломжтой” гэснийг дурдах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч уг лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулан авах эрх нь нээлттэй байна.

6. Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй “илт хууль бус болох”-ыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

Нэхэмжлэгч уг шаардлагатай холбоотой “... хил зөрчигчийг илрүүлэх хуулиар хүлээсэн үүргээ Хил хамгаалах ерөнхий газар биелүүлээгүй, ...Монгол Улсын Хилийн тухай хуулийн /1993 оны/ 33 дугаар зүйлийн 10-д үүргээ биелүүлээгүйгээс ...гэмт хэргийн хохирогч болон хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэсэн агуулгаар гомдол гаргажээ.

Мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд “цахим бүртгэлийн программд хилээр үл нэвтрэх иргэдийн нэрсийн жагсаалтаас хасахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн агуулгаар уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Монгол улсын Хилийн тухай хуулийн /1993 оны/ 30 дугаар зүйлийн 1-д “Улсын хил хамгаалалт нь үндэсний аюулгүй байдал, улсын батлан хамгаалах арга хэмжээний салшгүй хэсэг” мөн гэж заасан ба мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт, тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам зөрчсөн үйлдлийг хилийн зөрчилд тооцно”, мөн зүйлийн 2-т “Улсын хил нэвтрэх журмыг дараахь үйлдлээр зөрчсөн этгээдийг хил зөрчигч гэнэ”, 2-ын 2-т “хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан”, 33 дугаар зүйлийн 5-д “хил зөрчигчийг саатуулах зорилгоор хилийн эрэл явуулах”, 8-д “хилийн зөрчил түүнтэй холбогдсон асуудлыг шуурхай шалгаж шалган шийдвэрлэх, хойшлуулшгүй ажиллагаа явуулах”, 9-д “хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг тэмдэглэл үйлдэх зорилгоор гурван цаг хүртэл хугацаагаар түр саатуулах, зөрчил гаргасан этгээдийн баримт бичгийг шалгах, түүний өмчлөлд буюу эзэмшилд байгаа эд зүйл, биед үзлэг хийх, эд зүйл, баримт бичгийг түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, гэмт хэргийг таслан зогсоох,..”, 10-д “хилийн зөрчилтэй холбогдуулан түүний шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагад мэдэгдэл өгөх” гэж тус тус гэж заасан нь бүхэлдээ Тагнуулын ерөнхий газрын болон Хил хамгаалах ерөнхий газрын гэмт хэргийг мөрдөн байцаах, үндэсний аюулгүй байдал, улсын батлан хамгаалахтай холбоотой буюу Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх,...”, 3.1.6-д “тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаа байх ба захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар уг нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн 2 дахь заалт буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа давхардуулан өөр өөрөөр гаргасныг шүүхийн зүгээс зөвтгөн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0439 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгийн Б.А-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн Тагнуулын ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Тагнуулын ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Тагнуулын ерөнхий газрын Б.А надад холбогдох 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралтыг илт хууль бус болохыг тогтоолгох, сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дугаар албан бичгийн Б.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгах, сөрөг нөлөөлөл бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр илт хууль бус албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 01/800 дугаар албан бичигт үндэслэсэн цахим бүртгэлийг мэдээллийн сангаас бүрмөсөн устгахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгах, Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3, 3 дахь заалтын дугаарыг 4, 4 дэх заалтын дугаарыг 5 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                         Э.ХАЛИУНБАЯР

                               ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

                               ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ